Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
СЮЙ НИН АЛТАН ЖАД ХАТГУУРЫН НАРИЙН СУРГУУЛИЙГ ОЛОН ЖАНЖИН ЦЭРЭГТ ЗААХ
СҮН ЖЯН ХОЛБООТ МОРИН ЦЭРГИЙГ ЭВДЭЖ БАРИН АВАХ
Өгүүлэх нь: Сүн Жян, Чаогай, Гүн Сүньшэн нар “Жү И Тан” хэмээх их журмын танхим дээр цугларан хурж, Сюй Нингийн урт хатгуур сэлэмт жадны шидийг олон жанжин цэрэгт зааж өгөхийн урьд өөрөө нэгэн удаа тэр жад сэлмийг авч эргүүлэв. Түүний биед юм халах байтугай ус ч орох зайгүй, бие нь басхүү дэмий сайн үзэгдэхгүй болов. Үүнд Сүн Жян, Чаогай нар маш баярлан, тэр Сюй Нинг үзвээс хуучин бие нь өөр дүрээр хувилсан мэт өндөр нь зургаан тохой илүү, өргөсөн нь хоёр тохой, зүс нь цав цагаан, сахал нь тас хар бөгөөд толгой нь бөөрөнхий, үнэхээр нэгэн баатар эр мөн тул маш магтаж байв. Тэндээс Сюй Нин нэг хэсэг өөрөө жад сэлмийг авч шидийг үзүүлээд даруй олон цэргийн дотроос сайныг сонгож аваад энэ сургуулийг зааж, басхүү жад сэлмийг дээш доор дөрвөн зүг хол ойр хувилгах зэрэг шидийг зааж өгөөд, хагас сар шахам болсонд тэдгээр олон жанжин цэрэг маш сүрхий сайн сурч, буу зэвсэг тэргүүтнийг үнэхээр бэх бат үйлдэж бэлтгэснийг өгүүлэх юу.
Өгүүлэх нь: Хү Яньжуо цэргээ авч жагсаалд сар шахам Ляншанийг хөдөлгөсөн боловч ер хариуцан гарч байлдахгүй, ямагт чимээ мэдээгүй байхад Хү Яньжуо аргагүй болж нэг өдөр их буугаа тавьж мэдээ хүргэсэнд Ляншаний хажууд тусаж даруй Сүн Жян нар мэдэв. Үүнд эдүгээ байлдах хэмээн цэргээ тус тус сургаж арван хэсэг хувааж, морьтой цэргийг сүүлд дагуулан, явган цэргийг хоёр анги хуваан зэгсэн дотор нуун бүгшүүлж, уулнаас бууж цэргийн жагсаал жагсаав.
Тэндээс тэр цэрэг жагсаал жагсаж урьд хожид орох хэргийг зөвлөн тус тус зааж сургаад байлдахаар завдав. Үүнд Лю Тан, До Чэнь нэг анги явагтун. Мү Хүн, Мү Чүнь нэг хэсэн явагтун. Ян Сюн, Тао Зүнван хоёр нэг хэсэг явагтун. Зэжэнь,Зэбао хоёр нэг анги. Зоу Юань, Зоу Рүнь хоёр нэг анги. И Жан Чин, Ван И Ху хоёр нэг анги. Янь Шүнь, Жэн Тяньшоу хоёр нэг анги. Ян Линь, Ли Юнь хоёр нэг анги. Энэ арван хэсэг явган цэрэг урьд очиж өдөөхөөс байлдаж үл болмуй. Тэр цагт их шидэт жад сэлэмний цэрэг хойно гарч, эдгээрийг дутаан ирсэн хойно байлдагтун. Бас Лизюнь, Жан Хэн, Жан Шүнь, Руань Сяо Эр, Руань Сяо Ү, Руань Сяоци, Тун Вэй, Тун Мэн, Мэн Кан нарын есөн жанжин усан дээр онгоц бэлтгэн харгалзагтун. Бас Хуа Рүн, Чинь Мин, Ли Ин, Чай Жинь, Сүнь Ли, Оу Пэн нарын зургаан жанжин нэгэн хэсэг явган цэрэг дагуулан очиж одоо байлдая хэмээн их дуу гаргахаас бус эсэргүүцэн байлдаж үл болмуй. Бас Лин Жэнь, Дүсин хоёр тусгайлан буу тавьж чимээ гаргаж байгтун. Бас Сюй Нин, Тан Лун хатгуурт жад сэлмийн сургуулийг сайтар сурган зааж өгөгтүн.
Дунд тугийн нэг хэсэг цэрэгт Сүн Жян, Ү Шюэжү, Гүн Сүньшэн, Люйфан, Дай Зүн, Гуо Шэн нарын их жанжин нар бүгд цэргийн эрхийг барьж тэгшрүүлэн цаазалж харгалзагтун. Бусад нь Лян Шань уулыг харгалзан байгтун хэмээн тус тус тушаагаад, тэр шөнө их усны онгоц тавин, хатгуурт жад сэлмийн цэргийг дөрвөн зүг бүгшүүлж, Лин Жэнь, Дүсин хоёрыг усны захад үхэр буу тавих их хайс байгуулж, таван жингийн үед нэг их үхэр бууг тавьж Хү Яньжуогийн цэргийг өдөөв. Тэндээс Хү Яньжуо даруй цэргээ жагсааж Хань Таогийн урьд очиж: - Үхтэл байлдагтун. Би дараагаар холбоот морин цэргийг дааж очъё хэмээн хэлэлцээд, Хань Тао даруй хуяг дуулгаа өмсч, явган цэргээ авч, цэрийг хуаранаас гарч явав. Үүний дараа Хү Яньжуо хуяг дуулгаа өмсч, хурдан хар морио унаж, холбоот морин цэргээ аваад ирэв.
Үүнд Ляншаний дөрвөн зүгт бүгшсэн цэрэг Линжэний үхэр бууны чимээг сонсоод, гурван зүгийн цэрэг ил гарч ирээд, байлдах хэмээсэнд Хань Тао маш айж цэргээ хураан хойш буцаж, Хунжуод ийн өгүүлрүүн: - Ляншаний бүгшсэн цэрэг гарч ирээд, явах замыг бөглөж хөндөлдөв хэмээсэнд Хү Яньжуо өгүүлрүүн: - Урвасан хулгай цэрэг гурван хэсэг байтугай гурван зуун хэсэг боловч яахийм. Айх газар үгүй.”хэмээлцэхүйд Сүн Жяний хойд зүгт бүгшсэн цэрэг үхэр буу тавьсанд Хү Яньжуо ийн хараан өгүүлрүүн: - Дунжингаас зарлиг дагаж урвасан хулгайг барихаар ирээд харин Ляншаний хулгай нар лугаа хуйвалдан, басхүү үхэр буу хийж өгсөн Лин Жэнь чамайг би хэзээ барьсан цагт түмэн анги цавчих байхнаа хэмээн харааж байтал, Хань Тао өгүүлрүүн: - Эдүгээ бид хоёр энэ Ляншаний цэрэг лүгээ үл байлдах болбоос үл болох тул одоо дайран орсугай хэмээсэнд Хү Яньжуо цэргээ хоёр хувааж өмнө хойд хоёр талд байлдан оров. Тэндээс Сүн Жяний бүгшсэн цэрэг хатгуурт жад сэлэмний цэрэг зэгсэн дотроос гараагүй, гуравдугаар үхэр буу тавихыг хүлээж, мөн тэндээ бүгшиж баймуй. Үүнд хоёрдугаар буу тавьсан нь тэр бууны сум Хү Яньжуогийн цэргийн дотор бууж, хэдэн анги дэлбэрч хагараад, цэргийн ардыг их төлөв хор олгов.
Үүнд Хань Тао, Хү Яньжуо хоёр маш бачимдан дутаахаар завдсанд, гуравдугаар үхэр буу тавьсанд Ляншаний хатгуурт цэрэг гарсанд, Ляншаний явган цэрэг хуурамчаар хойш дутаан явсан тул, үүнийг Хү Яньжуо үзээд даруй холбоот морин цэргээ тэдний хойноос хөөн тавьсанд, зэгсний доторхи хатгуурт жадны цэрэг гарч ирээд, тэрхүү холбоот морин цэргийг цөм нисэх мэт довтолж дэгээдэн хатгуурдаж жадлаад, заримыг нь алж, заримыг нь амьд барьж авав. Үүнд Хү Яньжуо, Хань Тао хоёр аргагүй холбоот морин цэргээ Ляншаний урвасан хулгай нарт баригдсан учрыг мэдээд,”Эдүгээ хэрхэвч гарах аргагүй болов. Амь гарахыг бодсугай хэмээн зөвлөөд хойд зүг дутаан явахуйд бас нэг хэсэг цэрэг гарч ирэв. Энэ нь Ляншаний арван хэсэг хуваан гаргасан жанжин Мү Хүн, Мү Чүнь хоёр. Үүн лугаа Хү Яньжуо, Хань Тао хоёр маш уур хүрч, арван хэдэн удаа байлдаад хэн хэнээ дийлсэнгүй тул, Мү Хүн, Мү Чүнь хоёр арга хэрэглэн дутаасанд Хү Яньжуо муу аргад орох магадгүй хэмээн бодоод тэр хоёрын хойноос хөөсөнгүй, зүүн зүг явах зам эрж байтал, бас нэг хэсэг цэрэг гарч ирэв. Энэ нь хоёрдугаар Ляншаний Зэжэнь,Зэбао хоёр тохиолдов. Үүнд Хү Яньжуо аргагүй байлдаж, хэдэн удаа зөрөлдөн буй атал Зэжэнь, Зэбао хоёр мөн зугтан явав. Үүнд Хү Яньжуо мөн муу арга хэрэглэв хэмээн, гэдрэг эргэн өмнө зүг явах гэтэл бас нэг хэсэг цэрэг гарч ирэв. Энэ нь И Жан Чин, Ван И Ху хоёр учрав. Үүнд хэн хэн байлдсангүй. И Жан Чин, Ван И Ху хоёр даруй арга хэрэглэж зугтан явав. Энэ хоёрыг Хү Яньжуо мөн хөөсөнгүй, зүүн хойд этгээдээр гарах хэмээн явтал, Ляншаний цэрэг хэдэн зүгээс ирэх нь ер тоолох тоогүй, барьсан жад сэлэм нь мод шугуй мэт. Ялангуяа хатгуурт жад сэлэм ирэх нь өмссөн хуяг дуулгыг урж, ер тэмцэх бэрх болмогц Хү Яньжуо арайхийн амь гарч явав.
Тэндээс Сүн Жян харанга хэнгэргээ дэлдэн хагас цэрэг жанжнаа хурааж, ууландаа хариад, холбоот морин цэргийг амьд барьж, гагцхүү гурван мянган холбоот мориноос хоёр хувь нь амьд, нэг хувь нь эмгэг олж хөл туурайгүй болов. Дунжингийн албаны цэргийг их төлөв алсан нь цусан далай урсах, хүний хүүр газар бүтээв. Үүнд албаны цэргээс амь гарахыг бодож зууран явахад Ляншаний үлдсэн усны цэрэг бас хатгуурт жад сэлэмний цэрэг нар тэдгээрийг барьж аваад ууландаа буцав. Бас Хү Яньжуогийн цэргийн хүрээлэнг эвдэж, буй бүхүй юмыг хураан авч, хоёр хуваан архины пүүс байгуулав. Тэндээс Хү Яньжуо, Хань Тао аргагүй цэргээ алдах ба амьд баригдаад, гагцхүү хоёр бие үлдээд явж байтал Лю Тан, Дуцянь хоёр усан цэргийн хамт довтлон ирж, Хань Таог барьж аваад уулын дээр хүргэв.
Гагцхүү Хү Яньжуо хурдан хувилгаан морьтой тул баригдсангүй, гагцаар зугтан явав. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь, энэ Хань Таог барьж аваад уулын дээр аваачсанд Сүн Жян маш баярлан, биеэр босож ирээд түүний хүлсэн хүлээсийг тайлж аваад “Жү И Тан” хэмээх их журмын танхим дээр залж Хань Таод ёслов. Үүнд Сүн Жян Хань Таод архи барьж өгөөд, Лин Жэнь, Пэн Чи хоёрыг гаднаас дуудаж, ийн өгүүлрүүн: - Эдүгээ Хань Таог барьж ирэв. Та хоёр ятган сургаж бид лугаа журмын ах дүү болгогтун хэмээсэнд Лин Жэнь, Пэн Чи нар Хань Таод амар эрж, архи бариад, эдүгээ Лян Шаньд урвах учрыг ухуулан хэлсэнд Хань Тао арга буюу тэнгэрийн одноос буусан хүн тул яахин үл дагамуй, даруй тэр хоёрын үгийг дагаж, цөм баяр хийж хүж зул барин, тэнгэрт мөргөж журмын ах дүү бололцов. Сүн Жян цэргийн олон жанжин цэргээ маш их зовсон тул гавъяа шагнаж зэрэг хэрэм өгөөд, олон цэрэг тус тус хуримлан шагнаж, үхэр хонийг алж найр тавин байж, Сүн Жян өгүүлрүүн: - Хань Таогийн гэрийн хотлоорыг Цанжоу хотод хүн илгээж даруй түргэн авчруулбаас зохих билээ. Би нэгэн бичиг хийж илгээсүгэй хэмээсэнд Хань Тао маш баярлан, үүнээс хойш эд нар Лян Шань ууландаа өдөр бүр найр тавин хурим хийв. Энэ но гурван мянган холбоот морин цэргээс хоёр хувь олсны дээр басхүү их цэргийн зэвсэг, хуяг дуулга олзолсон нь маш их билээ. Иймийн тул өдөр бүр найр тавих нь энэ учир.
Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь: Хөөрхий Хү Яньжуо гагцаар бие амь гарч зугтан явсаар, хоёр өдөр явж хоол ундгүй, гэдэс нь өлсөөд ам нь цангаж ер тэсэхүйеэ бэрх болмогц, өөрийн биед авч явсан алт мөнгө зоосгүй, гагцхүү бүсэлсэн бүсэнд дэгээ хийсэн нэг алтан дэгээ буй тул түүнийг нэг дяньд бууж худалдах хэмээн хуяг дуулгаа тайлж морин дээр ачиж, эдүгээ хаашаа очиж яахин амь зуух билээ. Дунжинд хариваас гагцхан ч цэрэг үгүй, улсын цэрэг урвасан хулгай нарт бүгд идэгдээд, эдүгээ ямар нүүрээр Дунжинд очих буюу. Басхүү амь гарах аргагүй, ял олмуй. Тиймийн тул би Циньжоу хотод урьд таних Мурун хэмээх зифү ноёнтой учирч, энэ учраа хэлвээс, тэр над бас цэрэг жанжин тусалваас, энэ Ляншаний урвасан хулгай нараас өсөөн хэрхэвч хариулан авч болно.Тэр цагт хожоимдох газар үгүй хэмээн сэтгэж нэгэн дяньд буув.
Тэр дяний байшингийн баганаас морио уяж, дотогш орж ширээн дээр сууж, архины зардсыг дуудаж өгүүлрүүн: - Танай пүүсэнд худалдах архи мах буй буюу? хэмээн асуусанд тэр зардас өгүүлрүүн: - Манай пүүсэнд архи худалдахаас бус мах худалдахгүй.Эрхэм гийчин мах идье хэмээвээс би зээлд очиж мах худалдан авчирч өгсүгэй хэмээсэнд Хү Яньжуо: - Чи тийм болбоос чи над нэг хэсэг мах худалдан авчирч өгөгтүн хэмээгээд бүсээ тайлж тэр алтан дэгээг хутгаар огтлон авч тэр зардаст өгч, “Чи үүнийг зээл дээр худалдаж үнэ олгоод над баахан мөнгө зоос авчирч өгөгтүн. Түүний хойно сайн мах жимс худалдан авчирч өгөхөөс гадна би нь цэргийн албанд явж зүдэрсэн хүн тул, танай энэ дяньд хонож, маргааш яваваас болох буюу? хэмээсэнд тэр зардас өгүүлрүүн: - Манай дяньд хүн хоноход аятай хучих дэвсэх ширдэг үгүй хэмээсэнд Хү Яньжуо өгүүлрүүн: - Би тийм их хучих дэвсэхийг хэрэглэхгүй хэмээсэнд тэр зардас даруй явж алтан дэгээг хэдэн лан мөнгөөр сольж, нэг хөл хонины мах аваад үлдсэнийг Хү Яньжуод өгөв. Тэндээс Хү Яньжуо тэр зардаст ийн өгүүлрүүн: - Эдүгээ чи энэ махыг чанаад, гурван жин гурилаар бин хийж басхүү архи хоёр жингийн хамт авчирч өгөхөөс гадна нүүр угаах ус авчирч өгөгтүн. Миний унасан моринд мах бингээс бас өгөөрэй.
Энэ морь болбоос их шидэт морь. Би угаас Дунжин хотны хүн. Ляншаний урвасан хулгай Сүн Жян нарыг ба их хэмээн их цэргийг зарлигаар дааж ирээд эдүгээ муу хулгай нар лугаа хэдэн сар байлдаж, ер дийлсэнгүй, бүхүй цэрэг морио дээрэмдүүлж, хоёр гурван жанжин нарыг амьдаар бариулан урвуулж, арайхийн амь сугаран гагцаар гарч ирэв. Иймийн тул би уг хотноо буцахын аргагүй тул, ял олохоос айж Циньжоугийн Мурун зифү ноён лугаа учирч, эл учраа хэлж цэрэг гуйж, дахин Ляншаний хулгай нарыг барихаар явмуй. Миний энэ унасан морь нь мөнгөн туурайтай, бэх хар үстэй, явах нь нисэх жигүүртэн лугаа адил, идэх уух нь хүн лугаа адил болой. Чи гагцхүү энэ морийг сайнаар хадгалж хоногтун. Маргааш би чамд их шагнал өгье хэмээсэнд тэр зардас “За” хэмээн хүлээн аваад даруй мах бинг авчирч, архийг хийж Хү Яньжуод өгөв.
Тэндээс тэр мах бингээсээ мориндоо өгөөд, нэг бяцхан байшинд хийж хадгалав. Үүнд энэ архины зардас энэ үгийг сонсоод Ху Янжуод ийн өгүүлрүүн: - Мэргэн нөхөр манай энэ өмнө их уулын нэр нь Тао Хуашань хэмээмүй. Үүний дээр нь хоёр их чадалтай эр, долоо найман зуун цэрэгтэй урваж баймуй. Нэр нь их даргыг “Барс алагч баатар” овог Ли, нэр Жун. Хоёрдугаар нь Хуо Баван, овог нь Жоу, нэр нь Тун, Жү Түн хэмээмүй. Энэ хоёр хүн ямагт зам явагчийг дээрэмдэхээр үл барам, басхүү манай энэ хотныг өдөр шөнөгүй түйвээн сарниулах. Хүний зоос мөнгийг дээрэмдэх, эсэргүүцсэн хүнийг алах. Тийм хоёр их гайхал буй тул эрхэм ноён хичээх хэрэгтэй. Энэ хоёрыг албаны газар мэдүүлэвч ер дийлж халах байтугай, тэдний нэрсийг сонсмогц аймуй. Тиймийн тул та энэ шөнө унтаж болохгүй. Баахан сэргэг байтугай хэмээсэнд Хү Яньжуо архины омгоор ийн өгүүлрүүн: - Би нь мянган эрийг дийлэх баатар чадалтай баатар байтал, эд нар мэт муу хулгай нар яахимуй. Чи бүү олон үг хэлэгтүн. Морийг сайн манаж хоногтун хэмээгээд архи махыг идэж унтав.
Үүнд Хү Яньжуо нэгдүгээр, гэдэс нь өлсөж хоол идэж цадсан. Хоёрдугаар, зам явж зүдэрсэн. Гуравдугаар,архи ууж хэтэрсэн тул, дээл хувцса тайлсангүй хэвтэв. Тэндээс удсангүй гурван жингийн цаг болов. Үүнд тэр архины пүүсний зардас их дуугар өгүүлрүүн: - Хү Яньжуо ноён, их муухай болов. Эдүгээ чиний морийг бодож бага унтаж байсан чөлөөнд хулгай аваачив хэмээсэнд Хү Яньжуо өгүүлрүүн: - Яахин хулган авч явав? хэмээсэнд: - Энэ манай пүүсийн хэрмийг эвдэж аваад явав. Тэр хулгай нь лав Тао Хуашаний хоёр хулгай аваачив. Та үзвээс тэр уулын зүг харагдагч гэрэл нь эдний орших газар бөлгөө хэмээсэнд Ху Янжуо даруй тэр архины пүүсний зардасыг дагуулан, тэр уулын зүг очиж, тэд нэр лүгээ үзэлцэж морио авах хэмээн хэдэн газар явахад, шөнө харанхуй болж, зам олдохгүй дээр тэр уулны зүг харагдагч гэрэл нь үзэгдэхгүй болов. Үүнд тэр хоёр даруй хойш буцаж архины дяньдаа орж, маргааш яахин очиж морио авах аргыг зөвлөсөнд, тэр архины пүүсийн зардас ийн өгүүлрүүн: - Эрхэм мэргэн ноён таны гагц бие тул, тэд нэр лүгээ эсэргүүцэж үл болмуй. Тиймийн тул Циньжоугийн Зи яаманд мэдүүлж, албаны цэрэг мордуулж хамтаар очвоос сайн хэмээсэнд Хү Яньжуо: - Тэр үг зөв хэмээгээд үүр цаймагц архины зардасыг дагуулан, хуяг дуулгаа дамнаж Циньжоуд ирэв. Үүнд Хү Яньжуо Циньжоугийн Зифү Мурун ноёныг угаас таних тул шууд яаманд орж, Зифу Мурун ноёнд мөргөв.
Тэндээс Мурун зифү угаас энэ Хү Яньжуо лугаа үнэхээр зузаан танилцсаны дээр басхүү үүний баатар шидтэйг мэдэж, ийн өгүүлрүүн: - Эрхэм Сяньгүн баатар чамайг сонсвоос хааны зарлигаар цэрэглэж Ляншаний урвасан хулгай Сүн Жян, Чаогай нарыг барихаар очив хэмээн сонссон. Эдүгээ яахин энд ирэв? хэмээсэнд Хү Яньжуо сөгдөн мэдүүлрүүн: - Өчүүхэн боол зарлиг дагаж, Ляншаний урвасан хулгай нарыг барих хэмээн очоод, гурван удаа байлдаж автагдаад, аргагүй гурван жанжин Пэн Чи, Лин Жэнь, Хань Тао нараа баригдуулаад, улсын их цэргээс заримыг нь алуулж, заримыг нь амьдаар бариулан аргагүй гагцаар гарч ирэв. Үүнд хааны шагнаж хайрласан хар морины хамт Дунжинд буцах арга үгүй, энд ирж, эрхэм ноён танд бараалхаж, эл учраа айлтгахаар явж, энэ хотын гадна нэгэн дяньд хоносон билээ. Гэтэл өчүүхэн хүний унаж явсан морийг Тао Хуашань хэмээх уулын Ли Жүн, Жоутун хэмээх хоёр хулгай хулган авч явав.
Тиймийн тул, тэнгэр мэт ноёноос цэрэг гуйж, энэ уулны урвасан дээрэмчнийг барьж хүй тэмтрээд, морио олж авъя хэмээн ирэв хэмээсэнд Мурун зифү маш баярлан ийн өгүүлрүүн: - Мэргэн дүү чиний баатар чадал нь нэн их. Арга буюу Ляншаний урвасан хулгай Сүн, Чао нарын бүгд жар илүү сайн эрс гэнэм. Гагцхүү чиний төдий гурав дөрвөн жанжин, хэдэн мянган цэрэг яахин тэдэн лугаа байлдмуй. Хуучин үгэнд дайнд байлдах нь дийлэх, дийлэгдэх ёстой тул, богд эзэн яахин чамд буруу өгч ял хийх аж. Эдүгээ чи энд нэгэнт ирсэн тул, энэ Тао Хуашаний урвасан дээрэмчнийг арилгаж, эрдэнийн морио олж авагтун. Түүний сүүлд Арь Луншань, Бай Хушань хэмээх хоёр уулны урвасан хэдэн баатар эрсийг мөн цэрэглэн очиж үндэс үүрийг ухаж арилгаад, гавъяа байгуулсан хойно би чамайг эл учрыг гаргаж дээд эзэнд мэдүүлж, газар орны их жанжин цэргийг бүгд дайчилж, дахин Лян Шаньд илгээж, тэдгээр урвасан хулгайг барьж өсөө авах цаг болмуй хэмээсэнд Хү Яньжуо даруй хишигт мөргөж дээш босоод ёслон, хамт нэг байшинд орж, будаа идэж архи уув. Тэндээс тэр Мурун зифү Хү Яньжуогийн дээл хувцсыг сольж өгөөд унтуулав.
Маргааш нь Хү Яньжуо даруй морио олж авахыг бодож дахин зифү Мурунд сөгдөн цэрэг гуйв. Үүнд Зифү Мурун харъяат хотны цэргээс шилдэг хоёр мянган цэрэг гаргаж Хү Яньжуод өгөөд, бас Хү Яньжуод унах морь өгч, даруй цэрэглэн хотоос гарч Тао Хуаншань хэмээх уулын дэргэд ирэв. Үүнд тэр уулын хоёр дээрэмчин Хү Яньжуогийн морийг хулган авчраад өдөр бүр унаж, үнэхээр шидтэйг мэдэж, маш баярлан найр хурим бэлтгэж байтал, нэг цэргийн хүн орж ийн мэдүүлрүүн: - Эдүгээ уулны доор Циньжоугийн цэрэг ирэв хэмээсэнд хоёрдугаар дарга Жоутун ийн өгүүлрүүн: - Тэд нар ирсэн бөгөөс би очиж буцаамуй. Ах чи бүү хөдлөгтүн хэмээн хоёр зуун цэрэг авч, хуяг дуулгаа өмсч даруй уулнаас бууж ирсэнд Хү Яньжуо ийн өгүүлрүүн: - Өчүүхэн ууланд урвасан хулгай чи ямар аймшиггүй их жанжин Хү Яньжуо хэмээх эрлэгийн морийг хулган авчрав. Чи эдүгээ ялаа хүлээж, мориноос бууж, хүлээсээ торгуулж авагтун хэмээсэнд Жуотун уур нь маш хүрч, үг дуугүй дайран ирсэнд Хү Яньжуо тосч хоёул арван хэдэн удаа байлдсанд Жуотунгийн хүчин мохож уулын зүг дутаав. Үүнд Хү Яньжуо хойноос хөөх хэмээсэнд олон цэрэг хориглон өгүүлрүүн: - Жанжин бүү яарагтун. Энэ муу увдис байх магадгүй. Хэрвээ муу арга хэрэглэвээс автагдах магад хэмээсэнд Хү Яньжуо аргагүй тэдний хориглосон үгийг дагаж, даруй хөөсөнгүй, тэр уулын доор хороо байгуулан суув.
Тэндээс энэ Жуотун уулнаа зугтан харьж, энэ Хү Яньжуо жанжны чадал эрдмийг Ли Жүнд хэлсэнд, Ли Жүн маш айж, ийн өгүүлрүүн: - Энэ хүн ийм чадалтай бөгөөс бид хэрхэвч дийлэхгүй. Тиймийн тул, сонсвоос Арь Луншань хэмээх ууланд Хуа хуушаан Лү Жишэнь, бас шинэ нэмэгдсэн Үсүн хэмээх баатар, мөн Ян Жихэмээх ийм гурван их баатар буй гэнэм. Тэр гурвыг залж, энэ хэргийг туслуулбаас хэрхэвч чадмуй хэмээсэнд Жоутун өгүүлрүүн: - Бид тэднэр лугаа огт танихгүй тул, яахин дуудаж авчирмуй? хэмээсэнд Ли Жүн өгүүлрүүн: - Гэмгүй. Би нэг бичиг хийж илгээсүгэй. Хэрвээ тэд нар бидний гуйсан ёсоор ирж тусалваас бид тэдний гарт боол болж, нөхөр болохоос гадна басхүү жил бүр алба өгөх, бэлэг хүргэсээр байх тэргүүтнээр нөхөрлөмүй хэмээв. Үүнд Ли Жүн даруй нэгэн бичиг бичиж Арь Луншань хэмээх ууланд илгээв.
Тэндээс хоёр цэрэг явж Арь Луншань хэмээх ууланд очиж, “Баожүсы” сүмд хүрч, хаалга сахисан цэргийн ардад Тао Хуаншань хэмээх уулаас Лижүн, Жуотун хоёрын захиагаар ирсэн ба бичиг хүргэж ирснийг хэлсэнд, тэр хаалга сахигч хүн захиаг авч Ү Сүн, Хуа хуушаан, Ян Жинарт хүргэв. Энэ Арь Луншань хэмээх ууланд бүгд байх нь долоон сайн эр буй. Бусад дөрөв нь Ши Энь, Цаожэн, Жан Чинь, Сүнь Эрнян эр эм хоёр. Энэ хоёр нь хүний махаар мантуу хийж худалдаж байсан хүн. Лү Жишэнь хэмээх хуушаан Ү Сүн нар цөм таних тул эднийг дуудуулж, энэ Арь Луншаньд урважухуй. Иймийн тул Цаожэн бичиг захиаг авч, тэр хоёр цэргийг гадна хүлээлгэж, дотогш орж Хуажи хуушаанд өгөв. Үзвээс бичгийн үг нь: - Эрхэм баатар ах нарын амрыг эрэхээс гадна өчүүхэн хоёр дүү урьд Хуа хуушаан ахыг Ү Тайшань уулнаас гарч Арь Луншаньд ирэх цагт мунхаг санааны эрхээр бага эсэргүүцсэн боловч, эдүгээ эр хүн өс хадгалах сэтгэл үгүй дээр, ямагт манай ууланд урвасан сайн эрс бие биеэ хамгаалах нь энгийн хэрэг бөгөөд, үүнд гуйх нь” Өчүүхэн хүний суусан Тао Хуа шань хэмээх уулыг эвдэх ба биднийг бүрэлгэх дээр Циньжоугийн цэрэг ирж уулыг тойрон авснаас гадна бас тэдний хэлэх нь: Угаас Дунжингийн цэргээс Лян Шаньд оргосон Сүн Жян нарыг барихаар гарсан жанжин Хү Яньжуо хэмээх хүн энд ирж, Циньжоугийн цэргийг хөдөлгөж, манай Тао Хуашань ба Арь Луншань, Бай Хушань ийм гурван уулыг эвдэх хэмээн амандаа хараамуй. Иймийн тул аргагүй манай хоёр дарга биднийг илгээж, таныг залуулав хэмээсэнд Хуа хуушаан өгүүлрүүн: - Зүй нь очвоос зохих бөлгөө. Учир юу хэмээвээс өөрийн минь биеийг Ү Тайшаниас гарч энд ирэх тухайд Тао Хуашанийг Ли Жүн, Жуотун хэмээх хоёр жанжин намайг бага үзэж над лугаа байлдсанд, тэд миний хүчин чадалд үл хүрэх тул, аргагүй миний санаа дагаж бага алт мөнгө барьж өгсөнд, би түүнийг авч ирсэн. Бид өөр өөрийн сахисан уулыг тус тус харгалзан байваас зохимуй. Манд юуны хамаа хэмээсэнд Ү Сүн өгүүлрүүн: - Энэ үгэнд учир буй. Тэр Ляншанийг эвдэх хэмээсэн нь үнэхээр түмэн их хол. Харин манай журамт ах Сүн Жян нар цөм тэнд буй тул, бид эднийг энд эс арилгаваас үл болмуй хэмээсэнд Хуа хуушаан Лү Жишэнь аргагүй Ү Сүнгийн үгнээс давсангүй, Тао Хуашаньд очихоор хариу илгээв. Удсангүй тэр хоёр цэргийн хүн Тао Хуашань ууландаа гарч ирээд, тэдний ирэх мэдээг хүргэв.
Тэндээс Ү Сүн, Хуа хуушаан Лү Жишэнь, Ян Жинарын гурван хүн хэдэн зуун цэрэг авч, Арь Луншань уулнаас бууж, Тао Хуашань уулын зүг ирэв.
Хү Яньжуо Лижүн байлдахаар уулын хажууд Жуотунг хүлээж эс дийлэхийг үзэгтүн хэмээв. Энэ Лижүн угаас Ху Яньжоугийн захиргааны хүн. Багаас цэргийн эрдэм сурсан баатар хүн тул, хүн бүр түүнд “Да Ху Зянь” хэмээх цол өгөв. Энэ Лижүн даруй уулнаас бууж Хү Яньжуо лугаа байлдсанд, Лижүн хэдий “Барсыг алагч” цолтой боловч Хү Яньжуог яахин дийлэх буюу. Тиймийн тул хорин хэдэн удаа байлдаж, Лижүн даруй хүч үл хүрсэнд ууландаа буцаж зугтав. Үүнд Хү Яньжуо түүний хойноос хөөж ууланд очсонд Лижүн даруй Жоутунг дуудаж бархирсанд Жоутун даруй ирж, нэг их чулуу авч хаясанд Хү Яньжуогийн толгойд туссан боловч дэмий гэм хор олсонгүй буцаж цэргийн хүрээлэндээ ирсэнд, Хү Яньжуогийн цэрэг зэргээр их бархиралдан байхад, Хү Яньжуо өгүүлрүүн: - Тан нар яахин ийм их дуу гарган бархирав? хэмээсэнд тэдгээр цэрэг ийн өгүүлрүүн: - Баруун зүгээс их цэргийн бараа харагдаж тоос нь тэнгэр тулав хэмээхэд Хү Яньжуо үзвээс, үнэхээр их цэргийн тоос хөдөлж маш довтлон ирсэнд, Хү Яньжуо үзвээс тэр цэргийн тэргүүнд нэг мухар толгойтой хуушаан хүн, бие нь их бөгөөд нүд нь улаан, царай нь цагаан. Иймийн тул хуушаан ирж хараан өгүүлрүүн: - Ляншаний сайн эр лугаа байлдаж автагдсан муу хулгай чи, харин тэндээс айж энд зугтан ирээд эдүгээ харин бидний гурван уулыг эвдэх хэмээн их үг хэлмүй. Чи ямар эрдэм чадал буй хэмээн тийнхүү гурван уулыг барьж хэлмүй? хэмээн, Хү Яньжуо лугаа тавин удаа байлдаж хэн хэнээ дийлсэнгүй, хоёр талын цэрэг харангаа дэлдэж цэргээ хураав. Үүнд Хү Яньжуо бас байлдах хэмээн гарч, Хуа хуушааны цэргийн харуулд мэдээ хүргэсэнд, Хуа хуушаан гарч ирэх хэмээтэл Ян Жиөгүүлрүүн: - Эрхэм ах чи баахан амарч байгтун. Би гарч энэ нохойн зулзагыг барих хэмээсэнд Хуа хуушаан “Хичээгтүн” хэмээн захиж. Ян Жигарч ирээд Хү Яньжуо лугаа хэдэн удаа байлдаж мөн хэн хэнээ дийлсэнгүй, хоёр тийш салав. Үүнд Ян Жицэргийн хүрээлэндээ очиж Х у Яньжуогийн хүчтэйг мэдэж, Хуа хуушаан, Ү Сүн хоёр магтан байв.
Тэндээс энэ гурав “Эдүгээ энд хүрээлэн байгуулж болохгүй.Хү Яньжуогийн цэргийн хорооноос алсласан хорин газар цэргээ жагсаан байлдваас зохимуй хэмээгээд шилжиж өөр газар хүрээлэн байгуулж суув. Үүнд Хү Яньжуо арга үгүй болж дотроо ийн сэтгэрүүн: - Эдүгээ энд ирж энэ хулгай нарын үүрийг ухаж арилгах хэмээсэн билээ. Одоо үзвээс та нар хэн хэн нь миний цэргийн эрдмээс илүү, ер түмэн зүйл арга хэрэглэж, хүч гаргаж ер тус үгүй. Харин миний хүч нь цааснаас нимгэн болов хэмээн маш их зовон байтал Цинжоугийн Зифү ноён Мурунаас нэг бичиг довтлон ирэв. Үзвээс бичгийн үг нь: - Жанжин Хү Яньжуо даруй түргэн цэргээ авч хотод ирж хамгаалах цаг болов.
Сонсвол Бай Хушань хэмээх уулын Кунмин, Күн Лян нар ирж, Цинжоуг булаах гэнэм хэмээсэнд, Хү Яньжуо даруй их цэргээ авч өдөр шөнөгүй явж Цинжоуд хүрч ирж. Тэндээс Хуа хуушаан нар маргааш нь Хү Яньжуо лугаа байлдах хэмээн ирсэнд Хү Яньжуогийн цэргийн хүрээлэн бүрмөсөн үгүйд маш их сэжиглэн, даруй Тао Хуашань ууланд гарч, Лижүн, Жоутун хоёр лугаа учирч, энэ Хү Яньжуогийн цэрэг гэнэт үгүй болов хэмээн хэлэлцэн даруй нэг тагнуулч илгээж үзүүлэв. Тэндээс тэр таван хүн Тао Хуашань ууланд баяр хийж, үхэр хонь алж, ширээ засаж хурим бэлтгэв. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь: Хү Яньжуо даруй Цинжоуд хүрч үзвээс, Бай Хушаний цэрэг ирж хотын ойр хүрээлэн засав. Энэ Күн Мин, Күн Лян уг нутагтаа байх цагт нэг айлыг хүй тэмтрэн алаад Бай Луншань хэмээх ууланд урвасан бөлгөө. Үүний эцэг Күн Тайгүнгийн дүү Күн овгийн нэг хүн Цинжоу хотод байсанд түүнийг Мурун зифү барьж гянданд хорьсон учирт, түүний амийг гаргаж авах хэмээн Күн Мин, Күнлян хоёр Хү Яньжуо лугаа байлдсанд Хү Яньжуогийн хүчийг яахин дийлмүй. Тэндээс Хү Яньжуо Күн Минг даруй амьдаар барьж аваад хэрмийн дотор авчирсанд Мурун, зифү хэрэм дээрээс харж, маш баярлан ийн өгүүлрүүн: - Хү Яньжуо жанжин чи бушуу явж тэр Күнлянийг цэргийн хамт барьж авчрагтун хэмээн тушаагаад, баригдсан Күн Миний хүзүүнд нэгэн их дөнгө өмсгөж, төмөр хадаасаар хадаад, гянданд бага авга Күнбинийн хамт гянданд хорив.
Тэндээс Цинжоугийн зифү Мурун маш их баярлан даруй Күнлянийг хөөхийг зогсоож, даруй Хү Яньжуог дуудаж, хэрмийн хаалгыг нээж дотор оруулаад, ёс ёсолж, ширээ засаж архи барьсанд, Хү Яньжуо хүлээн авч хишигт мөргөсний хойно зифү Мурун ийн өгүүлрүүн: - Мэргэн дүү энэ Тао Хуашаний Ли, Ү хоёрын чадал бага, сургасан нь намайг үл гуйцмүй. Гагцхүү байлдсангүй хэд хоносны хойно Арь Луншань ууланд урвасан хулгай Хуа хуушаан Лү Жишэнь хэмээх нэг мухар толгойт, бас нэг хөх нүүртэй сайн эр хэдэн хүн ирж гэнэт над лугаа Таао Хуашаний Ү, Ли хоёр овгийн хулгайг хамгаалж байлдсан нь, тэдгээр хоёр лугаа хэдэн удаа зөрөлдөж үзвээс үнэхээр маш хэцүү цэргийн эрдэм сурсан нь онц гарамгай дээр басхүү үзвээс тэдэнд мөн ч шид буй байх хэмээн санаж байтал харин хулгай зифү та намайг залж дуудуулав. Тэд нь энгийн урвасан хулгай лугаа адил бус.
Би тэднийг алганд атган авч барих хэмээсэн билээ. Харин зол тохиолдож арайхийн гарч ирэв хэмээсэнд зифү Мурун өгүүлрүүн: - Энэ Арь Луншань ууланд урвасан нэг их Хуа хуушаан Лү Жишэнь хэмээгч мухар толгой нь угаас Ян Аньфү хотын цэрэг захирч байсан Лү Да хэмээн өргөмжлөн байсан хүн. Бас нэг хөх нүүртэй нь уг нутаг Дунжинд. Мөн цэрэг захирч байгаад эрдэм боловсорсон. “Цин Миншү” хэмээх “Хөх нүүрт барс”цолтой. Нэр нь Ян Жихэмээмүй. Бас нэг сайн эр буй. Тэр нь Мэнжоу хотод нутагтай Ү Сүн хэмээмүй. Үүний чадал нь маш хэцүү бэрх. Жэнь Янган хэмээх ууланд догшин барс алсан чадал нь гайхамшигтай эр. Энэ гурав Арь Луншань хэмээх ууланд урваж ямагт хүний юмыг дээрэмдэн булаамуй. Басхүү хүнийг алсан нь маш олон. Иймийн тул би албаны жанжин цэрэг гаргаж тэд нарыг бариулахаар илгээсэн боловч ер баригдах байтугай харин хэдэн сайн жанжныхаа амийг алдав хэмээн хэлсэнд Хү Яньжуо дэмий архины бардмаар ийн өгүүлрүүн: - Өчүүхэн би энд байсан цагт энэ гурван уулын урвасан хулгай Ү,Ли,Хуа хуушаан, Ян Ү, Күн Мин, Күнлян нарыг цөм амьдаар барихаас гадна тэд нарын дагуулан явах цэргийг цөм үнсэн товрог болгохоос гадна басхүү танд урьдын алдсан хэдэн жанжны өсийг хариулан авах хэмээн хэлсэнд Мурун зифү маш баярлан басхүү хэдэн хундага архи хийж барьсанд Хү Яньжуо ийн өгүүлрүүн: - Мэргэн ах ноён мунхаг дүү жанжинд дэмий л их хишиг хайрлан яахийм. Эдүгээ гүйцэв. Би хүч өргөж тэднийг бариад танд хүргэж авчирваас барав хэмээн айлтгав. Үүнийг үл өгүүлмү.
Өгүүлэх нь:Күнлян ах Күн Мингээ Хү Яньжуод амьд бариулаад, өөрөө арайхийн зугтан явж, нэгэн уулын хажууд байтал түүний чанад этгээдээс их хэнгэрэг харанга цохиж их цэрэг гарч ирэв. Үүнийг Күнлян үзээд маш их айж байтал тэр цэрэг нэн ойр болсонд Күнлян аргагүй тэд нарын өмнөөс очиж байлдах хэмээн явтал тэр нь харин Ү Сүн, Лү Жишэнь, Ян Жинар бөлгөө. Үүнд Күнлян даруй мориноос бууж тэд нарын өмнө сөгдөж ийн өгүүлрүүн: - Өчүүхэн дүү би Хуашань хэмээх ууланд ах Күн Мингийн хамт хэдэн зуун цэрэгтэй урвасан билээ. Үүнд энэ Цинжоугийн Мурун зифү миний ураг Күнбинг урьд гянданд хорьж зовоон бүхүй тул, би ах лугаа хавсран байлдаад ургийн Күнбинг булаан авах билээ гэтэл Хү Яньжуо хэмээх нэгэн маш сүрхий жанжин гарч бидэн лугаа байлдах. Ах Күн Минг барьж, их дөнгө өмсгөж мөн гянданд хорив. Иймийн тул мунхаг дүү би эсэргүүцэн чадсангүй зугтан энд ирэв хэмээн мөргөсөнд Ү Сүн дээш босгож ийн өгүүлрүүн: - Мэргэн дүү чи энэ хэрэгт бүү зовогтун. Арь Луншаниас Тао Хуашаний Ү, Ли хоёрын төлөөнөө байлдахаар Цинжоугийн Хү Яньжуо хэмээх жанжинтай хэдэн удаа байлдсан. Тэр урваж зугтан хаана очсоныг үл мэдэн байтал харин Цинжоуд очиж харин та нар лугаа байлдах буюу.
Иймийн тул бид энэ Хү Яньжуог байлдах нь энгийн хэрэг. Гагцхүү манай Арь Луншаний сайн эрс Лү Жишэнь хэмээх хуушаан, Ян Жихэмээх Хөх нүүрт барс, басхүү бидний доор сайн эрс дөрөв буй. Тиймийн тул бид бүгдээр хамтарч энэ Цинжоуг эвдэхээс гадна Хү Яньжуог барьж авах хэмээн өгүүлсэнд, энэ үгийг Күнлян сонсоод маш баярлан даруй Ү Сүнийг дуудаж Тао Хуашань хэмээх ууланд очив. Тэндээс энэ бүгдээр ширээ засаж хурим хийсний хойно Тао Хуашаний Лижүн, Жү Да хоёр Ү Сүн, Хуа хуушаан, Лү Жишэнь, Ян Жинарын гурван хүнд ийн өгүүлрүүн: - Бид энэ Ху Янжуогийн эрдэм бүтсэн нэгэн морийг булаан авав. Тэр морь нь хав хар зүстэй бөгөөд бас дөрвөн туурай нь цав цагаан, нэг өдөр мянган газар явах чадалтай тийм нэг сайн морь хэмээн өгүүлсэнд Лү Жишэнь нар өгүүлрүүн: - Тийм бөгөөс тэр морийг над өгөгтүн хэмээсэнд тэр хар морийг Жү Түн гаргаж тэдэнд бэлэг болгон өгөв. Үүнд Ү Сүн өгүүлрүүн: - Бид эдүгээ энд сууж яахийм. Даруй Арь Луншань ууландаа очиж, буй бүхүй цэрэг ба сайн эрсийг цөм дагуулан ирж, энэ Хү Яньжуог барихаас гадна, Цинжоуг эвдэх аргыг зөвлөе. Энэ Цинжоуг эвдэхэд тийм амаргүй. Энэ Цинжоу хот болбоос угаас байгуулсан нь маш бэрх дээр хэрэм нь цөм тоосго, шавраар бүтээжүхүй. Тиймийн тул амаргүй бөлгөө хэмээн цөм энэ үгийг дагаж Арь Луншаньд явав. Янжи, Ү Сүн, Хуа хуушаан нарын зэрэг сайн эрс Цинжоу хотыг яахин эвдэж бүрэлгэхийг хойд бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )