Монголын Эмнести интернэшнл, Оюу толгойн хяналт, Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулсан “Хүний эрх хамгаалагч зоригтонг танилцуулья” хөрөг найрууллын уралдааны дүн гарчээ. Тус уралдааны шалгаруулалт сонин сайтын, радио подкастын гэсэн хоёр төрөлд явагдсан байна.
Сонины бүтээлийн төрөлд нэгдүгээр байрт чөлөөт сэтгүүлч Г.Дэлгэрцэцэг “Тод манлай тэмцэгч” бүтээлээрээ шалгарчээ. Харин хоёрдугаар байрт “Монголын Үнэн” сонины сэтгүүлч Г.Нямсүрэн “Зорилготой, зоригтой хамгаалагч” бүтээлээрээ, гуравдугаар байрт “Өглөөний сонин”-ы сэтгүүлч С.Өлзийбаяр “Ямхины Авирмэд буюу ямархан зоригтон болохын тухайд” хөрөг найрууллаараа тус тус шалгарчээ.
Тусгай байруудад “Монголын үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэн “Зүрх цэнэглэгч”, чөлөөт сэтгүүлч Ц.Чойжамц “Т хэмээгч буюу нэргүй хөрөг” бүтээлээрээ тус, тус тодорсон байна.
Радио, подкастын төрөлд сэтгүүлч Г.Ариунчулуун “Сэтгүүлч төгс, төвийг сахигч байх ёстой” бүтээлээрээ нэгдүгээр байр, сэтгүүлч З.Энхбаяр “Манай бороо оруулдаг Сүмбээгийн зочилдог шидэт агуйг хамгаалсан хүний түүхийг сонсоорой” бүтээлээрээ хоёрдугаар байр, сэтгүүлч С.Шинэсар “Хүүхэд яагаад хамгаалагдах эрхтэй вэ” бүтээлээрээ гуравдугаар байранд шалгарчээ.
Мөн сэтгүүлч Г.Анхбаяр “Залуу хүний эрх хамгаалагч Н.Золзаяа” бүтээлээрээ, сэтгүүлч Д.Батцэцэг “Хүний эрхийн төлөөх үйлс чин сэтгэлээс эхтэй” бүтээлээрээ тус, тус тусгай байр эзэлжээ.
Уралдааны талаар Монголын "Эмнести Интернэшнл"-ийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа өгүүлэхдээ “Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд хүний эрх хамгаалагчдын оруулж буй хувь нэмэр их. Шударга бус явдал, ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчил, бусдыг ад зэтгэр мэт буруутгах үзэлтэй үл эвлэрдэгээс өнөөдөр хүний эрх хамгаалагчдын үг хэлэх эрх чөлөөнд халдаж байна. Хоосон амлалтаар хүний эрхийг арилжиж байгаа этгээдүүдтэй зоригтой тэмцэж чадах хүмүүс юу юунаас илүү эрхэм. Бид хамтдаа өөрчлөлт авчирч чадах эр зоригийг дэмжиж, Монголын хүний эрх хамгаалагчид юуны төлөө тэмцэж, тэдэнд ямар бэрхшээл сорил тулгардаг, тэд ямар үнэт зүйлийн төлөө эрсдлийг үл харгалзан тэмцлээ өрнүүлж байгааг таниулахын тулд энэ хөрөг нийтлэлийн уралдааныг зохион байгуулсан юм” гэв.
Сэтгэгдэл ( 3 )
Амжилт хүсье.
Монголынтэмнести интернешнл тун тааруухан ажиллах юмаа Хунийиэрхийн олон олон зорчил гарч байхад таг байдаг
Ганц Анхбаяр л хуний эрхийн. Толоо тэмцэгчийн нэрийг бичжээ Бусад сэтгуулчид оорсдийгоо л алдаршуулсан бололтой