Дэлхийн улс орнуудын Засгийн газрын хэрэгжүүлж буй шинэ санаачилга, засаглалын кейсүүдийг сонирхолтой байдлаар бэлтгэн хүргэдэг “GovInsider” цахим сэтгүүл Монгол Улс болон Бенин улс цахим шилжилт хийж байгааг онцолжээ. Засаглалдаа нэвтрүүлсэн санаачилгыг онцолсон нийтлэлийг уншигч танд бүрэн эхээр нь хүргэе.
Монгол ба Бенинд адилтгах зүйл маш бага мэт санагдаж магадгүй. Баруун Африкын Бенин улс нь газар нутгийн хувьд жижиг түүнийгээ дагаад хүн амын нягтрал маш их. Харин Төв Азийн Монгол бол газар нутгийн хувьд өргөн уудам ч хүн амын нягтрал маш бага улс. Адилтгах юм багатай мэт дээрх хоёр улсын ард иргэд ижил тавилан туулж байгаа. Монгол ч, Бенинийн ч ард иргэд 2020 оноос төрийн байгууллагуудын үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон юм.
Бенин улсын Засгийн газар 2020 оны гуравдугаар сард төрийн үйлчилгээг цахимаар тэгш хүртээх зорилгоор “Төрийн үйлчилгээ” гэх цахим хуудас нээжээ. Төрөөс шаарддаг 70 төрлийн бичиг баримтыг дээрх цахим хуудсаас авдаг аж. Иргэний үнэмлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг зайлшгүй төрийн байгууллагуудын хаалга манадаг байсан зөвшөөрөл, баримт бичгүүдийг энэ цахим хуудас хүргэж эхэлжээ.
Цаашдаа төрийн бүх байгууллагуудыг энэ цахим хуудаст нэгтгэн 500 гаруй төрлийн зөвшөөрөл, баримт бичгийг авч болдог болох зорилго тавьсан байна. Түүгээр ч үл барам төрийн өмчийн их, дээд сургуулиудын хичээлийг цахим болгохоор төлөвлөсөн бөгөөд улсын шалгалтыг ч цахимаар авах боломж бүрдүүлж байгаа аж.
Монгол Улсын Засгийн газар мөн адил “Цахим засаглал” гэх хөтөлбөр дэвшүүлэн, ухаалаг утасны “e-Mongolia” аппликейшн бий болгосон бөгөөд төрийн 181 үйлчилгээг иргэдэд хүргэдэг болжээ. “e-Mongolia” аппликейшн ашиглалтад орсон эхний таван сард 700 мянган хүн хандсан нь нийт хүн амынх нь 35 хувьтай дүйж байгаа юм. Коронавируст цар тахлын бэрх цаг улс орны Засгийн газрууд төрийн үйлчилгээг цахим болгоход таатай нөхцөл бүрдүүлж байна. Энэхүү нийтлэлээр уншигч та бүхэнд дээрх хоёр улс энэ амжилтад хэрхэн хүрсэн, цахимд шилжиж чадсан бахдам түүхийг өгүүлэх болно.
Гардан хариуцагчид хийгээд улс төрийн дэмжлэг
Бенин улсын Ерөнхийлөгч Патрис Талон 2016 оноос төрийн үйлчилгээг цахим болгох зорилт тавьж “Бениний шинэ хөгжил” хөтөлбөрт тусгажээ. Тав, таван жилээр хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд цахим хөгжил дээр суурилсан ухаалаг засаглал гэх ерөнхий томъёолол бий. Бенинийг хөгжлөө цахимаар зураглаж байх хооронд Монгол Улс мөнхүү бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Өдгөө 40 гаруйхан настай Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ цахим үндэстэн бий болгох зорилт тавьж, хөгжлийн тэргүүлэх зорилтын нэг гэж зарлаад байна.
Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд дан ганц улс төрийн дэмжлэг хангалтгүй юм. Цахим шилжилтийг гардан хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй. Монгол, Бенинд хэрэгжиж эхэлж буй энэ том бодлогыг эмэгтэйчүүд манлайлан ажиллаж байна. Бенинд Аурел Адам Суле Зумару удирдаж байгаа бол, Монголд Б.Болор-Эрдэнэ цахим шилжилтийг түүчээлж байгаа авторууд. Бениний Ерөнхийлөгч Патрис Талон 2017 онд Цахимжуулалт, цахим харилцааны сайдаар Аврел Зумаруг томилжээ. Томилогдсоноосоо хойш цахим шилжилтийн дэд бүтцийг бий болгоход гарааны компаниудыг дайчлан, хэрхэн оролцсоныг нь харгалзан татаас, татварын хөнгөлөлт үзүүлж эхэлсэн байна. Монголын цахим шилжилтийг толгойлж буй Б.Болор-Эрдэнэ 2020 оны долоодугаар сард Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын даргаар томилогдсон. Өдгөө 27 настай тэрээр энэ албыг хашсан хамгийн залуу хүн юм. Томилогдсоноос хойш гурван сарын дотор “e-Mongolia” платформыг бий болгосон байна.
Хүчтэй салбар агентлагууд
Монгол, Бенин улсын кейсийг харахад цахим шилжилтийг гардан гүйцэтгэж буй салбар агентлагуудад эрх мэдэл, хүч олгожээ. Өөрчлөлтийг тэд л хийх учраас ийнхүү хүч өгсөн хэрэг. Бенин улсад цахим шилжилтийг Харилцаа холбооны газар нь удирдаж голлох хөтөлбөрүүдийг тус агентлаг хариуцаж буй. Улмаар Цахим харилцааны яам нь бодлогын хэрэгжилтийг зангидан, шаардагдах төсвийг гаргуулдаг ажээ. Ерөнхийлөгчийн зүгээс хэрэгжүүлэгч агентлаг болгон төсөл хэрэгжүүлэх хүч өгсөн байна. Монголын хувьд цахим шилжилтийг мөн адил Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газар гардан гуйцэтгэж буй. Бодлогыг энэ байгууллага тодорхойлж, хэрэгжилтийг ч мөн адил тэд гардана. Тийм учраас тэд “e-Mongolia” хөтөлбөр боловсруулаад богино хугацаанд уг платформыг бий болгож чаджээ. Ганцхан баримт хэлэхэд тус байгууллага хүчтэй болохын үндэс нь Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг болгосонд оршиж байгаа юм.
Энэ хоёр улсыг ажиглаад байхад цахим шилжилтийг хариуцаж буй агентлагт эрх мэдлийн ч, хууль эрх зүйн ч асар их боломжийг олгожээ. Учир нь цахим шилжилтийг хийхэд мэргэжлийн байгууллагуудын үүрэг оролцоо асар их учраас тэр.
Одоо байгаа нөөц боломж
Монгол, Бенин улсууд коронавируст цар тахлын хямралыг хүлээлгүй цахим шилжилтийн хөтөлбөрөө гараанаас гаргаснаараа онцлог. Дээрх хоёр улс 2020 оноос төрийн үйлчилгээг цахим болгох эхний ажлаа ажил хэрэг болгож, хөрсөн дээр буулгасан. Хөрсөн дээр буулгасан ганцхан платформоос гадна дээрх хоёр улсын иргэд цахим шилжилт гэдэг зүйл чухам юу вэ гэдгийг эртнээс танин мэдсэн. Үүнтэй адил төстэй үйл ажиллагаа явуулдаг хувийн олон компани байдаг гэдгийг дурдах нь зүйтэй.
Бенин улсын тухайд 2016 оноос эхлэн алслагдсан мужуудыг интернетэд холбох ажлыг эхлүүлжээ. Энэ улсад интернетийн хэвийн урсгалыг хянах 40 хяналтын станц байгуулсан байна. Иймийн тул алслагдсан мужуудын төрийн байгууллагуудыг компьютероор хангах, иргэдэд интернет хэрэглэх боломж олгохоор төсөл боловсруулж одоо ч хэрэгжүүлж байгаа. Монгол Улсад ч мөн адил интернетийн сүлжээгээр холбох ажил 2016 оны эхнээс л эхэлсэн. Кабинетийнх нь бүх сайд нар мэдээлэл холбооны “X-Road” сүлжээнд холбогджээ. Түүгээрч үл барам 21 аймгийг интернет сүлжээнд холбох ажлыг тус улсын харилцаа холбооны хувийн компаниуд гардан гүйцэтгэсэн байгаа юм. Ингэснээр илүү хурдан хугацаанд тус улсын иргэд интернетэд холбогдсон. Цахим шилжилт хийхийн тулд дэд бүтэц нь асар их чухал. Монгол ч, Бенин ч мөн адил энэ асуудлыг эрт ухамсарсан цахим харилцааны дэд бүтцийг эртнээс хөгжүүлж ирсэн байна.
Хувийн хэвшил болон иргэдийн ойлголцол
Монгол, Бенин улсад хувийн хэвшил нь иргэдтэйгээ хамтран ажиллахын ач холбогдлыг аль эрт танин мэджээ. Бенин улс 2020 оны аравдугаар сард улс орон даяар хэрэгжих цахим төлбөр тооцооны системийг албан ёсоорр мөрдөх болсон. Үүнийг банк, санхүүгийн салбарын хувийн компаниуд гардан гүйцэтгэсэн аж. Ингэснээр төрийн байгууллагууд ч ард иргэдийнхээ нөхцөл байдалтай уялдуулан цахим шилжилтийн ач холбогдлыг танин мэдсэн гэж дүгнэж болох юм. Коронавируст цар тахал дэгдэж эхэлснээс хойш цахим шилжилтийг улам төгөлдөржүүлэх бодлогыг Бенин улсын Засгийн газар барьж төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийг цахим шилжилтийн хөтөлбөрүүдэд татан оролцуулах болжээ. Ковидын хямралыг хиймэл оюун ухаан ашиглан нийт өвчлөгсдийн тоог тогтоох, эдгэрэлтийг тооцох механизм бүрдүүлж “Ковидын хямралыг даван туулах инновацын шуурхай нэгж” гээчийг бий болгосон байна.
Монгол Улсын хувьд цахим шилжилтийг танихгүй хүн шиг хүлээж аваагүй. Хувийн компаниудын ачаар цахим төлбөр тооцоо, ухаалаг банк зэрэг ойлголтыг бараг 10 гаруй жилийн өмнөөс ойлгожээ. Үүн дээрээ түшиглэн Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын боловсруулсан “e-Mongolia” платформ хурдан хугацаанд түмэнд хүрсэн. Иргэд төрийн үйлчилгээ авахын тулд олон цагаар дугаарладгыг болиулж зөвшөөрөл, албан бичгийг энэ платформоор олгодог болжээ. Платформыг бий болгохоос аваад системийн хөгжүүлэлт хийж байхдаа ч тус байгууллага иргэдээсээ санал, шүүмжлэл авсаар байсан гэдгийг дурдах нь зүй. “e-Mongolia” гэх платформ дээр одоо байгаа 28 төрийн байгууллагуудын оролцогч талуудыг, систем хөгжүүлж байгаа компанитай уялдуулан төслийн дотоод зохицуулалтын нэгж гээчийг байгуулсан байна. Ингэснээр платформ илүү ойлгомжтой, хурдан хугацаанд түгэх боломж бий болжээ.
2020: Цахим шилжилт өгөөжөө өгсөн жил
Монгол, Бенин улсад өнгөрсөн онд эхэлсэн цахим шилжилт өгөөжөө өгсөн жил байлаа. Олон жилийн бодлого, зорилт энэ бүх амжилтад хүрсэн. Төрийн залгамж чанараараа цахим шилжилтийг авч явж, улмаар зөв хүмүүсээр удирдуулах, цахим засаглалыг төлөвшүүлэхэд төрийн байгууллагуудыг татан оролцуулсан нь ийнхүү үр дүнгээ өгчээ. Түүнчлэн хувийн байгууллагуудад цахим дэд бүтэц бий болгох боломж олгож, олон нийттэй харилцах нэг урсгалтай суваг бий болгосныг ч онцлууштай. Цахим шилжилтийг хийх үндэс суурь бат бөх байсан гэж дээрх хоёр улсын кейсээс дүгнэж болно.
Бүс нутгийнх нь бусад улсуудтай харьцуулахад Монгол болон Бенин улсад коронавирусээс үүдсэн хямрал дээрх хоёр улсын цаашдын бодлогод тийм ч их нөлөө үзүүлсэнгүй. Учир нь тэд хаашаа чиглэх, аль замаар замнахаа хэдийнээ мэдэж байжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )