Импортын өндөгний үнэ жилийн өмнөхөөс 120 төгрөгөөр өсжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 11

Нийслэлийн статистикийн газраас энэ сарын эхний долоо хоногийн байдлаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэд ажиглалт судалгаа хийжээ.

Судалгааг төвийн зургаан дүүргийн 13 хүнсний зах, худалдааны төвийн 32 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд хийсэн байна. Тавдугаар сарын эхний долоо хоногийн байдлаарх үнийг өмнөх долоо хоногтой нь харьцуулахад 22 нэрийн барааны үнэ буюу судалсан нийт бараа бүтээгдэхүүний 65.6 хувь нь тогтвортой гарчээ. Харин таван нэрийн барааны үнэ 15.6 хувь буурсан, зургаан нэрийн барааны үнэ 18.8 хувь өссөн гэнэ.

Үнэ өссөн бараа бүтээгдэхүүнд “Алтан тариа I” задгай гурил, адууны ястай мах, монгол төмс, монгол лууван, монгол байцаа, ОХУ-аас импортолдог өндөг багтжээ. Жишээлбэл, тавдугаар сарын 5-ны байдлаар импортын өндөг дунджаар 466 төгрөгийн үнэтэй байгаа нь 2020 оны тавдугаар сартай харьцуулахад 124 төгрөгөөр үнэ өссөн, 2021 оныхоо хоёрдугаар сартай харьцуулахад 37 төгрөгөөр илүү үнэтэй болсныг судалгаа харуулж байна.

Тэгвэл өчигдөр зарим хүнсний дэлгүүрт импортын болон дотоодын өндөг 480-550 төгрөгийн хооронд үнэтэй байлаа. Дэлгүүрийн худалдагчид “Хатуу хөл хорионы үеэр өндөг ховордож, үнэд орох нь элбэг байгаа. Хөл хорио сулрахад үнэ нь бууж, нийлүүлэлт нэмэгддэг” гэдгийг хэлсэн юм. Монгол Улсад өндөгний хэрэглээ нэмэгдсэн, хөл хорионы үед нийлүүлэлт багасдаг. Үүнээсээ шалтгаалж бага багаар үнэ нь өсдөг. Ганцхан өндөг биш нийт бараа бүтээгдэхүүний үнэ энэ мэтээр нэмэгдсээр 20 мянган төгрөгөөр тор дүүрэн хүнс авдаг цаг улирч, 50 мянган төгрөгөөр тор дүүрэн хүнс авдаг болж байгаа нь бодит дүр зураг билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Т(202.179.13.134) 2021 оны 05 сарын 11

Доллорын ханштай харьцуулан яагаад нэмэгдсэнийг тогтоож арга хэмжээ авахгүй бол энэ хүнсний үйлдвэрүүд ард түмний эсрэг дайн зарлаад байна...

1  |  0
Top