БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд ислам шашинт иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэээр АНУ, Европын холбоо Хятадыг цөөнх үндэстэн угсаатныг хоморголон дарангуйлах үйлдэл гаргасан хэмээн буруутгаж, хөдөлмөрийн мөлжлөгөөр бүтээсэн зарим бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалзсан бол БНХАУ хариуд нь дэлхийд нэртэй брэнд үйлдвэрлэдэг зарим компани, өндөр албаны хүмүүст хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ.
Харин АНУ-ын тал хүний эрхээс гадна БНХАУ-ыг буруутгах хэд хэдэн үндэслэл дэвшүүлэв. Эдгээр үйл явдлын эргэн тойронд болж буй үйл явдлын талаар Reuters, BBC, CNN, TASS, Bloomberg зэрэг мэдээллийн байгууллагуудын тоймоос иш татан хүргэе.
Уйгар иргэдийн эрхийг зөрчсөн хэмээх маргаан хөвөн, улаан лоолийн хориг болон хувирсан нь
БНХАУ-ын эрх баригчид Шинжаан-Уйгарын өөртөө засах орны ислам шашинт үндэсний цөөнхийг ялгаварлан гадуурхаж, тэднийг Сургалтын төв нэртэй албадан ажил хийлгэх газруудад хорьж, илүү цагаар ажиллуулан хөдөлмөрийг нь мөлжиж, хятад хэл сурахыг албаддаг гэсэн яриа бүр 2018 оноос НҮБ-ын түвшинд гарах болсон юм. НҮБ 2018 онд “Хятадын эрх баригчид үндэсний цөөнх иргэдийг лагериудад хорьж, албадан ажил хийлгэж байна” хэмээн мэдэгдэж байв. Шинжээчдийн судалгаагаар албадан хөдөлмөрийн газруудад доод тал нь гурван сая уугуул уйгаруудыг байрлуулан улаан лооль, хөвөнгийн ургамал тарих, хөвөн хураан боловсруулах зэрэг ажлыг албан журмаар хийлгэж, чөлөөт цагаар нь хятад хэл, зан заншилд сургадаг хэмээж байсан билээ. Бас ислам шашинт эмэгтэйчүүдэд жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл тавих, хүүхдийн тоог хязгаарлан үр хөндөх зэрэг үйлдлийг хүчээр хийж байгааг буруутгаж байв. Эдгээрээс шалтгаалан АНУ болон Европын холбооны орнууд хүний эрхийг зөрчин албан журмын хөдөлмөрөөр ургуулж боловсруулсан улаан лооль, хөвөн зэрэг бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалзан хориг тавьсан юм.
БНХАУ үүний хариуд АНУ-ын хүчний байгууллагын ажилтнууд өнгөт арьстнуудтайгаа зүй бусаар харилцаж амь насыг нь бүрэлгэсэн үйлдлийг удаа дараа гаргасан хийгээд ази гаралтай иргэдийг “Том биетэй коронавирус” хэмээн адлаж, Сан-Францискод өндөр настай хятад эмэгтэйг цагаан арьст залуус зодож алсан, СПА-д үйлчлүүлж байсан ази гаралтай зургаан эмэгтэйг буудан хороосон зэргийг иш татан, “АНУ өөрөө хүний эрхийг дээдлэж байгаа нь энэ үү” хэмээн ам асууж буй.
Хөвөнгийн хоригийн хариуд H&M, Nike, Adidas, Burberry хэлмэгдэв
Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд хүний эрх зөрчсөн гэх мэдэгдлийг БНХАУ тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр халдаж байгаа хэрэг хэмээн буруутгаж, АНУ, Европ, Их Британийн зарим компани, өндөр албаны хүмүүст хориг арга хэмжээ авахаа зарлав. Хориг арга хэмжээ авах компани, брэндийн тэргүүн эгнээнд Н&М, Zara, Nike, Adidas, Burberry багтсан билээ.
Тухайлбал, БНХАУ-ын засаг, захиргаанаас Шведийн хувцасны Н&М брэндийг байж болох бүх сувгаар хязгаарлаад байна. Энэ гуравдугаар сарын 25-ны өдөр FBM сайтад мэдээлснээс үзвэл өдгөө Хятадын аль ч хайлтын программ тус брэндийг эрж сурагласан хүсэлтэд хариу өгөхөө больжээ. JD.com хэмээх хамгийн түгээмэл хэрэглээтэй портал ч уг эрэлтэд 0 гэсэн хайлтын дүн харуулах болов. Н&М брэндийг үйлдвэрлэгчид “Бид Хятадын Шинжаанд уйгарчуудыг ялгаварлан дарамталж буйг буруутгасан эсэргүүцлийг дэмжиж байна” гэсэн мэдэгдэлд нэгдэж, тус өөртөө засах оронд боловсруулсан хөвөнг авахаас татгалзсаны дараа Хятадын тал уг хатуу хоригийг тавьжээ. Анхлан хятадууд энэхүү байр сууриа эргэж харахыг Н&М компанид анхааруулан хугацаа заасан бөгөөд тодорхой хоног өнгөрмөгц ийнхүү хатуурхсан байна. Н&М-ийн борлуулалтын тасгууд Xaiomi, Huawei, Vivo зэрэг дэлгүүрээс “алга болж”, Baidu, Dianping цахим банкны картууд тус брэндийн худалдан авалтад блок хийж, Хонконгод Н&М брэндийн дэлгүүрүүдэд уг бүтээгдэхүүний QR кодыг уншихаа зогсоожээ. Хамгийн түгээмэл үйлчилгээтэй DiDi такси үйлчилгээний компанид уг брэндийн дэлгүүрт хүрэх дуудлага өгөхөд сүүлийн өдрүүдэд “Газрын зурагт байхгүй” хэмээх хариу дуулгаж байна.
“Шинжаанд уйгаруудын эрхийг зөрчсөн гэж Хятадын эсрэг худал цуурхал дэгдээсэн” гэх үндэслэлээр энэ сарын 26-ны өдөр Их Британийн өндөр албаны хэд хэдэн хүн, зарим байгууллагад хориг тавьсан юм. Burberry брэнд Шинжааны хөвөнг авахгүй гэсэн давлагаанд нэгдсэнээсээ болж Хятадад хэлмэгдсэн хамгийн анхны тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн болсныг Reuters агентлаг мэдээллээ.
Burberry нь Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээний стратегид багтдаг хөвөнгийн тариаланг хөгжүүлэх аргыг боловсронгуй болгох зорилго бүхий арилжааны бус Better Cotton Initiative (BCI) байгууллагын гишүүн агаад 2020 оны 10 дугаар сард уг байгууллага хүний эрхийн асуудлыг дээдлэх зорилгоор Шинжааны хөвөнг авахаа зогсоосон байдаг. Үүний хариуд уг брэнд хоригт багтаж, Хятад дахь Burberry-н нүүр царай болох жүжигчин бүсгүй Жоу Дуньюй хамтын ажиллагаагаа зогсоосноо зарлан хамтран ажилладаг бусад алдартнууд сүүлийн хэдхэн хоногийн дотор нүүр буруулав. Хятадын олон нийтийн сүлжээн дэх Twitter-ийн аналог болох Weibo-гийн хэрэглэгчид мөн л Шинжааны хөвөнгөөс татгалзсан Н&М-ээс гадна Nike, Adidas-т “нуруугаа харууллаа” гэдгийг Bloomberg онцлов. Гаднын брэндийг эсэргүүцэгчдийн хэрэглээнээсээ хасах бүтээгдэхүүний тоонд сүүлийн өдрүүдэд Hugo Boss, Asics, Fila онилогджээ. Хоригоос болж H&M, Nike-ийн нийт борлуулалт таван хувиар буураад байгаа бөгөөд хүн ам их, тэр дундаа тансаг хэрэглээ, гаднын брэндийг шүтэгч баячуудын тоо үлэмж нэмэгдээд байсан Хятадад брэндүүдийн эсрэг хориг чангарсаар байвал тэр хэрээр компаниуд хохирол амсана гэдгийг судлаачид хэлэх боллоо. Олон нийтийн Weibo сүлжээнд “Би Шинжааны цэвэр хөвөнг дэмжиж байна” гэх дуудлагыг Хятадын алдартнууд түгээж эхэллээ. CCTV-гийн мэдээлснээр энэ гуравдугаар сарын 20-доос эхлэн өмнөд хөршийн нэртэй алдартай хүмүүс H&M, Nike, Calvin Klein, Adidas, Tommy Hilfiger, Uniqlo, Converse, Puma зэрэг брэндээс харилцаагаа таслана гэдгээ зарлах нь нэмэгджээ. “Энэ нь хүний эрхийг хамгаалах нэрийн дор Шинжааны хөвөнгөөс татгалзсаны хариу юм” гэсэн байна.
ВВС дэлхийн мэдээллийн сувгийг Хятадын эх газрын нутаг дэвсгэрийн хэмжээнд дамжуулахгүй
Бараа, бүтээгдэхүүний брэндүүдээс гадна хэвлэл, мэдээллийн зарим суваг ч хоригт өртөж байна. “Мэдээлэл дамжуулах журмыг ноцтой зөрчсөн, гүтгэлгийн чанартай буруу мэдээ дамжуулсан” гэх үндэслэлээр ВВС агентлагийн дэлхийн мэдээллийн сувгийг Хятадын эх газрын нутаг дэвсгэрийн хэмжээнд дамжуулахгүй гэдгийг зарлав. Энэ тухай БНХАУ-ын телевиз, радиогийн Үндэсний удирдах байгууллагаас мэдэгдлээ. Тус сувгийн мэдээ, мэдээлэл, нэвтрүүлгүүд нь Хятадын үндэсний сонирхол, зарчимд харшилж, үндэстэн, ястнуудын эв нэгдлийг бутаргах зорилго агуулсан хэмээн үзэж Хятадын эх газрын нутаг дэвсгэрт үзүүлэхийг хориглосны зэрэгцээ 2022 онд нэвтрүүлэг дамжуулах хүсэлтийг хүлээн авахгүй гэв. ВВС Шинжаанд уйгар болон бусад үндэсний цөөнх иргэдийн эрх ашиг, хүний эрх хэрхэн зөрчигдөж буй талаар удаа дараа мэдээлж байсан учраас ийнхүү хар жагсаалтад багтлаа.
АНУ хятадын засаг захиргааг шүүмжиллээ
Хятадын дээрх арга хэмжээг АНУ “Хятадын төрийн бойкот” хэмээн нэрлэжээ. Уйгаруудын тариалсан хөвөнг “Боолын хөдөлмөрийг мөлжсөн бүтээгдэхүүн” хэмээн үзэж худалдан авахаас татгалзсан барууны брэнд үйлдвэрлэгчдэд Хятадын төр, засгийн түвшинд хориг тавиад буйг АНУ ийнхүү буруутгаж байгаа юм. Энэ тухай АНУ-ын Төрийн Департаментын Хэвлэлийн нарийн бичгийн дэд дарга Ж.Портер мэдэгдсэн байна. “Энэ нь үйлдвэрлэгчид болоод хэрэглэгчдэд нэгэн зэрэг төрөөс тавьсан хориг юм” гэж тэрээр хэлжээ. Харин БНХАУ-ын талаас “Боолын хөдөлмөрөөр хөвөн тариалдаг гэдэг бол ташаа мэдээлэл. Үүний хариуд брэнд үйлдвэрлэгч компаниуд л борлуулалт нь буурч өөрсдөө хохирол амсах болно” гэсэн хариу мэдэгдэл хийгээд байна.
АНУ өөр хэд хэдэн асуудлаар БНХАУ-ыг буруутгав
Ерөнхийлөгч Жозеф Байденыг тангараг өргөснөөс хойш АНУ, Хятадын өндөр албаныхан Аляскад гуравдугаар сарын 18-нд анх удаа уулзсан билээ. Түүнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Америкийн Ерөнхийлөчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, ХКН-ын Төв хорооны Гадаад асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ян Зечи нар оролцсон боловч дорвитой үр дүнд хүрээгүй юм. Уулзалтаар Шинжаан-Уйгар, Төвөд, Тайвань, Хонконг дахь хүний эрх, ардчиллын асуудал хөндөгдөж, Хятадын тал тухай бүрт няцаалт өгсөөр дууссан. Хятадын төлөөлөгчид “АНУ дэлхий нийтийн ашиг сонирхлыг бус зөвхөн өөрийн эрх ашгийг хамгаалж, бусдын дотоод хэрэгт хөндлөнгөөс хутгалдаж байна” гэсэн дүгнэлт хийсэн юм.
АНУ харин БНХАУ-ыг өөр хэд хэдэн асуудалд буруутгаж байна. Оюуны өмчид хулгайн замаар халдаж өөрийн болгон шударга бусаар өрсөлддөг, аж үйлдвэрийн дотоод нууцад халдаж, үйлдвэрлэлийн технологийн тагнуул хийдэг, АНУ-аас ОХУ, Ираны эсрэг тавьсан хоригийг үл тоомсорлон тэдэнтэй худалдаа, эдийн засгийн харилцаагаа үргэлжлүүлдэг, Хонконгод ардчиллыг дэмжигчдийн жагсаалыг нухчин дарж, Тайванийн эрхийг үл хүндэтгэдэг, Төвөдөд хүний эрх зөрчдөг, Цэргийн зардлаа байнга нэмэгдүүлж, цөмийн зэвсгийн хүчин чадлаа ойрын 10 жилд хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн, КОВИД-19 цар тахал үүссэн шалтгааныг нуусан, АНУ-ын төр, захиргаа, хувийн байгууллагуудын эсрэг кибер халдлага үйлдсэн зэрэгт Хятадын талыг буруутгаж байгаагаа АНУ илэрхийллээ. БНХАУ үүнийг тухай бүртээ гүтгэлэг, ташаа ойлголт, дотоод хэрэгт бүдүүлгээр халдсан явдал гэж Гадаад хэргийн яамны түвшинд няцаасаар байгаа юм. Гуравдугаар сарын 22-нд л гэхэд Шинжааны уйгаруудын эрхийг зөрчсөн хэмээн АНУ, Европын холбоо, Их Британи, Канадын талаас БНХАУ-ын эсрэг хориг тавихаа мэдэгдэж, тус улсын дөрвөн иргэн, нэг байгууллагыг хар жагсаалтад оруулснаа зарлажээ. Хариуд нь БНХАУ тэдгээр орнуудын 10 иргэн, дөрвөн байгууллагад хориг тавьснаа мэдэгдэв.
Ингэж БНХАУ болон АНУ, Европын орнуудын хоорондын зөрчил сүүлийн үед даамжирсаар байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Лалууд хурдан үрждэг.Энэ бол сайн зүйл биш.Хэт тулгуур үзэлтэй тэднийг дарж барьж хүмүүжүүлж байвал зохистой гэж.АНУ.н ороод Австрали шиг ахаа байяаа гэх л байхдаа.Эсвэл АНУ.с татаас нэхэх үү
Шинжаан уйгуур,конг конг,тайван нь бүгд Хятадын дотоод асуудал. Янкууд дандаа бусдыг хэрэгт хөндлөнгөөс хошуу дүрж дэлхийгээр нэг үймээн самуун дэгдээж ашиг олдог бохир бөгөөд башир аргатай доо