Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхий даяар “Ковид-19”-ийн мутацид орсон 10 хувилбар бүртгэгдсэн талаар мэдээлжээ. Үүнээс АНУ-д анх илэрсэн хоёр, Энэтхэгт бүртгэгдсэн гурвалсан-мутант хувилбараар хамгийн олон халдварлаад байна. Вирус мутацид орох тусам өдөр бүр “Ковид-19”-ийн шинэ омог гарч ирдэг боловч ДЭМБ-аас аюул учруулахуйц хувилбарыг л бүртгэж, судалдаг аж.
Илүү аюул учруулахуйц буюу “variant of concern” нь илүү хурдан халдварлах чадвартай, үхэлд хүргэх магадлал өндөр бөгөөд одоогийн вакцин болон эмчилгээнд илүү тэсвэртэй байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас B.1.1.7 буюу анх Их Британид илэрч АНУ даяар тархаад буй омог, Өмнөд Африкт илэрсэн В.1.351, Бразилд илэрсэн Р.1 аюул учруулахуйц гэсэн ангилалд оруулжээ. Харин Англи, Нигери улсад анх илэрсэн В.1525; B.1427, АНУ-д бүртгэгдсэн B.1429, Бразилд тогтоогдсон P.2; Япон, Филиппинд илэрсэн П.3; АНУ-д анх илэрсэн S477N, Францад бүртгэгдсэн B.1.616 гэсэн мутаци хувилбарыг хор хөнөөл багатай гэж үзэж байна. Түүнчлэн Энэтхэгт анх бүртгэгдсэн B.1617 хувилбар буюу гурвалсан-мутантын омгийг илүү их судлах шаардлагатай байгаа ажээ. ДЭМБ-ын судлаач Ван Керхов дэлхий даяар вирусийн маш олон хувилбар илэрч байгаа бөгөөд бүгдийг нь судалж, үр нөлөөг нь зөв тогтоох хэрэгтэй гэдгийг онцолжээ. Тэрбээр "Өдөр бүр шинэ хувилбарууд илэрч байгаа ч бүгд аюул учруулахуйц биш” хэмээсэн байна. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв ДЭМБ-ын жагсаалттай ижил төстэй анхаарал хандуулахуйц таван хувилбарын жагсаалт гаргасан ч дотооддоо бүртгэгдэж буй мутаци хувилбарууддаа голчлон судалж байгаа аж. БНХАУ-ын Ухань хотод анх илэрсэн коронавирус нь одоогоор дэлхийн өнцөг булан бүрт бүртгэгдэж байгаа вирустэй адилгүй билээ.
Энэ жилийн хоёрдугаар сард D614G нэртэй коронавирусийн мутацид орсон хувилбар дэлхий даяар хамгийн их тархжээ. Харин Европ даяар А222V коронавирус тархаж, Испанийн нутаг дэвсгэрийг өргөн хүрээтэй хамарсан байна. Шинэ хувилбарууд анхны хувилбарын адил өндөр настай эсвэл эрүүл мэндийн суурь өвчтэй хүмүүст өндөр эрсдэлтэй нь судалгаагаар батлагдаад буй. Хамгийн их санаа зовоож буй асуудал нь одоо үйлдвэрлэгдэж байгаа “Ковид-19”-ийн эсрэг вакцинууд шинээр өөрчлөгдөж буй коронавируст нөлөөлөх эсэх асуудал юм.
Энэ тал дээр эрдэмтэд коронавирус хувирч өөрчлөгдөж байгаа ч вакцин бүрэн дархлаа тогтоох чадамжтай гэж үзэж буй. Лестер их сургуулийн вирус судлаач, доктор Жулиан Танг “Хэдэн сарын дотор вакцинуудыг эдгээр мутацид эерэг үр дүн гаргахаар өөрчлөх боломжтой” хэмээн тайлбарласан юм. Гэхдээ энэ талаар эрдэмтэд судалсаар байгаа билээ. Одоогоор дэлхий дахинаа хамгийн түрүүнд авч буй арга хэмжээ нь хөл хорио. Хөл хорио нь вирусийн тархалтыг бууруулах бидэнд мэдэгдээд буй ганц үр дүнтэй арга зам. Гэхдээ бид урт хугацаанд томуу шиг, шинэ вакцин боловсруулж, жил бүр ашигладаг болж магадгүй хэмээн эрдэмтэд тооцоолоод байгаа юм. Учир нь вирус мутацид орсоор байх нь ойлгомжтой бөгөөд олон мутацитай нэгдэх тусам вакцины эерэг нөлөө багасах магадлалтай байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )