1922 оны дөрөвдүгээр сар. Хоёр настай Полин Пикар гэх охин Францын Бретани дахь фермдээ тоглож байв. Эцэг, эх нь охин руугаа цонхоор харуулдангаа гэртээ өөр өөрсдийн ажлыг хийж байжээ. Тэднийг нэг харахад охин тоглож байсан газартаа байсангүй.
Полины эрэлд
Айж сандарсан эцэг, эх нь цагдаа руу гүйж, охиноо хайхад нь туслах сайн дурынхныг цуглуулжээ. Цагдаагийнхан ойг самнаж, зугтсан эсвэл хулгайлагдсан бяцхан охиныг харсан байж болох бүх хүнийг байцаасан байна. Бяцхан охиноос ямар ч сураггүй, ул мөргүй алга болсон нь эцэг, эхийг нь галзууруулах дөхөж байлаа. Харин хэдэн долоо хоногийн дараа Пикарын гэр бүлд баяртай мэдээ иржээ. Полинтой маш адилхан охин Шербур хотод харагдсан байна. Нэгэн цагдаа түүнийг олж, хэн гэдгийг нь тогтоотлоо түр Асрамжийн газарт байлгажээ. Цагдаа нар охинд Полины ээжийн зургийг харуулахад охин уйлав. Тэд хайсан хүнээ оллоо...Францын “Le Matin” сонин тухайн оны тавдугаар сарын 8-нд хатагтай Пикарын ярилцлагыг нийтэлжээ. Бүсгүй “Энэ бол миний охин” хэмээн ярьсан байлаа. Пикарын гэр бүл галт тэргээр Шербур хотыг зорьж, Асрамжийн газраас охиноо аван буцжээ.
Гэвч ямар нэгэн зүйл нэг л биш байв. Охиноо авч явснаас хойш хоёр цагийн дараа хосууд бяцхан охин тэднийг танихгүй байгааг олж мэджээ. Тэр Полин шиг харагдаж байсан ч биеэ авч яваа байдал нь огт өөр байв.
Охин гэр бүлдээ ирсэн нь
Хосууд охиноо айж цочирдон, сэтгэлдээ гэмтэл авснаас болж өөр болсон гэж бодон, хэвийн байдалдаа эргэж орохыг нь тэвчээртэйгээр хүлээжээ. “Le Matin” сонинд тухайн оны тавдугаар сарын 12-нд бичсэнээр Пикарын гэр бүлийн бусад хүүхдүүд ч бяцхан дүүгээ таньж, эргэн ирсэнд нь маш их баярлаж байжээ. Хөршүүд нь ч цагдаа нарын нэгэн адил охиныг Полин мөн гэж итгэж байв. Охин олдсонд бүгд тайвширсан байлаа. Полин гэрээсээ 320 км-ийн зайтай хотод хоёрхон долоо хоногийн дотор яаж очсон талаар хэн ч гайхаж цочирдсонгүй...
Охин чимээгүй, ичимхий болсон байсан бөгөөд төрсөн гэртээ яг л гаднын хүн шиг байдаг байв. Харин хоёр долоо хоногийн дараа охин төрсөн фермээ таньж эхлэх шиг болсон талаар эцэг, эх нь ярьжээ. Тэр илүү өөриймсөг, өөртөө итгэлтэй болж байсан ч эцэг, эхийнх нь сэтгэлд “Хэрвээ энэ бидний охин биш бол яана аа” гэсэн айдас байсаар байлаа.
Толгойгүй цогцос
Тавдугаар сарын 27-нд “Le Petit Parisien” сонинд Пикарын фермээс 800 метрийн зайд явж байсан унадаг дугуйтай хүн уг газраас бяцхан охины цогцос олсон талаар мэдээлжээ. Цогцос маш аймшигтай болсон байлаа. Хэн нэгэн түүний толгой, гар, хөлийг тасдсан байжээ. Охины цогцосны дэргэд хүүхдийн нямбайлан эвхсэн хувцас байжээ. Хатагтай Пикар охиныхоо өмсөж байсан хувцас мөн болохыг таньжээ. Цагдаа нар болон охиныг хайж байсан хүмүүс уг газрыг олон удаа самнасан байсан учир цогцсыг тэнд хаяад удаагүй байгаа нь тодорхой болов.
“Le Petit Parisie” сонинд бичсэнээр уг нутгийн фермер Ив Мартин гэх галзуу эрэгтэй Пикарын гэр бүл охиноо олсон талаар сонсоод тэднээс “Охин Полин мөн гэдэгт үнэхээр итгэлтэй байна уу” гэж асууж байжээ. Тэрээр гэнэт өөрийгөө буруутай гэж хэлээд юу ч тайлбарлалгүйгээр явсан аж.
Охины цогцосноос холгүйхэн газраас толгой олдсон ч хүүхдийнх гэхэд дэндүү том байжээ.
Шийдэгдээгүй асуудлууд
Шербурт олдсон бяцхан охин яг Полин Пикар шиг харагдаж байсан ч нэг л биш хэвээр байв. Эцэг, эх нь хоёр настай охиноо хүлээн зөвшөөрөхгүй байна гэж байх уу? Бас бяцхан охиныг яагаад хэн ч хайсангүй вэ? Түүний эцэг, эх нь ямар хүмүүс байв?
Ив Мартин гэгч эр хачин үйлдэлдээ тайлбар өгч чадахааргүй галзуу хүн байжээ. Түүнийг галзуугийн эмнэлэгт аваачсан бол Пикарын гэр бүл үнэнтэй эвлэрэхээс өөр аргагүй болж, Асрамжийн газраас ирсэн охиныг буцаах шийдвэр гаргажээ. Шербур хотоос олдсон бяцхан охин өнчин хүүхдүүдийн асрамжийн газарт эргэн очсон ч түүний тухай сураг дахиж гараагүй юм.
Сэтгэгдэл ( 0 )