Шороон шуургаа олон улсын төсөл болгоё

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

Энэ хавар ихэнх нутгийг хамарсан хоёр ч удаагийн цасан болон шороон шуурга болоод өнгөрлөө. Сүүлийнх нь өмнөхөө бодвол харьцангуй гайгүй байж. Харин өмнөх нь 10 хүний амь насыг авч одон аюул, гамшигийн хэмжээнд хүрсэн.

Мэдээж, тус шуурганаар олон мал үхэж, уруудсан, одоо ч заримыг нь олоогүй байгаа талаар малчид ярьж байна. Үүнээс гадна өмнөх шороон шуурга манайхыг гэлтгүй өмнөд хөршийг түйвээж, “Монголын шар шороон шуурга” гэгдэх шуурга Солонгосын хойг ч хүрсэн мэдээ бий. Тэгвэл энэ сарын 28-нд БНХАУ-ын нийслэл Бээжин тэргүүтэй хэд хэдэн хотуудад Монголоос чиглэлтэй шороон шуурганаас болж шар түвшний бэлэн байдал зарласан бол өчигдөр БНСУ-ын нийслэл Сөүл болон бусад хэд хэдэн хотод мөн ижил шалтгаанаар агаарын чанар “маш муу” түвшинд хүрч, 23 хотод бэлэн байдал зарлажээ. Нэг ёсондоо бид байгалийн хүчээр өмнөд хөршөө төдийгүй солонгосчуудыг нилээд айлгаад авсан гэсэн үг.

Тиймээс нэг санаа байна. Үүнийг зөвөөр ашиглан өмнөд хөршийнхөө ашиг сонирхолд уялдуулан эх орныхоо цөлжилттэй тэмцэх хэрэгтэй. Цөлжилт, гадаргын усны хомсдолдоо урд хөрш төдийгүй олон улсын анхаарлыг хандуулж, хамтдаа тэмцэхийн тулд тэднийг шахаж чадвал бидэнд боломж байгаа. Дээрээс нь хойд хөрштэйгөө эвтэйхэн зохицоод гадагшаа урсан гардаг асар их цэвэр ус бүхий гол, мөрний уснаасаа нөөцийн сан бүрдүүлж, говь нутгийнхаа усны хэрэгцээг хангах нь чухал. Ингэж сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа цөлжилт, гадаргын усны хомсдолд олон улсын анхаарлыг хандуулж чадвал говь, цөлөө ногоон бүс болгож болно. Тэгээд ч бид мод, бутыг суулгаж чадахаас ургуулж чаддаггүйгээс хойш олон улсын байгууллагуудын хяналтан дор томоохон төслүүд хэрэгжүүлбэл их хэмжээний шороон шуурга босохоос сэргийлж чадна. Ус, мод, буттай бол говь тал ногоорч, шороон шуургагүй болсоноор өмнөд хөршөөр зогсохгүй олон улсын зовлон арилж, эх дэлхий амирлах биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top