Ипотекийн 6 хувийн зээлд 1673 иргэн хамрагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

Барилга, хот байгуулалтын яамнаас өнөөдөр /2021.03.26/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2020.10.01-ний өдрөөс ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. 

Ингэснээр зээлдэгчдээс шаардах орлогын хэмжээ болон сарын төлбөрийн хэмжээ 20 хувиар буурч, орлого багатай өрхийн хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, зээлийн дарамтыг бууруулах эерэг үр дагавартай байна.

2021.01.01-ний өдрөөс 2021.03.23-ны өдрийн байдлаар нийт 1673 зээлдэгчид 126,6 тэрбус төгрөгийн ипотекийн зээл олгосон бөгөөд уг санхүүжилтийн 28,6 хувийг орон нутгийн ипотекийн зээлэнд зарцуулаад байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувийн өсөлттэй байна.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 15639 айлын орон сууц ашиглалтад орсоноос 5594 айлын орон сууц нь төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлд, 5691 айлын орон сууц нь арилжааны банкуудын эх үүсвэрээр олгосон ипотекийн зээлээр борлуулагдсан байна. Өнгөрөгч 2020 онд төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн эх үүсвэрт 410 тэрбум төгрөгийг санхүүжүүлжээ. 

Барилга, хот байгуулалтын яамнаас 2021 оны I улиралд хийсэн зах зээл дэх орон сууцны судалгаанаас үзэхэд 1816 айлын орон сууц борлуулагдаагүй байгаа бол 2021 онд 23591 айлын орон сууцыг барилгын салбарын аж ахуйн нэгжүүд шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Ингэхдээ,
 

  • Нийслэлд - 19,191 айл
  • Орон нутагт  - 4,400 айлын орон сууц төлөвлөгдсөн байна

2021 онд ипотекийн зээлийн хэмжээг ойролцоогоор 700-800 тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлэхээр Монголбанктай тохироод байна.

Энэ нь өмнөх гурван жилийн дунджаас 2,3 дахин нэмэгдүүлсэн дүн бөгөөд жилд 10000 орчим зээлдэгч хөтөлбөрт хамрагдах юм. Цаашид орон нутгийн иргэдийн худалдан авах чадварын судалгаа болон Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, ажлын байртай уялдуулах үүднээс ипотекийн зээлийн санхүүжилтийн 25-30 хувийг хөдөө орон нутагт тогтвортой олгоно гэж тооцоолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top