"Эрхэт Монгол" медиа группын харьяа ТВ8 телевизийг одоогоос 15 жилийн өмнө нь буюу 2006 оны гуравдугаар сарын 24 нд “Сэрүүлэг” констракшны ерөнхий захирал Сэнгээгийн Баярмөнх үүсгэн байгуулжээ. Анхны “Толь” мэдээллийн хөтөлбөр нь “Үзэгч та бүхнийхээ өдрийн амар амгаланг айлтгая” ТВ8 телевизийн мэдээллийн хөтөлбөр эхэлж байна хэмээн үзэгч олонд шууд хүрснээр хэвлэл мэдээллийн салбарт нэгэн шинэ телевиз үүд хаалгаа нээсэн юм.
ТВ8 телевиз үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш, эх орны өнцөг булан бүрээс төдийгүй, хилийн чанадаас нийтдээ 465.000 цагийн эфирээр үзэгч олны сонорыг мялаажээ. Монголын телевизийн салбарт үзэгчдийн санал гомдлыг 24 цагийн турш авч, газар дээрээс нь шуурхай мэдээ мэдээллийг нэмэлт хачиргүйгээр хүргэх анхны шанг татсан мэдээллийн хөтөлбөр бол ТВ8 телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөр юм. Түүнчлэн тус телевизийн уран бүтээлчдийн хүч, хөдөлмөр шингэсэн "Тавинлан", "100 асуулт" зэрэг нэвтрүүлэг телевизийнхээ нэрийн хуудас болжээ.
"Бидэнтэй цуг байгаарай ТВ8" уриатай баг хамт олон өдгөө хэвлэл мэдээллийн салбарт, шуурхай, шударга, шинэ өнцгийг жишиг болгохын зэрэгцээ үндэсний хэв шинжийг хадгалсан контентуудыг бэлтгэн үзэгчдэдээ хүргэж байна. Тухайлбал, "Gobi Challange", "Ардын журамт цэргийн мөрөөр" зэрэг шоу нэвтрүүлгийг дурдаж болно.
ТВ8 телевизийг үүсгэн байгуулсан, анхны шанг татсан, ажил амьдралынхаа нэгээхэн хэсгийг зориулсан үе үеийн удирдлага, хамт олон, уран бүтээлчид болон үзэгч, харилцагчдад 15 жилийн ойн мэнд хүргэе.
"Бидэнтэй цуг байгаарай ТВ8"
Сэтгэгдэл ( 0 )