Хэвлэлийн эрх чөлөө урагшлав уу, ухрав уу?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 03

Өнөөдөр /2021.05.03/ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна.Монгол Улс дахь хэвлэлийн эрх чөлөө  2020 онд хэрхэн хэрэгжсэн талаарх мэдээллийг “Глоб интернэшнл” төвөөс гаргадаг "Хэвлэлийн эрх чөлөөний тайлан-2020"-д үндэслэн бэлтгэснийг хүргэе.

 

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ УРАГШЛАВ УУ, УХРАВ УУ?

Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагаас Хэвлэлийн эрх чөлөөний индексээ өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтэд танилцууллаа. Энэ жилийн тухайд Монгол Улс нь 180 орноос 68 дугаарт байрт жагсаж, хэвлэлийн хагас эрх чөлөөтэй буюу мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд багтсан хэвээр байна. 2020 онд Монгол улс нь 73 дугаар байрт жагсаж байсан бол энэ жил 5 байр урагшилсан амжилт үзүүлсэн нь дараах шалтгаантай холбоотой гэж үзэж байна.

Нэгдүгээрт, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах гэсэн оролдлогуудын эсрэг мэргэжлийн байгууллага, эвлэл холбоод, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид нэгдэн дуу хоолойгоо хүргэж чадсан юм.

Төр, засгийн зүгээс хязгаарлах гэсэн санаархлын тэргүүн эгнээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нэрлэгдэнэ. Тус яамнаас албан ёсны цахим хуудастаа 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр байршуулсан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт хүндрүүлэх бүрэлдэхүүн оруулах санал боловсруулсан байв. Дараах 5 тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй.

1. Захиалгаар,

2. Хүүхдийн эрхийг зөрчиж,

3. Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж,

4. Гамшиг, цар тахлын үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгож,

5. Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж үйлдсэн бол заажээ.

 

Түүнчлэн энэ гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг эсхүл Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулж үйлдсэн бол 1-5 хүртэл жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг 10-80 сая төгрөгөөр торгох ял шийтгэх зохицуулалт байхаар төсөлдөө тусгаад амжсан байв.

Нэг мөсөн хэвлэлийн эрх чөлөөг хумих, амыг нь барих гэсэн ардчилсан улсад байж болохгүй хуулийн хатуу хариуцлагад хүргэх хуулийн төсөл болов. Бүр энэ төрлийн гэмт хэрэгт хорих ялын шийтгэл оногдуулахгүй байхыг зөвлөсөн НҮБ-ын Хүний эрхийн хороодын зөвлөмжийн эсрэг санаа, зорилготой хэн нэгэн эрх ямбатны дур зоргын үйлдэл байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Ямартай ч савраа татаж, санаархлаа зогсоосон юм даг. Гэхдээ манай яамны зүгээс эхлээд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулсны дараагаар холбогдох хуулиудад нь өөрчлөлт оруулах болно гэсэн тайлбарыг албаны хүмүүс нь хэлж байна лээ. Иймд сонор сэрэмж хэзээд илүүдэхгүй  тул нүд сэргэг, чих соргог байж ахин ийн үйлдэл гаргахгүй байхыг нь хүлээх л үлдлээ.

Хоёрдугаарт, 2020 оны наймдугаар сард парламентийн сэтгүүлчид маань нэг цэгт зогсож ахин мэдээлэл дамжуулж чадахгүй хэмээн эсэргүүцлээ илэрхийлж ажлын хэрэгсэл болох микрофон, мандат зэргээ төрийн ордны коридорт орхиж хаясан үйлдэл нэрлэгдэнэ. Цар тахлын үе дэх бэлэн байдлын зэрэгт шилжээд хэдийн 6 сар өнгөрөөд байхад л сэтгүүлчдийн чөлөөтэйгөөр явж мэдээлэл боловсруулах эрхийг хязгаарлаад байсан хэрэг.

Гуравдугаарт, бусад улсын хувьд цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор хуулийн хатуу хариуцлага оногдуулах зохицуулалтад шилжсэн тул зарим улсын индекс ухарч Монгол Улс урагшилсан ерөнхий дүр зураг харагдана. Манай улс нь бүс нутгийн хэмжээндээ болон ижил гараанаас эхэлсэн орнуудтай харьцуулахад хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ дээгүүр байр эзэлнэ. Ази тивдээ тэргүүлж буй өмнөд Солонгос гэхэд л энэ жилийн хувьд 42 дугаар байрт, Япон улс манай өмнөхөн буюу 67 дугаар байруудад жагсаж байна. Сүүлийн 5 жил энэхүү индексийг тасралтгүй тэргүүлж буй улс бол Норвеги юм. Харин баян ходоодонд байнга л байж байдаг Хойд Солонгос энэ жил нэг байр урагшилж 179 дүгээр байрт анх удаагаа жагслаа.

Хэвлэлийн эрх чөлөөний индексийг 2002 оноос хойш дэлхийн 180 улсыг хамруулан гаргаж байна. Монгол Улсын хувьд 2013 оноос хойш дараах үзүүлэлттэй байна. Үүнд, 2013 онд 98, 2014 онд 88, 2015 онд 54, 2016 онд 60, 2017 онд 69, 2018 онд 71, 2019 онд 70, 2020 онд 73 дугаар байруудад тус тус жагсаж байсан.

 

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ЭРХ ЗҮЙН ХУВЬД ХУМИХ ГЭВ ҮҮ, ХАНГАХ ГЭВ ҮҮ?

Хурмастын эзэн болдоггүй бор өвгөний нисдэг бор морийг нь идээд орхи гэв үү? Нисдэггүй бор морийг нь идээд ир гэв үү? гэж асуудаг шиг асуулт хэвлэлийн эрх чөлөөнд тавигдана.

Тэгвэл, 2020 онд эрх зүйн орчинд цар тахал гэдэг нэрийдлээр зарим хязгаарлалтуудыг тогтоож өгсөн. Ингэхдээ цар тахлын хуулиар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг мэдээ, мэдээлэл дамжуулахыг нь үүрэг болгосон бөгөөд энэхүү үүргээ зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл оногдуулна. Иргэдийг олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээ, мэдээлэл тараасан бол 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах зохицуулалт үйлчилж мянга, мянган иргэнд Зөрчлийн хуулиар торгууль оногдуулав.

Мөн өнгөрсөн онд Худал мэдээлэл тараах зүйлийг шинээр Эрүүгийн хуульдаа оруулж, гэмт хэрэгт тооцох болсон. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Худал мэдээлэл тараах гэмт хэргээр 2020 онд 17 хэрэгт шүүхийн шийтгэвэр гарсан байна. Оногдуулсан ялын тухайд 450,000 төгрөгөөс 1,300,000 төгрөгөөр торгожээ. Энэ төрлийн гэмт хэрэгт хорих ялын шийтгэл байхгүй. Гэвч гэмт хэрэгт холбогдуулан шалгах явцдаа 2 иргэнд таслан сэргийлэх арга хэмжээ авч 53 хоногийн хугацаатай цагдан хорисон байна.

Нөгөө талаас, Цагдаагийн ерөнхий газар болон ХХЗХ-ны дарга нарын хамтарсан А/200, А/169 дугаар тушаалаар Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тараахаас сэргийлэх, зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журмыг 2020.08.27-ны өдөр баталж, дагаж мөрдөж байна. Энэхүү журмаар цар тахлын үед нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээллийг устгах, эсхүл хандалтыг хязгаарлах тухайн цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн Монгол Улсаас хандах хандалтыг цар тахал намдах хүртэл хугацаагаар хязгаарлах зохицуулалтууд орсон.

Тус журам батлагдсантай холбоотойгоор ХХЗХ-ноос интернэтийн үйлчилгээ эрхлэгчид харилцаа холбооны үйлчилгээний бэлэн байдлыг хангах тухай 2020.11.11-ний өдөр 04/1981 албан тоот хүргүүлж тус журмыг мөрдөн ажиллахыг 290 цахим сайтын үйлчилгээ эрхлэгчдэд анхааруулсан. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ийнхүү нийтлэг байдлаар хязгаарласан нь бүх нийтийн эрүүл мэндийг цар тахлаас хамгаалах зорилгод гарцаагүй шаардлагатай гэж үзэх хууль зүйн үндэслэл хангалттай биш юм. Мөн түүнчлэн, Засгийн газрын 2020 оны гуравдугаар дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас гарсан чиглэлийн дагуу цар тахалтай холбоотой албаны мэдээ, мэдээллийг хэрэглэгчийн сэтгэгдэл авах боломжгүй тохиргоотойгоор нийтлэх зөвлөмжийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос мөн өдөр 134 цахим сайтын үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлсэн .

Энэхүү чиглэлийн дагуу захиргааны хэм хэмжээний актаар бүртгэсэн тогтоол, захирамж одоогоор гараагүй тул заавал дагаж мөрдөх хууль зүйн үүрэг цахим сайтын үйлчилгээ эрхлэгчдэд байхгүй юм.

Журмын 4.1.1-д “цахим орчинд цар тахлын үед нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээ, мэдээлэл тарааж байгаа цахим орчинд хязгаарлалт хийх хүрээнд хамтран ажиллах төлөөлөгч томилж, овог, нэр, албан тушаал, хөдөлгөөнт болон суурин утасны дугаар, цахим шуудангийн хаягийг Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх” гэж заасан. Энэ нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн “Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй”, “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гэсэн хуулийн заалтуудтай зөрчилдөж байгаа юм.

Өнгөрсөн жил УИХ-ын сонгуультай жил байсан бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг сонгууль бүрээр хумих, хязгаарлах гэсэн оролдлогууд Сонгуулийн тухай хуулиудад амь бөхтэй оршсоор ирлээ. Сонгуулийн тухай хуулиуд батлагдсантай холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар бүлэгт Улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчлийг 2019.12.20-ны өдрийн хуулиар шинээр нэмсэн. Энэ дагуу сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хоёр саяас 200 сая хүртэлх торгуулийн шийтгэлийг Зөрчлийн тухай хуулиар оногдуулахаар хуульчилсан нь хэвлэл мэдээллийн байгууллагуудад эдийн засгийн цензур тогтоох эрсдэлтэй байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хараат бус, бие даасан мэдээ, нийтлэл түгээхийг хуулиар улам бүр хязгаарлаж, сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нь хатуу хязгаарлалт тогтоож буй нь эрх зүйн цензурыг нэг талаас бий болгожээ.

Эрх зүйн зохицуулалтаас үүдэн гарах Иргэний, Эрүүгийн хууль дахь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчтэй холбоотой хэргийг хэрхэн шийдвэрлүүлэх сонирхол байна вэ?

Монгол Улсын хэмжээнд 2020 онд Иргэний хуулийн 21 дүгээр зүйл нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндтэй холбоотой 106 хэрэг Иргэний хэрийн шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн тухай дүн мэдээг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс өгсөн. Иргэний хэргийн шүүхээс шийдвэрлэсэн хэрэгт нэхэмжлэл гаргагчдын 37,5% нь төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллага байна. Нэхэмжлэгч талаас сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад гаргаж буй эдийн бус гэм хорыг арилгах хохиролд ойролцоогоор 4,3 сая төгрөг нэхэмжилж байна. Харин гэм хорын хохирлыг нэхэмжилснийг шүүхээс хангахгүй шийдвэрлэж байгаа дүр зураг харагдаж байна. Гэсэн хэдий ч, өндөр үнийн дүн нэхэмжилдэг оролдлого хэвээр байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээс 1 тэрбум төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдол дээд рекорд болон 2020 онд бүртгэгдэв. Энэхүү хэрэгт шүүхийн шийдвэр хараахан гараагүй, шүүх хурал нь товлогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн Худал мэдээлэл тараах зүйл ангиар 2020 онд 258 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн 181, хэрэгсэхгүй болгосон 1, шүүхэд шилжүүлсэн 24 хэрэг байгаа тухай Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас ирүүлсэн албан тоотдоо дурджээ. Үүнээс яллагдагчаар татсан хүний тоо 29 бөгөөд шүүхээр орж шийтгүүлсэн хүний тоо 17 байна.

Мөн өнгөрсөн сонгуулийн үеэр анх удаагаа хэрэгжсэн нэг заалт болох Эрүүгийн хуулийн 14.8 дугаар зүйл Cонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараасан гэмт хэрэгт 2020 онд Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн тохиолдол гараагүй байгаад ихэд олзуурхаж байна.

 

ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА ХЭРХЭН ЭРГЭВЭЛ ЗОХИСТОЙ ВЭ?

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагаас худал мэдээ, мэдээлэл тарааж иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсаныг хуулийн байгууллагаар тогтоолгох сонирхол илүүтэй давамгайлж байна. Тэр дундаа улс төрийн өндөр албан тушаалтнуудад бүр илүүтэй ийм сонирхол давамгайлж байх юм.

Хэвлэл мэдээллийн салбарын дархлаа болж цаашид бэхжих ёстой байгууллага бол Хэвлэл мэдээллийн зөвлөл мөн гэж үздэг. Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргадаг бөгөөд гарсан шийдвэр нь хуулийн хатуу биш зөөлөн зохицуулалт байдгаараа онцлогтой. Энэхүү байгууллагыг байгуулаад 100 гаруй жилийн туршлага хуримтлуулсан орон ч дэлхийд байна. Хэвлэлийн эрх чөлөөгөө хангая, индексээрээ дэлхийд тэргүүлье гэвэл зөөлөн зохицуулалтыг хүлээн зөвшөөрч сонгохоос өөр аргагүй. Дэлхийн жишиг чиг хандлага нь ердөө л ийн билээ.

2020 онд Иргэний хэргээр нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэлд буруутай тооцож залруулга гаргах, уучлал гуйлгахыг даалгах нэхэмжлэлтэй хэргийн хариуцагчдын 40 гаруй хувь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид байгаа юм. Гэтэл заавал шүүхээр явж зардал чирэгдэл гаргаж, цаг хугацаа алдахгүйгээр ёс зүйн зарчмаа зөрчсөн буруутай үйлдэлд нь залруулга гаргах, уучлал гуйсныг мэдэгдэх зэргээр шүүхээс даалгадаг шийдвэрийг хүсэх боломж бий юм.

2020 онд Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 52 өргөдөл, гомдол хүлээн авснаас 19 редакцын холбогдох 22 бүтээлд дүгнэлт гаргасан байна. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд энэ байгууллага нь 404 өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь нэг талаас шүүх, цагдаагийн байгууллагын ачааллыг төдий хэмжээгээр бууруулсан гэж үзэж болох юм.

Илт худал мэдээ, олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл гэдгийн тодорхойлолт байхгүй, эрх бүхий байгууллагаас дур зоргоор хуулийг тайлбарлан хэрэглэж буй энэ цаг үед цагдаа, шүүхэд хандахын өмнө хэвлэл мэдээллийн байгууллагад хамаатай юу? Миний зөрчигдсөн эрхийг хаана хандвал хэрхэн үр дүнтэй, хурдан шуурхайгаар шийдвэрлэж болох вэ? гэдгийг өөрсдөөсөө нэг асууж, улмаар судасны үндсэн дээр шийдвэрээ гаргавал нэн тустайсан.

ДҮГНЭЛТИЙН ОРОНД:

2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 36 дахь чуулганаар Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг гурав дахь удаагаа дүгнэн хэлэлцэв. Тус чуулганаар Хүний эрхийн зөвлөлөөс Монгол улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх талаар дараах зөвлөмжийг өгсөн юм. Үүнд:

• Гүтгэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээ авах зэрэг замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд ямарваа шийтгэл хүлээхээс айж эмээх зүйлгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах - 69 (Эстони);

• Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдсэн халдлагын хараат бусаар мөрдөн шалгах нөхцөлийг баталгаажуулж, гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд шийтгэл хүлээлгэх – 71 (Австрали);

• Шүүхийн шударга, ил тод байдлыг хангах, эрүүдэн шүүхэд оролцсон этгээдэд хариуцлага оногдуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернетийн хэрэглээнд тогтоосон хязгаарлалтыг цуцлах талаар шаардлагатай хүчин чармайлт гаргах – 88 (Египет).

Ардчилсан улсын иргэн болж аливаа асуудлаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө баталгаатай эдэлнэ гэдэг сайхан хэрэг, зол завшаан юм. Ирэх жилүүдэд анхаарах асуудлуудад ч холбогдох улсуудаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тухайд хичээл зүтгэл хэн хүнгүй гаргах хэрэгтэй байна. Хэвлэлийн эрх чөлөөг нэг л өдөр, нэг хууль гаргаад хумьчихдаг амар ажил биш ээ. Харин эрх баригчдаас алгуурхнаар цензур тогтоож, хуулийн хариуцлагаар айлган сүрдүүлэх замаар тасралтгүй оролдлого хийдэг ажээ. Ингэхдээ янз бүрийн аргаар л оролдож үзнэ. Хэвлэл мэдээлэл нь хяналт тавих, ариусган шүүх үүргээ умартах аваас эрх мэдлийн тэнцэл алдагдаж, улс орон авлигад идэгдэх, тогтолцооны хямралд хүрэх нь зайлшгүй үнэн юм.

Монголд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хэвлэн нийтлэх эрх чөлөө байвч эдгээр эрхээ хэм хэмжээндээ нийцүүлэн хуулийн хүрээд эдэлснийхээ төлөө хариуцлага хүлээдэг явдалтай хэрхэвч эвлэрч болохгүй юм.

Эх сурвалж: Глоб интернэшнл төв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top