Талбайн сул шороог хаврын салхи ташуурдан Жаргалантын жавхаа улааныг хөдөлгөнө. Тариалалтын үе дөхөж, чарлаа улаануудыг бэлтгэл ажилд нь хэдийнээ оруулжээ. Намхан бор тариаланч залуу техникийн тос, масло болж их ажлыг амжуулагч хүчит төмрөө засах аж. Өвлийн турш дулаан зооринд хадгалсан үрийн шар төмсөө земляк, нүхэн зоорь, грашинд ялгаж буй хүмүүс хашаа болгонд харагдсан гэхэд хилсдэхгүй.
ӨНГӨРСӨН НАМАР УРГАЦ АЛДСАН Ч ХАВРЫН ТАРИАЛАЛТ ХЭВИЙН ЯВАГДАНА
Жаргалантын төмсийг мэдэхгүй хүн ховор. Томоохон худалдааны төв, зах, хүнсний дэлгүүрүүд “Жаргалантын шар төмс” гэж онцлон шошго хадсан байдаг. Голланд, гала сортын төмс учраас том ч хэмжээтэй, үржил шимтэй тариалангийн бүсэд ургадаг учир амттай ч байдаг байна. Номин супермаркетэд худалдаалагддаг хоёр килограммаар ууталж савласан, худалдан авахад хялбар, “Монгол шар төмс” гэсэн шошго наалттай төмсийг Жаргалант сумын залуучууд үйлдвэрлээд хэдийн хэрэглэгчдэдээ танигдсан билээ.
Аялалаар ирсэн хүмүүс Жаргалант суманд ирээд дэлгүүрүүдээс нь төмс олж чадалгүй гайхшралаа бардаг гэнэ. Арга ч үгүй биз. Айл болгон хавар болохоор төмс тарих үүрэг даалгавар авсан мэт хашаандаа хүртэл хоолны төмсөө тариад авчихдаг. Ийм л ариун цагаан хөдөлмөрөөрөө газар дээр баялаг бүтээж, үр шимээр нь амьдардаг байна.
Төв аймгийн Жаргалант сум нь өнгөрсөн жил 8391 га-д төмс тарьжээ. Энэхүү сум нь улсын төмсний нөөцийн дийлэнх хувийг хангах боломжтой газар тариалангийн бүс нутаг юм. Тиймдээ ч нутгийн иргэд хаврын урь оров уу, үгүй юу үүр цайхтай зэрэгцэн машин техникийн чимээ гаргаж, ажилдаа яаравчилна. Өнгөрсөн намар Жаргалант сум нь 500 га талбайг цасанд даруулж ургац алдсан ч, хаврын хаварт тариалдаг хэмжээгээрээ тариална гэдгийг иргэд хэлж байлаа. Өдрөөс өдөрт хуурайшиж байгаа хөрсний чийгийг алхам тутамдаа хэмжиж, цаг минут тутамд цаг агаарын талаар ярилцаж тэнгэр ширтсэн хүмүүс тэнд олон байна. Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр дөрөвдүгээр сарын дундаас хойш хөрс гэсэх төлөвтэй байна. Иймээс тавдугаар сарын эхэн гэхэд эрт ургацын тариалалт эхлэх сурагтай. Улаанбаатар хотоос холгүй энэ суманд ажлыг голохгүй бол хийх ажил мундахгүй. Тэнгэр муудаагүй, цаг агаар тогтуун байвал хийх ажил нь ундраад л байх нь тэр. Өдөр нь хоолтой, унааны мөнгө зарлагадахгүй хөлсийг нь өгч ажлаа хийлгэж байгаа айл нь машинаараа гэрийн үүднээс нь аваад буцаагаад яг л хүргэж өгдөг аж.
ЧЕНЖҮҮД ТАРИАНЧДЫН ХӨДӨЛМӨРИЙГ ШУЛЖ БАЙНА
Амьдралынхаа 24 жилийг тариалангийн талбай дээр өнгөрүүлсэн Улсын аварга тариаланч Г.Батмөнх: “Хувиараа 50-60 га газарт төмс тариалдаг тул эртнээс бэлтгэлээ хангадаг юм. Ажил урагштай явахад техник, төхөөрөмжийн бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй байдал маш чухал байдаг. Мөн намрын хураасан төмсөө үр, таваараар нь ялгаж борлуулах гээд ажил ихтэй. Энэ жил хот руу төмсөө зөөж борлуулах тал дээр бэрхтэй байна. Сумаасаа гарахад бичиг хийлгэж, УОК-ын пост бүр дээр зогсож шалгуулан Улаанбаатар хотоос буцаад гарахдаа ПСР-ийн шинжилгээ өгч байгаа учраас цаг хугацаа маш их алдаж байна. Энэ хэвээр цар тахал үргэлжилсээр байх юм бол маш их хэмжээний алдагдалтай ажиллах нь. Барс захад 40 кг төмсийг 19-21 мянган төгрөгт борлуулдаг. Нэг кг төмсийг 475-525 төгрөгийн хооронд хямд өгч байгаа гэсэн үг юм. Тэгэхэд иргэдийн гар дээр хэд нугалж очиж байгаа нь тариаланчдын хөдөлмөрийг шулж байгаагаас өөрцгүй зүйл юм. Тариаланчид хавраас намрыг хүртэл ачааны машин, техник төхөөрөмжиндөө түлш хийж, эвдрэл гэмтэл гарахад зарлага их гарна. Зуны улиралд хөрснөөс ил гарсан төмсийг манах, тусгай төхөөрөмжөөр зэрлэг зулгаах, усалгаа, бордоо цацах гэх мэт олон ажил хийгдэж байдаг. Тариалалт, хураалтын үед хүн хүчээр ажлаа амжуулдаг тул олон хүний цалин хөлс өгөх, хоол ундаа сайтар бэлтгэх, байрлуулах гэр, майхан бэлдэж өгөх шаардлагатай байдаг. Энэ их ажлын хөлс, хүчээр хурааж авсан төмсөө ченж нарын гарт хямд өгөөд юу ч хийгээгүй тэднийг тариаланчид тэжээж байна” гэж учирлан хэлж байсан юм.
ШААРДЛАГА ХАНГАСАН ЗООРЬТОЙ БОЛЧИХВОЛ ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ БОЛОМЖТОЙ
Жаргалант сумынхан газар талбайгаа ашиглан төмсөө хангалттай хэмжээнд тарьж, хураан авч чаддаг ч өвөл нь хадгалах зоорь хангалтгүй байдаг. Үүний улмаас намрын хураасан төмсөө талбай дээрээс нь шууд ченжүүдийн гар дээр ашиг харалгүй өгөх хандлагатай. Тиймээс тус сум зоорьтой болвол улсын хэмжээнд төмсний хэрэгцээг дангаараа 100 хувь хангахаар байна. Сумын хэмжээнд тогтсон үнэ ханштай, харуул хамгаалалттай, иргэдийн төмсөнд хорогдол учруулахгүй нүхэн болон землякан зоорь ухаж түрээслүүлэх нь хамгийн зөв гаргалгаа билээ. Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Н.Энхболдоос хаврын тариалалтын талаар тодрууллаа. “2021 оны хувьд хаврын тариалалтын ажил цаг үедээ хийгдэх болно. Энэ жилийн цаг уурын байдал эрс тэс огцом шуургатай байгааг анхаарч тариаланчдаа цаг агаарын мэдээллээр тогтмол хангаж ажиллах болно. Эрт ургацын төмс, хүнсний ногоо наймдугаар сарын эхээр гарах төлөвлөгөөтэй байна. Цар тахалтай холбоотойгоор тариаланчдад олон бэрхшээл тулгараад байгаа. Улаанбаатар хотын ихэнх хоолны газар, борлуулалтын цэгүүд тогтмол ажиллахгүй байгаагаас үүдэн энэ жилийн төмсний борлуулалт муу байна. Мөн төмс тээвэрлэлт замын хязгаарлалтын улмаас энэ хавар төмсний илүүдэл үүсэх, муудаж хаяхад хүрдэг. Хаврын ажил эхлэхтэй холбоотойгоор тариаланчдад хаврын бэлтгэл ажил, үрийн захиалга үүсэх мөн тариалалтын зээл, техник тоног төхөөрөмжийн засвар гээд зорчих хөдөлгөөн хязгаартай маш их цаг алдах эрсдэлтэй байна. Цаашид тариалан эрхэлж буй ААН, иргэдийн ажиллах байр болох газар ашиглалт зөв зохистой тэгш хүртээлтэй оролцоог нэмэгдүүлэх талаар онцгой анхаарч ажиллана. Мөн зөвхөн төмс тариалаад зогсохгүй өөр гол нэр төрлийн хүнсний ногооны тариалалтыг сумдаа нутагшуулах, борлуулалтыг зохих хэмжээгээр өсгөх, намрын төмсний үнийн уналтыг зогсоох, нөөцийн зоорины асуудлыг иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран шийдэх талаар төлөвлөж байна” хэмээн хэллээ.
ЖАРГАЛАНТЫН ХҮҮХДҮҮД ХӨДӨЛМӨРИЙН АМТЫГ МЭДЭРЧ ӨСДӨГ
Сургуулийн насны гэмээр дунд зэргийн нуруутай бор хүү төмс мөрлөөд явж байна. Тэрбээр 12-р ангийн сурагч. Түүнийг Б.Батсүрэн гэдэг. Тэрбээр "Намар болгон сургуулийн дунд, ахлах ангийн хүүхдүүд долоогоос 14 хоног хичээлээс бүрэн чөлөөлөгдөж төмс хураалтанд явдаг. Өглөө, оройд портер дээр ангийн багш болон 20 гаруй хүүхэд суугаад дуу дуулалдан хол замд нэг л мэдэхэд оччихсон байдаг. Талбай дээр ус, ундаа хангалттай өгдөг учир огт өлсөж үзээгүй.
Сайн ургасан айлын ургацыг бүрий болтол түүхэд 50 шуудай төмс болдог. Шуудай төмсөө 1000 төгрөгөөр үнэлдэг. Орой болохоор багш тэмдэглэлийн дэвтэр дээрээ өөрсдийнх нь нэрний ард хэдэн шуудай төмс түүснийг тоолж бичээд буцаад гэр гэр рүүгээ явдаг юм. Намрын ажил дуусахаар ажлынхаа хөлсийг бөөнд нь авахад утас, пүүз, номныхоо мөнгийг ээж, ааваасаа авахгүйгээр олчихдог. Мөн хамгийн их шуудай төмс түүсэн болон ажил тасдаагүй явсан хүүхдүүдийг бүтэн жил дуустал ангийн жижүүрээс чөлөөлж, сургуулийн Хөдөлмөрийн аварга хүртэл тодруулж урамшуулдаг” гэлээ.
Б.Батсүрэн хүү “Манай сумын охидод 25 кг юу ч биш. Мөрөн дээрээ сэвхийтэл л өргөж хөвгүүдээс дутахааргүй сайн ажилладаг” гээд бахархангуй инээмсэглэв. Жаргалант сумын хүүхдүүд нь хүртэл мэргэжилтэнүүд болжээ. Тэд хөдөлмөрийн амт, шимийг эрт мэдэрч “Ажил хийвэл ам тосдоно” гэдэг үгийг багаасаа ухаарсан нь азтай санагдана. Тоос шороо болсон хувцастай хүнийг хараад хэн ч цэрвэхгүй харин ч сайн хандаж байна гээч. Учир нь тэнд хөдөлмөр гэж юу гэдгийг, ургацын талбай ямар байдгийг мэддэг хүмүүс амьдардаг учраас тэр.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Сайн бичжээ. Амжилт хүсье!
Төмс тарихыг хашаандаа хорин бут тариад услаж суухтай андуураад байх шиг байна хэдэн 1000 га газар төмсний тухай яригдаж байгаа байна
Залуурчин төмс тарьж үзчихээд яриарай. Монголын хөрс шороо нтр хол хуц хаха
Хоосон магтаал талруугаа явчихаж. Монголын хөрс шороонд бордоо хэрэггүй. Усалгаа сайн байхад хангалттай ургана. Бордож химидэж байснөөс усалж ургуулж байсан нь дээр. Олигтойхон ажиллаарай ургац алдаж тэнэгтэв ээ Жаргаланчууд аа.