Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Хаврын тариалалт хэвийн эхэлсэн үү. Хөл хорио тогтоосон нь тариалалтад нөлөөлж байна уу?
-Ковид-19 цар тахлаас шалтгаалж хатуу хөл хорионы нөхцөлд 2021 оны хаврын тариалалт эхэлж байна. Техник тоног төхөөрөмжөө засах, сэлбэх, бордоо, ургамал хамгааллын бодис, үр татах гээд тариалалтын бэлтгэл ажилд тодорхой хэмжээнд хөл хорио нөлөөлж байгаа. Гэсэн хэдий ч тариалангийн бэлтгэл ажил хоцорсон, тасалдсан нөхцөл харьцангуй гайгүй. Тариаланчдын зүгээс сум, орон нутагтаа бригадаар тариалангийн талбайдаа гарч тусгаарлагдах байдлаар ажлын зохион байгуулалтаа хийж байна.
Цаашдаа хөл хорионы нөхцөл байдал гайгүй бол тавдугаар сарын эхээр тариалалт жигдэрнэ. Ямар ч нөхцөлд тариалалтыг хэвийн явуулахын тулд ажиллаж байна. Энэ жил улсын хэмжээнд 530 гаруй мянган га талбайд тариалалт хийнэ. 389 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 14-15 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, малын тэжээл болон тосны ургамлыг тус бүр 50-60 мянган га-д, жимс, жимсгэнэ долоон мянган га талбайд тариална. Цаг агаарын нөхцөл байдлын хувьд энэ дөрөвдүгээр сард тариалангийн бүс нутгаар хоёр ч удаа их, бага хэмжээгээр хур тунадас орсон. Мөн ойрын өдрүүдэд хур тунадас орно гэсэн цаг агаарын төлөв байгаа. Тиймээс орж байгаа хур тунадсыг хөрсөнд нь үлдээж, чийгээ хааж байгаад тариалалтаа хийх нь чухал байна.
-Хөл хорионы үед ажиллах салбарын тоонд газар тариалангийн салбар орсон. Газар тариалан бол дотоодын хүнсний хэрэгцээг хангахад голлох үүрэгтэй чухал салбар. Энэ үед тариалалтад тулгарч буй бэрхшээл юу байна вэ?
-Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг хөл хорионы үед тодорхой хэмжээгээр ажиллах боломжоор хангаж өгсөн учраас бэрхшээл гайгүй. Үүний үр дүнд Улаанбаатар хотод байсан 1000 гаруй тариаланчдад вакцины нэгдүгээр тунг хийгээд орон нутаг руу нь явуулсан. Улсын хэмжээнд нийт 14 мянга гаруй тариаланч вакцин хийлгэх хүсэлтэй байгааг эхнээс нь хэрэгжүүлж байна. Тариаланчдыг PCR шинжилгээнд хамруулах ажлыг аймгуудтай хамтран зохион байгуулж байгаа.
-Хөдөө аж ахуйг дэмжих сангаас бордоо, ургамал хамгааллын бодис, үрийн дэмжлэгийг аж ахуйн нэгжүүдэд олгодог. Энэ дэмжлэг яаж хүрч байна вэ?
-Бордоо, ургамал хамгааллын бодисын сонгон шалгаруулалт яваад дуусаж байгаа учраас удахгүй олголтын ажил эхэлнэ. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас ургамал хамгааллын бодис болон бордоонд тус бүр нэг тэрбум орчим төгрөгийн дэмжлэгийг тариаланчдад олгоно байх. Тооны хувьд өнөөдөр эцсийн байдлаар дүнг нь сонсоогүй байна. Дэмжлэг авах аж ахуйн нэгжүүдийн хувьд цахимаар материалаа бүрдүүлнэ. Улмаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн орон нутагт байгаа салбаруудаар дамжуулж гэрээ байгуулж дэмжлэг авах нөхцөлийг бүрдүүлж байна.
-Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, хөнгөлөх хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөл батлагдвал ач холбогдлыг нь хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордоог гаалийн албан татвараас хөнгөлөх, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг батлуулахаар ажиллаж байгаа. Энэхүү тариалангийн үйлдвэрлэлийн гол орцуудыг татвараас хөнгөлж, чөлөөлснөөр тариаланчдад том дэмжлэг болно.
-Газар тариаланг дэмжих 100 тэрбум төгрөгийн зээлийг олгож эхэлсэн үү?
-Газар тариалангийн салбарт зориулсан 100 тэрбум төгрөгийн зээлийг удахгүй олгоно. Ажлын байрыг дэмжих хоёр их наядын зээл Монголбанк, Сангийн яам, арилжааны банк гэсэн схемээр явж байгаа. Үүнтэй адилаар 100 тэрбумын зээл олгогдох шийдвэрийг Сангийн сайд гаргасан. Тиймээс гэрээний төслөө Монголбанканд хүргүүлсэн. Монголбанкнаас гэрээний төсөлд гарын үсэг зурсны дараа зээл олгогдож эхэлнэ. Өнгөрсөн жил газар тариалангийн үйлдвэрлэлд олгож байсан зээлийн жишгээр уг зээлийг ч мөн олгоно. Аймгуудын хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргасан нийт тариалан эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг яамнаас нэгтгээд арилжааны банкуудад хүргүүлнэ. Тус жагсаалтад багтсан аж ахуйн нэгжүүд зээлд хамрагдах боломжтой.
-Энэ жил улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржээр арилжаална, биржийн арилжааг дэмжинэ гээд байгаа. Биржийн арилжааг дэмжсэнээр ямар үр дүн хүлээж байгаа юм бэ. Ингэснээр улаанбуудайн үнэд зохицуулалт орно гэж ойлгох уу?
-Хөдөө аж ахуйн салбарыг цахимжуулах ажил өрнөж байна. Газар тариалан, мал аж ахуй, мал эмнэлэг, үйлдвэрлэлийн хяналт, тусгай зөвшөөрлийн системийг цогцоор нь цахимжуулснаар мэдээлэл ил тод болох, малчид, тариаланчид зах зээлийн үнээр түүхий эд, бараа бүтээгдэхүүнээ борлуулах нөхцөл бүрдэнэ. Цахим хөдөө аж ахуйг бий болгохын тулд мал аж ахуй, газар тариалангийн түүхий эд, бүтээгдэхүүн, малын бүх мэдээллийг нэгдсэн системээр бий болгох юм. Жишээлбэл, тариалангийн түүхий эдийг үр байхаас нь эхлээд тариалсан, хураасан, борлуулалтаар хэрэглэгчид хүрсэн хүртэлх бүх мэдээллийг нэгдсэн системд бий болгоно. Энэ жил анх удаа эхний ээлжид хүнсний улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржээр арилжаална. Бирж дээр тогтоосон үнээр гурилын үйлдвэрүүд улаанбуудайг авна. Улаанбуудайн урамшууллыг биржээр арилжаалсан улаанбуудайнд олгох зохицуулалтыг ч давхар хийхээр төлөвлөж байна. Өмнө нь бол тариаланч улаанбуудайгаа гурилын үйлдвэрт хүргэж борлуулдаг. Гэтэл улаанбуудайны хэмжээний хувьд маргаантай асуудал үүсдэг. Биржээр арилжаалагдах юм бол чанар, хэмжээ, үнэ нь баталгаатай, ил тод байна. Жишээ гэвэл ОХУ ч гэсэн биржээр хүнсний улаанбуудайгаа арилжаалдаг.
-Тариаланчид улаан буудайгаа Хөдөө аж ахуйн биржид тушаахад шалгуур тавих уу?
-Хүнсний улаанбуудайн стандартын шаардлагыг хангасан байхад хангалттай. Энэ бол угаасаа байдаг шалгуур шүү дээ. Биржийн хувьд ямар нэг шимтгэл авахгүй. Цаашдаа тариаланчид хоршиж их хэмжээний буудайг арилжаалах байдал руу шилжих нь зүйтэй байна.
-Энэ жилийн хувьд тариалалтад шаардлагатай үрийн улаанбуудайг импортоор хэр хэмжээтэй авч байгаа вэ?
-Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулж 10 мянга гаруй тонн үрийн улаанбуудайг импортоор авч байна. Импортоор элит сортын үр худалдаж авч байгаа. Хөдөө аж ахуйг дэмжих санд 5600 тонн үрийн улаанбуудайн нөөц байна. Тэгэхээр хаврын тариалалтад шаардлагатай 16-17 мянган тонн үрийн улаанбуудайг бүрдүүлэх нөхцөл бүрдсэн.
-Хөл хорионы үед импортын нарийн ногооны үнэ өссөн байна лээ. Ийм үед нарийн ногооны дотоодын хэрэгцээг хангах нь чухал. Энэ жил хүлэмжийн тариалалт нэмэгдэх үү?
-Цар тахлын нөхцөлд дотоодын хүнсний үйлдвэрлэл, үүнд хүлэмжийн тариалалт мөн чухал байгаа. Хүлэмжид тариалдаг улаан лооль, өргөст хэмх, чинжүү, навчит байцааны дөрөвний нэгийг дотооддоо үйлдвэрлэдэг. Дөрөвний гурвийг импортоор авч байгаа учраас энэ тоог бууруулах чиглэлээр ажиллаж байна. Улсын хэмжээнд 50 га-д өвлийн хүлэмж шаардлагатай. Гэсэн ч хүлэмжийн аж ахуйд хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал өндөр байдаг учраас нэг дор 50-га хүлэмж барьж чадахгүй. Харин 20 га-д хүлэмжийн тариалалтыг нэмэгдүүлж чадвал зохих түвшинд дотоодын хэрэгцээ хангагдана. Хүлэмжийн тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлээр Голландын Засгийн газартай хэлэлцээр хийгээд явж байгаа. Энэ жил Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулж улсын төсвийн хөрөнгөөр авсан хүлэмжүүдээс аймаг, орон нутгийн захиалгад үндэслэж олгоно.
-Хөл хорионы нөхцөлд газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд саад тулгарч байна уу?
-Тоног төхөөрөмж, сэлбэг захиалгын хугацааны хувьд тээвэрлэлттэй холбоотойгоор хэд хоног хойшлох нөхцөл байдал байна. Үүнээс бусдаар хүндрэл алга.
-Хүнсний ногооны тариалалт ямар байх вэ. Яамнаас энэ жил хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байсан, хэвээрээ юу?
-Хүнсний ногооны тариалалтыг өнгөрсөн жилийнхээс 15 хувиар нэмэгдүүлэхийг зорьсон. 2020 онд хүнсний ногоог 1000 орчим га-д нэмж тариалсан. Энэ жил “Өрхийн тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих хөдөлгөөн” орон даяар өрнөж байгаа учраас аймгуудад аль болох хүнсний ногоогоо ахиу тариалах талаар чиглэл, зөвлөмж хүргэж байгаа. Мөн хүнсний ногоо тариаланчдад хоёр тэрбум төгрөгийн үр худалдаж авах төсөв тавигдсан. Гол нэрийн хүнсний ногоонуудаас сонгино, сармис, байцааны хангамжийг бүрэн бүрдүүлж чадахгүй байгаа учир сонгино, сармисны үрийг илүүтэй бүрдүүлж байгаа. Тиймээс хүнсний ногооны тариалалт энэ жил нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна. Энэ хүрээндээ нийлэг, хальсан хүлэмжийг тариаланчдад дэмжлэг болгож олгоно гэж түрүүнд хэлсэн. Аймгуудаар дамжуулж үрийн дэмжлэгийг удахгүй олгоно.
-Цар тахлын хүндрэлийг хөдөө аж ахуйн салбарт тусгахгүйн тулд төрөөс тодорхой дэмжлэгүүд олгож байна. Дэмжлэгүүд үр дүнгээ өгч байна уу?
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс цар тахлын үед хүнсний хангамжийг тасалдуулахгүй байлгахад чиглэж үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хүрээнд Улаанбаатар хотын хэрэглэгчдийн нөөцийн махны бэлтгэлийг хангалттай хэмжээнд бэлдсэн. Нөөцийн махыг 400 гаруй цэгээр борлуулж байгаа. Махны үнэ, хангамжийг тогтвортой барихыг зорьсоор байна. Импортын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох цагаан будаа, малын тэжээл, ургамлын тосыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн нь малчдад өвөлжилт, хаваржилтыг давахад тодорхой дэмжлэг болсон, хэрэглэгч талдаа импортын бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой барихын тулд ингэж зохицуулалт хийсэн. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг дэмжих хоёр их наяд, хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын зээлийн эх үүсвэрийг Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ нь цар тахлын нөхцөлд хөдөө аж ахуйн салбарт, үйлдвэрлэгчид том дэмжлэг болно. Үрийн дэмжлэг, хөнгөлөлт, хөдөө аж ахуйн зориулалттай тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, хөнгөлөх нь бас салбарын чухал хөрөнгө оруулалт, дэмжлэг болно.
-Улсын хэмжээнд мал төллөлт, ноолуур бэлтгэл ямар байна вэ?
-Энэ жил зургаан аймагт зудын нөхцөл байдал үргэлжилж, зургаан аймаг гантай байсан ч гэсэн улсын хэмжээнд 24 сая толгой эх мал төллөнө, 20 гаруй сая төл хүлээж авна гэсэн тооцоотой байна. Үүнээс одоогийн байдлаар 11.1 сая төл хүлээн авч, 10.9 сая төл бойжиж, мал төллөлт 46.1 хувьтай байна. 100 эх малаас хүлээж авч байгаа төл нь 97.7 хувьтай байгаа. Зүүн аймгуудаас ноолуур гараад аж ахуйн нэгжүүдэд борлуулалт явагдаад жигдэрч байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Энэ из хомсогтэй УВС царайтай нохор Байна
Ингээд л үлгэрээ яриад байдаг. Цаг нь тулчихаад байхад ирээдүй цаг дээр л яриад байх юмаа.