Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2021.03.24/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга, доктор М.Өлзийбат өчигдрийн газар хөдлөлтийн талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өчигдөр 22:46 цагт Говьсүмбэр аймгийн Баянтээл сумаас хойш 24 км зайд 5.5 магнитудын газар хөдөлсөн. Энэ газар хөдлөлт голомтдоо 6-7 магнитуд үүссэн. Энэ чичирхийлэл Улаанбаатар хот, Говьсүмбэр аймгийн Чойр, Баянтээл сум болон Дундговь аймагт мэдрэгдсэн. Улаанбаатар хотын хувьд олон хүнд мэдрэгдсэн. Ерөнхийдөө 3-5 баллын чичиргээ мэдрэгдсэн гэх тооцоолол байна. Монгол орны хувьд 2021 он гарснаас хойш 58 мянган удаа газар хөдөлсөн. Үүнээс хүнд мэдрэгдсэн хүчтэй газар хөдлөлт 14 байна. Газар хөдөлсөн бүсэд анхны хүчтэй газар хөдлөлт болсон. Өнгөрсөн өдөр хөдөлсөн газар хөдлөлт Улаанбаатар хот, Дархан-Уул, Дундговь, Хэнтий, Булган, Төв аймагт мэдрэгдсэн.
Монгол Улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг. Үүнийг 1900-2000 оны хооронд дэлхийд тэмдэглэгдсэн асар хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа болсон байдаг юм. Манайх хүн амын нягтаршил багатай болохоороо хохирол бага амсаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Ханх суманд хүчтэй газар хөдлөлт болсон. Гэхдээ хүн ам цөөн болохоор хохирол бага амссан. Сүүлийн үед хүн амын нягтаршил ихсэж байна. Ямартай ч газар хөдлөлтийн аюулаас сэргийлж, урьдчилж тооцоолж, байшин барилгаа зөв барих нь л чухал" гэв.
Газар хөдлөлтийн чичирхийллийг иргэд тодорхой мэдэрсэн байхад яагаад Улаанбаатарт дохио дугараагүй талаар тэрбээр "Газар хөдлөлтийн үеийн дохионы талаар “Улаанбаатар хот хүн амын нягтаршил ихтэй тул анхаарах бүс болж байна. Тиймээс хотыг тойрсон гурван голомт дээр амжиж анхааруулах системийг суурилуулсан. Газар хөдлөлт болсны дараа нэг минутын дотор иргэдэд анхааруулах ёстой. Хамгийн дээд буюу улаан түвшин нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 6-7 баллын газар хөдлөлт болбол тухайн систем автоматаар дуугарна. Өчигдрийн тохиолдлын тухайд амжиж анхааруулах системд 2-3 баллын хэмжээгээр бичигдсэн. Дуугарах хэмжээнд хүрээгүй учраас систем ажиллахгүй” гэсэн тайлбар өглөө.
Сэтгэгдэл ( 0 )