Монголд он гарснаас хойш 58 мянган удаа газар хөдөлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 24

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2021.03.24/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга, доктор М.Өлзийбат "Өчигдөр 22:46 цагт Говьсүмбэр аймгийн Баянтээл сумаас хойш 24 км зайд 5.5 магнитудын газар хөдөлсөн. Энэ газар хөдлөлт голомтдоо 6-7 магнитуд үүссэн. Энэ чичирхийлэл Улаанбаатар хот, Говьсүмбэр аймгийн Чойр, Баянтээл сум болон Дундговь аймагт мэдрэгдсэн. Улаанбаатар хотын хувьд олон хүнд мэдрэгдсэн. Ерөнхийдөө 3-5 баллын чичиргээ мэдрэгдсэн гэх тооцоолол байна. Монгол орны хувьд 2021 он гарснаас хойш 58 мянган удаа газар хөдөлсөн. Үүнээс хүнд мэдрэгдсэн хүчтэй газар хөдлөлт 14 байна. Газар хөдөлсөн бүсэд анхны хүчтэй газар хөдлөлт болсон. Өнгөрсөн өдөр хөдөлсөн газар хөдлөлт Улаанбаатар хот, Дархан-Уул, Дундговь, Хэнтий, Булган, Төв аймагт мэдрэгдсэн" гэх мэдээллийг өглөө.

Түүнчлэн "Монгол Улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг. Үүнийг 1900-2000 оны хооронд дэлхийд тэмдэглэгдсэн асар хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа болсон байдаг юм. Манайх хүн амын нягтаршил багатай болохоороо хохирол бага амсаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Ханх суманд хүчтэй газар хөдлөлт болсон. Гэхдээ хүн ам цөөн болохоор хохирол бага амссан. Сүүлийн үед хүн амын нягтаршил ихсэж байна. Ямартай ч газар хөдлөлтийн аюулаас сэргийлж, урьдчилж тооцоолж, байшин барилгаа зөв барих нь л чухал юм" гэж ярилаа.  

Газар хөдлөлтийн чичирхийллийг иргэд тодорхой мэдэрсэн байхад яагаад Улаанбаатарт дохио дугараагүй талаар тэрбээр "Газар хөдлөлтийн үеийн дохионы талаар “Улаанбаатар хот хүн амын нягтаршил ихтэй тул анхаарах бүс болж байна. Тиймээс хотыг тойрсон гурван голомт дээр амжиж анхааруулах системийг суурилуулсан. Газар хөдлөлт болсны дараа нэг минутын дотор иргэдэд анхааруулах ёстой. Хамгийн дээд буюу улаан түвшин нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 6-7 баллын газар хөдлөлт болбол тухайн систем автоматаар дуугарна. Өчигдрийн тохиолдлын тухайд амжиж анхааруулах системд 2-3 баллын хэмжээгээр бичигдсэн. Дуугарах хэмжээнд хүрээгүй учраас систем ажиллахгүй” гэсэн тайлбар өглөө. 

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир газар хөдлөлтийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Манай улсын Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах арга хэмжээг зохион байгуулах өдөр болгон зарласан байдаг. Өнөөдрийн хувьд мэргэжлийн байгууллагуудтай хамтран газар хөдлөлтийн сургалтыг зохион байгуулж байна. Иргэдэд газар хөдлөлтийн гамшгийг ойлгуулах, ямар хэмжээний хохирол учирдаг зэрэг олон талын мэдлэг, мэдээллийг хүргэх зорилготой сургалт явуулдаг. Маргааш 16:00 цагт автоматаар гамшгийн аюулаас сэргийлэх дуут дохио дуугарна. Иргэд айж сандрах хэрэггүй. Газар хөдлөлтийн хүчирхийллийг мэдрэх станцууд манайд байдаг. Тухайн станцуудад зохиомлоор чичирхийлэл мэдрүүлэх ажлыг зохион байгуулна гэсэн үг юм” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top