Талийгаачийн амь насыг таван жилийн цалингаар үнэлээд өнгөрч болохгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

-Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч хурандаа С.Батболдыг ажлаас нь чөлөөлөв-

 

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч бусдад зодуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал энэ сарын 28-ны өдрийн 22.40 минутад Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Г нь харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ цэргийн дүрмийн бус харьцааны зөрчил гаргаж, байлдагч Б-гийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан. Цэргийн алба хааж, “Жинхэнэ эр хүн болоод ирнэ” хэмээн хүүгээ үдсэн нэгэн эцэг голомт залгах хүүгүй болж, нэгэн  эх сэтгэлдээ наргүй болчихлоо. Эрүүл саруул, иртэй чадалтайг нь сорчилж авдаг Зэвсэгт хүчнийхэн цэргийн ёс зүй, дэг журмаа зөрчсөн хурган дарга нарт хариуцлага тооцож салбар даяар бугшсан дарангуйллыг халж цэвэрлэгээ хийх шаардлагатай байна.

 

Хэрэг гарах үед дэслэгч Д.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ

Байлдагч Б нь Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт яаралтай шилжиж, эмчилгээ хийлгэсэн боловч хүнд бэртлийн улмаас энэ сарын 30-ны өдрийн 23.45 минутад нас баржээ. Тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн мэргэжилтэн О.Хандмаа “Байлдагч Б нь энэ сарын 29-ний шөнө биеийн байдал маш хүнд, ухаангүй ирсэн бөгөөд цус харвалт, тархины ком, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны системийн хурц дутагдал, уушгины хатгалгаатай байж байгаад энэ сарын 30-ны өдрийн 23.45 цагт өөд болсон. Эмнэлэгт ирээд 22 цаг болоод нас барсан. Талийгаач уруул нь сэтэрсэн, хэлээ хазсан, цус залгисан байдалтай, ухаангүй ирсэн учраас мэс засалд оруулах боломжгүй, хагалгааны ширээн дээр нас барах магадлал өндөр байсан” гэлээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэгийн мэдээлснээр хэрэг гарсан өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын  цэргийн командлалын удирдлага бие бүрэлдэхүүний 60 хувь нь байлдааны буудлагатай хээрийн сургуулилтад явсан байсан бөгөөд цөөн тооны байлдагч, “хурган” дарга, офицер, дэслэгч  ангидаа үлдэж, харуул манааны үүрэг гүйцэтгэж байж. Хэрэг гарах үед 25 настай дэслэгч Д.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг Цагдаагийн газраас тогтоосон. Уусан архиндаа халамцсан тэрбээр уур омог, эр бяраа цэрэгт гаргаж журам дүрмээ зөрчсөн нь байж боломгүй асуудал. Түүний цэрэгт алба хаах хугацааг дуусгавар болгож, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бөгөөд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэсэг дээр саатуулжээ. Улмаар 461 дүгээр хорих анги руу шилжүүлсэн тул хэргийг шүүх, прокуророор шийдүүлж түүнд ял оноох нь тодорхой боллоо. Цэргийн ангид архидан согтуурна гэдэг нь тусдаа дүрэм зөрчсөн асуудал.  Хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Б.Амгаланбаатар “Хугацаат цэргийн алба хаагчдын ангид гадна талын үйл ажиллагааг 12 камераар хянаж байдаг бол дотор талын үйл ажиллагааг ангийн жижүүрийн байранд камераар хянаж байдаг. Шаардлагатай гэвэл цагдаагийн газраас камерыг шалгах боломжтой” гэж байв.

 

Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Д.Ариунболд “Болсон асуудалтай холбогдуулан ЗХЖШ-аас  талийгаач Б-гийн ар гэрийнхэнтэй уулзаж, уучлалт гуйсан бөгөөд ар гэрт нь таван жилийн цалинтай тэнцэцүйц хэмжээний нөхөн төлбөрийг нэг удаа олгохоор болсон” гэлээ. Талийгаачийн амь насыг таван жилийн цалингаар үнэлээд өнгөрч болохгүй. Цаашид дахин ийм хэрэг давтагдахгүй байх өөрчлөлт хийх хэрэгтэй.

 

Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Д.Ариунболд “Болсон асуудалтай холбогдуулан ЗХЖШ-аас  талийгаач Б-гийн ар гэрийнхэнтэй уулзаж, уучлалт гуйсан бөгөөд ар гэрт нь таван жилийн цалинтай тэнцэцүйц хэмжээний нөхөн төлбөрийг нэг удаа олгохоор болсон” гэлээ. Талийгаачийн амь насыг таван жилийн цалингаар үнэлээд өнгөрч болохгүй. Цаашид дахин ийм хэрэг давтагдахгүй байх өөрчлөлт хийх хэрэгтэй. Мөн Зэвсэгт хүчний Хуурай замын командлалын хурандаа Б.Бат-Эрдэнээр ахлуулсан оршуулгын комисс томилогдож, оршуулгын бүх зардал, үйл ажиллагааг хариуцна гэдгээ мэдэгдсэн юм. Дэг журам, сахилга хариуцлагын ноцтой зөрчил гаргаж хүний амь нас хохироосон дээрх хэргийн дагуу Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч хурандаа С.Батболдыг ажлаас нь чөлөөлж оронд нь хурандаа Г.Отгонбаярыг томилов. Мөн Батлан хамгаалах яамны сайд, ЗХЖШ-ын дарга яаралтай хурал зарлаж, Зэвсэгт хүчний хэмжээнд нийт офицер ахлагч нарын албаны төлөвшил, мэргэжлийн түвшинг яаралтай тогтоож шалгахыг үүрэг болгожээ.

Талийгаач нагац ах руугаа "60 мянган төгрөг яаралтай явуул" гэж утасджээ 

Талийгаачийн ээж Б.Баттулгын мэдээлснээр “Миний хүү зодуулсны улмаас тархиндаа цус харваж, маш их  цус алдаж, амнаас нь хөөс сахарсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн. Хүү минь маш харамсалтайгаар бусдын гарт амиа алдлаа. Миний хүү цэрэгт явснаасаа хойш ойр ойрхон мөнгө шилжүүлээч гэдэг болсон” хэмээн мэдүүлсэн бөгөөд талийгаач Б нь ар гэрийнхнээсээ ойр ойрхон “Итгэлийн Энхтөгс” гэх хүний данс руу мөнгө шилжүүлэхийг хүсдэг байжээ. Түүнчлэн зодуулахынхаа өмнөх өдөр нагац ахынхаа гар утас руу залгаж, “Ах аа, над руу яаралтай 60 мянган төгрөг явуул” гэж хэлээд утсаа тасалсан гэнэ. Цэргүүд сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирохгүйн тулд дээд тушаалтнууддаа татвар төлдөг ёс бус үйлдэл гаарсны тод жишээ энэ. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж, эх орондоо эр цэргийн тангараг өргөн, алба хааж байгаа байлдагчийг зодож, гэмтээж, амь насыг нь хохирооно гэдэг ноцтой хүнд гэмт хэрэг. Хэчнээн цэрэг эр энхийн цагт гаарсан дарга нарын гарын шүүс болж эрүүл мэндээрээ хохирч, эрдэнэт амиа алдсаар байх вэ. Энэ мэт сэтгэл сэртхийлгэм хэргүүд олон нийтэд ил болсноос гадна далд үйлдэгдэж буй хэрэг нь хэд бол гэж бодохоос зүрх шимшрэх хэмээн эцэг, эхчүүд “Хайрлаж өсгөсөн хөвгүүдээ харгислалын гарт тушаамааргүй байна” хэмээн халаглаж байна.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯВУУЛАХГҮЙ(49.0.130.24) 2021 оны 04 сарын 01

Хүний сайхан үрийн амь нас 5хан жилийн нөхөн олговроор үнэлэгдэхгүй шүү дээ.Маш харамсалтай байна.Хүүгийнх нь сайхан инээд .хүүгийнх нь төрх эжий аавд нь юугаар ч хэдээр ч үнэлэгдэхгүй шүү дээ.Хамгийн гол нь наад цэргийн ангиудад давтагдаад байгаа зодуур харгислалаа зогсоомоор байна шүү дээ.Би эх хүн, хүүгээ хэзээ ч цэрэгт явуулахгүй байхаар шийдлээ.

0  |  0
Засаг (202.179.27.171) 2021 оны 04 сарын 01

Тэтгэвэрт гарах нас буюу 65 хүртлээ авах байсан бүх цалингаар нь нөхөн олговор тооц. Сарын цалин 1 сая гэж бод. 65-23×12×1 сая

0  |  0
У(59.153.115.62) 2021 оны 04 сарын 01

Хүний сайхан үрийг яаж байгаан бээ. Даанчдээ.. Мөнгөөр шийдэхгүй шүү..

1  |  0
зочин(192.82.91.235) 2021 оны 04 сарын 01

эр цэргийн албанд хүүгээ үдээд эргэж уулзаагүй бүх хүмүүст өгөөрэй наадахаа

0  |  0
зочин(192.82.91.235) 2021 оны 04 сарын 01

эр цэргийн албанд хүүгээ үдээд эргэж уулзаагүй бүх хүмүүст өгөөрэй наадахаа

0  |  0
Top