Израиль улсад хоёр жил хүрэхгүй хугацаанд парламентын ээлжит бус дөрөв дэх удаагийн сонгууль товлогдож, мягмар гарагт санал хураалт эхэллээ. 2019 оны дөрөвдүгээр сараас хойш сонгуульд аль аль нь олонх болж чадаагүй намууд чадварлаг эвслийн Засгийн газар байгуулж чадаагүй учраас тус оронд улстөрийн хүчнүүдийн хуваагдмал байдал улам ширүүсчээ.
Ойр ойрхон явагдсан эцэс төгсгөлгүй сонгуулиуд Израиль улсад олон сая ам.долларын хохирол учруулж, парламентын үйл ажиллагаа нь бараг саажилтын маягтай байгаа хэдий ч энэхүү “чөтгөрийн тойргоос” гарах хэтийн төлөв тун тааруу харагдаж байна. Тус орны улстөрийн тавцан дээрх үндсэн тоглогч Биньямин Нетаньяху Ерөнхий сайдын албыг 2009 оны гуравдугаар сараас хойш, түүнээс өмнө 1996-1999 онд мөн хашиж байснаараа Израилын түүхэнд Ерөнхий сайдаар хамгийн удаан хугацаанд ажиллаж байгаа нэгэн.
Засгийн эрх мэдлийг солих гэсэн нийгмийн эрэлт хэрэгцээ нь дурын нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлчихдэг түүний өвөрмөц чадвартай байнга тулгаран хад мөргөх адил няцаагдсаар, авлигын асуудлаар эрүүгийн хэрэг үүсгээд ч түүний эрин үед төгсгөл тавьж чадаагүй юм. Израилын хэвлэлүүд коронавирустэй хийх тэмцлийг “Биби-гийн алдааны цуглуулга” хэмээн нэрлэж, Биньямин Нетаньяху-г эрх мэдлээс нь зайлуулахад цар тахлын үйл явцыг ашиглахаар оролдсон ч бүтэлтэй болсонгүй.
Харин энэ удаагийн сонгууль болохын өмнөхөн хэвлэлүүдээр гарч буй мэдээллээс харахад тэрбээр ахин сонгогдох магадлал нэлээдгүй байгаа бололтой. Нетаньяху-гийн Засгийн газраас зохион байгуулсан вакцинжуулалтын кампанит ажлын ачаар Израиль улс хэвийн амьдралдаа эргэн орж байна хэмээн хэвлэлүүд мэдээлсэн нь сонгуулийн үйл ажиллагаатай гайхалтайгаар давхацсан гэлтэй.
Няцаагдашгүй Биби
Шинжээчдийн үзэж буйгаар, Израильд явагдаж буй ээлжит сонгууль улс орон даяар утга учиргүй мэт санагдаж, аль ч намууд хосолсон байлаа ч эвсэл байгуулах хэтийн төлөв тун бүрхэг байгаа хэдий ч харин Нетаньяху-гийн хувьд энэ нь дахин ялах нөхцлийг үүсгэх боломжтой аж. Түүний “Ликуд” нам парламентад 61 суудал авчихвал тэрбээр хэнтэй ч тохиролцох хэрэггүй болж, хууль тогтоох байгууллага ойрын дөрвөн жилд түүний мэдэлд шилжих юм.
“Ийм байдалд хүрсэн тохиолдолд Нетаньяху өөрт тохогдоод буй эрүүгийн хэргүүдээс зугтахын тулд халдашгүй байдлаа баталгаажуулахад чиглэсэн дурын хуулийн төслүүдийг батламжилж чадна” хэмээн Haaretz сонины улстөрийн тоймч Алисон Каплан ВВС-д ярилцлага өгөхдөө дурджээ.
Сонгуулийн санал хураалтаар хангалттай хэмжээний үр дүнд хүрэхэд нь түүний Засгийн газар цар тахлын асуудлыг амжилттай зохицуулсан явдал тусална гэдэгт Нетаньяху найдаж байна. Улстөрийн өрсөлдөгчдийнх нь дунд гарч буй аливаа шүүмжлэлд тэрбээр вакцинжуулалтын явцын талаарх үзүүлэлтээр бардам хариу барьж, энэ нь түүний хамгийн хүчтэй хөзөр болоод байгаа аж.
Гэвч “Ликуд” дангаараа тасархай амжилт гаргах нь юу л бол, мөн эвсэл бүрэлдэх эсэх нь ч магадлал багатай учраас Израиль улс мөдхөн тав дахь удаагийн сонгууль явууллаа ч Биби тэртэй тэргүй ялах магадлалтай хэмээн ихэнх шинжээчид үзэж байна. “Тэр шилжилтийн засгийн газрын тэргүүний хувьд залуурын ард үлдэх болно, энэ нь ч түүнд тохирно. Үнэндээ иймэрхүү байдалтайгаар тэр сүүлийн гурван удаагийн сонгуулийн туршид байсаар байгаа, одоо ч нөхцөл байдлаас харахад ахин үлдэж таарах нь. Харин урт уу, эсвэл богино хугацаанд үлдэх үү гэдгийг одоогоор урьдчилан таамаглахад хүндрэлтэй” хэмээн Алисон Каплан өгүүлжээ.
“Ликуд” доторх гүн хагарал
Нетаньяху-гийн ойрын хамтрагчид саналаас нь зулгаах бодолтойгоор ар араасаа “Ликуд”-ыг орхин явсан нь түүний халдашгүй дархлагдсан байдалд мэдэгдэхүйц ан цав үүсгээд байна. “Ликуд” дотор Нетаньяху-гийн залгамжлагч хэмээн нэрлэгддэг байсан Гидеон Саар өнгөрөгч оны арванхоёрдугаар сард намаасаа гарчээ. Тэрбээр хоёр удаа Засгийн газрын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд энэ нь Израилын албан тушаалын шатлалаар Ерөнхий сайдын орлогч гэсэн үг юм. Саар эхний удаад Ариэл Шароны засагт, дараа нь Нетаньяху-гийн анхны кабинетэд ажиллаж байв.
Гидеон Саар “Шинэ найдвар” хэмээх өөрийн намыг байгуулсан бөгөөд уг нам 20 суудал хангалттай авна хэмээн олон нийтийн санал асуулгаар эхлээд яригдаж байснаа дараа нь 10-12 болж буурсан аж. Гэлээ ч энэ нь Нетаньяху-гийн санааг зовниулах хангалттай үзүүлэлт юм. Мөн Зеэв Элькин Саар-ыг даган намаасаа гарсан нь Биби-д мэдэгдэхүйц цохилт өгчээ. Элькин Боловсрол, Байгаль орчны сайд, Гадаад харилцааны дэд сайд гэх албуудыг удаа дараа хашиж, Нетаньяху-г дагалдан төрийн олон айлчлалд оролцож, фото зургууд дээр ч байнга дэргэд нь зогсон, түүний баруун гарын хүнээр тооцогддог байв. “Олон жилийн турш Засгийн эрх барьсны эцэст Нетаньяху “Төр бол Би” гэх ойлголттой болж эхэлсэн нь “Ликуд” дотор хагарал үүсэхэд нөлөөлсөн. Тэрбээр хувийн ашиг сонирхлоос үүдэлтэйгээр үндэсний олон асуудлыг шийдэх болсон” хэмээн Зеэв Элькин ВВС-д ярилцлага өгөхдөө онцолжээ. Түүний өгүүлснээр, “Ликуд” олон жилийн турш баримталсаар ирсэн өргөн хүрээт үзэл бодол, зарчмуудтай нам байхаа больсон гэжээ. “Нэг хүнийг тахин шүтэхээс ангид, эрхчөлөөт нам бидэнд хэрэгтэй гэж хамтрагчид маань шийдсэн. Нетаньяху олонх болж чадахгүй, иймд улс орныг тогтворжуулж чадах өөр эвсэл байгуулах боломжтой гэж бид үзэж байгаа” гэж Элькин өгүүлэв. Гидеон Саар-ын улстөрийн ихээхэн туршлага, мөн “Ликуд”-ын сонгогчдын дунд нэр хүндтэй байдал нь шинэ намын амжилтад сайнаар нөлөөлнө гэдэгт тэрбээр итгэлтэй байгаа аж.
Боломжит хувилбарууд
Израильд батлагдсан журмын дагуу ард нийтийн санал хураалтын дүнг зарласны дараа тус улсын Ерөнхийлөгч Реувен Ривлин эвсэл байгуулах мандатыг хамгийн олон санал авсан намын даргад өгөх ёстой. Намууд хоорондоо хэлцэл хийж эвсэл байгуулахад 4-6 долоо хоног шаардагдана. Израилын улстөрийн гол хэвлэлийн нэг Haaretz сонины таамагласнаар “Ликуд” энэ удаагийн сонгуульд 30 орчим, өөр гурван томоохон нам болох Яир Лапид-ын либерал “Йеш Атид” 20 орчим, Нафтали Беннетийн “Ямин Хадаш” 12-оос илүү, Гидеон Саар-ын “Тиква хадаша” /Шинэ найдвар/ 10-аас илүү суудал авна гэжээ. Эдгээр намын удирдагчид Нетаньяху-тай хэзээ ч эвсэлд нэгдэхгүй гэдгээ эрс шийдэмгий зарлаад байгаа бөгөөд харин эд нар дотроос Нафтали Беннетийг тодорхой нөхцөлтэйгөөр ятгах боломжтой хэмээн Алисон Каплан үзэж байна. Беннет бол нэгэн цагт “Ликуд”-ын гишүүн байсан, мөн Нетаньяху-гийн ажлын албаны даргаар ажиллаж байсны хувьд хамгийн түрүүнд хэлэлцээр хийх боломжтой юм.
Израилын хэвлэл мэдээллийн гол анхаарал Яир Лапид рүү чиглэж байна. Ажиглагчдын үзэж буйгаар, Нетаньяху түүнээс хамгийн их болгоомжилж байгаа аж. “Нам доторх манлайлал болон Ерөнхий сайдын суудлын төлөөх урт удаан хугацааны улстөрийн карьерын аль ч үед Нетаньяху ийм нууцлаг өрсөлдөгчтэй хэзээ ч тулгарч байгаагүй” хэмээн Haaretz-ийн шинжээч Аншель Пфайфер өгүүлжээ. Тэрбээр “Лапид өөрийн улстөрийн стратегич, Вашингтоны мэргэжилтэн Марк Меллманы төлөвлөгөөг ягштал даган биеэ барьж, дайтаж буй “Ликуд”-тэй тулалдаанд орохгүй” гэж нэмэн дурдав. Саар, Беннет нарын үзүүлэлт сонгуулийн кампанит ажлын эхэн үед маш өндөр байснаа дараа нь огцом унаж эхэлсэн бол Лапид кампанит ажлаа даруухан эхлүүлсэн хэдий ч үзүүлэлт нь байнга өссөөр байжээ. Нетаньяху үг хэлэх бүрдээ Лапидын тухай байн байн дурдаад байгаа нь түүний санаа зовниж буйг илтгэж байна гэж Аншель Пфайфер өгүүлээд, Ариэль Шарон, Эхуд Ольмерт зэрэг улстөрийн акулуудтай тулалдаж байхдаа ч ингэж өрсөлдөгчдөө анхаарал хандуулж байгаагүй гэдгийг онцолсон байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )