Монголын оюунлаг хэсгийнхний эчнээ танил Монголын Психотроникийн хүрээлэнгийн тэргүүн Б.Нямдэлэгтэй уулзлаа. 1999 онд байгуулагдсан Монголын Психотроникийн хүрээлэн хүний сэтгэхүйн эгэл бус чадварын уг шалтгааныг танин мэдэх, язгуур онолыг нь судлах, гоц чадвартай хүмүүсийг бүртгэх, олон нийтэд энэ талын мэдээлэл түгээх гэх мэт үйл ажиллагаа эрхэлдэг.
-Таны анзаарснаар Ковидоос үүдэлтэй хямрал Монголд яаж ажиглагдаж байна?
-Мэдээж цар тахлаас үүдэж, дэлхий даяар хямарч байна. Гэхдээ бусад улстай харьцуулахад Монголын стресс өвөрмөц онцлогтой. Ер нь хүн гэдэг амьтан чинь аар саар зөрчил, гажуудлаас илүүтэй шударга бус явдлыг тэвчдэггүй, язгуураасаа хүлээн зөвшөөрдөггүй. Ковид, хөл хорио, вакцинжуулалттай холбоотой асуудлууд дээр манай нийгмийн анги, давхаргын ялгаа хүчтэй ялгаран харагдаж байна. Асуудлыг ойлгож байгаа хэсэг байна. Ойлгодоггүй нь ч байна. Огт ойлгох хүсэлгүй, бэлэнчлэх сэтгэлгээгээр тоглолт хийж байгаа ашиг хонжоо хайгч бүлэглэлүүд байна.
Ийм нөхцөлд бодлогын хүрээнд нийгмийн сэтгэлзүйд тодорхой хэмжээний эерэг өөрчлөлтүүд өгөх нөлөөллийн байгууллага байх ёстой юм. Энэ ажлыг төрийн байгууллага хийж чадахгүй гэдэг нь харагдсан. Яагаад гэвэл манай төрийн байгууллагууд өөрсдөө асуудлынхаа эрэг шураг нь болоод, бодлого хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийнхээ түвшинд дандаа ар, өврийн хаалгаар, оновчтой биш боловсон хүчний шийдлүүдийг хийчихдэг. Төрийн байгууллагад зөв хандлагатай албан хаагч, дарга байлаа гэхэд тогтолцоо нь тэдгээр хүмүүсийг хавчаад юм хийлгэдэггүй. Тиймээс нийгэмд эерэг нөлөөлөл өгөх ажлыг хамгийн сайн хийх хүмүүс нь энгийн малчин, ажилчин, жирийн албан хаагч, үндэсний сэхээтнүүд, үндэсний хөрөнгөтнүүд, жижиг дунд бизнес эрхлэгчид. Эгэл жирийн амьдралыг хүмүүний амьдралын зөв оршихуй гэж хүлээж авсан энэ хэсэгт маш их хүч хуримтлагдсан байгаа. Энэ хэсэг л эрүүлээр сэтгэж чадаж байна. Нийгмийн ихэнх хэсэг сэтгэцийн эмгэгт нэрвэгджээ. Ялангуяа улс төрийн халуун тогоонд буруу аргын өрсөлдөөн тэмцэлдээнд явж байгаа хүмүүс өөрийн мэдэлгүйгээр сэтгэцийн гүн хямралд ороод, ковидоосоо илүү оюуны вируст автчихжээ. Тэдний хавсарсан өдөөлтүүд, хүмүүсийг давхар стрестүүлж байгаа юм болов уу гэж харж байна.
Урьд нь нийгэмд хандсан нөлөөллийн ажлууд хийж байсан хүний хувьд энэ асуудалд анхаарч, бие даасан Төрийн бус байгууллага, бүлэг, бүлэглэл бий болгож нэгдэн, давлагаалах цаг иржээ гэж бодож байгаа. Монголдоо элэгтэй “Датаком”-ын Энхбат, “Буян”-гийн Жаргалсайхан нар шиг Монголдоо олон жил амьдарсан, тодорхой хэмжээгээр аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн, улс төрд хутгалдаж орсон ч гэсэн авлигалаар мөнгөжөөгүй, өөрийнхөө амьдралыг бизнесээр залгуулъя гэсэн зөв зорилготой үндэсний бизнес эрхлэгчид л хөгжлийн чиг хандлагыг зөв томъёолж чадна. Түүнээс биш гадны хөрөнгө оруулалттай компани, ямар нэг ашиг сонирхлын зөрчилтэй бизнесийнхэн мөнгө л бодно уу гэхээс улс орон унах босох, гол ус ширгэх хатах, хүн ардын эрүүл мэнд муудах эсэхэд огт тоомжиргүй хандаж байна.
Өнөөдөр бүх л салбарт хоорондоо хагаралдаж тэмцэлдээд, Монголын Бага хаадын үеийн харанхуй үеийг санагдуулам байгаа. Түүхээсээ сургамж аваад, нийгэмдээ хандан эергээр нөлөөлөх давлагаанд нэгдэнэ үү гэж уриалмаар байна.
-Шуудхан хэлэхэд манай өнөөгийн нийгэмд гадаадынхныг шүтэх, харийг бишрэх хандлага хүчтэй байх шиг санагддаг...
-Энэ хандлага зөвхөн Монголд байгаа юм биш ээ. Хуучин посткоммунист орнуудад нийтлэг ажиглагдаж байгаа үзэгдэл. Социалист орнууд коммунизм байгуулах гэж хөөрөлхөж байгаад материаллаг талаа орхигдуулсан, гэтэл тэр хооронд хөрөнгөтөн улсууд хөгжөөд, тэрийгээ дагаад шинжлэх ухаан, техникийн салбар, нийгмийн харилцааны төлөвшил нь тогтворжсон. Тийм учраас посткоммунист орнуудын иргэдэд мөрөөдлийн төсөөлөл бий болсон. Өндөр хөгжилтэй орнууд руу тэмүүлсэн тэр хуйлрал одоо хүртэл үйлчилсээр л байна.
Өнөөдөр манай залуучуудын ихэнх бие нь энд ч, сэтгэхүй нь харь орны гудамж талбайд явж байна. Гадаадад явбал диваажинд очих юм шиг санадаг. Тийм болохоор “Монголоо сайхан болгоё” гэсэн уриа ерөөсөө сонсогдохгүй, тэрийг хүлээж авч чадахгүй байгаа нь харамсалтай. Эх нутагтаа амьдралынхаа хэв маяг, ажиллах бүтээх хувь хүнийхээ чадамжийг олж, төлөвшиж амжаагүй байж гадаадад гараад ялгаагүй шүү дээ. Энийг бид залуустаа зөвөөр таниулаад, нийгэмд нөлөөлж чадвал хүмүүс сэтгэлзүйн хувьд тогтвортой байж зөв алхам хийнэ.
-Таны бодлоор манай шинэ үеийн залуусыг бусад үеийнхнээс ялгаруулж, үнэ цэнтэй болгож байгаа чанарууд юу байна?
-Бахархмаар залуус олон байна аа. Гэхдээ хүний төрмөл чанар, өсөж төлөвшсөн гэр бүлийн орчинтой их хамааралтай юм байна гэж би боддог. Ерөнхийдөө манай нийгмийн масс их савлагаатай байна. Яагаад гэвэл өөрийн гэсэн бие даасан үзэл бодолгүй, нийгмийнхээ асуудлыг олж хараад, шүүн тунгаах чадваргүй хэсэг голлож байна. Тэдэнд тэнцвэргүй мэдээллийн программ суулгачихсан юм шиг асуудалд хэт туйлширч хандаж байна.
Амьдралд сайхан ч юм бий, саар ч юм бий. Аль алийг нь мэдээд авчихсан, тэндээс сайн сайхныг бий болгох боломжтой гэсэн ухаарал, хүсэл эрмэлзэл дутагдаад байх шиг. Монголдоо бид сайхан амьдарч болно шүү дээ. Түүний тулд тэмүүлэх хэрэгтэй. Хөдөлмөрлөх хэрэгтэй. Юм сурах хэрэгтэй. Бидэнд бүтээгдэхүүн үйлдвэрлээд дэлхийн зах зээлд гаргая гэвэл боломж байна. Эрх чөлөө байна. Энэ боломжийг залуучууддаа ойлгуулаад, сэдэлжилтийг нь бүтэн өгчих юм бол, ийм манлайллыг бий болговол одоо байгаа цөөн хэдэн бүтээлч залуус маань нэмэгдэнэ, цаашдаа нийгэмд олонх болно. Бидний санаачилж байсан “Оюунт Монгол” аяны маань зорилго тэр л байсан.
-Ингэхэд Психотроникийн хүрээлэнг байгуулах болсон үндсэн шалтгаан юу билээ?
-Үндсэн шалтгаан уу... Бид лам нараа үзэн ядаад, хэлмэгдүүлж хядахдаа үндэснийхээ үнэт зүйлийн мэдээллийн орон зайг хамт устгаад шатаачихсан улс шүү дээ. Өөрсдийнхөө үнэт зүйлийн эсрэг 70 жил явсны дараа гэнэт бүх юм нээлттэй болоход нэг давлагаанаас нөгөө давлагаа руу орсон. Сүм хийдүүдийг устгаж байсан шигээ 1990-ээд оноос хойш хэтэрхий олныг бөөндөж байгуулахад их цалгисал үүссэн. Энэ цалгисалд маш их буруу зөрүү юм бий болсон. Урьд нь бурхан, сүнс гэж байхгүй, бөө ч буруу, лам ч буруу, тэр байтугай бариач ч балагтай гэж үздэг байснаа гэнэтхэн л зөвхөн Монголд л бөө байдаг, зөвхөн Монголын тэнгэр цэлмэг, зөвхөн Монгол агуу сайхан байгальтай гээд хийрхэх болсон. Энэ хийдэлд бид яах ёстой байсан бэ. Үнэт зүйлийн мэдээллийн уламжлалаа аль болох хурдан нөхөх хэрэгтэй байсан.
Социализмын үед шашныг хориглож, сүнс байдаг тухай ярих байтугай бодоход хүртэл шийтгэж байсан үед хөрөнгөтний гэж байсан улсуудад далд ертөнцийн талын судалгаа чөлөөтэй хийгдээд, цэцэглэн хөгжүүлсэн байдаг. Бид энэ тасарсан үеийн мэдээллүүдийг монгол хэл дээрээ гаргаад ирэхээр танин мэдэхүйн нөхөлт маш хурдан бий болж байгаа юм.
Жишээлбэл манайхан нэг хэсэг “Ганцхан монголын бөө агуу, бөөтэй учраас Монгол агуу” гээд хашгирав даа. Тэгэнгүүт индианы бөө заслын тухай өгүүлсэн Майкл Харнерийн номыг бушуухан олж орчуулаад гаргахад төдхөнөө тэр хийрхэл алга болчихож байгаа юм. Түүнээс хэн ч битгий тэгж ярь, боль гээгүй. Энэ мэтчилэн нийгмийн сэтгэл зүйд зөв чиглүүлгийг өгч чадвал хөгжил гэдэг жинхэнэ утгаараа ирнэ. Түүнээс байшин барилга, алт мөнгө хөгжил биш.
-Масару Эмотогийн “Хариулт нь усанд буй”, С.Ковейн “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал”, Ошогийн “Хайр”, “Эр хүний тухай”, Мантек Чиагийн “Даогийн хайрын нууц”, Р.Вебстерийн “Шидэт дүүжин”, Г.Ф.Плехановын “Телепатийн нууц, Роберт А.Монрогийн “Холхи ертөнцөөр хийсэн сүнсний аялал” гээд олон сонирхолтой номыг танай хүрээлэн монголын уншигчдад анх хүргэсэн. Та нар орчуулах номоо яаж сонгодог вэ?
-Анх би Орост явж байхдаа парапсихологийн гурван том номыг авчраад орчуулуулах гэтэл санал тавьсан хүн маань өөдөөс “энэ номыг ийм богино хугацаанд амжихгүй, харин манай аавд нэг ийм ном байна” гээд гаргаад ирсэн чинь Э.Мулдашевын “Хүн мичнээс үүсээгүй” байсан юм. Тэгээд л тэр номоор эхэлсэн. Э.Мулдашевын ном чинь Орос, Чех гээд социалист байсан орнуудад дандаа бэстселлер болсон ном байлаа. Түүнээс хойш нэг ном орчуулж гаргуут араас нь дараагийнх нь ороод ирдэг. Нэг ёсондоо номууд нэг нэгээ даллаад ирсэн. Хэвлүүлсэн номын тоо 100 гараад явчихад Дарма Батбаяр гуай “Одоо болчихсон доо. Гол суурь номууд гарчихлаа” гэж хэлж байсан. Үнэхээр ч далд ертөнцтэйгээ холбогдох суурь ойлголтын номуудыг бид бараг орчуулчихсан юм билээ. Ямар нэг асуудал дээр шийдэл хайхад баримжаа авчихаар мэдээллийн сан монгол хэл дээр бий болсон. Харин сониноос, хамгийн анх орчуулах гэж байсан ном маань саяхан 101 дэх ном болж гарсан даа. Далд ертөнцийг шинжлэх ухааны нарийн ойлголт дээр тулгуурлан тайлбарласан хүнд ном. Бүхэл бүтэн шинжлэх ухааны институтийн эрдэмтэд, судлаачид ажиллаж бүтээсэн болохоор уншаад ойлгоход хэцүү.
-Монголд иймэрхүү төрлийн ном уншдаг хэдэн хүн байна?
-Зөндөө бий. Манай номыг гар дамжуулж уншдаг юм билээ. Далд ухамсар гэхээр хүмүүс их харийн юм бодоод байдаг. Чанагуухь ухамсрын наад талын хаалга руу нэвтрэх чадвар хүн болгонд бий. Хүн л бол байгаа. Жон Кехогийн “Далд ухамсар бүхнийг чадна” бол энгийн хүмүүст тэр наад талын хаалгыг нээсэн ном. Харин чанагуухь ухамсараа хөгжүүлнэ гэдэг бол ид шидийн гэмээр өчнөөн чадвар бий.
-“Оюунт Монгол” аяны хүрээнд хүүхдүүдийг ном уншуулж сургах хөдөлгөөн өрнүүлж байсан. Оролцсон хүүхдүүд их идэвхтэй байсан. Энэ юуных вэ?
-Аргачлалдаа байгаа юм. Бид амьдралд ойрхон тусгай аргачлал гаргаад, аянаа дууссаны дараа Л.Гантөмөр сайдад хүлээлгэж өгч байсан юм. Түүний дараахан Боловсролын яамнаас “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. “Төрийн яам маань анхаарлаа” гээд бид баярлаад үлдсэн. Хагас жилийн дараа энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар багш нартай ярьсан чинь хүссэн үр дүнд хүрэх байтугай бүр дарамт болсон байсан.
Бид хүүхдийг ном уншуулахдаа сэдэл, идэвх, урамшууллын тогтолцоог бий болгож байсан. Гэтэл төрийн байгууллага түүнийг сургууль, багш нар, цаашлаад хүүхдүүдэд дарамт болгоод үүрүүлсэн байна лээ. Хүнийг хүчлээд байх юм бол хүн шууд толгой сэгсэрдэг. Тэндээс би манай төрийн байгууллагууд социализмын үеийн хуучин арга барилаараа ажилладаг буруу тогтолцоотой юм байна, тогтолцоо зөв байлаа ч буруу оноолт, хуваарилалтын үүднээс ямар ч ажлыг амилуулж чадахгүй, харин унагах юм байна гэдэг ойлголт авсан.
-Та нарын аргачлалын хамгийн гол зүйл нь юу байсан бэ?
-Одоо би тэр аргачлалыг ярихгүй. Яагаад гэвэл манайхан хүний гаргасан санааг сонсонгуутаа шүүрч аваад буруу хийчихдэг. Цаад язгуур, тэрний цаана оршиж байгаа асуудлыг харж чаддаггүй. Хүүхдийг ном уншуулж сургах олон янзын арга бий. Аяныхаа үеэр бид хүүхдүүдээс тандалтын судалгаа авч байсан. Жишээлбэл нэг ээж хүүхдэдээ ном уншиж өгч байгаад, яг гоё хэсэг дээр нь номоо орхижээ. Нөгөө хүүхэд үргэлжлэлийг нь бодсоор байгаад өөрөө уншиж сурсан байх жишээтэй. Бас нэг хүүхэд ангидаа бие жижигтэй гээд дээрэлхүүлээд байж. Эд нарт дээрэлхүүлэхгүйн тулд би яах ёстой вэ гэж бодоод “миний чадах юм онц сурах ёстой, ном унших ёстой” гээд зорилго тавиад тэрэндээ хүрсэн байх жишээтэй. Хүүхэд хүүхдийн ном руу татагдан орох арга давтагдашгүй өөр. Тиймээс тухайн орчинд хүүхэд ямар асуудалтай байгаагаас шалтгаалаад ном унших сэдлийг төрүүлэх аргачлал өөр өөр. Түүнийг тооцохгүйгээр нэг аргачлалыг тулгах юм бол гэр бүлд, сургуульд далд хүчирхийлэл, муйхар хүчирхийлэл явагдана.
-Танайх гасан хүүхдүүдэд зориулсан цувралыг анх гаргаж, боловсролын салбарт шинэ дуу хоолой болж байлаа. Арав гаруй жилийн дараа эргээд харахад бид хүүхэд хүмүүжүүлэх аргаа өөрчилж, уян хатан байхгүй бол хүүхдүүдтэйгээ зөрчилдөх нь тодорхой болж байна...
-Нэг үг буруу дуугарвал шоронд явдаг байсан социализмын үед хүүхэд томоотой байхаас аргагүй байлаа. Одоо бол эсрэгээрээ байх цаг иржээ. Аль болох өөрийгөө илэрхийлэх, чанга ярих, өөрийгөө нээх, буруу зөвөө өөрөө мэдрэх, эрх чөлөөгөө мэдрэх шаардлагатай цаг үед хүүхдүүд маань амьдарч байна. Техникийн дэвшил хөгжлөө дагаад хүүхдүүд ямар ч мэдээллийг түргэн шуурхай авчихаж байна. Тэгэхээр бид хүүхэд хүмүүжүүлэх хуучны аргаа өөрчлөхөөс аргагүй. “Хүүхдийг хүмүүжүүлэх хэрэггүй, өсөн торниход нь тусал” гэдэг уриаг л дагах цаг ирсэн. Бидний хүүхдүүд өөрсдийнхөө замыг өөрсдөө л засна. Тэд маань өөрийн гэсэн үүрэг хүлээгээд ирсэн, биднээс өөр орчин, өөр шалгуурт амьдрах хүмүүс. Тийм хүмүүсийг өөрийнхөө зам мөрөөр байлгах гээд хүчлээд албадаад байх буруу.
-Танайх Монголын увдистай хүмүүсийн судалгааг хийж байсан. Тэр судалгаа юу болсон бэ?
-Манай хүрээлэнг надтай хамт байгуулсан Д.Төмөртогоо гуай бол өөрөө телепат, гипонез хийдэг увдистай хүн байлаа. Бид тодорхой хугацаанд Монголынхоо увдис чадвартай хүмүүсийг бүртгэж судалж байсан. Өнөөдөр тэр үетэй харьцуулахад өөр. Увдистай хүмүүс олширсон. Айл болгонд увдистай хүн байна. Хүн болгон шахуу бясалгал хийж байна. Тиймээс бид энэ судалгаагаа зогсоосон.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Ямар сайхан ярилцлага вэ.мундаг залуучуудаа дэмжих хэрэгтэй дээ.ажилд нь томоос амжилт хүсье дүүдээ
Sonirholtoi, saihan yariltslaga unshlaa. Bayarlalaa. Amjilt erooe.
бас 1 шаалтуур оросоор мама папа аас цаашгүй