Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 10-наас зогсооно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 02

2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан. 

Мөн Монгол Улсын ᠎Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан. 

Үүнтэй холбогдуулан иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн түр зогсоож, сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээхийг мэдэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөр 2021 оны зургаадугаар сарын 9-ний өдөр зохион байгуулагдахтай холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх иргэдийн тоог энэ оны зургаадугаар сарын 5-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газраас эцэслэн гаргана. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top