Газпром “Сибирийн хүч-2” төслийн судалгааг баталжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 15

ОХУ-ын байгалийн хийг БНХАУ-д нийлүүлэх “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн Монгол Улсын нутгаар дайран өнгөрөх хэсэг болох "Союз Восток" хоолойн төслийн техник-эдийн засгийн судалгааг баталсан тухай "Газпром" компани мэдээллээ.

"Техник-эдийн засгийн судалгааны хүрээнд төслийн техник-технологийн үндсэн үзүүлэлтүүдийг боловсруулсан. Тэр дундаа, Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр хий дамжуулах хоолой дайран өнгөрөх  чиглэл, хоолойн урт, диаметр,  шахагч станцуудын тоог тооцжээ. Төслийн үзүүлэлтийн урьдчилан тооцооллын үзүүлэлтүүдээс харахад төслийг үргэлжлүүлэх нь эдийн засгийн үр ашигтай гэж харагдаж байна" хэмээн Газпромын мэдэгдэлд өгүүлсэн байна. “Союз Восток” хий дамжуулах хоолой тавих төслийн хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлын нарийвчилсан тооцоог багтаасан техник-эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ урьд нь төлөвлөсний дагуу энэ оны эцэс гэхэд боловсруулж дуусна.

Энэхүү ТЭЗҮ-ийг энэ оны эхээр Монгол Улсад бүртгүүлсэн "Газопровод Союз Восток" тусгай зориулалтын компани боловсруулж байгаа аж. Тус компанийг "Союз Восток" хоолойн зураг төсөл, хайгуул шинжилгээ, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах зорилгоор байгуулсан юм. ОХУ-ын  "Газпром" компани болон Монгол Улсын Засгийн газар 2019 оны арванхоёрдугаар сард харилцан ойлгоцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг энэ оны гуравдугаар сарын 11-нд баталсан юм. “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн экспортын хүчин чадал "Сибирийн хүч-1” хий дамжуулах хоолойноос 1.3 гаруй дахин давж магадгүй гэсэн таамаг бий. Энэ нь Оросын байгалийн хийг Баруун Сибириэс баруун төдийгүй зүүн чиглэлээр экспортлох боломжийг олгоно. “S&P Global Platts”-ын шинээчид 2030 онд Хятадын нийт хийн хэрэглээ 510 тэрбум шоо метр болох таамгийг дэвшүүлсэн байна. Агаарын бохирдолтой тэмцэх бодлогоор Хятадын хийн хэрэгцээ жил бүр өсөх хандлагатай. Тус улс нь дамжуулах хоолойгоор Орос, Туркменистан, Узбекстан, Казахстан болон Мьянмар Улсаас байгалийн хий импортолж байгаа юм. Энэ оны эхний хагас жилийн дүнгээр Хятадын байгалийн хийн импорт 23 хувиар буурсныг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.

Энэ аварга зах зээлд байгалийн хий нийлүүлэхээр оросууд хоёр ч мега төсөлд төвлөрч байгаа аж. Эхнийх нь Сибирийн нутгаар 2159 км үргэлжлэх хоолойгоор Хятадын зүүн нутагт байгалийн хий нийлүүлж эхэлсэн бол удаах нь  Монголын талтай яриа хэлэлцээрийн түвшинд ахиж буй “Сибирийн хүч 2” хоолой байгуулах төсөл билээ. Өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард Орос, Хятадын төрийн тэргүүн нар ёслол төгөлдөр нээсэн “Сибирийн хүч 1” төслийн зөвхөн хоолойг байгуулахад оросууд 1.1 их наяд рублийн хөрөнгө зарцуулсан юм. Зургаан жилийн өмнө талууд үзэглэсэн гэрээний дагуу 2020 онд таван тэрбум шоо метр хийг тус хоолойгоор Хятадад нийлүүлэх ёстой. Он гарснаас хойш нийлүүлсэн нийт хийн хэмжээ 1.57 тэрбум шоо метр байна. Гэхдээ 15 жил үргэлжилсэн хэлэлцээрээр,  авсан аваагүй төлөх (take-or-pay) нөхцөлөөр тохиролцсон байдаг. Хийн хоолойн асуудлаар Орос, Монгол хоёр хоорондоо бүрэн ойлголцлоо ч гэсэн худалдан авагч тал болох Хятадын байр сууриас их зүйл хамаарах болно. Чиндао хотод 2018 оны 6 дугаар сард болсон гурван улсын төрийн тэргүүн нарын IV уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ “Монгол Улсын нутгаар дамжуулан Хятад, Оросыг холбосон байгалийн хий дамжуулах хоолой барих тухай Монголын талын саналыг чухалчлан үздэг.

Энэ асуудлаар гурван тал үргэлжлүүлэн ярилцаж, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг ул суурьтай судлахыг санал болгож байна” гэж байр сууриа илэрхийлсэн. Харин Хятадын хэвлэлүүдэд Монголоор дайрах хийн хоолойн талаарх мэдээлэл маш хомс, ихэнхдээ Оросын хэвлэлүүдэд гарсан мэдээллүүдийг иш татан дурдаж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top