“Өглөөний зочин”-оор Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа уригдлаа.
-Таны хувьд энэ салбарт олон жил ажиллаж байна. Энэ хугацаанд хүчирхийлэлд өртсөн хэчнээн хүнд туслалцаа үзүүлсэн байдаг вэ?
-Манай Хүчирхийллийн эсрэг үндэсний төв 1995 онд байгуулагдсан. Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ, туслалцаа үзүүлэх чиглэлээр өдгөө 26 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд хүчирхийлэлд өртсөн 27 мянга орчим охид эмэгтэйчүүд, зарим тохиолдолд эрчүүдэд үйлчилгээ үзүүлсэн. Тэдэнд сэтгэл зүй, хууль зүйн зөвлөгөө өгч, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн эсрэг олон талт үйл ажиллагаа явуулж байна. Манай үйлчилгээний нэг төрөл нь түр хамгаалан байрлуулах үйлчилгээ юм. Хүчирхийлэлд өртсөн, гэрээсээ зугатаж хоноглох газаргүй болсон хүмүүсийг байрлуулж, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хамгаалах зорилготой түр хамгаалах байрыг бид ажиллуулдаг.
Энэ байранд 7-30 хоног, шаардлагатай бол 90 хоног хүртэлх хугацаанд хүчирхийлэлд өртөгчдийг байлгаж, үйлчилгээ үзүүлдэг. Үйлчилгээ үзүүлэх явцдаа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт, хохирогчдод тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг судлан, хууль эрх зүйн орчныг хохирогчид ээлтэй болгоход нөлөөлж ажиллаж ирсэн.
-Хүчирхийлэл гэж чухам юуг ойлгох вэ?
-Ихэнх хүн зодож гар хүрсэн бол түүнийг хүчирхийлэл гэж ойлгодог. Гэтэл хүчирхийлэл нь маш өргөн цар хүрээг хамардгийг ойлгох хэрэгтэй. “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-д гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрүүдийг тодорхойлж өгсөн байдаг. Тухайлбал, бие махбодь, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэрүүдийг багтаадаг. Бие махбодын хүчирхийлэлд үсдэх, зодохоос авахуулаад өлсгөх, дааруулах, биед нь гэмтэл учруулах, амь насыг нь хөнөөх хүртэл үйлдлүүд багтана. Сэтгэл санааны хүчирхийллийн хувьд нүдэнд ил харагддаггүй, нотлоход ихээхэн түвэгтэй хэлбэр юм. Хүчирхийллийн аль ч хэлбэрт өртсөн хүн сэтгэл санааны хүчирхийлэлд давхар өртөж байдаг. Энэ нь нэр хоч өгөхөөс авахуулаад зохисгүй үгээр дайрч доромжлох, дорд үзэх, аав ээж ах дүү, найз нөхөд, хамт олонтой нь уулзуулахгүй байх зэргээр бусдаас тусгаарлах, ганцаардуулах, гэр бүлээс гадуур харилцаа тогтоох, амиа хорлоход хүргэх, зэрэг нь сэтгэл санааны хүчирхийллийн хэлбэрүүд юм. Энэ хүчирхийллийн хор уршиг нь өөрийн үнэлэмжийг нь байхгүй болгодог. Өөртөө итгэлгүй болсон хүн ажил хийх, нийгмийн харилцаанд ороход маш хүндрэлтэй болдог сөрөг үр дагавартай. Бэлгийн хүчирхийллийн хувьд хүсээгүй, бэлэн биш байхад нь бэлгийн харилцаанд оруулах, хүч хэрэглэх, согтуугаар хүүхдийн дэргэд бэлгийн харилцаанд орохыг шаардах, гаж порно кино үзээд дагаж дуурайхыг шаардах, ёс бусаар бэлгийн харилцаанд оруулах гэх мэт хэлбэрээр илэрдэг. Хүн өөрийн гэсэн үзэл бодолтой, сонголттой байх эрхтэй. Энэ эрхийг нь хүн бүр хүндэтгэх ёстой. Хүндэтгэлгүй байдлаас болоод бэлгийн харьцаа таарахгүй байна гэж үзэх, улмаар бодит байдлыг улам хурцатгах явдал гардаг. Эдийн засгийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн дундын эд хөрөнгөө хэн нэгэн нь дур мэдэн зарцуулах, ажил хийж олсон орлогыг нь хурааж авах, олсон орлогоо гэр бүлдээ зарцуулахгүй байх, сурч боловсрох, ажил хийх, орлого олох боломжийг нь хааж боогдуулах зэргээр илэрдэг. Мөн үр хүүхэд нь аав ээжийнхээ тэтгэврийг олон сараар зээл хийлгэж авах, гэр орныг нь зарах, эсхүл эхнэр нөхрөөрөө банкнаас зээл авахуулчихаад зээлийг нь хамт төлөхгүй алга болдог зэрэг байдал нь эдийн засгийн хүчирхийлэл юм.
-Энэ олон хүчирхийллээс хамгийн түгээмэл үйлдэгддэг нь аль вэ?
-Ихэвчлэн бие махбодь, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс манай төвд ханддаг. Тэд өөрийн аюулгүй байдлаа яаж хангах вэ, хүчирхийлэлд өртсөн үед хаана хандвал дээр вэ гэж асуудаг. Гэр бүлийн хүчирхийлэл нь ойр дотны хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд үйлдэгддэгээрээ бусад гэмт хэргээс маш ялгаатай. Сэтгэл зүй, эдийн засаг, бие махбодь, үр хүүхдээрээ хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгддэг учраас тэр болгон нийтэд дэлгээд байдаггүй. Энэ ч утгаараа гэр бүл болоод хувь хүний нууц, нэр хүндтэй холбоотой маш эмзэг асуудал юм. Тиймээс цагдаад хандахаасаа өмнө яаж ойлголцох вэ, гэсэн эмэгтэйчүүд манай төвд их ирдэг.
-Хүчирхийлэлд өртсөн эрэгтэйчүүд ирдэг үү?
-Гэр бүлийн хүчирхийлэлд хэн ч өртөж болно. Эрэгтэй, эмэгтэй, ахмад настан, хүүхэд гэх мэт. Монгол Улсад хийсэн судалгаагаар хүчирхийлэлд өртөгсдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийг эмэгтэйчүүд болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн ноцтой хэлбэр гэж үздэг. Олон нийтийн зүгээс “Тэр эмэгтэй өөрийн арчаагүй байдлаас хүчирхийлэлд өртөж байна”, “Эр юм байж яахаараа хүчирхийлэлд өртдөг байна аа” гэх зэргээр хүчирхийлэлд өртсөн нэгнээ гоочилдог. Энэ буруу хандлага нь хүчирхийллийг өөгшүүлдэг. Хүчирхийллийг ямар ч хүн тэвчихгүй байх нь хүчирхийлэл алга болох үндэс юм.
-Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд өдөрт хэчнээн хүн хандаж, тусламж авдаг вэ?
-Өдөрт 5-7 хүнд шууд үйлчилгээ, туслалцаа үзүүлдэг. Бид цар тахлын халдвар тархсантай холбоотойгоор зөвлөгөө өгөх үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлж байна. Манай 96490505 дугаартай итгэлтэй утсан дээр гурван ээлжийн оператор 24 цагаар ажиллаж байна. Бидэнд хандсан иргэдийн хувьд “Гэрээсээ гарч чадахгүй байна”, “Хөл хорионы үед хүчирхийлэл улам ихэсч байна, туслаач” хэмээн хүсдэг. Манай улсын хэмжээнд 2019 онд гэр бүлийн хүчирхийллийн холбогдолтой 985 хэрэг бүртгэгдэж байсан. Харин 2020 онд 1138 болж өмнөх оноосоо 15,5 хувиар өссөн дүнтэй гарсан. Гэр бүлийн хүрээнд хүчиндэх гэмт хэрэг мөн өссөн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2019 онд найман хүн амь насаа алдсан бол 2020 онд 18 хүн амь насаа алдсан байна. Гэмтэл бэртлийн хувьд 953 хүн гэмтэж 928,3 сая төгрөгийн хохирол учирсан. Үүнийг өмнөх онтой харьцуулахад гурав дахин нэмэгдэж, учирсан хохирол 54,7 хувиар өссөн. Үүнээс үзэхэд, гэр бүлийн хүчирхийллийн асуудал хүндэрсээр байна.
-Танай төвөөр үйлчлүүлэх иргэдийн тоо өнгөрсөн жил 50 гаруй хувиар өссөн байсан. Хөл хорионы үед хүчирхийлэл улам нэмэгдээд байх шиг?
-Манай төвөөр 2020 онд 1895 хүн үйлчлүүлсэн нь өмнөх оныхоос 56 хувиар өссөн. Түр хамгаалах байраар 233 хүн, итгэлтэй утас болон онлайн зөвлөх рүү 1377 хүн хандсан байна. Энэ үзүүлэлтүүд өмнөх оноос бүгд өссөн байгаа. Манай байгуулагын хувьд хүчирхийлэлд өртсөн хүмүүст сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгч, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд хамруулж, хамтарсан багт хүлээлгэн өгөх үйлчилгээнүүдийг цогцоор нь үзүүлдэг. Шаардлагатай бол үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээнд холбож, хууль хяналтын байгууллага, шүүхийн шатыг дуустал нь хамт явдаг. Хохирогчдын амь нас, аюулгүй байдлыг хамгаалах нь нэн тэргүүнд хийх ажил байдаг. Ер нь гэр бүлийн хүчирхийллийг аль болох эрт шатанд нь илрүүлж, таслан зогсоож чадах юм бол гэр бүлийн хүчирхийлэл дахин давтагдаж, даамжрахаас сэргийлж чадна.
-Түр хамгаалах байранд одоогийн байдлаар хэчнээн хүн байгаа вэ?
-Хамгаалах байранд одоогоор нэг ээж, долоон хүүхэд байрлаж байна. Бид бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогчдын хуулийн асуудлыг нь шийдэгдтэл хамгаалах байрандаа байлгаж байна. Асуудал нь шийдэгдээгүй байхад гаргах юм бол дахиад хүчирхийлэлд өртөх магадлалтай байдаг. Нийгмийн ядуурал, ажилгүйдэл, архидалт зэрэг нь гэр бүлийн болон хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл нэмэгдэхэд нөлөөлж байна. Цар тахлын сөрөг нөлөөллөөс олон хүн ажилгүй болж, өрхийн орлого нь тасалдаж, эдийн засгийн хувьд хүнд байдалд ороод ирэхээр архидалт нэмэгдэж, хүчирхийлэл өсөхөд нэрмээс болж байна. Манай түр хамгаалах байранд эмэгтэйчүүдээс илүүтэй хүүхдүүд олон ирнэ. Ээжийгээ дагаж ирсэн хүүхэд их. Түр хамгаалах байрны маань ачаалал өвөл их байдаг. Өвлийн хүйтэнд хүүхдээ тэврээд, хөл нүцгэн ороод ирнэ, хөдөө орон нутгаас замын унаанд суугаад хүрээд ирдэг эмэгтэйчүүд ч байдаг. Энэ бүх тохиолдолд хотын харьяалал бус гээд буцаах эрх бидэнд байдаггүй.
-Хүн худалдаалах гэмт хэргийн талаар танай байгууллагаас нэлээд ажилладаг. Сүүлийн үеийн тоо баримт, сэрэмжлүүлбэл зохих зүйл юу байна?
-Манай байгууллагын хувьд хүн худалдаалах гэмт хэрэг, тэр дундаа дотоодын бэлгийн мөлжлөгийн хэрэг дээр ажиллаж байсан туршлагатай. Өнгөрсөн хугацаанд дотоодын бэлгийн мөлжлөг нь хүн худалдаалах гэмт хэргийн нэг хэлбэр юм гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх гэж цөөнгүй өмгөөллүүд хийсэн. Хохирогч нар нь ихэнхдээ өсвөр насны охид байдаг. Гэмт этгээдүүд тэднийг хуурч мэхлэх, айлган сүрдүүлэх аргаар эрхшээлдээ оруулан бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт өртүүлж байна. Үүнийг сайн дураараа “биеэ үнэлэлт” гэж үзэж болохгүй. Миний хувьд хамгийн их санаа зовж байгаа зүйл нь худалдаж авч байгаа тал нь эрчүүд.
-Бэлгийн мөлжлөгт өртөгсдийн сэтгэл зүй маш хүчтэй шархалсан байдаг. Сэтгэл засал, эмчилгээг үр дүнтэй хийх хэрэгтэй байх?
-Мөн л санаа зовоож байгаа асуудлын нэг нь бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгт өртсөн хохирогчдын сэтгэл зүй. Урт хугацааны сэтгэл заслын эмчилгээ шаардагддаг. Хохирогчдын гэр бүл нь хамт стресст ордог учир гэр бүлд нь давхар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх асуудал үүсдэг. Өсвөр насны хохирогчид амиа хорлохыг оролдох, гэрээсээ дайжих хандлагууд их ажиглагдаж байна. Тийм учраас сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээ маш их шаардлагатай. Өнөөдөр цар тахлаас илүүтэй гэр бүлийн хүчирхийллээс болж хүмүүс амь насаа алдаж байна. 2020 онд короновирусээр нэг ч хүн амь насаа алдаагүй байхад хүчирхийллийн улмаас 18 хүн амиа алдсан байх жишээтэй. Нийгмийн сэтгэл зүйг аль болох тайвшруулах мэдээ, мэдээллийг түгээх хэрэгтэй байна. Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулах, хуулийг сурталчлах, хүчирхийллийн харилцаатай гэр бүлийг эрт шатанд нь илрүүлж, шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээнд хамруулах, гэр бүлийн хүчирхийллийг цаг алдалгүй таслан зогсоох, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал байна. Хатуу хөл хорио тогтоохоор засаг захиргааны анхан шатны нэгж, хороод зайнаас ажиллаад эхэлж байна. Энэ тохиолдолд хүчирхийлэл үйлдэгдэж байгааг хэн, яаж илрүүлэх, хянах вэ.
-“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-д хүчирхийлэлтэй тэмцэх олон талын оролцоог хангаж өгсөн байдаг. Энэ талаар тодруулахгүй юу?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрууд олноор нээгдсэн. Зарим нь төрийнх, зарим нь хувийн байгууллага, үлдсэн нь эмнэлэг болон цагдаад түшиглэсэн цэгүүд байдаг. Мөн хамтарсан багийн бүтэц бий болсон. Хороо болгон дээр байгуулагдсан энэ баг маань тус хороонд хүчирхийлэлд өртсөн хүмүүст хүрч ажиллах үүрэгтэй. Гэвч энэ багууд хангалттай ажиллаж чадахгүй байна. Уг нь энэ бүтцийн санхүүжилт, тогтвортой үйл ажиллагааг нь дэмжээд өгвөл гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх судалгаа, сурталчилгаа зэргийг илүү сайн хийх боломжтой. Хамтарсан баг маань хорооны Засаг дарга, цагдаа, нийгмийн ажилтан, эмч зэрэг салбар салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн байдаг. Эдгээр хүмүүс хүчирхийлэл илрүүлэх, таслан зогсоох, үйлчилгээ үзүүлэх гээд бүхий л үйл ажиллагаанд оролцдог. Гэтэл санхүүжилт дутмаг учраас хангалттай сайн ажиллаж чадахгүй байгаа. Тиймээс санхүүжилт, мэргэжлийн боловсрон хүчин, сургалтыг нь дэмжээд өгвөл үр дүнтэй ажиллах боломжтой бүтэц юм. Түүнээс гадна Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу олон байгууллага үүрэг хүлээсэн. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, хууль зүй, соёлын салбар, прокурор, бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засгийн газар, УИХ гээд тогтолцооны хувьд бүрдсэн. Одоо хамгийн гол нь үйл ажиллагаагаа уялдуулж, хамтарч ажиллах, энэ байгууллагууд жигд оролцох нь чухал. Боловсролын байгууллага нэг талаас сургалтын агуулгадаа зөрчилтэй асуудлыг яаж зөвшилцлийн аргаар шийдэх вэ, найзуудтайгаа яаж харьцах вэ, найз нөхөд нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол хэнд, яаж мэдээллэх вэ гэдгийг нь тусгаж өгөх. Хэрвээ сурагч нь биедээ гэмтэлтэй ирээд, сурлагын амжилт нь буураад, эсхүл хичээлээ таслаад байвал багш нь хүчирхийллийн шалтгаантай байгаа эсэхийг нягтлах, хэрэв хүчирхийлэлд өртсөн бол холбогдох байгууллагад мэдээлэх, дотуур байранд хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх гээд чиг үүргийнхээ хүрээнд олон ажлуудыг хийж болно. Эрүүл мэндийн байгууллага л гэхэд түргэний эмч дуудлагаар очоод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн байж болзошгүй тохиолдолд нөхцөл байдлыг хаана, хэрхэн мэдэгдэхээс авахуулаад өвчтөний гэмтэл бэртлийг баримтжуулах, дүгнэлт гаргах тал дээр эмч эрүүл мэндийн ажилтнаа сургах үүрэг хүлээсэн. Эмч нар ил харагдах гэмтлээр гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх боломжтой. Нэн ялангуяа чих болон шүдний эмч нар нүүр амны гэмтлийг тодорхойлох бүрэн боломжтой юм. Цагдаагийн ажилтны хувьд гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад анхлан тусламж үзүүлэгч тул тухайн айлд нэвтэрч орох, гэр бүлийн гишүүдийнх нь аюулгүй байдлыг шалгах, аюулын зэргийн үнэлгээ хийх, хэрэв эрсдэл өндөртэй бол хохирогчийг хамгаалалтад авах асуудлыг шийднэ. Мөн хүчирхийлэл үйлдэхдээ зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол хурааж авах, хохирогчид гэрээсээ бичиг баримт, хувцсаа авахад нь цагдаа дагаж очоод эд зүйлээ авахад нь туслалцаа үзүүлэх эрх, үүрэгтэй болсон. Хөдөө орон нутагт ганц гэрээрээ байгаа хохирогч тусламж авахад хүнд байсан. Гэхдээ энэ хүмүүст хүрч ажиллахад багийн дарга, цагдаагийн алба хаагч үүрэг хүлээдэг. Хатуу хөл хорионы үед хоол хүнс, түлэх түлээ гуйж байна. Төрөөс энэ тал дээр хангалттай тусламж үзүүлж чадахгүй байгаа. Манай байгууллагын хувьд сар болгон 50 хүүхдийн боловсролын үйлчилгээг нь дэмжиж байна. Боломжийнхоо хэрээр хандив цуглуулаад хоол хүнс, хувцасны тусламжийг үзүүлдэг. 2020 онд бид 247 хүнд хоол хүнсний тусламж үзүүлж, 24 хүнийг мэргэжлийн сургалтад хамруулж, бичиг баримттай болгосон. Архины хамааралтай таван ээжийг донтолтын эмчилгээнд хамруулсан, дөрвөн айлыг гэр оронтой болгох ажлыг хийсэн. Үүний хажуугаар бодлогын нөлөөллүүд явуулж байна. Жишээ нь, бэлгийн хүчирхийллийн хохирогчоос шүүх эмнэлэг үзлэгийн төлбөрт найман мянган төгрөг авдаг байсан Хууль зүйн сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын тушаалыг Захиргааны хэргийн шүүхэд өгч, хүчингүй болгуулсан. Энэ нь охид, эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалалд бидний оруулж буй хувь нэмэр юм.
-Таны бодлоор хүчирхийлэлд нөлөөлж байгаа хүчин зүйлсээс хамгийн хор хөнөөлтэй зүйлийг юу гэж харж байна вэ?
-Нийгмийн сүлжээнд тавигдаж буй асар олон сөрөг мэдээллийг хүмүүс даган дуурайх үйлдэл их гарч байна. Мөн сүүлийн үеийн зарим кино болон хошин урлагийн үзүүлбэрүүд хүртэл нууц амраг, архидалт, хууран мэхлэлт, өшөө авалт зэргийг суртачлилж байгаа мэтээр хийгдэх болов. Нэгийгээ зодсон, согтуурхсанаа ид бах болгосон, чанга хашгирч хэрэлдсэн эрүүл биш зүйлийг кино, урлагаар үзүүлэх нь хүмүүсийн сэтгэл зүйд эргээд хортой нөлөөлөл үзүүлж, нийгмийн сэтгэл зүйг хүчирхийлэлд дасал болгож байна. Энэ тал дээр хэвлэл мэдээллийн салбар ч анхаарах хэрэгтэй. Гэмт хэргийн тухай мэдээллийг ямар ч цензургүй тавьж байна.
-Гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдэж байгаа нөхрөө “Хайртай хүн маань юм чинь” гэсэн байдлаар уучилсаар байгаа харагддаг?
-Хүмүүс хайр хүчирхийлэл хоёрыг ялгадаггүй. Нэг болохоор хайрлаад, нэг болохоор зодоод байдаг. Хүчирхийлэл гэдэг нь тойрог хэлбэрээр байнгын давтамжтай үйлдэгддэг. Хүчирхийллийн тойрогт нэг орсон хүн гарахад амар байдаггүй. Гэр бүлийн хүчирхийллийн эцсийн цэг нь хэн нэгэн нь амь насаа алдах эсвэл гэр бүл салах гэсэн хоёр хувилбарт тогтдог. Хүчирхийлэл үйлдэгч нь сайн дураараа хүчирхийлэл үйлдэхээ зогсоох хувилбар байж болох ч энэ нь гэж бараг боломжгүй гэхэд болно. Хохирогч хэзээ нэгэн цагт хүчирхийлэхээ болино гэж найдаж, тэвчиж явсаар амь насаа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдлууд цөөнгүй. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдтэй ажиллахад эрүүл мэндийн хувьд бамбай булчирхайн хордлогод орсон, цусны даралт ихтэй, хорт хавдартай болсон зэрэг нийтлэг шинж ажиглагддаг. Эндээс үзвэл хүчирхийллийн харилцаа нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө их үзүүлж байна. Байнга доромжлуулж дарамтлуулаад байхаар сэтгэл санааны хямралтай болж, гэр бүлийн бусад гишүүдийн ч гэсэн эрүүл мэнд, хүмүүжилд муугаар нөлөөлж байна. Сэтгэцийн гэмтэл авсан эмэгтэйчүүд эмчилгээ авахад хэцүү байдаг, маш урт процесс явагддаг. Зарим эмэгтэйчүүд өөрийгөө илэрхийлж, ярьж чадахгүйн улмаас хамаатан садангаа дагуулж ирж өөрийнхөө өмнөөс яриулна, зарим нь хүчирхийллийн талаар инээж ярина. Энэ нь маш хүнд дарамтанд байна гэсэн үг юм. Жишээ нь “Чамайг хэд хоноод зоддог вэ” гэж асуухаар инээж байгаад л “Өө өдөр болгон зоддог” гэж хариулах жишээтэй. Хохирч байгаа хүмүүсийн хувьд дарамтлаад байгаа хүн нь хайртай хүн нь учраас засаад авчих юмсан, архи уухгүй л бол зүгээр гээд архинаас гаргах зөвлөгөө өгөх хүн хайгаад яваад байдаг. Гэтэл энэ бүх үйлчилгээг үзүүлэх хууль байгаа мөртлөө хангалттай хэрэгжихгүй байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Хүчирхийллийн эсрэг олон жил зүтгэж яваа эмэгтэй дээ энэ АРВИНТАРИА. Тандаа баярлаж явдаг шүү. Сайхан ярилцлага хийсэн сэтгүүлчид бас баярлалаа\n
ёстой хэзээ ч засрахгүй,зодож чадахгүй болсон ч хэл амаараа доромжлоно,далд ороосой л гэж бодохоос хэтрэхгүй шүү,тиймээс эрт салах хэрэгтэй