И.Тунал: Монголд ирэхээр амьдраад л баймаар...

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 11

Монгол үндэстний үсэрсэн цус, тасарсан махны хэлтэрхий, өмөлзөж санах элгэн садан болсон өвөрмонголчууд үндэсний язгуур урлагаа өвлөн дээдлэх үйлсэд хөгшин, залуугүй хүчин зүтгэж явна. Тэдний нэг хөөмийч И.Туналтай цахимаар холбогдож ярилцлаа. Тэрбээр хөөмий, язгуур хөгжмийн урлагийг залуу хойч үедээ зааж сургах, уран бүтээлээ хийх гээд өрнүүн их ажилтай байв. Тунала “Хүн өөрийгөө дайчилбал уулыг ч нүхэлж, усыг ч эргүүлж чадна” гэж хэлэх дуртай дайчин, авьяаслаг бүсгүй юм.


-Сайхан хаваржиж байна уу, таны уран бүтээл өндөр үү?

-Сайхаан, өргөн монгол түмэн минь сайхан хаваржиж байна уу, бид аюулт өвчнийг ардаа хийж, амар амгалан аж төрж байна. Урлаг соёл, уран бүтээлийн ажилдаа шамдан ороод эрмүүн, сэрмүүн явна даа.

-Та аль аймгийн хүн бэ, үндэсний биет бус өв соёлыг тээж яваа хүний хувьд өв соёлоо түгээн дэлгэрүүлэх тал дээр хэчнээн шавьтай болж байна вэ?

-Би Өвөрмонголын Ордос хотын Өөшин хошууны Толь сумын Ишжамцын отгон, малчин ардын хүүхэд. Ээж маань ардын урлагийн хүн байсан. Сайхан дуулна, хөгжимдөнө. Ээжээсээ, хөгшдөөсөө сурсан ардын дуу, тууль, магтаалыг одоо би үр хүүхдэдээ өвлүүлж байна. Би Өвөрмонголын Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн хөөмийч хүн. Миний сурсан мэргэжил бол шударга хөгжим, аман хуур, товшуур хөгжим л дөө. Багадаа байгалийн чимээ, мал амьтны дуу, авиаг дуурайж дуугарсаар хоолой задарсан гэж боддог. Нүүдэлчин ахуй гэдэг өөрөө язгуур урлагийн асар том сургууль юм. Хөөмийн урлагаа хөгжимтэй хослуулаад явахад маш гоё эгшиглэнтэй, эрчимтэй болдог. Би СУИС -д монгол багшийн язгуур сэтгэлгээ, язгуур мэдрэмж, язгуур онолоор хөөмий сурсандаа бахдалтай байдаг. 2006 оноос хөөмийн урлагийг хөгжүүлэх, сургах ажилд хүч, сэтгэлээ зориулж явна даа.

Хөөмий бол зөвхөн Монголд байдаг үндэсний өв соёл юм. Үндэсний биет бус өв соёлыг дэлхий даяар тархан суурьшсан монголчууд шунан дурлаж суралцахыг эрмэлзэж байгаа нь бахдууштай. Би дэлхийн олон орноор хөөмийн урлагаа сурталчлан таниулж явлаа. Гадаад хүмүүс биднийг хөөмийлөхөөр, тэр тусмаа эмэгтэй хүн хөөмийлөхөөр маш их гайхдаг. Зарим нь хоолой ам шагайж шалгах шахуу юм болдог. Хөөмийн урлагийг залуустаа өвлүүлж, олон шавьтай болсон. Зургаан настнаас жаран настан нь хүртэл язгуур урлагаа шимтэн суралцаж байгаа шүү. Өвөрмонгол залуус монгол гэсэн юм бүхэндээ чин сэтгэлийнхээ углуургаас хайртай байдаг. Түүнийгээ нандигнан эрхэмлэж, түүгээрээ бахархан гайхуулж явдаг. Хөөмийлж сурахад амьсгааны хүч, хоолойны дуугаралт, хэл, хүрэлцэх эрхтэнээс гадна мэдрэмж, сэтгэлгээ, сэтгэл гээд олон зүйл цогцоороо нэгдэж хөөмий болдог. Хөөмий сурахад маш тэвчээр хэрэгтэй гэж шавь нартаа захидаг даа.

-Эрэгтэй хүн хөөмийлж байхыг сонссон, харин эмэгтэй хүн хөөмийлөх хэцүү байдаг уу?

-Эмэгтэй хүн хөөмийлөх нь эрэгтэй хүнийг бодвол хүчир ажил. Эмэгтэй хөөмийч нь арай шингэхэн дуугаралттай байдаг бөгөөд царааны хувьд ч, дээшээ дуугарах нь ч эрчүүдээс жаахан илүү шүү. Хөөмийлөхөд суурь эгшиг дээр  өнгө аялгуу нэмэгдэж амь ордог. Алтайн нурууны үр сад хөөмийн урлагийг түүчээлж говь, тал, хангайн хаа саагүй дэлгэрэн түгж иржээ. Хөөмий нь хүн байгалийн эгшиг авиаг биеэрээ дамжуулан хөгжимдөн хүргэдэг урлаг. Хөөмийг нүдээ аниад анирдахад нийгмийн амьдралаас тасарч байгальд амраад ирсэн шиг тайвшрал мэдэрдэг шүү дээ. 

-Тууль хайлах нь эмэгтэй хүнд болно, болохгүй гэсэн юм байдаг уу, ямар ямар тууль, магтаал хайлдаг вэ?

-“Гэсэр”, “Жангар” зэрэг том туулийг эмэгтэй хүн хайлах хүчир л дээ. “Яриг цагаан ингэний сариг цагаан ботго” тууль, “Тэсийн голын магтаал” болон ардын дуу хуур арвин баялаг.

“Булнай уулнаас булгилан урссан

Бурамтай чихрийн амтаар цалгисан

Буурал талыг даган урссан

Буянтай буурал таван гол

Элсэн тэс, элсэн тэс,торгон тэс ээ, буурал тэс ээ, бурхан тэс” гээд л эхлэхээр сүр хүч бадраад, эрчис чангараад ирдэг дээ.

Бид  өөрсдийнхөө хэл , соёл, босоо монгол бичгийг хадгалан авч үлдэхийн төлөө тэмцэж ирсэн ард түмэн. Үндэсний язгуур урлаг хөөмий, морин хуур, бие биелгээ, уртын дуу, ардын дуунд монгол гэсэн үзэл санаа, ёс уламжлал тээж явдаг учраас бид язгуур урлагаа хэнээс ч илүү сурахыг чармайдаг. Өвөрмонголд захын нэг айлын эцэг, эхчүүд хүүхдээ хөөмийлүүлж сургахыг хүсдэг.

 

-Таны хүүхдүүдээс таны мэргэжлийг, авьяасыг өвлөж авсан хүн бий юу?

-Миний охин 10 настай, хөөмий сурч байгаа. Монгол Улсын морин хуурын Баттулга багшаар морин хуур хөгжим заалгаж байна. Охин маань хөөмийг багаасаа суралцсан бөгөөд намайг дагаад урлагийн хүн болох бололтой.

-Монгол орондоо сургуульд суралцаж төгссөн юм байна. Анх ирэхэд сэтгэгдэл ямар байсан бэ?

-Монгол орондоо анх ирэхэд сэтгэл хөдөлж, мод чулуу, цэцэг навч нь хүртэл үнэ цэнтэй санагдаж байсан. Түүнээс хойш урлаг соёлын ажлаар олон удаа очиж, хэдэн жил амьдарсан. Дэлхийн олон улсаар би явж үзсэн. Монгол Улс бол миний очиж үзсэн хамгийн онцгой нь санагддаг. Уур амьсгал нь шидрүүн, уясуу сүлэлдсэн, хүмүүс нь халуун элгэн сэтгэлтэй, халгиа цалгиатай. Очихоор амьдраад л баймаар, болдог бол Монгол орондоо суурьшмаар санагддаг.

-Өвөрмонгол хүүхдүүдийг босоо монгол бичгээрээ хичээллэхийг хориглож, ширүүхэн тэмцэл өрнөсөн. Хүүхдүүд хэл аялгуугаа хадгалж үлдэхийн тулд үндэсний ялгуур урлагтайгаа ойр байх хэрэгтэй байх. Энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ?

-Энэ асуулт зүрх сэтгэл рүү хатгаад авах шиг хөндүүр оргилоо. Өвөрмонголчууд эх хэлээ, босоо монгол бичгээ олон зуун жил дээдэлж, уламжилж ирлээ. Бид чармайхгүй биш чармайсан. Амиа өргөсөн хүн ч олон бий. Шоронд орсон хүн ч олон байна. Бүдүүн төрийн дор яах ч аргагүй хүчин мөхөсдөж байна. Монголчууд минь босоо монгол бичгээ дээдэлж төрийн бичиг болгоно гэж байгаад баяртай байна. Өвөрмонголын Хөлөнбуйр, Шилийн гол, Ордос, Алшаа, Баяннуур, Улаанцав зэрэг аймагт монгол хэл аялгуугаараа цэвэр сайхан ярьдаг хүмүүс олон бий. Настай хөгшид бол бүр сайхан ярина. Миний нөхөр Шилийн голын хүн, их сайхан хэл аялгуутай. Би өөрөө ч цэвэр ярьдаг. Харин Жирэм, Хянган тал руугаа хятад аялга орсон шиг санагддаг шүү.

Дундад улс хэмээх том гүрний олон үндэстний дотроос гурван том үндэстний нэг нь Өвөрмонгол. Бид  өөрсдийнхөө хэл , соёл, босоо монгол бичгийг хадгалан авч үлдэхийн төлөө тэмцэж ирсэн ард түмэн. Үндэсний язгуур урлаг хөөмий, морин хуур, бие биелгээ, уртын дуу, ардын дуунд монгол гэсэн үзэл санаа, ёс уламжлал тээж явдаг учраас бид язгуур урлагаа хэнээс ч илүү сурахыг чармайдаг. Өвөрмонголд захын нэг айлын эцэг, эхчүүд хүүхдээ хөөмийлүүлж сургахыг хүсдэг.

-Хөөмийн урлагийг орчин үед олон төрөл урсгалтай хольж өөр түвшинд хөгжүүлж байна. Энэ талаар таны бодол?

-Тийм шүү. Хөөмийг орчин үеийн соёлтой хослуулан этник урсгалаар уран бүтээлээ туурвиж буй залуус их байна. Боловсролын салбар хүүхдүүдээ багаас нь хөөмийг зааж сургадаг байх хэрэгтэй. Зөвхөн хөөмийн урлагийг эзэмшсэнээр үндэсний дархлаа суухаас гадна амьсгааны зөв хуваарилалттай, цээжний багтаамж сайтай болно шүү дээ. Хоолойн өвчнийг хөөмийгөөр эмчилж болдог гэж анагаах ухаанд яригдаж эхэллээ. Европт хөөмийг урлаг гэхээсээ эмчилгээний чиглэл рүү илүү их хөгжүүлж, бясалгал, эмчилгээний шугамаар хичээллэдэг боллоо. Хөөмийчид ханиад, хоолойн өвчин тусах нь ховор. Олон жил амьсгалын дасгал хийснээр биеийн дотоод эрхтэн тогтолцоо хөгжиж, эрүүлжиж, долоон хүрдний энерги сайжирдаг шиг байгаа юм.

-Хөөмийлж эхлэхээр сүрч хүч бадраад ирдэг гэж та хэллээ. Тэгэхээр хөөмий гэдэг ер бусын энергитэй, ид шидтэй байх нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Хөөмийн хархираа, исгэрээ нь нэгэн цогцоороо олон өнгө утгыг илэрхийлдэг. Дуурайх, дуурьсах урлаг учраас байгаль, мал амьтны чимээг дуурайхдаа хархирах уу, исгэрэх үү, өтгөн авиа гаргах уу, шингэн авиа гаргах уу гэдгээ шийддэг. Алтайн хүчит салхины исгэрээг хөөмийгөөр өтгөн, баргил, оргилсон, бахдам авиагаар илтгэдэг бол жирэлзсэн  горхины чимээг, зөөлөн намдуу салхины исгэрээтэй нь хөнгөн, цоглог, үелзсэн, долгилсон авиагаар илэрхийлнэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(64.119.27.142) 2021 оны 05 сарын 12

Гадаадад гарахаараа хятадын гээд л зарлагдана шүү дээ, бидэнд хор хохиролтой байгаа биз дээ, анхаарах л ёстой

0  |  1
Уншигч(64.119.27.142) 2021 оны 05 сарын 12

Гадаадад гарахаараа хятадын гээд л зарлагдана шүү дээ, бидэнд хор хохиролтой байгаа биз дээ, анхаарах л ёстой

0  |  1
zochin(73.111.180.213) 2021 оны 05 сарын 12

eleg negtei xumuus tsaanaasaa k oor doo negdeesei

0  |  0
Энхтайван(202.9.46.151) 2021 оны 05 сарын 11

Бид нэгдэх цаг ирнээ,

0  |  0
Zochin(66.181.161.69) 2021 оны 05 сарын 11

Mundag umaa . Amjilt huseye.

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2021 оны 05 сарын 11

Saihan yariltslaga bna Mongol yazguur urlagaa hogluj bgaad bayar hurgey

1  |  0
Зангараг(202.179.25.250) 2021 оны 05 сарын 11

Үнэн юм уу?

1  |  0
Top