2021 онд дэлхий дахин коронавирусийн цар тахлаас үүдэлтэй хямралаас хурдан гарах боловч зарим улс эдийн засгийн хүндхэн байдлаас тийм ч хурдан хугацаанд гарахгүй гэдгийг “Bloomberg” агентлагийн шинжээчид анхааруулжээ. Тус агентлагийн шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлт 1960-аад оноос хойш түүхэн дээд хэмжээнд хүрч, 6.9 хувьтай тэнцэнэ гэж үзэж байна. Гэсэн хэдий ч вакцинжуулалтын хурд, вакцины хүртээмжээс шалтгаалан улс орон бүрийн эдийн засгийн сэргэлт харьцангуй өөр өөр байх бололтой.
Эдийн засаг нь аялал жуулчлалын салбараас хамаардаг улс орнуудын хувьд эдийн засгийн сэргэлт нь удаан хугацаанд үргэлжлэхээр байгаа юм. Эдийн засгийн сэргэлтэд нөлөөлж буй хамгийн чухал хүчин зүйлээр шинжээчид хүн амаа коронавирусийн вакцинжуулалтад хамруулж буй хурд болон мөнгөний бодлогыг нэрлэжээ.
Коронавирустэй тэмцэх илүү уян хатан бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор ОХУ-ын эдийн засаг амжилттай сэргэж байгаа бөгөөд мөн бусад улстай харьцуулахад цар тахлын улмаас учирсан хохирол бага байгааг “Bloomberg” агентлагийн шинжээчид өмнө нь онцолсон байна. Оросын эдийн засаг энэ оны дөрөвдүгээр улирал гэхэд хямралын өмнөх түвшинд эргэж ирнэ гэж тус агентлагийн шинжээчид тооцоолжээ.
Ийнхүү богино хугацаанд эдийн засаг нь сэргэхэд вакцинжуулалтын хурд болон газрын тосны үнэ өсөж байгаа нь нөлөөлсөн аж. ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн Нийгэм эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Алексей Зубец "Комсомольская правда" сонинд өгсөн ярилцлагадаа "2020 онд Оросын ДНБ маш бага, ердөө гурав гаруй хувиар л буурсан. Өндөр хөгжилтэй орнууд тэр тусмаа Европын эдийн засаг хүндхэн байгаа. Хүмүүсээ хамгаалаагүй, эдийн засгаа хаасан улс орон эдийн засгийн хувьд илүү их алдагдал хүлээж байна. Манайд нас баралтын түвшин болон халдварын тохиолдол буурч, эдийн засаг ч хэвийн болж байна. Оросуудын олонх нь эдийн засгаа хаахыг эсэргүүцэж байлаа. Ингээд Засгийн газар эдийн засгаа нээлттэй хэвээр үлдээсэн нь зөв байсан” хэмээн ярьжээ. Түүний өгүүлснээр, өнгөрсөн онтой харьцуулахад энэ жил ОХУ-ын ДНБ 4-4.5 хувиар өснө гэсэн хүлээлттэй байгаа аж. Түүнчлэн Зубец “ДНБ өссөнөөр өнгөрсөн жилийн алдагдлаа нөхөж, хоёр жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт өндөр гэж хэлэхээргүй ч урагшилсан гэхэд буруудахгүй” хэмээжээ. Өндөр хөгжилтэй орнууд дундаас АНУ эдийн засгаараа тэргүүлэх байраа сууриа авч үлдэх шинжтэй байгаа бол Франц, ХБНГУ, Япон, Их Британи зэрэг улсын эдийн засаг бусдаасаа удаан сэргэх, эдийн засгийн үзүүлэлтүүд нь агших бололтой. Харин хөгжиж буй орнуудаас БНХАУ цар тахлын дараа эдийн засаг нь хамгийн хурдан сэргэж, хөгжлөөрөө тэргүүлэх нь. Дэлхийн олон оронд эдийн засаг хүндэрсэн 2020 онд ч БНХАУ-ын эдийн засаг өссөн үзүүлэлттэй гарсан билээ. Түүнчлэн иргэдээ вакцинжуулж, хязгаарлалтаа зөөлрүүлснээр Европын холбооны эдийн засаг анх тооцоолж байснаас богино хугацаанд сэргэхээр байгаа аж. Евро бүсийн эдийн засаг 2020 онд 6.8 орчим хувиар буурсан бөгөөд 2021, 2022 онд дунджаар 3.8 хувиар өснө гэсэн таамаг байна. Европын холбооны гишүүн орнууд дотроос Латви, Литва, Люксембург, Польш зэрэг орны эдийн засаг энэ онд бүрэн сэргэхээр байгаа бол Финлянд, Швед Улсынх цар тахлаас өмнөх үедээ эргэн очиход ойрхон байгаа ажээ. Харин Герман, Франц, Бельги, Португаль, Дани, Мальта, Болгар, Унгар, Румын зэрэг орны эдийн засаг сэргэхэд нэлээд хугацаа шаардлагатай гэнэ. Үүний зэрэгцээ Испани, Грек, Итали зэрэг орны эдийн засаг өнгөрсөн онд тус бүр 11, 10, 8.8 хувиар буурсан тул сэргэхэд нэлээд хугацаа шаардлагатай гэнэ. Мөн Евро бүсэд инфляци 2020 онд 0.3 байсан бол 2021 онд 1.4 хувь болж өсөх төлөвтэй байна.
Цар тахлын улмаас дэлхийн өрийн хэмжээ өнгөрсөн оны эцэс гэхэд 277 их наяд ам.долларт хүрч дээд цэгтээ хүрсэн талаар Олон улсын санхүүгийн хүрээлэнгээс (IIF) мэдээлсэн билээ. Өндөр хөгжилтэй орнуудын өр гуравдугаар улиралд ДНБ-ийх нь 432 хувиас давсан нь 2019 оныхоос 50 хувиар өсчээ. АНУ-ын нийт өр энэ онд 80 их наяд ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оноос 10 орчим их наяд ам.доллароор өссөн үзүүлэлт аж. Харин Евро бүсийн хувьд өрийн хэмжээ 1.5 их наяд доллароор нэмэгдэж, 53 их наяд ам.долларт хүрсэн байна. Судалгаанаас харахад хөгжиж буй орнуудын өрийн хэмжээ ДНБ-ий 248 гаруй хувьтай тэнцжээ. Ливан, Хятад, Малайз, Турк зэрэг улсын хэмжээ хамгийн ихээр өссөн байна. Дэлхийн өр 277 ам.долларт хүрсэн нь 2016 оноос хойш бүртгэгдээгүй өндөр түвшинд тооцогдож байгаа аж.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )