“Мазаалайг аврах Монголын алхам" (МАМА) ТББ-ын тэргүүн Н.Түмэнжаргалыг “Өглөөний зочин”-доо урилаа. Тэрбээр Улаан номонд орж, устахын даваанд хүрсэн мазаалайг өсгөхийн төлөө сүүлийн арав гаруй жил зүтгэж яваа хүн юм.
-Хоёулаа “МАМА”-г байгуулах болсон түүхээс ярилцлагаа эхлэх үү?
-Тэгье. “Монголын говьд байдаг баавгай устаж байгаа гэнэ” гэж яригддаг байсан. 2007 онд болсон нэг хурал дээр “мазаалай 17- 20 үлдсэн байж болзошгүй байна” гэсэн дүн гарч, устах дөхөж байгаа нэн ховор амьтны тоонд орсон юм. Түүнийг сонсоод судлаад үзтэл мазаалайн эх нутаг нь Баянхонгорын өмнө тал юм билээ. Мазаалай цөөрөх болсон гол шалтгаан нь хүн амын шилжилт хөдөлгөөн, суурьшил, уул уурхай, байгаль, цаг уурын хүнд нөхцөлтэй холбоотой. Идэш тэжээл дутагдалтайгаас турж, цангаж үхсэн тохиолдол ч гарсан. Тиймээс би тэжээл дээр нь анхааръя гэж шийдсэн л дээ. 2010 оноос хойш энэ чиглэлээрээ дагнан ажиллаж байна.
-Мазаалайн идэш тэжээлийн талаар хэр судлагдсан байв?
-Бараг судлагдаагүй байсан. Намайг энэ ажлыг эхлэх үед судлаачид, байгаль хамгаалагчид янз янзын аргаар л туршиж байв. Жишээлбэл, Говийн их дархан цаазат газар (ГИДЦГ)-ын захиргаанаас хавар мазаалай ичээнээс гарсны дараа хонины цувдай, гүзээ тавьсан. Гэтэл тэрийг нь чоно, үнэг, хярс, махчин шувуу идээд, халуун дулаан цагт ялаа батгана шаваад хэцүүдсэн байдаг. Нэг хэсэг хүмүүс лууван, манжин тавьж үзсэн. Түүнийг нь туулай идсэнээс мазаалай идсэн мөр олдоогүй. Худалдаанд зардаг нохойн хуурай хоол тавьж туршсан. 2013 онд ГИДЦГ-ынхантай явж байхад тавьсан нохойны хоолыг чоно идээд, баахан чацга алдсан мөртэй таарч л байлаа. Ер нь “нохойн хоол зохимжгүй юм байна” гэдэг нь тодорхой болсон л доо. Би 2014 онд Грект болсон Олон улсын баавгай судлалын хуралд явсан юм. Тэгэхдээ баавгай судалдаг олон улсын эрдэмтэдтэй холбогдлоо. Дэлхий дээр найман төрлийн баавгай байдгаас Африк тив баавгайгүй, Австралид коала байдаг. Судлаачдын судалгаануудыг үзэхээр баавгай эрдэнэшишийн тариалангийн талбай руу орж сүйтгэсэн, зарим суурин газар хүний чанаад идэж байгаад орхисон эрдэнэшишийг идсэн баримтууд байсан. Түүнийг уншаад “мазаалайн тэжээлд эрдэнэшиш орох юм байна” гэж үзсэн.
Ингээд Эхийн голд эрдэнэшиш тарилаа. Тэндээ тэжээлийн жижиг цех байгууллаа, агуулах барилаа. Эрдэнэшиш, улаан буудай, хивэг, гааль дээр хураагдсан хушны самар, ясны гурилын орцтой мазаалайн тэжээл хийсэн. Хүрэн баавгай загас иддэгийг бодолцоод, загасны тос нэмсэн. Махыг нь юугаар орлуулахаа бодож бодож, борцоор орлуулсан. Ингээд шинэ бүтээлийн патент аваад үйлдвэрлэл явуулж эхэлсэн дээ. Чанартай, калор ихтэй, тэжээллэг болохоор үнэ өндөртэй. Манай тэжээлийн цех гурван жил идэвхтэй ажиллаж, нэлээн нөөц бүрдүүлсэн. Сүүлийн дөрвөн жил үйлдвэрлээгүй ээ. Түүхий эд авна, хүн ажиллуулна. Хийсэн тэжээлээ тараана. Тэгэхийн тулд талдаа 600 км явна шүү дээ. Бүх зардлыг хувиасаа гаргаж байгаа юм. БОАЖЯ-наас ямар ч дэмжлэг байхгүй болохоор сүүлдээ зогсоохоос өөр аргагүйд хүрч байна. Хийсэн тэжээлээ “БОАЖЯ авахгүй байна” гээд хог дээр хаялтай биш, мазаалайдаа тавьж өгсөөр таарлаа. Энэ хавар үлдсэн нөөцөө шавхаад дуусгана.
-Тэжээлээ хаана хаана тавьдаг вэ. Судалгаа, тооцоо хийсэн үү?
-Мазаалай дандаа усаа дагаад, баянбүрдээ бараадаж нутагладаг. Баянхонгорт мазаалай нутагшсан хорин тав, зургаан баянбүрд, Говь-Алтайд тав, зургаан баянбүрд бий. Би хувь хүн учраас Говийн их дархан цаазат газрын хэмжээнд чадахгүй, Сэгс цагаан Богдын районд байгаа 8, 9 баянбүрддээ тэжээл тавья гэж шийдсэн. Надаас өмнө мазаалайд тэжээл тавьж байсан хүмүүсийн хамгийн зөв хоол нь “Алтан тариа”-ны бод малд зориулсан хорголжин тэжээл байсан. Тэрийг өөрийн хийсэн тэжээлтэйгээ сөөлжүүлж тавьдаг.
Хавартаа мазаалай ичээнээсээ гарах үед нэг тэжээл тавина. Цаг хатуу үед хоёр удаа тавьдаг. Сүүлийн жилүүдэд гуравдугаар сард багахан тэжээл тавьчихаад, дөрөвдүгээр сард эм мазаалайг гарч ирэхээр ахиж тавьдаг болсон.
-Эм мазаалай ичээнээсээ сүүлд гардаг юм уу?
-Хавар хамгийн түрүүнд эр, сувай, тарга хүч сайтай мазаалай гарч ирдэг юм. Эм мазаалай ичээндээ бамбаруушаа хөхүүлж байгаад, бараг сар гаруйн дараа, бамбаруушаа дагаж явж чаддаг болсны дараа л гардаг. Өлссөн эр мазаалай бамбаруушийг нь, өөрийг нь барихаас буцахгүй. Тийм болохоор эм мазаалай маш сонор, сэрэмжтэй байдаг.
-Тавьсан тэжээлийг яаж ирж идэх вэ?
-Мазаалай маш үнэрч. Тэжээл тавих гээд явж байхад л бараг үнэрийг нь авна даа. Явсны дараа бидний мөрөөр мазаалайн мөр гарсан байдаг. Тийм болохоор тэжээл тавих гэж байгаа улсыг бараг л танина.
Сонирхуулахад, би амьд мазаалайтай 23 удаа таарсан юм. Анх 2011 онд мазаалайн амьдрах орчныг судлахаар Улаанбаатараас гарч, Баянхонгорын Эхийн голоос Говь-Алтайн Баянтоорой, Ээж хайрхан хүртэл хоёр ч удаа явж, нийт 3000 км туулж байлаа. Энэ үеэрээ зэлүүд говьд гурван мазаалайтай таарсан. Огт санамсаргүй явж байсныг хэлэх үү, зургийн аппарат бэлэн биш, гар утасны чадал муу байсан болохоор зургийг нь дарж чадаагүй. Хамгийн сүүлд өнгөрсөн намар таарсан мазаалай маань уулын орой хавийн чулуурхаг хэсэгт зогсчихоод, ер үргэж айсан шинжгүй бидэн рүү харж, зургаа даруулж даруулж явсан даа.
-Тэжээлийн сав нь их хөөрхөн юм. Мазаалайнууд анддаггүй байх...
-Энэ тосгуураас туулай бусад амьтан хоолоо авч чадахгүй. Эргэн тойрон өргөстэй тор татчихдаг болохоор чоно, нохой ойртохгүй.
Тэжээлийн бункерийн дэргэд хөдөлгөөн мэдэрдэг камер тавьчихдаг. Ер нь мазаалай шөнийн амьдралтай амьтан шүү дээ. Надад байгаа бичлэгийн 80-аад хувь нь шөнийн бичлэг. Энэ эм мазаалай, бамбарууштайгаа зургийг харж байна уу? Ингэж л тэжээлээ иддэг дээ.
-Нэг хэсэг олон зуун км тэнэсэн мазаалайн тухай хэвлэлүүд дээр бичиж байсан. Тэр мазаалай яаж тийм хол явдаг байна?
-Хавартаа гадаадын судлаачид Монголд ирж, мазаалай барьж, үзүүлэлтүүдээ хэмжиж, судалгаа, шинжилгээ хийдэг юм. “Баянхонгор” нэртэй тэр мазаалайг судалгааныхан Богц Цагаан дэрс гэдэг газар барьж, хүзүүвч зүүхэд би хамт байсан. Хүзүүвчин дэх сансрын дохиогоор нь мазаалайн хөдөлгөөнийг Америкаас хянадаг. Гэтэл тэр мазаалай Тяншаний нуруу хүрээд эргэж, нутагтаа ирсэн байгаа юм. Би хувьдаа эр баавгай идэш тэжээл хайгаад тийм хол явсан байх гэж боддог. Ямар замаар яаж явсныг бүү мэд.
-“Ховор амьтан устах дөхөхөөрөө ихэрлэдэг” гээд хоёр бамбарууштай мазаалайн зураг интернэтээр түгээгдээд байсан санагдана. Тэр хэр үндэстэй яриа бол?
-Үндэслэлгүй яриа. 3-4 хүртэл бамбарууш дагуулсан хүрэн баавгайн зураг зөндөө бий. Мазаалайн хувьд тарга тэвээрэг сайтай бол ихэр бамбарууш төрүүлэх ердийн үзэгдэл. Зун нь сайхан болж, тарга тэвээрэг сайн авсан, хоёрдугаарт өөрөө сайхан зүстэй, бусад эр баавгайн анхаарлыг татахаар үзэсгэлэнтэй бол орооныхоо үед хээл аваад, хавар хэдэн ч бамбарууш төрүүлж болно. Тарга тэвээрэг муутай бол дур хүсэл нь төрөхгүй, хээлээ хаяна. Төрлөө гэхэд хаврын тарчиг цагт үр төлөө гэх нь байтугай өөрийнхөө амийг яая гэнэ шүү дээ.
Ер нь манай мазаалай бага судлагдсан амьтан. Говь цөлд нутагладаг, өвөлдөө ичдэг, хамгийн том хөхтөн амьтан гэвэл дэлхийд ганцхан мазаалай л байна. Монголын говийг мазаалайгүйгээр төсөөлөхөд хэцүү. Өөр зүйлийн баавгай ийм хатуу ширүүн, хуурай нөхцөлд идээшнэ гэж байхгүй. Дээр үеийн судалгааны баримтуудад мазаалайг дандаа “Цагаан Богдын баавгай” гэж тэмдэглэсэн байдаг. Эрдэмтэн, зохиолч Д.Цэвэгмид гуай мазаалайн судалгаа хийж, говьд хэд хэдэн удаа явсан баримт бий. Говьд тэмээний өвөг хавтгай, адууны өвөг хулан, тахь, хонины өвөг аргаль, ямааны өвөг янгир байдаг. Тэгвэл баавгайнуудын өвөг мазаалай юм биш биз, юугаараа онцлог бол, мазаалай гэдэг үг ямар утгатай, хэзээнээс монгол хэлний үгийн санд орсон гээд хойч үеийнхэн маань судалбал сонирхолтой олон асуулт бий. Тийм ч болохоор бид Баянхонгор аймгийн Байгалийн түүхийн музейд “Мазаалайн танхим” байгуулж, тохижуулж өгсөн. Тэнд Улаанбаатарт байдаг Монголын Байгалийн түүхийн музейд ч байхгүй мазаалайн чихмэл бий.
Аймгийн музейн захирал А.Мандах 2018 онд надтай ярихдаа гадаадын хоёр нисгэгч зорьж, ирж мазаалайн чихмэлийг нь үзсэн гэж билээ. Монголын говь дээгүүр олон нислэг хийсэн тэр нисгэгчид говьд байдаг баавгай ямар байхыг үзэх гэж сонирхож, асууж сурсаар зорьж ирсэн байсан.
-Та бүхний санаачилгаар Баянхонгор аймгийнхан “Мазаалайн бахархлын өдөр”-ийг тэмдэглэдэг болжээ. Энэ нь хэр үр дүнтэй байна?
-2016 онд Баянхонгор аймгийн ИТХ мазаалай баавгайг хамгаалах, “Мазаалай” брэндийг хөгжүүлэхийг иргэдэд сурталчлах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 15-ныг “Мазаалай бахархлын өдөр” болгож тэмдэглэдэг болсон юм. Энэ өдөр аймгийн музейн “Мазаалай” танхимд уулзалт, сургалт хийдэг. Хүүхдүүдийн дунд зарласан уран зургийн уралдааныг дүгнэдэг. Шалгарсан зургаар Австралид календарь хийдэг юм. Хүүхдүүдэд багаас нь зөв таниулаад, байгаль дэлхийгээ хайрлах талаар сургаад явахаар маш зөв хүмүүжилтэй болдог юм байна. Бүр амьтан судлаач, мазаалай судлаач болно гэсэн хүүхдүүд ч бий. Өнөөдөр Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр, Баянговь сум, аймгийн төвийн дунд сургуулиуд дээр 20-оод “Мазаалай” клуб ажиллаж байгаа.
Зөвхөн Монголд ч биш. Австралид “Говийн баавгайг хамгаалах” бүлэг ажилладаг. Тэр бүлгийг Австралийн судлаач Барри Жиггинс санаачлан байгуулсан юм. Барри Монголд ирж, Эхийн гол явж ирээд, надтай холбогдож “танай тэжээл тараах зардалд чинь тусалъя” гэснээс хойш тусалж байна. Нутагтаа бүлэг байгуулаад, 200 гаруй залуу, хүүхдүүдийг нэгтгэж, хоёрдогч түүхий эд цуглуулж, олсон орлогоо бидэнд явуулдаг. Бас “Мазаалайн өдөр” зохион байгуулж, мазаалайн дүрстэй бялуу, боов хийж зараад, тэр мөнгөөрөө монгол мазаалайд тэжээл тавьж ирлээ. Өнөөдрийг хүртэл мазаалайд тэжээл тавих ажлыг маань манай төр засаг биш, гадаадын хүмүүс, Баянхонгор аймгийн иргэд, аж ахуйн нэгжүүд л дэмжиж ирлээ дээ.
-Одоогийн байдлаар Монголд хэдэн тооны мазаалай бий вэ?
-2019 онд Монголд олон улсын баавгай судлалын хурал болсон юм. Тэр хурал дээр Америкийн баавгай судлаач Харри Рейнолдс тэргүүтэй гадаад, дотоодын судлаачид “Монгол Улсад мазаалайн тоо толгой 50-аас доошгүй байгаа” гэдэг тоон дээр тогтсон. Ямар ч байсан мазаалай маань өсөх шинж төлөв ажиглагдаж байна. Харамсалтай нь энэ хавар Ковидоос болоод мазаалайд тэжээл тавих ажил маань боломжгүй болчихлоо. Баянхонгор аймгийн дэмждэг бүлэг маань байгаа нөөц тэжээлээ тавина гэж байтал Баянхонгорт Ковид гарчихлаа. Гэхдээ өнөө өглөө ярихад аймгийн захиргаанаас зөвшөөрөл өгөхөөр ярьсан байсан. Юу ч байсан “МАМА”-гийн зүгээс 1,5 тн тэжээл тавина даа.
Миний хамгийн их санаа зовж байгаа зүйл бол ноднин зун говийн аймгуудаар ган болсноос отрын малыг тэр бүс рүү оруулах Засгийн газрын шийдвэр гарсан. Малчид, мал олноороо Сэгс цагаан Богд руу очвол тэнд амьдардаг зэрлэг амьтад маань хэцүүдэх байх. Тэнд мазаалай, хавтгай, хулан, аргаль, янгир, ирвэс зөндөө байдаг. Тэр амьтад бүгд дайжна.
-“МАМА” ТББ цаашид юу хийхээр төлөвлөж байна?
- Өнөөдөр хүмүүс Монгол Улсаасаа авлагатай юм шиг амьдардаг, шаарддаг болжээ. Зүй нь энэ сайхан улсдаа иргэн болж төрсний хувьд хүн бүр Монгол улсынхаа төлөө заавал юм хийх ёстой. Би ингэж л боддог. Энэ бодлоороо дэлхийд ганцхан монгол мазаалайгаа өсөж үржихэд нь хувь нэмрээ оруулъя гэж өнөөг хүртэл явж байна. Хосгүй ховор амьтад байгаа газартаа Засгийн газар нь отрын мал оруулаад, Байгаль орчны яам нь зэрлэг ан амьтнаа анхаарахгүй, дэмжихгүй байгаа үед хувь хүн би яалтай билээ. Ямар ч байсан хичээж зүтгэсэн минь үр дүнгээ өгч, мазаалайн тоо өслөө. Мазаалайг сонирхох, судлах, хайрлан хамгаалах залуу үе маань бий боллоо. Бид анхны зорилгодоо хүрсэн, мазаалайгаа аврах анхны алхмаа хийж чадсан.
-Ярилцлагынхаа төгсгөлд сонирхоход танай ТББ-ын нэрийн товчлол “МАМА” гэж их сонин юм...
-“Мазаалайг аврах хэрэгтэй” гэж бодоод яваад байлаа. Тухайн үед манай төр засгаас энэ чиглэлээр хийж байгаа ажил байхгүй байсан болохоор “Монголын алхам” гэж нэрлэсэн. Тэгтэл ТББ-ын маань нэрийн товчлол “МАМА” буюу “ээж” гэсэн утгатай үг болсон. Сүүлд анзаарсан чинь миний гол үйл ажиллагаа явуулж байгаа газар бол Эхийн гол. Эхийн голоос ГИДЦГ байгаа “Ээж хайрхан” уул хүртэл мазаалай маань идээшин нутагшсан. Монголын мазаалайд нутаг ус нь ээж болох юм байна гэж бодоод байгууллагынхаа нэрийг их бэлгэшээдэг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 9 )
Сайн байна уу? Энэ хүнтэй яаж холбогдох вэ? Хандив өгөх гэсэн юмаа, боломжтой бол chimge0121@gmail.com оор мэдээллийг нь өгөөч. Баярлалаа
Сайхан ярилцлага бна, олон түмэнд мэдээлэл сайн түгээх хэрэгтэй юм бна, таны зүтгэлийг өндөр үнэлж байна.Хандивын аян з/б хэрэгтэй.
Handiv urgunu shuu alban esoor handiv bosgooroi
Эх орондоо хайртай хүн МАМА- д нэгдэе туслаЯ
Хандивын данс байдаг бол шэйрлэх юм сан
MAMA-гийн талаар анх удаа л сонсож байна. Өшөө Олон хүмүүс мэдвэл тус дэм болж,мазаалайгаа авч үлдэхэд хувь нэмэр оруулах нь дамжиггүйдээ
Манай аймагт байдаг, танай аймагт цөөхөн байдаг, эхсүл байдаггүй гэж ялгаварлалгүйгээр Монголын дэлхийд цор ганц говийн баавгай гэж сэдэлжүүлж ажиллавал үр дүнд хүрнэ, Улаанбаатарчууддаа, бүхий л монгол туургатандаа уриалж урлаг соёлынхоныг ч уриалж ажиллавал заавал үр дүнд хүрнэ, сэтгэлгээний хүрээгээ тэлж зорьж ажиллах хэрэгтэй
Ард түмэндээ хандаад үзвэл ямар вэ
ХҮМҮҮСЭЭ !! АН АМЬТАНАА ХАЙРЛАХТУН❗