СХД: Иргэдийг дархлаажуулах явуулын цэгийн тоог нэмэхээр боллоо

2021 оны 05 сарын 03
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.05.03/ цахимаар хуралдав. Хурлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай удирдан явууллаа.
 
Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар танилцууллаа. Мөн дүүргийн Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээлэл солилцлоо.
 
Энэ үеэр дүүргийн удирдлагууд “Covid-19” халдварын эсрэг дархлаажуулалтад иргэдийг идэвхтэй хамруулахад илүү анхаарч, явуулын цэгийн тоог нэмэгдүүлэх талаар болон нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, тохижилт, засвар үйлчилгээний ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлуудын талаар ярилцлаа.
 
Түүнчлэн тавдугаар сарын 8-ны өдрийг дуустал дархлаажуулалтын вакцины нэгдүгээр тунг хийх тул иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамруулах шаардлагатай байгааг онцлов.
Дүүргийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэг “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяны хүрээнд дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам дээр зөвшөөрөлгүй барьсан грашуудыг буулгаж газар чөлөөлөх шаардах хуудсыг 12, 17 дугаар хорооны 142 байршил газар зохион байгуулалтын албанаас хүргүүлсэн байгаа. Мөн аяны хүрээнд өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан хулдаасан 211 самбарыг буулгаж, аж ахуй нэгж байгууллагуудад стандартын бус хаяг, мэдээллийн самбаруудыг солих мэдэгдлийг хүргүүлсэн. Энэ шаардлагын дагуу 52 аж ахуйн нэгж гадна байрлах хаяг, самбарыг стандартын дагуу сольж, шинэчилсэн. Мөн цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах нэхэмжлэлийг иргэд, аж ахуй нэгж, хороод, Сууц өмчлөгчдийн холбоодод хүргүүлэн ажиллаж байгаа талаар хэллээ.
 
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай харьяа хэлтэс, алба, тасгийн дарга нарт “Covid-19” халдварын эсрэг дархлаажуулалтад иргэдийг идэвхтэй хамруулахад өөрсдийн оролцоог нэмэгдүүлэн ажиллахыг зөвлөлөө.
 
Мөн “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай” А/250 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд газрын зөрчлийг арилгахдаа иргэдтэй сайтар зөвшилцөх, учир шалтгааныг тодруулж, урьдчилж иргэд, олон нийтэд мэдээлж ажиллах, Харшлаас сэргийлж шарилж, хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх, модны тайралт, хэлбэржүүлэх ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах, Дүүргийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top