Өдгөөгөөс хориод жилийн өмнө хаврын амралтаар ангийнхаа нөхөртэй сумандаа очсон юм. Найз маань хотын унаган хүүхэд учраас сумын төв, хөдөөх юм бүхэн сонин байгаа бололтой. Ийнхүү улирлын амралт дуусаж, хот руу буцах гээд жаал юм бэлдэж байтал Балдан-Осор ах аахилсаар орж ирэв. Өөдөөс жижигхэн боодолтой юм сарвайж, “За Шоовон толгойт минь үүнийг аминаасаа илүү хамгаалж өнөөх Нямаагийн бэрд аваачиж өгөх юм шүү, хаяг утас бүх зүйл нь наана чинь байгаа” гэнэ.
“Нямаа гуайн бэр гэж хэн билээ” гэхэд “За чи танина даа, Доржийн бөгтрөгтэй шарга шиг авгай байгаа. Тэрний биенийх нь юм лав ирэхээ байсан байх” гээд гараад явчихав. Би ч толгой дохиод хоцров. Гэтэл “Хөнөг” Доной гуай босгонд тээглэн хараал урсгасаар гялгар уутаар сүрхий бүрсэн нэр устай зүйл өгөөд “Хүү явлаа юу, үүнийг Батлан хамгаалахын сургуульд Энхбат гэж хошуучид өгөх юм, ээ дээ хүү минь хичээж үзээрэй” гэнэ. Хошууч юм биз дээ хэмээхэд “Андашгүй дээ, Дамдинпүрэвийн Гэдгэр хээр шиг гоохолзсон нимгэн бор нөхөр байгаа. Дуудахаар гараад ирэх байлгүй” хэмээн тамхиа нэрэв. Ийнхүү хоёр ч дайвар аваад сумаас Сайншанд хүргүүлэн гал тэргэнд суух үед нэртэй уяач Наваанжамба гуай ирж “Ашгүй хүү таарлаа. Дайвар өгөх гээд хүн байдаггүй” хэмээн жижиг хайрцагтай зүйл өглөө. Тэрээр “Би чиний галт тэрэгний дугаарыг өгчихнө, өглөө тосоод авна. Санаа зоволтгүй. Сайнаагийн зээрд шиг довтолсон хүүхэн дүүхэлзэж ирээд авчихна” хэмээв.
Ийнхүү галт тэрэг хөдлөхөд найз маань “Чи яасан олон хүний захиас авдаг юм, амжих юм уу, тэгээд ч тэр хүмүүс чинь морь мал юм уу хаашаа юм. Чи таньж өгөх юм уу” гэх зэргээр гайхахын зэрэгцээ ундууцав бололтой. Улаанбаатарт буугаад нутгийн ах нарын захиас ёсоор бүх зүйлийг эзэн эзэнд нь өгөхөд найз маань ихэд гайхаж “Танай нутагт чинь хүмүүсээ морь малын зүс төрхөөр ялгадаг юм уу хаашаа юм” гэж билээ.
Үнэхээр л тэр олон хөлхөсөн газарт Балдан-Осор гуайн хэлснээр Нямаагийн “Бөгтрөгтэй шарга” шиг хижээл насны эмэгтэй зогсож байгаа нь шууд л нүдэнд туссан. Үнэхээр л “Хөнөг” Доной гуайн хэлсэнчлэн тэр олон офицер цэрэг хувцастай нөхөд дундаас Дамдинпүрэвийн “Гэдгэр хээр” шиг гоохолзсон нимгэн бор нөхрийг би алсаас шууд таньсан. Галт тэрэгнээс буухад яах аргагүй л Сайнаагийн зээрд шиг дүүхэлзэж довтолсон хүүхэн нүдэнд туссан л юм даг. Ойлголцол оо гэж.
Сэтгэгдэл ( 0 )