БНХАУ-ын дэд дарга , маршал Жү Дэгийн БНМАУ-д хийсэн албан ёсны айлчлалын 65 жилийн ойд зориулав.
——— Монгол улс, БНХАУ-ын улс төрийн харилцааны түүх цуврал нийтлэл –Нэг
Хятад судлаач, Орчуулагч Х.Баатархүү
1956 оны гуравдугаар сарын 28-ний өдөр. Хөр цасан хайлж төл малын дуу цангинасан урин хавар аль хэдийнээ иржээ. Цэлмэг тэнгэрт бүртийх ч үүлгүй өдрийн бага үдийн алдад Улаанбаатар өртөөнд албаны голдуу олон хүмүүс алс холоос ирэх хүндэт зочноо тосон авахаар бужигнаж, ер бусын хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Үдийн 12 цагийн үед БНМАУ-д айлчлал хийхээр хүрэлцэн ирж буй гадаадын хүндэт зочдыг тосон авах МАХН, Сайд нарын зөвлөлийн төлөөлөгчид тогтсон цагтаа ирж ёслолын албаны бэлдсэн хэсэгт байрлалаа эзлэв. Угтан авах албан хүмүүс нь БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Жамсрангийн Самбуу, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, МАХН-ын Төв хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дашийн Дамба, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Базарын Ширэндэв, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Сономын Лувсан, Дамдинжавын Майдар, Лувсанцэрэнгийн Цэнд, Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны дарга, Хөдөлмөрчдийн бага хурлын тэргүүлэгчдийн дарга Гүндийн Багаа зэрэг БНМАУ-ын нам төр цэргийн дээд удирдлага, хөдөлмөрчдийн төлөөлөгчид, элчин сайдын яамныхан, БНМАУ-д ажиллаж буй Хятад ажилчдын төлөөлөл гээд маш олон хүн хүндэт зочноо хүлээн авахад бэлэн болжээ. Сибирийн хөвч тайга, Монголын уудам талыг туулсан тусгай үүргийн галт тэрэг Улаанбаатар хотын баруун зах, төмөр замын Толгойт өртөөнөөс эхлэн хурдаа хассаар аажуухан ирж Улаанбаатар өртөөний төв хэсэгт ирэн зогсов. Галт тэрэгний цувааны дунд хэсгийн тусгай бүхээгийн хаалга нээгдэн дундаж нуруутай, дүрлэгэр алаг нүдтэй, 70 шүргэм насны инээд алдсан нэгэн эрхэм бууж ирэх нь БНХАУ-ын дэд дарга , маршал Жү Дэ байлаа.
Улаанбаатар төв өртөөний гол байрны өмнөх талбайд хүндэт харуул жагсаж, цэргийн үлээвэр хөгжимд угталтын ая тоглон, хүндэт зочныг бууц ирмэгц пионер сурагчдын төлөөлөл амьд цэцгийн баглаа барьснаар угтах ёслол эхлэв. Хоёр улсын төрийн дуулал эгшиглэн Жү Дэ маршал, Ж.Самбуу дарга нар угтах ёслолд зориулан үг хэлэв. Зузаан хүрэн захтай цэрэг пальто өмсөж үстэй малгайтай тавьсан Жү Дэ маршал идэр залуугийн адил аргил хоолойгоор угтан авч буй олон хүмүүстэй гар барьж элэгсэг дотноор мэндчилэв.
Монгол, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоогоод долоон жилийн дараа анх удаа БНХАУ-ын талаас улсын дэд даргын түвшний өндөр дээд хэмжээний айлчлал хийгдэх болж буй энэхүү айлчлалын бэлтгэл ажлыг хангахад хоёр талаас онцгой анхаарч маш сайн бэлдсэн байлаа. БНХАУ-ын дэд дарга, маршал Жү Дэ 1955 оны арван хоёрдугаар сараас эхлэн Зүүн Европын 5 орон буюу Румын, БНАГУ, Польш, Унгар, Чехословак улсуудад тус тус айлчлал хийгээд 1956 оны хоёрдугаар сарын 14-25нд Москва хотноо хуралдсан ЗХУКН-ын алдарт XX их хуралд ХКН-ын Төв хорооны төлөөлөгчдийн тэргүүнээр оролцон, үүний дараа ЗСБНХУ-д 10 гаруй хоногийн айлчлал хийгээд эх орондоо буцах замдаа БНМАУ-д гурав хоногийн хугацаатай албан ёсны айлчлал хийж байгаа нь энэ ажээ.
Хүндэт зочин Жү Дэ тухайн өдрийн үдээс хойш Засгийн газрын ордонд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Жамсрангийн Самбууд бараалхаж үүний дараа БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, МАХН-ын Төв хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дашийн Дамба нартай тус тус албан ёсны уулзалт хэлэлцээ хийн дараа нь Сүхбаатар- Чойбалсангийн бунханд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөв.
Гуравдугаар сарын 29-нд Жү Дэ дарга БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Жамсрангийн Самбуу, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэн, БНХАУ-аас БНМАУ-д суугаа элчин сайд Хэ Ин нарын хамтаар Чойбалсангийн нэрэмжит МУИС-д зочлох үед МУИС-ын проректор Д.Цэвэгмэд угтан авч их сургуулийнхаа тухай танилцуулж, Жү Дэ маршал багш оюутнуудтай хийсэн уулзалтын үеэр хоёр улсын найрсаг харилцаа хамтын ажиллагааны ололт амжилт, цаашдын хөгжлийн тухай мөн Хятадын ардын хувьсгалын тухай ярилцав. Орой нь БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Жамсрангийн Самбуу хүндэт зочиндоо зориулж хийсэн хүлээн авалтад Ю.Цэдэнбал, Д. Дамба, Б. Ширэндэв, С. Лувсан, Д. Майдар, Л. Цэнд, Д.Цэдэв, Н.Лхамсүрэн, С.Батаа тэргүүтэй МАХН-ын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн гол удирдлага бүгд оролцов.
Гуравдугаар сарын 30-нд Жү Дэ дарга Улаанбаатар хотын үйлдвэр аж ахуйн газарт зочлон орой нь БНХАУ-аас БНМАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хэ Ин хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулж БНМАУ-ын нам төр цэргийн бүх гол удирдлага, хөдөлмөрийн сайчууд, хэвлэл мэдээллийнхэн, урлаг соёлын зүтгэлтнүүд, Монгол улсын социалист бүтээн байгуулалтад ажиллаж байгаа Хятад ажилчдын төлөөлөл гээд 280 орчин зочид оролцов.
Гуравдугаар сарын 31-ний өдөр Их тэнгэр цогцолборт болсон үдийн зоогийн үед Ж. Самбуу Ю.Цэдэнбал, Д. Дамба нар БНХАУ-ын дэд дарга Жү Дэ маршалд эмээл хазаартай хул зүсмийн морь, өвч бүрэн монгол дээл малгай, мөнгөн хэт хутга, мөнгөн аяганы хамт тусгай захиалан хийлгэж бэлэглэсэн нь зочинд гүн сэтгэгдэл үлдээсэн бөгөөд энэ талаар Жү Дэ маршалын ач охин 2019 онд Монгол улсад зочлох үедээ дурсан ярьж байсан юм.
Тухай өдрийнхөө орой цас том том ширхэглэн бударсан үдэш Улаанбаатар хотын төв өртөөнд үдэлтийн ёслол болж Ж.Самбуу дарга энэ удаагийн түүний айлчлалыг дүгнэн аян замдаа сайн явж хүрэхийг ерөөж, Жү Дэ маршал нар элэгсэг халуун дотноор хүлээн авч ажил хэрэгч айлчлал зохион байгуулсанд талархал илэрхийлсний дараа буюу 23:00 цагт галт тэрэг хөдлөв. Монгол талаас эрхэм зочноо хүндэтгэж АИХ-ын тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Цэдэв, ГЯЯ-ны Ёслолын хэлтсийн дарга Н.Лувсанчүлтэм нар Жү Дэ маршалыг дагалдан түүнийг явж Монгол, Хятадын хил хүртэл гаргаж өгч байжээ. Хожим нь Н.Лувсанчүлтэм дарга БНМАУ-аас БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар 1986-1988 онуудад томилогдон ажилласан түүхтэй.
Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 72 жилийн харилцааны түүхэнд өрнөсөн томоохон улс төрийн үйл явдлын нэг бол одоогоос 65 жилийн өмнө БНХАУ-ын дэд дарга Жү Дэ маршалын БНМАУ-д хийсэн албан ёсны айлчлал бөгөөд улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалсан түүхэн ач холбогдолтой айлчлал байсан юм.
БНХАУ-ын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цэргийн цуут жанжин, анхны маршал Жү Дэ 1886 онд Сычуань мужид төрсөн. 1922-1926 онд Герман, ЗХУ-д суралцаж 1927 оноос эхлэн Хятадын Ажилчин Тариачины Улаан армийн командлагч, ХКН-ын 8-р Армын командлагч, 1946-1954 онд Хятадын Ардын Чөлөөлөх армын командлагч, 1949 онд БНХАУ байгуулагдсан дараа 1949-1954 онд БНХАУ-ын Ардын Төв засгийн газрын орлогч дарга, 1954-1959 онд БНХАУ-ын дэд дарга, 1959-1976 онуудад БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллагын дарга буюу БХАТИХ-ын Байнгын хорооны даргаар сонгогдон 17жил ажиллаж байв. Тэрээр БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийг үндэслэгчдийн нэг бөгөөд хувьсгалын он жилүүдэд ХКН-ын улаан армийг командлан ялалтад хүргэсэн алдарт жанжин бөгөөд 1955 онд БНХАУ-ын Маршал цол хүртсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Хэзээ үхсэн юм бол?