Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 110 дугаар ангийнхан хамтран зүтгэгч нэгнийхээ нийгмийн хамгааллыг нь хамтын хүчээр шийдвэрлэдгээрээ сайн жишиг тогтоож яваа хамт олон юм. Тэд үндсэн үүрэг гүйцэтгэлтийн зэрэгцээ улс орны бүтээн байгуулалтад оролцож, төмөр замчдын ая тухтай орчин нөхцөлд ажиллаж амьдрах орон сууцуудыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян сум хүртэлх тал нутагт барьж байгуулсаар байгаа юм.
Барилгачин дайчид “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан ангийн бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Барилгын материал үйлдвэрлэлийн ротын салааны ахлагч, ахлах ахлагч Б.Лхагва-Эрдэнэд өргөө цагаан гэр, 4 тал хашаа, 0.7 га газрын гэрчилгээний хамт бэлэглэжээ.
Энэ үеэр ахлах ахлагч Б.Лхагва-Эрдэнэ шинэ хүнээ өлгийдөн аваад удаагүй байсан бөгөөд шинэ хүнээ өргөө цагаан гэртээ угтсан ховорхон тохиол болов. Ахлах ахлагч Б.Лхагва-Эрдэнийн баярын сэтгэгдлээс хуваалцахад “Хамт олондоо үнэхээр их баярлалаа. Шинэ хүнээ шинэ гэртээ угтан авч байгаадаа баяртай байна. Та бүхнийхээ сайхан сэтгэлийг зүтгэлээр хариулах болно. Монгол Улсынхаа төлөө зүтгэе” гэсэн юм.
Эх сурвалж: Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб
Сэтгэгдэл ( 0 )