Хүний эрхийн хичээлийг ЗААВАЛ СУДЛАХ хичээл болгоно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд  Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзаж, хүний эрхийн боловсролыг дэмжих, боловсролын салбарт хүний эрхийг хангах, хамгаалах хүрээнд тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцлоо.

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан Боловсрол, шинжлэх ухааны сайдад хандан Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилтууд, Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг товч өгүүлж, цаашид хүний эрхийн хичээлийг бүх шатны сургалтуудад заавал үздэг хичээл болгох, хүний эрхийн хөтөлбөр боловсруулах, боловсролын салбар дахь албан хаагчдад хүний эрхийн сургалт явуулах зэрэг асуудлыг анхаарч, хамтран ажиллах саналаа танилцууллаа.

Сайд Л.Энх-Амгалангийн хувьд Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагаа, бодлого, шийдвэрт хүний эрхийн асуудлыг чухалчлан авч үзэх бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын тавьж буй санал, санаачлагыг дэмжинэ, нэн даруй ажил хэрэг болгоход бэлэн байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, хүний эрхийн боловсрол олгож буй тогтолцоо, боловсролын салбар дахь хүний эрхийн хэрэгжилтэд үндэсний түвшний судалгаа үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх, гарсан үр дүн, бодлогын зөвлөмжийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хүний эрхийн боловсролын хөтөлбөр боловсруулахыг дэмжинэ гэв.

ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид боловсролын салбарт хүний эрх зөрчигдсөн асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комисст ирж буй гомдол, мэдээлэл, тэдгээрийг шийдвэрлэх, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх хүрээнд цаашид хийх ажлын талаар санал, байр сууриа хуваалцав. Мөн боловсролын салбарын үйл ажиллагаа, үйлчилгээг хүний эрхэд ээлтэй болгох, хүүхэд, залуучуудыг гэмт хэрэг, зөрчил, түүний дотор цахим орчны хүчирхийллийн хохирогч болохоос сэргийлэх, салбар дундын зохицуулалтыг боловсронгүй болгох чухлыг онцоллоо.

Улс орнууд НҮБ-аас баталсан Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, хүний эрхийн боловсрол олгох, иргэдийн мэдлэг, чадавхыг дээшлүүлэх талаар зохих ололт, амжилт гаргасан байна. Харин Монгол Улс албан боловсролын тогтолцоогоор хүний эрхийн боловсролыг тодорхой хэмжээнд олгож байгаа ч иргэд, хүүхэд залуучууд хүний эрхийн соёл, хандлага төлөвшөөгүй, багш нарын мэргэжлийн үйл ажиллагаа, өдөр тутмын сургалтад үр дүнтэй нэвтрэн хэрэгжиж чадахгүй байна.

Иймд боловсролын салбарт хүний эрхийг хангах, хамгаалах талаар ХЭҮК болон Боловсрол, шинжлэх ухааны яамны ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтарсан Ажлын хэсэг байгуулж, боловсролын салбарт хүний эрхийн нарийвчилсан үнэлгээ хийж, хүний эрхийн хөтөлбөр боловсруулж, үр дүнтэй хамтран ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол хүн(103.229.122.215) 2021 оны 03 сарын 26

монгол хэлээр оролдоод эсэн бус болгоод байгаа заваарсан мөнгөний ажилаа зогсоохыг шаардаж байна.

0  |  0
Top