ОЛОН ӨНГӨ: Уг нь өдийд

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 14

Уг нь өдийд модод гөлөглөж, хаврын ногоо хаа нэгтэй цухуйсан тухай хүмүүс сэтгэл догдлон өөрийн цахим хуудаснаа байршуулж, гэм хоргүйхнээр яргуй идэх нь юунд сайн тухай, яргуй идсэн ямааны тухай хөгжилтэй постууд хөвөрдөгсөн. Усны шувууд нутагт ирсэн тухай ар гэрээс сонин болгон ярьж, наадмаар ямар морьдоо уяхаар зэхэж байгаа тухай мэдээг сонин болгон ярьдагсан.

Жил дамнан яригдсан өнгөрсөн жилийн наадмын сонин хачин хүчтэй сэргэж, энэ жилийн наадмаар хэний морьд айрагдаж түрүүлэх, аль нутгийн хэн гэдэг бөх түрүүлэх тухай маргаан өрнөж, зарим нь нэг мөрий тавин суудагсан.

Ажлынхаа амралтыг хэдий үед авч, гэр бүл, найз нөхдөөрөө аль нутаг руу зугаалах тухай яриа оройн хоолны хачир болж, нүд нь гэрэлтсэн хүүхдүүд маань тэр өдрийг дотроо сэмээрхэн тоолж эхэлдэгсэн. Уг нь өдийд нутаг зүгтээ сэтгэл тэмүүлсэн ч очиж чадахгүйдээ сэтгэл гонсгор үзэг дэвтэрээ шүүрч шүлгийн мөр таталдагсан.

Харин өнөөдөр ааш нь олдохгүй хаврын тэнгэр нэг бүүдийж, нэгэнтээ цэлмэн, салхи хуйсагнан эрчээ авсан ч үзүүр нь нэгэнт зөөлөрсөн учраас тэгсхийгээд намдана.

Чийг үнэртэж, нялх ногооны үнэр хамар цоргиж, сэргэлэн шувууд шулганан байгаль дэлхий яг л хуучнаараа ч дэлхий нийтийг хамарсан цар тахлаас бол хөлөө хориулсан хөөрхий бид удахгүй болох сонгуулийн дүйвээнд тархи толгойгоо угаалгасаар бор хоногийг өнгөрөөж сууна.    

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Залуур(202.179.25.250) 2021 оны 04 сарын 14

Галзуурахын наахна байгаа стресстэй хүний өдрийн тэмдэглэл юм уу хаашаа юм?

0  |  0
Top