Ө.Пүрэвжаргал: Хөл хорионд уйдсан хүмүүсийг хөгжөөе гэж бодоод л дуулсан

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 20

Хөл хорионд уйдсан хүмүүсийг хөгжөөе гэж бодоод л дуулсан.Гэтэл дансанд маань долоон сая төгрөг илгээсэн байсан, эхнэр, хүүхдээрээ нийлээд л уйлсан даа

 

Хөл хорионы үеэр нийгэмд эерэг уур амьсгал түгээж, хүмүүсийн хайр талархлыг хүлээгээд байгаа залуу бол Ө.Пүрэвдорж. Тэрбээр 32-ын тойрогт амьдардаг хашаандаа амьд тоглолт үзүүлж шууд лайв хийснийг тухайн үедээ 30 гаруй мянган хүн шууд үзсэн юм. Тэгвэл тус бичлэг нь нэгхэн өдрийн дараа 970 мянган хүнд хүрсэн байлаа. Хүмүүсийн дархлааг дэмжиж, сэтгэл санааг нь өргөх зорилгоор хийсэн түүний бяцхан тоглолт эргээд өөрт нь ямар их аз жаргал, үгээр хэлшгүй мэдрэмж, үнэлж боломгүй хайр хүндэтгэл авчирсан талаар түүнтэй ярилцлаа.


-Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу. Ер нь яагаад гудамжинд дуулъя гэж шийдсэн бэ?

-Намайг Өлзийтийн Пүрэвжаргал гэдэг. Дорнод аймгийн Чойбалсан хотод 1987 онд төрсөн. Улаанбаатар хотод өссөн. Эхнэр, хоёр охинтойгоо амьдардаг. Монголын “Адвентист чуулган” шашны байгууллагад номлогч хийдэг. Социологич мэргэжилтэй. Би дуучин мэргэжилтэй биш. Ээж минь дуурийн дуучин хүн байдаг учраас дуу хууранд багаасаа ойр өссөн болохоор дуунд дуртай, хайртай хүн байгаа юм аа. Би 2015 онд өөрийнхөө авьяасыг сориод “Universe best songs” уралдаанд оролцож шилдэг оролцогчдын нэг болсон. Тэр маань дуртай зүйлээ хөгжүүлэхэд том урам, түлхэц болсон. Миний хувьд гудамжны урлаг буюу "Street art"-ыг Монголд хөгжүүлэхийн тулд залуу насаа зориулж явна. “Гүүд сойл” хөгжмийн дэлгүүрийн Бат-Эрдэнэ захирал ч энэ урлагийг хөгжүүлэхийн төлөө олон жил зүтгэж байгаа хүн. Бид хамтарч ажилладаг. Би “Open voice baskin” клуб нээж, цахим хаягтай болж, тэр шугамаараа энд тэнд дуулж явдаг. Амьдарч байгаа гэр хорооллынхоо гудамжаар ч дуулдаг байсан. Ноднин  худаг дээр дуулахад маш их хүн цугларч,  хүмүүст ч маш их таалагдсан. Энэ жил хүмүүсийн стрессийг тайлж, түр ч гэсэн гэгээлэг зүйлд хандуулъя гэж зорьсон. Нийгэм маань дэндүү бухимдалтай байна шүү дээ.

-Өнгөрсөн бүтэн сайн өдөр та хашаандаа чингэлэг дээр гарч зогсож байгаад гитар тоглож нэг цаг гаруй амьдаар дуулсан. Хүмүүс сайхан сэтгэлтэй залууд сэтгэлийн талархал илэрхийлж мөнгө шилжүүлье гээд давлагаалаад эхэлсэн л дээ. Шууд дамжуулалтын сүүл хэсгээс дансыг тань тавьсан. Тоглолтын дараа энэ тухай мэдээд юу бодогдсон бэ?

-Анх дуулахдаа лайв хийе гэж бодоогүй. Манай эхнэр эхлээд найман минутын лайв хийхэд 1000 гаруй хүн үзсэн байсан. Хоёр дахь лайвыг NTV телевиз өөрсдөө хийж өгье гэсэн санал тавьсан. Үүнд маш их баярлаж байна. Ард түмэн өчүүхэн миний тоглолтыг тийм их үзсэнд алмайрч гайхаж басхүү баярласан.

Би нэг ч төгрөгний тухай бодож  дуулаагүй. Зүгээр л хөл хорионд уйдаж, бухимдсан хүмүүсийг сайхан байлгаж нэг ч гэсэн өдөр сэтгэлийн цэнгэл эдлүүлье л гэж бодсон. Гэтэл сэтгүүлч маань ард иргэдийн хүсэлт шаардлагыг хүндэлж манай эхнэртэй зөвлөлдөж байгаад миний дансыг тавьсан юм билээ. Надаас нэг удаа данс тавьчих уу гэж асуусан. Хэдий ядуу зүдүү байлаа ч хүний төлөө амьдарч байгаа биш дээ гэж бодоод би зөвшөөрөөгүй.  Гэвч дансыг минь тавьчихсан байсан. Үнэхээр гэнэтийн зүйл боллоо. Гэнэтийн шоконд орсон. Дансанд маань долоон сая төгрөг илгээсэн байсан. Эхнэр, хүүхдээрээ нийлээд л уйлсан даа. Одоо ч гэсэн ард түмнээс сайхан сэтгэлийн талархал болгож мөнгө илгээсээр л байна.Ард түмний энэ их хайр хүндэтгэл гэдэг хүнд байдаг юм байна. Их даруу байх ёстой, зөв байх ёстой. Одоогоор манайх байгууллагын хашаанд монгол гэрт амьдарч байгаа. Үр хүүхдүүд маань ч өсөж том болж байна. Өвөрсогоотод маш их хогтой газар худалдаж авсан. Түүнийгээ цэвэрлэж өөд нь татаж авна. Эхнэр бид хоёр зээл авч тэр газрыг өөрийн болгосон. Өөрийн гэсэн газартай болох юмсан гэж маш их залбирч байсан. Энэ залбирал маань биелсэн. Энд хашаагаа барина даа. Хашаандаа байшингийнхаа суурийг тавина. Мөнгө нэмээд бага багаар барьж байтал болно доо.

-Хавь ойрын хөршүүд тань танд юу гэж хэлсэн бэ, дуулахад дургүйцээгүй биз дээ?

-Үгүй ээ, дуулахаасаа өмнө эргэн тойрны хөршүүдээсээ зөвшөөрөл авсан. Бас нийслэл, дүүрэгт мэдэгдэхэд “Хүмүүс бөөгнүүлэхгүй бол болно” гээд дэмжсэн. Дуулж байх явцад эргүүлийн цагдаа ирж заавар зөвлөмж өгөөд явсныг бичлэг үзсэн хүмүүс нь харсан байх. Хөршүүд маань “Баярлалаа" гэж хашаан дотроосоо хашхирч хэлсэн. Тоглолтын үеэр Зоригоо гэдэг залуу надад өөрөө хийсэн гар утасны тогтоогч бэлэглэсэн шүү. Хүүхдүүд болжмор шиг амбаар дээр, гэр дээрээ гараад суучихсан нь их өхөөрдөм харагдаж байсан шүү. Миний хамгийн үнэнч фенүүд тэд болсон доо.

-Цар тахлын үед юу хийж, ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Цар тахлын хөл хорионы энэ үеийг боломж болгон ашиглаж ном их уншиж байна. Өөрийнхөө хувийн уран бүтээл дээр ажиллаж байна. Мэргэжлийн дуучин энэ тэр биш болохоор нэг их дуулж хуурдаж явдаггүй л дээ. Байнгын үйлчлүүлдэг хэдхэн байгууллага байдаг, тэнд очиж дуулдаг. Урлаг соёлын арга хэмжээ зогссон учраас шинэ дуу хийх ажилдаа түлхүү ажиллаж байна. Өөрийнхөө зохиосон дууг өөрөө дуулдаг. Одоогоор 20-иод дуутай болсон. Надад бодож явдаг хүсэл мөрөөдөл байдаг. Тэр нь Монголын таван поп дивагаар зохиосон дуугаа дуулуулах юмсан гэсэн хүсэл. Эхнээсээ мөрөөдөл минь биелж МУГЖ Ж.Алтанцэцэг “Найзууд” хэмээх уран бүтээлийг минь дуулж шинэ цомогтоо оруулсан. Удахгүй та бүхний хүртээл болох байх аа. Хоёр дахь дууг минь бас нэг дуучин нь зөвшөөрсөн байгаа. Одоогоор нууцалъя. Хөл хорио тавигдахаар уран бүтээлийн ажилдаа орох байх аа. Би аав, ээж, ах, дүү, хань ижлийн тухай дуунууд зохиосон. Ямар нэгэн хэлбэрт баригдахыг хүсдэггүй, сэтгэлийн мэдрэмж, зүрхнийхээ дуудлагаар зохиочихсон байдаг (инээв).

-Залуу хүний хувьд ямар зорилго тээж явдаг вэ. Өнөөгийн залуусын талаар таны бодол?

-Асар их зорилго тээж яваа. Энэ зорилгынхоо төлөө сүүлийн 10 жилийг зориулсан. Энэ бол өөрт байгаа сайн сайхан араншин, өөрт байгаа бүхнээ бусадтай хуваалцах, нийгэмд эерэг энерги түгээх, хүн бүрийн сэтгэлд хүсэл мөрөөдөл асаах, амьдралд нь итгэл төрүүлэхийг хичээж явдаг. Хувь хүнийхээ хувьд өөрийн гэсэн орон гэртэй болох юмсан гэж хичээж явна. Хөдөлмөрөөрөө олсон хоол хамгийн амттай байдаг. Бага багаар үр дүн гарсаар байна.

Өнөөгийн залуус маш их мэдлэг боловсролтой болсон байна. Нэг үеэ бодоход мэдлэг олж авахад маш хялбар болжээ. Техник технологи ч хөгжсөн байна, мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Хүн хүсвэл ямар ч амжилтанд хүрч болохоор болжээ. Бидний үед энэ боломж хязгаарлагдмал байсан. Одоогийн залуус маань барууны соёлд суралцаж соёлтой болж байна.  Залуус маань ухамсартай, эх оронч, бусдыг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс болно гэдэгт эргэлзэхгүй байна. Ардчилсан нийгэмд тал бүрийн мэдлэг мэдээлэл олж авах нь нээлттэй учраас залуусын сэтгэлгээ их их задарч байна, чөлөөтэй сэтгэж байна. Харамсалтай нь дэлхий нийтээрээ ёс зүй, ёс  суртахуун гэдэг зүйл алдагдаад байна уу даа гэж эмзэглэдэг. Хүний хайр хөрнө гэдэг хамгийн эмгэнэлтэй. Хайр үргэлж халуун байх ёстой.

-Тоглолтын дараа иргэдээс ирэх сэтгэгдэл, хандлага ямар байна. Энэ үед чухам юу бодогдож байна вэ?

-Цахим орчинд найз болох хүсэлтүүд их ирж байна. Өглөө сэрэхэд л 300 гаруй найзын хүсэлт ирсэн байна. Мөн олон сайхан сэтгэгдэл ирж байна. Хамтарч ажиллах санал ч  их байна. Ард түмнээс сайн сайхан сэтгэгдэл бөөнөөрөө үерийн ус шиг нөмрөөд авах чинь хэцүү юм байна. Хямардаг юм байна. Хариуцлага бодогддог юм байна. Хүмүүсийн зөвлөсөн зөвлөгөөнүүдийг ч өөртөө тусгаж авч байна. Гэр бүлийн хүмүүжил сайн, мөн христэд итгэгч учраас даруу байх ёстой гэдгийг гүнээ ухамсарласан. Цаашид сайн сайхан уран бүтээлээрээ хийж ард түмнээ баярлуулах болно. Цахим давлагаа гэдэг нэг хоёр өдөр шуурч байгаад өнгөрнө л дөө. Энэ их сэтгэлийн давлагааг өөртөө шингээж улам их хөгжих дэвших хэрэгтэй гэж бодож байна. Би чинь эгэл жирийн аав хүн шүү дээ. Нэг өдөр гайхамшиг тохиолоо. Энэ гайхамшиг өдөр бүхэн тохиохгүй учраас эрхэмлэн нандигнах учиртай.

-Таны нэгэн нууц авьяас, чадварыг асуухгүй өнгөрч боломгүй нь. Таныг гар дээрээ 27 минутад 1000 суниаж дэлхийн амжилтуудын нэгээр бүртгэгдэж байсан гэж сонссон. Энэ талаараа сонирхуулаач?

-Тогтмол дасгал хөдөлгөөн хийж байсны үр дүнд л дээ. Өглөө бүр ирж очихын 23 км гүйдэг. 2004 оноос Киокушинко карате гэдэг тулааны урлагаар хичээллэсэн. Хатуу биет, мод чулуу өшиглөх, цохих гээд анхаарал, хүч, эв зүй, мэдрэмж шаардсан спортоор өөрийгөө дасгалжуулдаг. 2002 онд  турник дээрээ ар талаараа татаж нэг минутанд 37 хийж байсан, Геннисийн амжилт нь 46 байдаг юм. Гэдэс таталтыг амралтгүйгээр 2230 удаа хийж байсан. 2021 онд гар дээрээ 27 минутад 1000 сунайсан.

-Дахин тоглолт хийх үү?

-Тоглолт гэхэд хэцүү юм аа. Хүмүүсийн дууг өөрийнхөөрөө дуулдаг болохоор. Гудамжны урлаг гэдэг утгаараа өөрийнхөөрөө чөлөөтэй байх нь өөртөө ч, хүмүүст ч эрх чөлөө, таашаалыг мэдрүүлдэг. Дуу хөгжимгүйгээр амьдрал уйтгартай. Дуу дуулж буй хүнээс чөтгөр үргэж, бурхад чуулдаг юм гэнэ лээ. Хэрэв хөл хорио үргэлжилбэл дахин нэг цаг чанартайхан тоглолт хийе гэж бодож байгаа. “Open voice basking” клубийн хэмжээнд томоохон ажлууд төлөвлөж байгаагийн нэг нь хоёр аймагт тоглолт хийх бодолтой байна. Тоглолт хийнэ гэдэг нь гудамжинд үнэ төлбөргүй тоглоно гэсэн үг.  Хотод бас хэд хэдэн газар тоглолт хийхээр ярьсан зүйл бий. Боломж байвал хороо болгон дээр дуулмаар байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ариунжаргал(103.140.11.14) 2021 оны 04 сарын 22

Маш Сайхан Сэтгэлтэй Залуу байналээ

0  |  0
Нараа(217.251.122.27) 2021 оны 04 сарын 24

Баярлалаа сайхан ярилцлага байна. Амжилт бас дахин амжилт хүсэн ерөөе. Монголд минь ийм л залуус олон олон байдаг. Гэрэл гэгээнд нь Баярлалаа

1  |  0
Zochin(66.181.182.252) 2021 оны 04 сарын 22

Баярлалаа Зөв сэтгэлтэй сайн хүү бна Сайн санааны үзүүрт шар тос гэдэг дээ

0  |  0
Zochin(202.179.21.247) 2021 оны 04 сарын 24

Amjilt husey mash ih hysel myryydyltei zalyy bn

1  |  0
Дуу дуулах(66.181.184.220) 2021 оны 04 сарын 22

Итали Испанид хөл хорионы үед хэдэн сарын өмнөөс ингэж дуулж эхэлсэн гадаадын мэдээгээр зөндөө гарсан үзээгүй хүмүүс олон л байдаг юм бна

0  |  1
Чойдог Уранчимэг (139.5.216.54) 2021 оны 04 сарын 21

сайхан санаа, сайн мэдээ, АМЖИЛТ БҮХНИЙГ ЭРҮҮЛ АЗЖАРГАЛ БҮХНИЙГ ХҮСЬЕ

0  |  0
Ingener(192.82.67.57) 2021 оны 04 сарын 20

Ene arai l heternee barilgiin zurag tusluu uasnii sudalbar gazar bitgii hiij bai. Ingesnesr barilgiin elegdel ch hurdan shuu

0  |  0
Буяа(103.229.123.207) 2021 оны 04 сарын 20

Амжилт

0  |  0
zochin(87.214.24.143) 2021 оны 04 сарын 20

saihan setgeltei hodolmorch zorilgotoi zaluu baina amjilt husii

0  |  0
No(46.114.105.45) 2021 оны 04 сарын 21

Хөдөлмөрч даруухан ухаалаг зорилготой залуу байнаа.\nХамгийн гол нь эерэг хандлагатай.Аз жаргал хүсэе

2  |  0
Зочин (150.129.142.242) 2021 оны 04 сарын 21

Гаднаасаа ч дотроосоо ч гэрэлтсэн сайхан хүү байна. Улам их амжилт хүсье.

4  |  0
Onon(202.126.89.138) 2021 оны 04 сарын 20

Saihan setgeliin vzvvrt shar tos gedeg vg bii.uragshaa.amjilt hvsie.

3  |  0
болд(66.181.179.97) 2021 оны 04 сарын 20

АМЖИЛТ ХҮСЬЕ.

4  |  0
Top