Олон зууныг элээн өнөөг хүрсэн соёлын өвөө сэргээхдээ монголчууд хуучны бат бэх хөх тоосгыг өнөө цагийн хялбархан бутардаг улаан тоосгоор, вааран дээврийг хуванцар эдээр сольж үнэ цэнийг багагүй алдагдуулдаг билээ.
Бэлээхэн жишээ гэвэл Чойжин ламын сүм музейн хэрмэн хашааны хөх тоосгонуудыг сэргээж байна гээд улаан туйпуугаар орлуулж шүүмжлэлд өртөж байв. Харин БНХАУ-д өнө удаан жил болсон эртний дурсгалаа хэрхэн сэргээж буй арга, технологийн талаарх тоймыг нэгэн жишээн дээр тулгуурлан хүргэж байна.
Өвөрмонголын өөртөө засах орны нийслэл Хөххотын нутаг дэвсгэрт Чин улсын үеийн Хошуулжин гүнжийн үзэсгэлэнт ордон бий. Түүх сөхвөл уг ордныг 300 гаруй жилийн тэртээ, Энх-Амгалан хааны 36-46 оны хооронд Даланхарын нурууны энгэр, Мони уулын өвөрт барьж байгуулжээ. Энх-Амгалан хааны зургадугаар охин Хошуулжин гүнж Халх Монголын Түшээт хан Дондовдоржийн гэргий болсон бөгөөд уг гүнжид зориулан тухайн үеийн гарын уртай дархчууд дээд зэргийн барилгын материалыг ашиглан ордныг бүтээжээ. Гэвч 300 гаруй жил оршин тогтносон уг барилга цагийн аясаар арчилгаа тордлогогүй хоцорч ХХ зууны сүүл гэхэд ихэд муудан хана нь хазайж, дээврээс нь дусаал гоожиж, баганууд нь өмхөрч, ханын гоёмсог зургууд нь халцарч, нурахад ойртсон байв. Ордны ерөнхий төрх нь Монгол дахь хуучны сүм хийдүүдтэй төстэй Гүнжийн ордныг сэргээн засварлахдаа орчин цагийн барилгын материал ашиглалгүй уламжлалт гар аргаар, эрт цагийн үнэ цэнийг хадгалан ажиллахыг ӨМӨЗО-ны Түүхийн дурсгалт зүйлсийн газар, Соёлын газраас даалгажээ.
Гадуурх хэрмэн хашаа, дотоод цэцэрлэг, халхавч буюу янпай хаалга, ёслолын хаалга, баруун, зүүн жигүүрт эгнүүлсэн өргөө, харшууд зэргийг хуучин янзаар нь сэргээхийн тулд орчин цагийн урчууд гар аргаар хөх тоосго цохиж, модон хийцүүдийг хадаас ашиглалгүй бүгдийг нэг бүрчлэн углуургадаж угсарчээ. Модон хийцүүдийг Хэбэй мужид эрт цагаас ажиллаж ирсэн модон эдлэлийн үйлдвэрт олон жил хадгалагдаж асан улаан нарсаар сэлбэжээ. Сэлбэхийн өмнө дахин бэхжүүлэлт хийж, чийг авахаас сэргийлэн чий будгаар өнгөлжээ. Олон жил наранд хатаасан улаан нарс нь удаан хугацаанд гажихгүй, чийг авч өмхөрч үжрэхгүй, хорхойд идэгдэхгүй бат бэх байдаг учир дахин 300 жил болоход хазайж муудахгүй хэмээн мэргэжилтнүүд үзсэн байна.
Вааран эдлэлүүдийг сэргээхдээ гар аргаар шавар олборлож, эртний барилгын материалын орц, найрлагыг компьютер ашиглан судлаж тогтоосны эцэст мөн л гараар ваар цутган, байгалийн нар, салхиар хатааж бэхжүүлсний дараа дээвэр сэлтийг угсарчээ. Чулуун баримал, арслангуудыг шинэчлэхдээ өнөө цагийн үйлдвэрийн аргаар цутгасан баримал тавьсангүй, байгалийн боржин чулууг гараар ухаж цоолборлон эртний төрхөөр нь урласан байна.
Зөвхөн нэг ордныг сэргээхийн тулд гар урчуудаас гадна бүхэл бүтэн эрдэмтэд, судлаачдын багийг оролцуулан гурван жилийн турш ажилласнаар 300 жилийн тэртээх Хошуулжин гүнжийн ордон Халхын Түшээт ханы гэргий болон мордох үеийнх шигээ өнгө төрх, чанар чансаатай болсон ажээ.
Монголын түүхэнд ч хамаарал бүхий уг ордон нийт 20 га эдэлбэр газартай, 19 барилга, байгууламжтай байсныг бүгдийг ном ёсоор нь сэргээн босгожээ. Ханын зургууд, ордны гадаад чимэглэлийг шилдэг зураачид гар аргаар, шороо, ургамлаас гарган авсан будаг шунхаар сэргээсэн нь хэдэн зууны нар, бороо, салхины аяыг даахуйц болсон хэмээн үнэлэгджээ.
Хуучны цэцэрлэгийн моддыг сэргээн шинээр ойжуулж, адууны жүчээг хэдэн зууны өмнөхийн адилаар чулуун хороо болгосноор жуулчдын сонирхлыг татах нэгэн төв болгож, аялагчид зүгээр үзээд өнгөрөх бус, цэцэрлэгт зугаалж, моддын дунд суун алжаалаа тайлж, бүр морь унаж ордныг тойрон бичил аялал хийж болохоор тохижуулахаар төлөвлөж буй аж. Хэдийгээр ийнхүү эртний аргаар ордныг сэргээхэд хөрөнгө мөнгө, цаг хугацааны зардал ихээхэн гарсан ч ордны өмнөх өнгө төрхийг буцаан сэргээж, аялал, жуулчлал хөгжүүлж болох шинэ төв болгосноор богино хугацаанд зарлагаа нөхөх боломжийг бүрдүүлжээ. Ийнхүү өмнөд хөршийнхөн соёлын өвөө сэргээн засварлахдаа бага үнээр, богино хугацаанд чанар муутай ажил хийх бус, өртөг шингээсэн хэмжээгээрээ гадаад дотоодын аялагчдын сонирхлыг татаж үрлэг зарлагаа амархан нөхөж болох урт настай бүтээл болгож буйн туршлагаас бид ч бас суралцмаар ажээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )