Улаанчулуутын хүмүүст улсын дэмжлэг очоогүй байна

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 16

Мөнгөтэй байх хэцүү, мөнгөгүй байх бүр хэцүү. Улсаас өгсөн 300 мянган төгрөгийн дэмжлэг нүдээ олсон бол гэх харуусал өөрийн эрхгүй төрөв.

Төсвөөс цалин нь 100 хувь орж буй төрийн албаныхан, халамжийн таван төгрөгөөр амьдарч буй иргэд хоёр тэнгэр, газар шиг ялгаатай амьдарч байна. Өнгөцхөн харахад амьдрал ажин түжин, болж бүтэж буй мэт боловч жинхэнэ амьдрал хотын захад өрнөж байгаа. Баянхошууны эцэст жирийн өдрүүд шиг хүн, машин хөлхөнө. Эцсийн буудал дээр автобус хүлээж буй иргэд дүүрэн байлаа.

Хаврын салхинд дэгдсэн шороо хог новштой хуйлран эргэлдэж хашааны буланд очоод бөөгнөрнө. Тэрхүү хашааг даган байрласан олон жижиг дэлгүүрүүдээр орж, гарах үйлчлүүлэгчийн таван хүн тутмын гурав нь “үнээ” тэврэн баясалтайгаар гарч ирэх нь гайхмаар. "Үнээ" гэж 2.0-2.5 литрийн шар айраг шүү дээ.

ӨРИЙН ДЭВТРЭЭ ТЭГЛЭХГҮЙ ХЭР НЬ “ҮНЭЭ”-НД МӨНГӨӨ ХАРАМЛАДАГГҮЙ

 

Үүдэнд нь хэдэн халамцуу эр тамхи татангаа нэгнээ “Чи одоо ор,  би өглөө орсон” гэж түлхэнэ. Өрвийж, зунгаарсан үс, халтардаж ноорсон хувцас, барайж үрчийсэн царай нь тэднийг хэдэн өдөр “наргисныг” илтгэх аж. “Гэртээ харилгүй тав хонолоо, авгайдаа алуулна аа” гэж нэг нь шогшроход нөгөө нь “Чи гайгүй, би хүүхдийнхээ 300 мянгыг үрчихсэн, авгай мэдвэл өнгөрсөн” хэмээн маг маг инээв.

 Иймэрхүү л өрхийн тэргүүнүүд жижигхэн дэлгүүрийн үүдийг харуулдан зээл авчих гээд царайчлан зогсоо нь энэ аж. “Баялаг” дэлгүүрийн эзэн Г.Б “Иргэдийн худалдан авалт 300 мянган төгрөг буусан эхний гурван өдөрт оволзож байсан. Өнөөдрөөс шингэрч байна. Манай дэлгүүрийн өрийн дэвтэрт хамгийн дээд тал нь 400 мянган төгрөгийн өртэй хүн ч бий. Нийтдээ 1.3 сая төгрөгийн авлагатай л сууж байна. Хүмүүсийг өрөө өгөх нь үү гээд хараад л байна, өгөхгүй байна шүү. Хажуугийн дэлгүүрт сэмхэн орж ирж “үнээ” аваад гардаг сурагтай. Өрийн дэвтрээ тэглэхгүй хэр нь “үнээнд” мөнгөө харамладаггүй хүмүүс шүү дээ” гэж толгой сэгсэрч байв.

СХД-ийн 10 дугаар хорооны гэр хорооллын гүн рүү нь орж буйдхан агаад нууцлаг байрласан “Солонго” дэлгүүрээр ороход гэр бүлийн хоёр амттан шимттэн тэргүүтэй бас л мөнөөх “үнээг” торлож аваад гарахтай таарлаа. Энэ дэлгүүр мөн л өрийн дэвтэртэй. Дэвтэрт нэг  сая гаруй төгрөгийн авлага байгаа харагдана. Худалдагч бүсгүй “Иргэд голчлон хоол хүнсний юм л авч байна. Зарим хүмүүс өр шир хийчихээд алга болдог учраас тэтгэврийн дэвтэр, хүнсний талоноор олгодог картыг нь барьцаанд тавьж үлддэг. Хамгийн их өртэй нь 300 мянган төгрөг байсан бол талыг нь дараад 100 гаруй мянган төгрөг үлдчихээд байгаа. Яг гүйцээж дарж чаддаггүй, өрнөөс өрний хооронд амьдардаг хүмүүс шүү дээ” гэлээ. Дэлгүүрийн гадаа хэдэн хүүхэд дугуй унан тоглож байлаа. Далай гэх 12 настай хүүгээс 300 мянгаа авсан уу гэтэл “Миний хадгаламж руу орсон, том болохоороо аваарай гэж ээж хэлсэн” гэв. Эгч нь дэлгүүрээс зайрмаг аван гарч ирээд дүү нараа дагуулаад явлаа. Гэр хорооллын гудмаар хэрэн хэсэхэд алдарт “үнээ”-ний хоосон сав гудмаар нэг хөглөрч байгаа нь өнгөрсөн гурав хоногт иргэд юу хийснийг өгүүлэх мэт. Хүүхдийн тоглоомын талбай, амрах суух саравч сандал нэгээхэн ч үгүй болохоор уйтгарт гудамжийг чимэн сэрээх хүүхдийн цовоо дуу хадсангүй, анир чимээгүйхэн дүнсийнэ. Өдийд хүүхдүүд гадаа бөмбөг өшиглөж, дээс тоглож, дуу шуу хадаж байдаг сан. Гагцхүү “үнээ хөтөлсөн” аварга “малчид” ганц хоёроороо хэлхэлдэн алхах ажээ. Ийм л дүр зургийн цаана ахуйн хүрээний архидан согтуурал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй. Хөл хорио тогтоосноос хойших эхний гурван хоногт 429 дуудлага ирсэн. Энэ хугацаанд гэр орныхоо эвдэрсэн хэмхэрснийг хадаж, цойлдож, хашаа хороогоо цэвэрлэж, хүүхдийнхээ хичээлийг хийлгэж, амьдрал ахуйгаа өөд татахын оронд  согтуурч, хөлчүүрч, агсамнаж, адарч байгаа ухамсаргүй иргэдэд төрийн дэмжлэг хэрэгтэй байсан уу гэж асуумаар.

АЖИЛ ОЛДДОГГҮЙ УЧРААС ХОГ ТҮҮХЭЭС ӨӨР СОНГОЛТ АЛГА

 

Тусламж дэмжлэг эзнээ олж байна уу гэдгийг эрэн нэхсээр Улаанчулуутын хогийн цэгт ирэв. Өмхий самхай хамар цоргисон, хиншүү май хоолой хорсгосон, тоос  шороо нүүр нүдгүй манарсан, хог новш уул овоо шиг бөөгнөрсөн энэхүү хогийн цэг дээр амьдрал өрнөж байлаа. Нэвсийтэл ачсан хогны машин зогсоо зайгүй хөлхөлдөж хогийн цэг дээр тоос манаруулан асгана. 40 гаруй хүн саяхан асгасан хогон дээр овоорч, юуг ч юм эрэн, ухаж төнхөнө. Түүний хажуугаар золбин ноход шиншлэн, дээгүүр нь өлөн хэрээ эргэлдэх аж. Завгүй ажиллах тэдгээр бүлэг хүмүүсийн захад нэгэн эр шуудайтай хогоо налаад тамхи татан сууна. 50 эргэм насны мөнөөх эрийг Н гэдэг. Улаанчулуут дээр сүүлийн  зургаан жил ажиллаж байгаа аж. Тэр ундаа, пивоны хуванцар сав цуглуулж тушаагаад мөнгөөр нь гол зогоодог тухайгаа хуучлав. Нэг шуудай хуванцар сав 2500 төгрөг болдог аж. Тэрбээр “Төр засгаас халамжийн мөнгө /300 мянгын дэмжлэг/ надад буугаагүй ээ. Надад банкны карт март нь байхгүй. Гээчихээд байдаг юм. Халамж дээр очиж группийн мөнгөө авдаг юм” гээд ямар нэгэн хариу эрсэн мэт горь найдлага нэгжсэн харцаар ширтэв. Н-ын найзууд энд олон бий. Найзууд нь нийлж хааяа архи “гөвнө”. Найзуудынх нь 300 мянган төгрөг буугаагүй гэв. Тэд хог түүж яваадаа гутарч гуниад уудаг ч үүнээс өөр сонголт үгүй. Ажил хийе гэхнээ тоож авдаг газар үгүй. Тиймээс өөртөө ажлын байр гаргаж ийнхүү зүтгэсний хүчинд эхнээсээ хөл дүүжлэх унаатай, гэр оронтой ч болцгоожээ. Хогийн цэгийг бараадуулж зайтайхан шиг хөнгөн тэргүүд эгнэн зогсжээ. Тэдгээр тэргүүд энд шоргоолж шиг ажиллаж буй тэдгээр хүмүүсийн унаа аж. Тэд залуу зандан насандаа цагдаа, жолооч, инженер гээд ажил алба хашиж байсан бол эрт тэтгэвэрт гараад, архинд орох нь ороод амьдрахын эрхэнд хог түүдэг болжээ. Улаанчулуутын хогийн цэг дээр 100-аад хүн хог түүдэг, тэдний хүүхдүүд архи дарс уудаг эцэг, эхээ харж үзэх нь ховор байдаг талаар ч Н гуай учирлаж байв.

300 МЯНГАА ШАЛГАХ ГЭЖ ӨДӨРТ ХЭДЭН УДАА ТӨВ РҮҮ ГҮЙДЭГ

 

Замын хажууд шуудайтай мод, төмөр үүрсэн жижигхэн биетэй эмээ ачаагаа дааж ядан, амарсхийн зогсох аж. Унаагаараа түүнийг гэрт нь дөхүүлэнгээ хууч хөөрлөө. Гэр нь хоёр уулын цаана, бараг дөрвөн км-ын зайтай, жалганы ирмэг дээр сондгойдуухан байх ажээ. Тэр газрыг Мандал-Овоо гэдэг гэнэ. Тэрбээр Хөвсгөл аймгийн харьяат бөгөөд өдгөө дөрвөн хүүхэдтэй, бүгд тусдаа гарчихсан, хүүхдүүд нь урд хил дээр ажилладаг гэв. Өвгөн нь СХД-ийн ойролцоо нэг газар манаачаар ажилд ороод тэндээ байрладаг аж. У гуай гэртээ ганцаараа амьдарч байгаа агаад хоолоо залгуулахын эрхэнд өдөр бүр Улаанчулуутын хогийн цэгээс шуудайтай хог үүрч дүүрч ирдэг аж. Хүйт даасан, чийг ханхийсэн жижигхэн бор гэрт зэс, төмөр, мод чулуу хөглөрнө. Гэрт нь үзье гэхнээ ч үртсийн төдий ч хоол хүнс байсангүй. У гуай “Өвгөн бид хоёрын 300 мянган төгрөг огт ороогүй. Би  байн байн доошоо төв рүү гүйж АТМ-д картаа хийж шалгадаг. Уг нь би группийн мөнгөө Төрийн банкаар авдаг юм. Хорооноос асуухаар орно, орно л гэдэг” хэмээгээд гудасныхаа доороос картаа гаргаж үзүүлэв. Уулан дээрээс төв зам хүртэл нэлээн зайтай. Хоосон голдуу байсаар тэжээлийн дутагдалд орчихсон, хүнд хүчир юм үүрсээр биегүй болчихсон жижигхэн эмээ төрийн дэмжлэгийг горьдон картаа аваад хэдэн өдөр ийнхүү бөгтийтөл шогшжээ. Залуудаа хогийн машины жолоочийн туслахаар ажиллаж байгаад машинаас унаж бэртээд, групп тогтоолгожээ. Ач, зээ нар нь эмээ, өвөө дээрээ жилийн өмнө л ирсэн гэж байв. “Корона гээд ирж чадахгүй байгаа, ирээд ч хэдэн хүүхдээ өлсгөөд, дааруулчих байх гээд дууддаггүй. Хэдэн хүүхдийн маань 300 мянга ороогүй” гээд уулга алдаж байлаа. Хэрэв хүүхдийнх нь мөнгө орсон бол ээж рүүгээ цайны сүү, хоолны махны мөнгө явуулмаар юм даа гэж бодогдов. У гуай “Түүсэн модоороо гал түлж дулаацдаг. Харин зэсээ багцлаад  хоёр кг-ыг нь 5000 төгрөгөөр өгдөг. Хогон дээрээс бүтэн шинэвтэр хувцас гарвал угаагаад цэвэрлээд өмсчихдөг” гээд цайлганаар инээв. "Саяхан Сэлэнгэ аймаг руу самранд явсан 20 настай дүүгээ зуурдаар алдчихсан” гээд хоолойгоо зангируулав. “Дүү маань самранд яваад угаартсан зургаан залуугийн нэг нь байсан. Хэрэв залуучууд ажил төрөлтэй, амьдрал нь өөдтэй байсан бол юу гэж хаа байсан уулын мухарт алтан амиа алдах вэ дээ” гээд гүнзгий санаа алдлаа. У гуай вакцинд хамрагдсан бичгээ үзүүлээд эгчээсээ битгий цэрвээрэй гэлээ. Түүний зүрх нь өвддөг учраас группийн мөнгө нь эм тариа аваад л таардаг гэнэ. Махгүй болоод хэдэн өдөр агшаасан будаа элсэн чихэртэй хольж идсэн гэдгээ ч нуусангүй. Гэрийнх нь тоонон дээр эцэнхий муур туниа муутай мяулна. У  гуай “Надаас хоол нэхээд ирдэг юм. Чамтай манатай байна муужгайхан минь, алив хүрээд ир” гээд муураа дуудав. Муур ч сурмагхан бууж ирээд, өвөр дээр нь үсрэн гараад эрхлэх агаад уйтгартай нүдээр цоо ширтэв.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ed oorsdoo ih uchirt(103.26.194.1) 2021 оны 04 сарын 17

Said n harin ooroo ulaan chuluut deer yavjiinelee. Dansgui huniig dansjuulna bichig barimtgui irgeniig bicheh barimtjuulna ajild zuuchlna ntr geeed yavjiine lee. ochigdor live-r harsan.gu ovoodoo l gej bodson

0  |  0
Зочин(66.181.186.154) 2021 оны 04 сарын 17

Хөөрхий дөө энд байгаа хүмүүсийг дансгүй нь данстай болгоод шийдээд өгөөсэй. Боломжгүй юм гэж байхгүй дээ. Зарим нь бараг засаг хоолны мөнгө өгч байгааг ч ойлгоогүй, мэдээгүй байгаа даа.

0  |  0
Top