Алтнаас үнэтэй яс

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 16

Урьтал хэсэг буюу “Гэгээлэг мэдээ”

Хэд хоногийн өмнө нэг гэгээлэг мэдээ олж үзэв. “Яс бол алтнаас үнэтэй эд” хэмээн ярих нэгэн эмэгтэй уул шиг овоолсон их малын ясны өмнө зогсоод фэйсбүүкт шууд бичлэг хийж байх. Тэрбээр “Өдөрт 100 тоннын хаягдал яс боловсруулах хүчин чадалтай Итали технологийн үйлдвэр байгуулан ажиллаж байна. Монголчууд бид жилдээ хэчнээн мянган малыг хүнсэндээ хэрэглэж, ясыг нь хаядаг билээ. Тэр их хаягдал ясыг урьд нь шууд хаяж газрын хөрсөнд бохирдол л үүсгэдэг байсан. Харин одоо бид хаягдал ясыг боловсруулж, төрөл бүрийн бордоо, шувууны тэжээл, цаашлаад маш сайн чанарын тос гарган авах боломжтой болсон. Дотоодын зах зээлээ хангаад гадаад руу экспорт хийхэд ч болохгүй зүйлгүй.  Ямартаа ч бид эх дэлхийнхээ хөрсний бохирдлыг багасгах, байгальд ээлтэй бас ашигтай бизнесийг Монголдоо анхдагч болгон эхлүүлээд байна” гэх нь тэр.  Үйлдвэрлэж, бүтээн босгож байгаа хүний үг бүр өгөөжтэй. Дагаж, дэмжиж байгаа хүмүүс ч  мянга, мянгаараа нэмэгдэж байгаа нь лайв бичлэгээс илт. Яг ийм л үйлдвэрлэл, яг тийм л үзэл санаа Монголын эдийн засгийн ирээдүйн зам мөр нь болох учиртай билээ.

Урьтал болгон энэ бүхнийг өгүүлж буйн  шалтгаан нь “Ногоон эдийн засаг”-ийн тухай хүүрнэхэд оршиж буй юм.

Оршил хэсэг буюу “Маргаашийн шийдлийг өнөөдөр олох”

...Бид хүүхдүүд, ач зээ нарынхаа эрх ашгийн төлөө хүслээ хязгаарлаж шаардлагатай бол хойш тавьж сурах хэрэгтэй болоод байна… Социал демократ Густав Хайнеманн

Тийм ээ, хүн төрөлхтөний  зуун, зууны нийгэм, эдийн засгийн түүх бидэнд нэг л зүйлийг маш тодоор ойлгуулаад байна. Тэр бол “Эх дэлхийгээ хойч үеийнхэндээ одоогийнхоос нь доордуулалгүйгээр хүлээлгэн өгөхийн тулд бид байгаль орчинтойгоо өнөөгийнхөөс өөрөөр харьцах ёстой” гэдэг ойлголт. Хөгжингүй улс орнуудын эдийн засгаа тэлэх, хөгжүүлэх гол зарчим нь “Байгальд ээлтэй байх” болов.

Их гүрнүүдийн хөгжлийн хэтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх гол гарц нь “Ногоон эдийн засаг”-ын ололттой технологи, дэвшилтэт үйлдвэрлэлд байгааг онцолж байна. Иймээс ч хүн төрөлхтөн байгалийн нөхөн сэргээгдэх эх үүсвэр болох салхи ба нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийг эрмэлзэх болов. Дэлхийн дулаарал, цөлжилтийг багасгахад чиглэгдсэн ямар ч улс орны төрийн бодлого, төсөл хөтөлбөр, бичил бизнесийг Олон улсын санхүүгийн байгууллагаас дэмжиж тусалж байна.

Өөрөөр хэлбэл, нийгэм болоод экологийн хариуцлагатай зах зээлийн эдийн засгийг 21 дүгээр зуун үгүйлж, эрэлхийлж байна гэсэн үг. Эдийн засгийн онол номлол ч энэ зүг рүү чиглэгдэж ирлээ. Тухайлбал, “Нийгмийн баримжаатай эдийн засаг” нэртэй нэгэн товхимолд “Эрчимтэй эдийн засаг, нийгмийн шударга ёс, экологийн ухаалаг хандлагыг нэгтгэсэн тогтвортой дэвшлийн төлөө ажиллаж байна. Чанартай өсөлтийг бий болгох замаар ядуурал, мөлжлөгийг арилгаж бүх хүмүүсийг хангалуун амьдралд хүргэх зохистой хөдөлмөрөөр хангаж цаг уурын өөрчлөлтийн хөнөөлт үр дагаврыг бууруулах арга хэмжээ авахын төлөө байна. Ирээдүй хойч үеийн амьдралын байгаль экологийн суурийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах нь бидний үүрэг мөн. Үүний тулд бид шинжлэх ухаан, техникийн дэвшлийн бий болгож байгаа боломжуудыг хүмүүсийн сайн сайхны төлөө ашиглахыг хүсэж байна” гэх мэтчилэнгээр Европын томоохон улс орнуудын үзэл баримтлалыг тодотгон дурьджээ. Оршил болгон энэ бүхнийг нуршсаны учир нь хүн төрөлхтөний эдийн засгийн чиг хандлагыг таниулахад л байгаа юм. Төв Азийн цээжинд оршдог Монгол Улс ч гэсэн эдийн засгийн алсын хараагаа “Ногоон” болгох, бизнесийг зөвхөн мөнгөөр бус байгальд үзүүлэх эерэг нөлөөллөөр хэмжих зүй ёсны шаардлага тулгарсныг ухаарах цаг иржээ.

Дүгнэлт хэсэг буюу “Хоёр жишээнээс нэгийг тунгаагаарай”

Агаарт цацагдаж буй бохир хийн хэмжээ цаашид тасралтгүй ихэссээр байвал дэлхийн дулаарал нэмэгдсээр байх болно. Улмаар хойд болон өмнөд туйлын мөс хайлж ноцтой үр дагавар дагуулах нь тодорхой. Хэрвээ туйлын мөс хайлбал дэлхийн олон хэсэг усаар бүрхэгдэж, хүчтэй шуурганы тоо ч нэмэгдэх эрсдэлтэйг эрдэмтэд сануулсаар байгаа юм. Эдийн засагт энэ бүхэн мэдээж хор хөнөөлтэй. Жишээ нь, нүүрс, газрын тос, байгалийн хийн хэмжээг бууруулна гэсэн үг. Тиймээс л хөгжингүй орнууд эрчим хүчний хангалтад нар, салхи, ус, гүний дулаан, биомасс зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэхийг эрмэлзээд байгаа хэрэг. Улмаар дэлхийн томоохон үйлдвэрлэгчид эрчим хүчийг хэмнэх шаардлагатайг ухаарч, төрөл бүрийн цахилгаан бараа хэрэгслүүдийг үйлдвэрлэхдээ болж өгвөл цахилгаан зарцуулалт багатай байхаар шийдэх болсон. Нэг үгээр хэлбэл, “Байгаль орчинд ээлтэй технологи нь ирээдүйн зах зээл мөн” болохыг тэд нэгэнт ойлгожээ. Монголчууд бид ч гэсэн энэ үнэнтэй нүүр тулж, ойлгох цаг болсон уу гэвэл, болсон.
 

Манай улсын хувьд өдгөө нийт газар нутгийн 80 хувь нь цөлжиж, бэлчээрийн даац хоёр дахин хэтэрсэн нь ногоон эдийн засгийг нэн яаралтай эрчимжүүлэх шаардлагатай байгаагийн том дохио юм. Дэлхийн усны нөөц багатай 22 орны нэгд тооцогддог, ой модны нөөц хомс, хөрс, агаарын бохирдол ноцтой хэмжээнд хүрсэн Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас гурав дахин эрчимтэй явагдаж байгааг судлаачид сануулсаар байна. Ийнхүү дэлхийн олон оронд байгальд ээлтэй, ногоон шийдлийг нэвтрүүлсэн бизнес зах зээлд тэргүүлэх чиг хандлагатай болж, хүрэн бизнесүүд шахагдах цаг хаяанд иржээ. Өдгөө дэлхийд хөрөнгө оруулалтын 400 гаруй сан хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах чиглэлд нэгдээд буй. Мөн дэлхийн нийт орлогын 80 хувийг бүрдүүлэгчид ногоон бизнесийг дэмжиж байгаа энэ үед бид байгальд ээлтэй бизнесийн модель, экосистемд хор хөнөөл багатай эдийн засгийн бодлогыг бий болгох шаардлагатай байна. Иймээс бизнесээ дөнгөж эхлүүлэх гэж байгаа, бизнесээ өргөжүүлэх гэж буй, аль салбарт хөрөнгө оруулалт хийхээ тооцож буй бизнесмэнүүд “Ногоон” уу, “Хүрэн” үү гэдэг сонголтоо зөв тодорхойлоход энэхүү нийтлэлийн зорилго оршиж буй билээ. Хоёрхон жишээ дурдья л даа.

Эхний жишээ, БНХАУ-ын тэргүүлэх финтек компани болох ANT санхүүгийн нэгдэл нь хэрэглэгчдэд ногоон санхүүжилтийг сурталчлах зорилгоор “lowcarbon lifestyle” буюу нүүрсхүчлийн хийн ялгарал багатай амьдралын хэв маягийг дэмжих “Ant Forest” аппликэйшн бүтээжээ. Хэрэглэгчид алхах, олон нийтийн унаагаар зорчих, хэрэглээний зардал, торгууль, эмнэлгийн төлбөрөө онлайнаар төлөх зэрэг нүүрсхүчлийн хий бага ялгаруулах үйлдэл хийх бүрдээ “ногоон эрчим хүч”-ийг дансандаа авах ажээ. Дансаа цэнэглэх бүрд виртуал мод тарихад хандив болж, тус апп-ыг бүтээгчид болон хамтран ажиллагч байгууллагууд нь бодитоор мод тарьдаг байна.
Энэ хүрээнд хагас жилийн хугацаанд БНХАУ-ын 200 сая гаруй иргэн сайн дураар аян нэгдсэнээр 150 мянган тонн нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлэн, сүүлийн хоёр жилийн хугацаанд 130 мянган хөлбөмбөгийн талбайтай тэнцэх талбайд 100 сая мод суулгажээ. “Ногоон эдийн засаг”-ийн үзэл санаа үр шим ийм л гайхалтай.

Хоёр дахь жишээ, харин эсрэгээрээ, 2038 он гэхэд Берлин хот нүүрсээр ажилладаг бүх цахилгаан станцаа хаахаар төлөвлөж байгаа бол Германы Засгийн газрын зүгээс 2030 он гэхэд хүлэмжийн хийгээ 55 хувиар бууруулах зорилт тавиад буй. Үүнийг даган олон улсын банк санхүүгийн байгууллагууд нүүрсний цахилгаан станцуудыг санхүүжүүлэхээ больж байгаа юм.

Эхний болоод хоёр дахь жишээнээс эрхэм та нэгийг бодож нөгөөг тунгаана биз ээ. Хэдийгээр өдгөө бид цар тахалтай нүүр тулсан ч цаанa нь гарч л таараа. Тэр цагт аль болох "Ногоон эдийн засаг" руу тэмүүлээрэй... Хаягдал яс шижир алтнаас илүү үнэлэгдэх шинэ эрин зуун, шинэ эдийн засгийн  үзэл санаа нэгэнт ирснийг төгсгөлд нь тэмдэглэе. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр(64.119.20.94) 2021 оны 04 сарын 17

Маш зөв санаа байна. Зр минь үлдэх хорвоо шүү дээ

0  |  0
Top