Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 75 хувь нь 7-8 ба түүнээс дээш баллын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд багтдаг ажээ. Тиймээс ч Монгол Улсыг төв Азийн газар хөдлөлтийн өндөр идэвхжилтийн бүс гэдэг. Он гарсаар манай улсад 5,5 баллаас дээш хүчтэй газар хөдлөлт хоёр ч удаа тохиолоо.
М.Өлзийбат: Газар хөдлөлтийг мэдрэх систем 6-7 баллын хүчтэй чичирхийллийн үед л дуут дохиолол дамжуулна
ОБЕГ-аас Монгол орны газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ШУА-ийн Одон орон, гeофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын эрхлэгч М.ӨЛЗИЙБАТ “Энэ сарын 23-нд газар хөдлөлт Говьсүмбэр аймгийн Чойр, Баянтал сумдад болон Улаанбаатар хот Дундговь аймагт тус тус мэдрэгдсэн. Сүүлийн гурван сарын дотор гэхэд хүнд мэдрэгдсэн 14 газар хөдлөлт бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, 3.5 баллаас дээш газар хөдлөлт хүнд мэдрэгддэг. Саяны газар хөдөлсөн бүс нутагт урьд өмнө нь ингэж хүчтэй газар хөдөлж байсангүй. Удахгүй хаана, хэр хүчтэй газар хөдөлсөн тухай тодорхой мэдээлэл гарна. Богд уулын орой дээрх станц дээр гурван баллын газар хөдлөлт тэмдэглэгдсэн байна. Харин Төв аймгийн Баянцагаан суман дахь багаж дээр 4-5 баллын газар хөдөлсөн гэж тэмдэглэгджээ. 2000 он гараад хүчтэй газар хөдлөлтүүд явагдаж байна. Сүүлийн газар хөдлөлтийн ойролцоо барилга, байгууламж байсан бол хохирол амсах байсан. Улаанбаатар хот барилга ихтэй, хүн амын төвлөрөл их учир газар хөдлөлтийн тал дээр анхаарал хандуулах цаг нь ирсэн. Хот тойрсон боломжит гурван голомт дээр дохио илгээх систем суурилуулсан. Хэрвээ 6-7 баллын чичиргээ үүсвэл энэ систем маань автоматаар дуугарч, гамшиг болохоос 30 секундээс нэг минутын өмнө иргэдэд мэдээлэл очно. Энэ зөвхөн Улаанбаатар хотын оршин суугчдад зориулагдсан систем. Систем маань гамшиг үзүүлэх хэмжээнд хүрвэл л автоматаар ажиллана. Сая 3-5 баллын газар хөдөллөө. Монголд 25-26 станц ажиллаж байна. Хотыг тойроод олон улсын станцуудтай нийлээд 30 гаруй газар хөдлөлтийг мэдрэх станц бий. Бидэнд гамшгийн төлөвлөгөө, зөвлөмж бий. Говь-Алтайн хагарал 700 км урт. Дээд тал нь найман магнитуд хүрэх боломжтой. Гэхдээ 2500-3000 жилийн давтамжтай хүчтэй газар хөдлөх тооцоо гаргасан. Хотод баригдаж буй барилгуудын чанарыг сайжруулж, эрдэмтэд, судлаачдын зөвлөгөөг сонсох хэрэгтэй” гэлээ.
“Айлын гэрлийн абжур унасан нь үнэн
Хамгийн сүүлд буюу уржигдар оройн газар хөдлөлтийн голомт нь Говьсүмбэр аймгийн Чойр, Баянтал сум байсан. Тэгвэл Чойрт оршин суудаг иргэн Н.Баяраагаас газар хөдлөлтийн талаар тодруулахад “Манай энд маш хүчтэй мэдрэгдсэн. Ор дайвалзаад л явчихдаг юм билээ. Манай хажуухан айлын гэрлийн абжур хүртэл унасан байна билээ. Урьд нь манай нутагт ийм хүчтэй газар хөдлөлт огт болж байгаагүй. Энэ удаад иргэд үнэхээр их айж цочирдлоо. Одоо хэр нь хүмүүс айдастай байна” гэв.
Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгууд Улаанбаатарт дүүрэн байна
Өнөөг хүртэл дэлхийн аль ч орны эрдэмтэн судлаачид аюулт газар хөдлөлт болох хугацаа, түүний хүчийг урьдчилан тооцоолж чадахгүй байна. Хүчтэй газар хөдлөлт болохыг урьдчилан тогтоох боломжгүй ч газар хөдлөлтөөс учрах хохирол, түүний дотроос хүний амь нас, улс эх орны нийгэм эдийн засагт учруулах эрсдэлийг бууруулахад төр, засгийн бодлого чиглэх ёстой. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот орчмын хүчтэй газар хөдлөлтийн хагарлуудын дагуу бүртгэгдэж буй газар хөдлөлтийн тоо, мөн хүчний хэмжээ ихсэж, давтамж нь ойртож байгаа талаарх эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнг анхааралдаа авч хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Улаанбаатар хотод баригдсан нийт барилга байгууламжийг хийцээр нь ангилвал, тоосгон барилга 61 хувь, угсармал барилга 18 хувь, төмөр бетон хийцийн барилга 16 хувь, модон хийцийн барилга хоёр хувь, метал хийцийн барилга хоёр хувийг тус тус эзэлж байна. Албаныхан нийтийн зориулалттай 524 барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээ, судалгаа хийжээ. Эдгээр барилгаас 171 нь газар хөдлөлтөд тэсвэртэй, 278 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан байна. Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудын олонх нь тоосгон болон модон хийцтэй, ашиглалтын хугацаа дууссан, газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй 1970 оноос өмнө баригдсан барилгууд юм байна. Анх баригдахдаа газар хөдлөлтийн эрсдэлийг сайн тооцоолоогүй баригдсан барилга байгууламжууд, онцгой байдлын үед аврах ажиллагаа явуулах боломжгүй, бэлтгэлгүй байдал нь Монголын нийт хүн амын тал орчим нь амьдарч, ажиллаж буй Улаанбаатар хотыг улам эрсдэл өндөртэй бүс болгож байна. Баригдаж буй ихэнх барилгууд хийцийн өөрчлөлт ихтэй, инженерийн тооцоолол муу, зориулалтын бусаар ашигладгаас шалтгаалан газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг сулруулдаг хэмээн ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс мэдээлж байгаа юм.
Газар хөдлөх үед цонхноос хол байгаарай
Хэрвээ та газар хөдлөх үед байшин дотор байгаа бол тайван бай, үймж сандрах хэрэггүй, аюулгүй буюу дотор хана, булан, даацын багана гэх мэт газарт хоргодох хэрэгтэй. Мөн газар хөдлөлт эхлэх үед та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх ёстой гэнэ. Түүнчлэн бат бөх ширээн доогуур орох, цонхноос хол байх, цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байхыг хичээгээрэй. Аврах ажиилтнуудын зөвлөснөөр хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага гэдгийг ч мөн сануулжээ.
Харин газар хөдлөх үед гадаа явж буй тохиолдолд байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох, хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэггүй. Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох, олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх хэрэгтэй. Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад толгойгоо хамгаалах, ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй гэнэ. Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлохыг анхааруулдаг байна.
Газар хөдлөлтийн дараа заавал анхаарах зүйлс
Хүчтэй газар хөдлөлтийн дараа үмүүсийн ихэнх нь айж сандардаг аж. Иймээс мргэжилтнүүд өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харахыг хүмүүст зөвлөдөг аж. Мөн эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах, хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах, хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүйг санаарай. Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах, нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах, онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй. Нурангин доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх, гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах, ямар нэгэн юм нүдэх/, гал гаргаж болохгүй, өөрийн тамир, тэнхээгээ гамнах, шилний хагархай байх тул гутлаа өмсөх, ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх, цахилгаанаа яаран бүү залга, радиогоо цаг үеийн мэдээн дээр тохируулах зэрэг наад захын арга хэмжээг авч байх хэрэгтэй.
Энэ дашрамд сануулахад, өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-ны 16 цагт орон даяар газар хөдлөлтийн гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )