СУРВАЛЖИЛГА I Хөл хорионд туйлдсан иргэдийн мөрөөр

Админ | Zindaa.mn
2021 оны 05 сарын 05

Цар тахлын сүүдэртэй гашуун өдрүүд үргэлжилж байна. Чухам гашуун нь арилаагүй учраас иргэдийнхээ хөлийг тушаад сар шахам болох гэж байгаа билээ.

Энэ хугацаанд Засгийн газраас нэг удаагийн дэмжлэг болгож 300 мянган төгрөг олгосон. Энэ мөнгөө аль хэдийн барж дууссан иргэд хоногийн хоолгүй өлмөн зэлмэн өдөр хоногийг өнгөрөөж байна. Нэн ялангуяа өрх толгойлсон олон хүүхэдтэй ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нялх хүүхэдтэй ээжүүд, ахмад настнууд, ажил орлогогүй олон сар болж буй хувийн хэвшлийнхэнд маш хүнд тусаж байна.

ХҮМҮҮС ДЭЛГҮҮРЭЭС НЭГ ТАЛХЫГ ХОЁР ХУВААЖ АВЧ БАЙВ

Хөл хорионд туйлдсан иргэдийн жишээг наад захын захын дэлгүүрээс ороод өрийн дэвтрийг нь шагайхад л харж болно. Нэг дэлгүүрт энгийн үед 500 мянган төгрөгний өр тогтмол байдаг байсан бол хөл хорионы үеэр хоёр сая төгрөг хол давжээ. Хоосон хонохгүйн тулд эхний өрөө дарж амжаагүй иргэд дараагийн өрөө тавихдаа нэг талхыг хоёр хувааж авч байгааг дарга нар даанч мэдэхгүй. Иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, хоолны талон, банкны карт гээд байдаг бүхнээ үмх мах, тал талхны төлөө барьцаанд тавьчихсан иргэд модоо барьж эхэллээ. Дөнгөж нярайлсан хөхүүл ээж хоол унд муутайн улмаас хөхөнд нь сүү орохгүй, үг даггүй уйлах улаан нялзрай үрээ яахаа мэдэхгүй өөрөө уйлж сууна.

Барилгын ажил хийж өдрийнхөө хоолыг залгуулдаг байсан аав балчирхан дөрвөн үрээ бүлтийтэл өлсгөөд хаашаа ч гарч чадахгүй тэлчилж байна. Нөхөртөө хөөгдсөн эмэгтэй гуравхан сартай хүүхдээ тэврээд орцонд хоног төөрүүлж бэмбэгнэн чичирч байна. Бүтэн сар махны бараа хараагүй, дан цус хуурч өгч хэдэн хүүхдийнхээ голыг зогоож буй цөхөрсөн ээж ч байна. Бие нь өвдөж халуурсан үрээ эдгээхийн тулд эмийн сангаас эм зээлэхээр халган халган яваа иргэд ч байна. Нийтийн байранд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэн төлбөрөө төлж чадахгүйн улмаас гудамжинд гарахдаа тулж байна. Чоно борооноор гэдэг шиг дэлгүүрүүд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнээ нэмсэн нь ч нэрмээс болж байгаа юм.

ХҮҮХДҮҮД АМИН ДЭМИЙН ДУТАГДАЛД ОРЖ БАЙНА

Төр засгийнхан нүдтэй, хөлтэй бол гэр хорооллын айлын хамгийн эхний айлаар ороод хөргөгчийг нь онгойлгоод үз. Тэнд юу ч байхгүй. Хоосрол өлсгөлөнгийн давлагаа хотын төвийнхнийг ч нэрвэж эхэлсэн. Зээлийнхээ хүүнд дарлуулж цалингаас цалингийн хооронд амьдардаг эгэл жирийн иргэд тавин хувь ажиллаж, тал цалингаар арай ядан амьдарч байгаа. Хүмүүс хэрэгцээгээ танаад танаад зөвхөн хоол хүнсэндээ л мөнгөө зориулж байгаа юм. Тэдэнд амин дэмтэй, шим тэжээлтэй жимс жимсгэнэ, нарийн ногоо, цагаан идээ, бал бурамны талаар бодох ч эрх алга. Гурил, будаа, махтай бол баярлах хэрэгтэй болох нь. Гэтэл гурил ч үгүй, мах ч үгүй айл үй олноороо бий. Тиймээс ард иргэдийн эрүүл мэнд, амин дэмийн дутагдал ямар хэмжээнд байгаа нь тодрхой. Миний бие сурвалжилга хийж яваад Дамбадаржаад зургаан хүүтэй айлд хар цайнаас өөр амны зуулга үгүйг, Улаанчулуутаас хог түүж ганцаараа амьдардаг өндөр настны гэрт атга будаанаас өөр хоол хүнс байхгүйг өөрийн нүдээр харсан. Өндөр настан У “Эгч нь мах идэхгүй долоо хонож байна. Хогийн цэгээс өдөржин хог түүж жаахан зэс гаргаж аваад 2000 мянган төгрөг л болдог доо” гэж байсан юм. Энэ бол зөвхөн хоёрхон айлын жишээ шүү. Түүнээс гадна байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байдаг олон олон хүүхдүүд, эмэгтэйчүүд бий. Ард иргэд төр засгаас мөнгө нэхээгүй. Харин хурдхан цар тахлыг давж гараад ажилдаа орохыг хүсэж байна. Хэрэв дахин хөл хорио сунгавал тэд элгээрээ хэвтэх нь байна шүү. Манай улс 70 сая малтай. Тиймээс мөнгө төгрөг нэхэхээсээ илүү гэрээр хийж болох үйлдвэрлэлийг дэмжиж өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодлого тун хэрэгтэй байна.

МӨНГӨГҮЙ БОЛ ӨВДӨХ ЭРХГҮЙ


Цар тахлын энэ үед коронагийн халдвартай мянга мянган иргэд гэрээр хэвтэн эмчлүүлж байгаа. Эмч нарт “хаягдсан” иргэд ам дамжсан яриагаар өөрсдийгөө эмчилж байгаа. Хэдийгээр өрхийн эмнэлгээс хэрэгцээтэй эмийг нь өгдөг ч ихэнх хүмүүс дур мэдээд авч байгаа. Норов7, мана4 тан нь тус бүр 4000 төгрөгийн үнэтэй. Дор хаяж 14 хоног уухын тулд дээрх хоёр танг авахад 40-50 мянган төгрөг болно. Витамин С, Д, үрэвслийн эсрэг эм, өвчин намдаах эм гээд дор хаяж 100 мянган төгрөг хэрэгтэй. Мөнгөгүй иргэд эмийн сангаас зээл авах тохиолдол маш их байна. Энэ талаар эмийн санч Д “Иргэд бие нь маш их өвдөж, халуурч ирдэг. Ялангуяа бага насны хүүхэд нь өвдөөд гээд нүдээ бүлцийтлээ уйлсан ээж хүнийг хараад эм зээлэхээс өөр аргагүй байна. Амин дэмийн дутагдалд орсон иргэдийн дархлаа муу, аливаа өвчинд өртөхдөө амархан байдаг. Хаврын удиралд хууч өвчин нь сэдэрдэг, ядардаг хөгшчүүд тэтгэврийн дэвтрээ барьцаанд тавиад дусал тариа авч байна. Мөнгөгүй бол өвдөх эрхгүй болжээ” гэж халаглаж байв. Мөн вакцин тариулсны дараа хууч өвчин нь сэдэрч даралт нь ихэссэн, цээж нь хүндэрсэн, хоолой нь өвдсөн, үе мөч нь янгинасан иргэд өвчин намдаах эм, даралт бууруулах эм сураглан ирэх нь нэмэгджээ. Хоол тэжээлийн дутагдалтай байгаа иргэд вакцин тариулсны дараа даарахгүй, өлсөхгүй, дулаахан, ая тухтай байх хэрэгтэй. Гэтэл энэ орчин нь төдий л бүрдэж чадахгүй байгаа учир гам алдах ч эрсдэл байгаа юм.

АРД ИРГЭД ХАНДИВЫН АЯН ЭХЛҮҮЛЖ БИЕ БИЕДЭЭ ТУСАЛЖ ЭХЭЛЖЭЭ
 

Цаг хэцүү үед иргэд нэгэндээ тусалж эхэлжээ. Үүний нэг тод жишээ нь “Екатерина онлайн дэлгүүр” нүүр хуудаснаа Катя хэмээх бүсгүй энэ аяныг зохион байгуулж хүмүүсээс ирсэн мөнгөн болон эд зүйлийн хандивыг 100 айл өрхөд хүргүүлж байна. Үүнд гурил, будаа,  мах, саван, бок, ариун цэврийн цаас зэрэг олон төрлийн тусламж багтсан юм. Түүний цахим хаягт 200 гаруй эмэгтэйгээс өөрийн амьдралынхаа зовлонг тоочсон захидал иржээ. Катя “Тэд ихэнх нь өрх толгойлсон, олон хүүхэдтэй эмэгтэйчүүд байна. Нөхөр нь архи дарс уудаг, зоддог гэсэн шалтгаан хамгийн их байгаа нь нийгэмд нүүрлээд байгаа өлсгөлөнгөөс ч илүү аюултай нөхцөл байдал юм” гэж хоолой нь зангиран хэлж байв. Мөн “Бумтан Маргад” нүүр хуудасны эзэн Маргад хэмээх залуу иргэдээс 1000 төгрөгний хандив цуглуулж 500 кг гурилаар боорцог хийж зорилтот бүлгийн иргэдэд хүргэж байна. Нэг уутанд хоёр кг боорцог хийжээ. Маргад “Ард иргэдээс мөнгө төгрөггүй, хүүхдэдээ өгөх ч хоол унд байхгүй хэцүү байна. Ядарч байна, туслаач гэж их ханддаг. Залуу хүний хувьд зүгээр сууж чадахгүй туслахыг хичээж байна. Манайх гэр бүлээрээ эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Бид захын гэр хорооллын айл өрхүүдээр явж боорцгоо тарааж байгаа” гэлээ. Тэрбээр айл өрхүүдэд түлш, бэлэн мөнгө, бууз тараах ажлуудыг ч өмнө нь хийж байсан юм.

100 айл өрхийн ард таван хүн бий гэж бодохоор 500 хүнд тусалж байна гэсэн үг. Сайхан сэтгэлтэй олон хүний хандив туслалцаа хүмүүст хүрч байгаа ч нийгэм даяар бий болсон үгүйрэл хоосролын өчүүхэн нэг хэсэгт л хүрнэ. Нийгэмд гарч ирсэн нь л дээрх жишээнүүд болохоос нэрэлхэж зовсон олон хүмүүс чимээгүйхэн “үйлээ эдлэн” суугаа. Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй хэмээн өөрөөсөө илүүчилж бие биедээ тусалж байгаа нь сайн хэрэг. Үүний нэг тод жишээ нь цар тахалд нэрвэгдээд байгаа Энэтхэгчүүдэд манай улсаас нэг сая ам.долларын хандив өгөхөөр болсон. Гэвч Азидаа Монгол орон маш өндөр эрсдэлтэй орны нэгээр бүртгэгдсэн билээ. Халдвар гарсан, нас барсан хүнийхээ тоог хүн амынхаа тоонд шилжүүлж бодохоор манай улс Энэтхэг улсаас ч илүү хүнд нөхцөлд байна.

А.СҮЛЕНА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.18.185) 2021 оны 05 сарын 06

Энэ улс чинь эзэн байна уу? Бараг 2 жил хөл хорчихоод тусламж өгсөн гэх юм даа? Бид бол ийм л хяммдхан улс . Мөнгө өгөөд яах вэ? хурдхан ажил хиймээр байна.

0  |  0
зочин(202.9.46.193) 2021 оны 05 сарын 05

ковидоос ямар сургамж авав. Хамгийн гол нь яаж амьдрах ёстой, иймэрхүү эрсдэл тохиолдход яах ёстой сургамж авах хэрэгтэй. бахь байдгаараа төрөөс юм нэхсэн хэвээр өөрсдөө амьдарлынхаа төлөө тэмцэхгүй хэвээр байх юм бол хүмүүсийн амьдрал огт дээрдэхгүй

0  |  0
Бат(202.9.46.12) 2021 оны 05 сарын 05

Тусламжаар асуудал шийдэхгүй

0  |  0
xx(66.181.177.179) 2021 оны 05 сарын 05

жимс ногоо авахгүй зөвхөн мах гурил будаа авхад хмаг мөнгө дууссан даа

0  |  0
хх(66.181.177.179) 2021 оны 05 сарын 05

иргэддээ дахин мөнгө тараагаачэ 300kчинь нэг удаа дэлгүр ороод хүнс аваал аль эрт дууссан шдээ саван вок шампунь алчуур аваад 10 кг махаар хэд хоол хийхүү бараг 10удаа хийвл их юм гэх

1  |  0
xx(66.181.177.179) 2021 оны 05 сарын 05

5 хүүхэдт айл сая таванзуун мянга 2сая нэгзуу аав ээжнхэнкмөнгө 300к ороод тэрнээс чинь юу болховдээ ийм олуулаа өр шир хоол хүнс хэрэглээ түлээ нүүрс

0  |  0
xx(66.181.177.179) 2021 оны 05 сарын 05

өр ширэндээ мөнгнөөсөө өгөөд дууссан гээд бгн бишүү

0  |  0
Зочин(202.131.244.234) 2021 оны 05 сарын 05

Төрөөс багагүй мөнгө өгсөн, хүүхэд олон байх тусмаа их авсан. Хөл хорионы хугацаанд хангалттай. Энэ мөнгийг юм болгосон нэгэн байхад арчаагүй анхиагүйдээ үрээд дуусгасан нэгэн байгаа, энэ мөнгөн дээр тэтгэвэр тэтгэмж хүнсний талон гээд овоо юм нэмэгдэнэ. Шоудаж наргих болохоороо мөнгөтэй болчихдог, амьдрах болохоор мөнгөгүй болдог бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салцгаа, ямар хүний өмнөөс амьдарч байгаа биш, хохь нь гэе дээ

2  |  0
Зочин(202.131.244.234) 2021 оны 05 сарын 05

Өгсөн мөнгийг юм болгоод амьдарч байгаа нэгэн байхад арчаагүй анхиагүйдээ хоосон хонож байгаа нэгэн ч байгаа, хүүхэд олон байх тусмаа их мөнгө ноогдсон, энэ бол үнэн. 5 хүүхэдтэй айлд 1 сая 800000 төгрөг, аав ээжийн 600000 гэхээр 2 сая 400 к, энэ бол бага мөнгө биш. Юм болгож чадаагүй арчаагүй анхиагүй байна гэнэ дээ, энэ бол үнэн. Шоудаж наргих болохоор мөнгөтэй болоод амьдрах болохоор мөнгөгүй гэдэг. Энэ бэлэнчлэх сэтгэлгээгээ больцгоо, нэг сард 1-2 сая төгрөг хүрэлцэхгүй бна гэвэл хохь нь л гэнэ. Бас дээр нь хүнсний талон, тэтгэвэр, тэтгэмж нэмэхээр ... битгий давар гэхээс дээ

2  |  0
zochin(202.179.24.76) 2021 оны 05 сарын 05

yduu yduu bid chin ,or schiree ogood ,uldseneer n chool chuns avaad al chediin duussan ,odoo ulam l guiraa l bna

0  |  1
амина(66.181.161.81) 2021 оны 05 сарын 05

Энэтхэгт өгөх тусламжаа ард иргэддээ өгөөчээ 76 малаа

1  |  1
Zochin(202.126.90.57) 2021 оны 05 сарын 05

Huliig tyshaad ch geh shig.ene bol bidnii l tuluu sh de.\n

0  |  0
Зочин(203.91.118.150) 2021 оны 05 сарын 05

Энэтхэгт өгөх тусламжаа Монголчууддаа өгмөөр байх юм.

0  |  1
Монгол(124.158.83.245) 2021 оны 05 сарын 05

Энэ цаг бол ухаарлын цаг !!!!!\nГол нь бид ухаарч чадах уу гэдэг нь эргэлзээтэй...харамсмаар..

3  |  0
Бат(202.9.46.12) 2021 оны 05 сарын 05

Хөл хориондоо ч бас биш Бид энэ нийгмийн тухай анхны ч ойлголтгүй байгаа одоо ухаарал авч эхэлж байгаа тодорхой үе өнгөрөөж энэ нийгмийн тухай хүүхэд наснаасаа санаа зовж эхлэх тэр үед зүгширнээ

3  |  0
Top