Оксфордын их сургуулийн Байгаль, нийгэм, хүрээлэн буй орчны засаглалын их сургуулийн магистрын хөтөлбөрийн захирал, Газар зүй, байгаль орчны сургуулийн багш Ариэл Эхарнтай Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал болон нийгмийн нөлөөллийн үнэлгээний талаар ярилцлаа.
Монголын хөдөөгийн хөгжил, нийгмийн өөрчлөлт, газар ашиглалт, боловсрол, орон нутгийн засаглал, бэлчээр нутгийн зохицуулалт зэрэг олон сэдвээр судалгааны бүтээл туурвисан тэрбээр 2016 онд Олон улсын санхүүгийн корпорацийн Омбудсманы газрын гомдол барагдуулах ажлын хүрээнд Оюутолгойн уурхайтай холбоотой нийгэм-эдийн засгийн өөрчлөлт, малчдын амьжиргааны талаар чанарын судалгаа хийх салбар дундын хөндлөнгийн судалгааны багийн экспертээр ажилласан туршлагатай. Ариэлл Эхарн өдгөө ESRC-GCRF-ийн санхүүжилттэй “Говийн загвар: Тогтвортой дэд бүтцийн хөгжлийн зуучлалын загвар” төслийн дэд захирлаар ажиллаж байна.
- Монгол орон болон уул уурхайн асуудалтай анх хэрхэн холбогдсон түүхийг тань сонсмоор байна?
-Би 2004 онд оюутан байхдаа гадаадад суралцах хөтөлбөрийн хүрээнд Монголд анх очсон. Энэ үеэс л нүүдэлчдийн нутаг болон монголчуудтай ойр дотно болж, монгол хэл сурсан. Миний хамрагдсан хөтөлбөрийн онцлог нь Монголын хөдөө очиж, малчин өрхийн аж ахуйтай танилцан, тэдэнтэй хамт амьдрах байсан. Энэ нь надад ер хэцүү байгаагүй. Учир нь би Америкийн хөдөө төрж өссөн. Дараа нь 2007 онд Фулбрайтын тэтгэлэг авсан байхдаа магистрын судалгааны ажлаар Монголд хоёр дахиа очоод, нэг жил амьдарсан. Харин үүнээс гурван жилийн дараа хөдөөгийн нийгмийн өөрчлөлт, бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн газар ашиглалт, орон нутгийн засаглалын сэдвээр докторын судалгаа хийхээр дахин очихдоо Баянхонгорт малчин айлд амьдарч байлаа. Энэ үеэр, ялангуяа уул уурхай малчдын амьдралд хэрхэн нөлөөлж байгаад онцгой анхаарч эхэлсэн.
-Судалгааны үр дүнд дэвшүүлсэн асуудлынхаа хариултыг бүрэн олсон гэдэгт итгэлтэй байна. Монголд уул уурхайн нөлөө хэрхэн тусаж байна вэ?
-Монгол Улсад уул уурхайг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага мэдээж бий. Гэхдээ миний бодлоор хамгийн чухал зүйл бол хүний эрх юм. Уул уурхайн үйл ажиллагаанаас болоод байгаль орчин сүйдэж, иргэд амьжиргааны эх үүсвэрээ алдаж, ядуурч байгаа бол энэ хөгжил биш. Хөгжил тогтвортой байх ёстой. Яг одоо Монголд уул уурхай маш тогтворгүй байна. Энэ салбарын байр суурь, үйл ажиллагааны цар хүрээ өргөн байгаагийн хэрээр нийгмийн нөлөөлөл нь сайнгүй байна.
Монголд 2000 гаруй уурхай бий. Тэдгээр уурхай үйл ажиллагаа явуулах зорилгоор асар их хэмжээний газар авдаг. Тэр хэрээр малчид газар нутаггүй болох, амьжиргааны эх үүсвэрээсээ салах, суурин газар бараадахаас өөр аргагүйд хүрч байна. Малчид газар нутгаа алдсанаар эрүүл, аюулгүй, тайван амьдрах боломжгүй болдог. Энэ бол уул уурхайн хамгийн том аюул, нөлөө.
-Уул уурхай болон мал аж ахуйг харш гэж үзэн аль нэгийг нь үгүйсгэх хандлага Монголд түгээмэл. Ер нь энэ хоёр салбарыг зэрэгцүүлэн хөгжүүлэх боломжтой юу. Тийм бол ямар бодлого, зохицуулалт чухал вэ?
-Хөгжил тогтвортой байх ёстой. Дан ганц эдийн засгийн ач холбогдлыг нь чухалчилж болохгүй.Тогтвортой байлгахын тулд нийгэм, соёл, байгаль, эрүүл мэнд, эдийн засаг гээд бүх талын нөлөөллийг нь авч үзэх хэрэгтэй. Миний бодлоор Монголын Засгийн газар уул уурхайн салбарын хуулиа сайжруулж, журмаа чангатгах хэрэгтэй. Хууль, журам сул байгаа учраас салбарын хөгжил тогтворгүй байна. Мөн уул уурхайн компаниудад зөрчил гаргах боломжийг олгодог.
-Хууль, журам нь бий ч хэрэгжилт нь муу гэж ойлгож болох уу?
-Тийм. Гэхдээ зарим чухал журам Монголд огт байдаггүй. Тухайлбал, нийгмийн нөлөөлийн үнэлгээ, нүүлгэн шилжүүлэх бодлого. Нийгмийн нөлөөлийн үнэлгээг бид Монголын төрийн бус байгууллагынхантай хамтран хийж байна. Харин нүүлгэн шилжүүлэх бодлого орхигдсон. Уул уурхайн компанийнхан малчдад хэдэн төгрөг өгөөд зохицдог, газар нутгийг нь эзэлдэг явдал түгээмэл байна. Угтаа энэ нь хүний эрхийн зөрчлийн нэг хэлбэр. Тиймээс энэ чиглэлд маш сайн анхаарч, бодлого боловсруулах хэрэгтэй. Уул уурхайтай холбоотой хүний эрхийн стандартыг олон улсын жишигт хүргэх шаардлагатай. Ер нь Монголын байгаль орчны хууль сайн ч хүн, нийгэм, эрүүл мэндтэй холбогдолтой нь маш дутуу санагдсан.
-Нийгмийн нөлөөллийн үнэлгээ гэж юу вэ?
-Тухайн газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулснаар ойр орчмын нутаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд, амьжиргаанд хэрхэн нөлөөлөх вэ, ямар үр дагавар авчрах вэ гэдгийг урьдчилан судалж, бодитоор үнэлэхийг ийнхүү хэлдэг. Энэ судалгааг хийхийн тулд сумын захиргаанаас дата мэдээлэл авна, нутгийн иргэдтэй уулзаж, ярилцана. Нийгмийн нөлөөллийн үнэлгээнд хамгийн чухал зүйл бол орон нутгийн оролцоо. Өөрөөр хэлбэл, тухайн нутагт амьдардаг иргэдийн санал бодол, дуу хоолой үнэ цэнтэй. Уул уурхайн компани дангаараа, эсвэл хөндлөнгийн шинжээч (судлаач) ганцаараа энэ үнэлгээг хийх боломжгүй. Ирээдүйд учирч болзошгүй аюул эрсдэлээс сэргийлэх, уурхайн үйл ажиллагаатай холбоотой оновчтой шийдвэр гаргахад нийгмийн нөлөөллийн үнэлгээ чухал ач холбогдолтой. Тиймээс Засгийн газраас эхлээд орон нутгийн захиргаа, мэргэжлийн байгууллага, уул уурхайн компанийнхан болон нутгийн иргэд үүнд онцгой анхаарах хэрэгтэй.
-Бусад орон нийгмийн нөлөөллийн үнэлгээг хэр чухалчилж үздэг вэ?
-Зөвхөн уул уурхай гэлтгүй дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төсөл хэрэгжүүлэхэд нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийлгэдэг жишиг дэлхийд бий. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй олон улсын төсөл, хөтөлбөрүүд ийм үнэлгээг стандарт болгодог. Тодруулбал, нийгмийн нөлөөллийн үнэлгээ бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, маш сайн стандарт. Монгол Улс үүнийг нутагшуулах хэрэгтэй. Тэдэнтэй ижил түвшний, сайн стандартыг мөрдөх ёстой. Ингэж чадвал тухайн үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөө багасна. Тийм ч учраас бид энэ ажлыг хийж байна.
-Нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийхэд төр, хувийн хэвшил, орон нутгийн иргэдийн оролцоо ямар байх ёстой вэ?
-Оролцоог хангахын тулд эдгээр талын санал хүсэлтийг сонсох, цуглуулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой юм. Илүү олон хүнтэй ууулзаж, хангалттай цаг хугацаа зарцуулах тусмаа нөлөөллийн үнэлгээг бодитой, сайн хийнэ. Ялангуяа багийн хурлыг олон удаагийн давтамжтай хийх хэрэгтэй. Малчид ажил ихтэй учир товлосон уулзалт, арга хэмжээнд тэр бүр ирэх боломжгүй. Тиймээс гэрт нь очиж уулзах хэрэгтэй. Эсвэл нэгдсэн мэдээллийг хүртээмжтэй байдлаар түгээх ёстой. Би малчдыг хэлэлцээр хийх чадвар болон уул уурхайн техникийн хэлийг зайлшгүй сурах ёстой гэж боддог. Уул уурхайнхан эсрэгээрээ малчдын ахуй амьдрал, ажил хөдөлмөрийн онцлогийг ойлгоосой гэж хүсдэг. Малчид “Би мэргэжилгүй” гэж их ярьдаг. Энэ маш буруу. Тэд бол мэдлэг чадвар эзэмшсэн, мэргэшсэн хүмүүс. Уул уурхайнхан үүнийг ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэж байж тэнцвэртэй харилцаж, зөв шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.
-Монголд уул уурхай эрчимжээд хэдийн 30 гаруй жил өнгөрчээ. Гэвч нийгмийн нөлөөллийн үнэлгээг ер хийж байгаагүй. Та бүхэн энэ судалгааг хийснээрээ ямар үр дүнд хүрэв, юуг шинээр нээв?
Уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр малчдын газар эзэмших, ашиглах эрх нь зөрчигдөж, үл тоомсорлогдсон, газар нутгаасаа нүүн шилжсэнтэй холбоотой нэлээд “том” тоо гарсан. Энэ бол манай судалгааны гол үр дүн.
Бид уул уурхай гэхээр “Оюу толгой”-гоор төсөөлдөг. “Оюу толгой” бол маш том уурхай. Үүнээс жижиг хэдэн мянган уурхай Монголд бий. Магадгүй нэг жижиг суманд уул уурхайн 30-аад компани байгаа. Хятадын, Солонгосын гэх мэт. Тэд бүгд өөр өөр бодлого, стандарт баримтлан ажиллаж байна. Хоорондоо зөрчилтэй байдлаар ажилладаг гэсэн үг. Үүнээс болоод замбараагүй байдал үүсэж, малчдын эрх зөрчигдөж, байгаль орчин хохирч байна. Бид үүнийг судалгааны үр дүнд ил болгосон. Уул уурхай мал сүргийн болоод хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна, ялангуяа малчдын сэтгэл зүйд яаж нөлөөлдөг талаас нь мэргэжлийн хүмүүс лавшруулан судалбал бас нэг өөр үр дүн гарах байх.
-Уул уурхайн талаарх малчдын хандлага, байр суурийг та хэрхэн дүгнэх вэ?
-Бид нар 2016 оноос энэ чиглэлийн судалгаанд төвлөрөн ажиллаж байна. Энэ хугацаанд Өмнөговь, Сүхбаатар, Баянхонгор аймгийн олон сумын малчидтай уулзалт, ярилцлага хийсэн. Миний анзаарснаар малчид уул уурхайн үйл ажиллагааны талаар тодорхой ойлголт, мэдээлэлгүй байна. Тиймээс үр нөлөө, хор уршгийг нь бодитоор төсөөлдөггүй. Уул уурхай бараадсанаар ажилтай болж, амьжиргаа сайжирна гэж боддог хэсэг бүлэг байна. Гэвч энэ нь тогтвортой ажлын байр биш, магадгүй ашигт малтмалынх нь нөөц дуусахад тухайн уурхай хаагдана гэдгийг ойлгох хэрэгтэй.
Уурхайн үйл ажиллагааны эхний жилүүдэд нэг их сөрөг нөлөө анзаарагдахгүй байж болох ч удаан хугацааны дараа олон зүйлээ алдаж, хохирч болзошгүй. Газаргүй, бэлчээр усгүй, онгон дагшин байгальгүй болох, улмаар ирээдүйдээ итгэл алдрах, сэтгэлээр унах, гутралд автах эрсдэлтэй. Юу хэлэх гээд байна вэ гэхээр, уул уурхай цөөн хэдэн хүнд үр өгөөжөө өгч болох ч түүнээс олныг ядууруулах хүчтэй. Улмаар нийгэмд тэгш бус байдал, зөрчилдөөн үүсэх эрсдэлийг дагуулдаг. Тиймээс Засгийн газар уул уурхайн бодлогод онцгой анхаарах шаардлагатай. Эдийн засаг уул уурхайгаас хэт хараат байх нь аюултай учраас хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч гэхчлэн бусад салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх хэрэгтэй болов уу. Энэ зөвхөн миний хувийн бодол.
-Цар тахлын нөлөөгөөр олон салбарын үйл ажиллагаа доголдож, зогсонги байдалд шилжээд байна. Энэ нь таны ажилд хэрхэн нөлөөлөв, цаашид юу хийхээр зорьж, төлөвлөж байна вэ?
-Интернэтээр олон ажил амжуулж сурлаа. Онлайнаар гэрээсээ ажиллаж, хичээл зааж байна. Нүүр тулсан харилцаа бидний ажил амьдралд ямар чухал вэ гэдгийг илүү ихээр ойлголоо. Би Монголд цөөнгүй жил ажилласан, олон танилтай. Тиймээс монголчуудтай ойлголцоход хүндрэл учрахгүй байх. Харин шинэ судлаачид ийм цаг үед Монголд очвол ямархуу нөхцөл байдалд орохыг төсөөлөхөд бэрх санагдаж байна. Нэгэнт “Ковид-19”-ийн вакцинжуулалтад иргэдийг хамруулж эхэлсэн учраас би Монголд удахгүй очно гэж итгэж байгаа. Тэр үед судалгаагаа улам лавшруулж, үр дүнд хүргэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Bayplalaa Tanuu cydalgaanuu ajuld amjult xvce. MONGOLD NPBEL MANAU HYTAGT ZOCHLOOPOU.\n
сайнбна уу. Тантай холбогдох хаягаа үлдээж болох уу. асууж лавлах юм бна