ОЛОН ӨНГӨ: Халдвар авсан нэгнээ бүү хажиглаарай

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 09

Хүн гэдэг амьтны мөн чанар ч хэцүү юмаа даа. Хэн нэгнийгээ жаахан зовж шаналах цагт нь тэр чанараа таниулдаг нь бүр ч муухай. Сүүлийн өдрүүдэд халдварт өвчний тархалт өндөр байгааг ч хэлэх үү. коронагаар өвчилсөн нэгнийгээ хажиглах хандлага анзаарагдах. Халдвар хамгааллын утгаараа бол зайгаа барих нь зөв л дөө. Харин хажиглаж, элдэв янзаар хэлэх, тусашгүй зүйл тусчихсан мэтээр ярих нь дэндээд байх шиг. Монголчууд бид ярьдагдаа, “Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг” гэж. Ердөө л энэ. Ийм байхад нэгнийгээ халдвар авсных нь төлөө хажиглаж зэвүүцээд яахав.

Нийгэмд халдварт өвчин тархсан үед халдвараар өвчилсөн иргэдийг ялгаварлан гадуурхах нь цаашид тухайн иргэн өвчнөө нуух, эрүүл мэндийн үйлчилгээ авахаас татгалзах аюултай. Мөн эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг гэдгийг эмч нар хэлж буй: Саяхан нэг эмзэглэмээр мэдээ уншлаа. ЭМЯ-наас “Халдвар авсан иргэдийн 10 хувь нь утсаа салгаад алга болж байна” гэсэн. Энэ бол дээр дурьдсан нийгмийн ялгаварлан гадуурхалтаас үүдсэн хор уршиг. “Намайг халдвартай гэдгийг мэдчихвэл яана” гэсэн битүүхэн айдас нийтэд буй болсны илрэл. Ингэснээр халдварт өвчин улам л нууцын зэрэгт орж,тэр хэмжээгээрээ нөхцөл байдал хүндэрнэ. Иймээс халдвар авсан нэгнээ хажиглах биш харин ч дэмжиж тусалья. Байгаа газраас нь алба ажлаа амжуулах боломжийг нь олгоё. Угаасаа энэ өвчнийг хамтын хүчээр л даван туулна шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top