Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл энэ жил 70 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Хотын дарга Д.Сумъяабазар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Сэтгүүлчдийн номын өдөрлөг-яармаг” худалдааг зохион байгуулах санаачилгыг гаргасан юм. Уг арга хэмжээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөртэй давхцаж байгаагаараа онцлог бөгөөд хотын дарга өчигдөр, өнөөдөр үргэлжилж буй номын өдөрлөгт цахимаар оролцож, үг хэлсэн юм.
Тэрбээр "Сэтгүүлчдийг би Лодонгийн Түдэв гуайгаар болон түүнтэй эн зэрэгцэх олон эрдэмтэн, судлаач, орчуулагч, зохиолч, яруу найрагч, мөн төр нийгмийн зүтгэлтнүүдээр төсөөлж өссөн. Цаашид ч сэтгүүлчид маань, залуучууд маань ахмад үеийнхнийхээ энэ сайхан уламжлалыг үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Энэ удаагийн номын өдөрлөгт оролцож байгаа сэтгүүлчдийнхээ бүтээлийг хараад маш их итгэл төрлөө. Сэтгүүлчид маань шинжлэх ухааны салбараас эхлээд бичихгүй, судлахгүй салбар гэж байдаггүй юм байна. Дэлхийн сонгодгуудын романыг орчуулж ирсэн. Одоо ч орчуулсаар байна. Г.Аким гуай, Ж.Нэргүй гуай, Х.Мэргэн гуай, сүүлийн үеийнхнээс О.Чинбаяр, сэтгүүлч Б.Баттогтох ах гээд...
Сэтгүүлзүйн генералууд болох Ц.Балдорж эрхлэгч, Ж.Мягмарсүрэн эрхлэгч, Б.Ганболд эрхлэгч... Мөн олон сайхан нийтлэлчдийн ном бүтээл үлдсэн байна. Дашрэнцэн ах, Гангаа ах, мөн сэтгүүлч Лунтангийн Болормаа нарын бүтээлийг уншигчид нь үгүйлж байна. Өнгөрсөн, одоо, ирээдүйг бичиж тэмдэглэж, хүн төрөлхтөний соёл иргэншлийг бүтээлцэж яваа сэхээтнүүд, сэтгүүлчдээрээ бахархаж байна. Та бүхний маань үг нь мэргэн, үзэг нь хурц, үйлс арвин байг ээ! Сэтгүүлчдийн номын өдөрлөгт амжилт хүсье! Сэтгүүлчдий бүтээлээс та бүхэн худалдан авч, оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй хэмээн уриалж байна" гэв.
Сэтгэгдэл ( 0 )