М.Нарантуяа: Ц.Анандбазарт ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА тооцохыг шаардаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 10


Дуучин, жүжигчин, зөгийчин, улс төр сонирхогч, нийгмийн идэвхтэн гээд олон тодотголтой М.Нарантуяа МАН-ын дарга У.Хүрэлсүхэд #Metoo хөдөлгөөний үйл ажиллагаатай холбоотойгоор шаардлага хүргүүллээ.

Тэрбээр үүнийхээ өмнө цахим хуудсаараа дамжуулан “МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг бэлгийн дарамт учруулж байсан гэх асуудлын хүрээнд ёс зүйн хариуцлага тооцуулж, УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас нь түдгэлзүүлж байгаад хэрэг хянан шалгах ажлыг явуулах тухай УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд #MeTooMongolia хөдөлгөөнөөс дөрөвдүгээр сарын 18-ны өдөр хүргүүлсэн албан бичгийн хариуг өнөөдөр (2021.05.10) хүлээж авлаа. Гэвч энэ хариу бичиг нь нэр холбогдсон УИХ-ын гишүүнд ёс зүйн хариуцлага тооцуулах үгүй нь тодорхой бус буюу бидний хүлээсэн хүлээлтэд нийцэхгүй байгаа тул #MeTooMongolia хөдөлгөөний зүгээс МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хандаж, шаардах бичиг хүргүүлж байна” гээд хэвлэлийнхнийг МАН-ын байрны үүдэнд хүрэлцэн ирэхийг урьсан.

Ингээд шаардлага хүргүүлэх үеэрээ “Ц.Анандбазар нь охид эмэгтэйчүүд болон тэдний бэлгийн халдашгүй байдалд халдаж, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж байсан гэх асуудалтай холбоотойгоор МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ. Өмнө нь илгээсэн албан бичгүүдийн хариуг авсан ч шаардлага хангахгүй байгаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь ажлын байранд бэлгийн дарамт үзүүлсэн гэж мэдэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэнийг хэлж, гэрчилж буй эмэгтэйчүүдийг илтэд басамжлан доромжилж байна. Мөн хүчирхийлэлийг байх ёстой мэт, хохирлыг нь бензин, туслах материалаар үнэлж болдог мэт асуудал дэвшүүлж байгаа нь УИХ-ын гишүүн, ард түмний элч болон ажиллаж буй хүний ёс зүйд яавч нийцэхгүй. Энэ бол олон охид, эмэгтэйг басамжлан доромжилсон асуудал. Иймд шаардлагадаа УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцож, УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэн хууль, хяналтын байгууллагад шалгуулахыг дэмжээсэй гэж хүссэн” гэлээ.

#Metoo хөдөлгөөн бэлгийн дарамтад өртөж, хохирогч болсон хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготойг М.Нарантуяа хэлээд “Энэ хөдөлгөөн зөвхөн Ц.Анандбазартай холбоотой асуудлыг хөндөөд зогсохгүй цаашид нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ажиллахаар салбар баг болон ажиллаж байгаа. Тиймээс олон нийтийн сүлжээнд пост тавихаас хэтрэхгүй байна гэж бодож болохгүй. Уг хөдөлгөөн нь дэлхийн 85 улсад бэлгийн хүчирхийллийн эсрэг акц явуулдаг хөдөлгөөн. #Metoomongolia нь үүний салбар хөдөлгөөн” гэв.

Түүний ярьж буйгаар Ц.Анандбазарын ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэх 40 гаруй эмэгтэй #Metoo хөдөлгөөнтэй холбогдсон нь бүгд архивлагджээ. Гэвч УИХ-ын гишүүн Ц.Анандбазар эдгээр хүмүүсийг хайж олох, өгсөн ярилцлага мэдүүлгээсээ буцаж ухар гэх, мөнгө амлах, гэр бүлд нь аюул заналхийлсэн явдал ч тохиолдсон гэдгийг М.Нарантуяа мэдэгдэв. 

 

 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.121.137) 2021 оны 05 сарын 12

Анандбазар чинь гавъяатан болох гээд байгаа юм биш үү? юун тэр хүчирхийлэгч энэ тэр их сайн хүнийг дэндүү муухай гүтгээд муухай хэрэгт холбоод байна уу. Жирийн нэгэн байсан бол аль хэдийн дээлээ нөмрөөд суусан. Эрх мэдэлтэй хөрөнгө чинээтэй хүнд хууль хэрэгжүүлэгч нар хоёр нүүр гаргаад байна уу. Энэ бүхнийг нэг тийш нь болгоод бүрэн эрхээ түдгэлзүүлж байгаад сайхан шалгуулаад нэрээ цэвэрлээд ав.

0  |  0
Top