ОЛОН ӨНГӨ: Ээж аавынхаа аугаа их хайрын дундаас орчлонг онож ТӨРСӨН ӨДӨР...

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 12

Аав, ээж маань намайг гэрэлт орчлон, энэ алаг амьдралд хүний зэрэгт хүргэх гэж залуу нас, өөрөөс бусад бүхнээ надад зориулсанд хамгийн их баярладаг билээ. “Тандаа хайртай” гэж хичнээн хэлсэн ч та хоёрынхоо ачийг хэзээ ч хариулж барахгүй гэдгээ хүү нь ойлгодог

Миний өдий зэрэгтэй амьдарч, гаргаж байгаа бага ч атугай амжилт бүхэн та хоёрын миний ач буян юм шүү

Энэрэлт ээж, ачлалт аав минь өчүүхэн төдий хариу нэхэлгүй энэрч өсгөсөнд юу юунаас илүү талархана. Тиймдээ ч хоёр бурхныхаа энэ л аугаа их хайраар нийгэмд мөртэй, амьдралд сэтгэлийн хаттай, оргилсон их хүсэл тэмүүлэлтэй "Би" гэдэг хүн бий болжээ.

Та хоёрын халуун дулаан хайр халамжаас бусдын төлөө гэсэн сэтгэл, аливаад шантрахгүй байх итгэл, өөрийн үзэл бодолдоо үнэнч нэгэн байхыг сурчээ. Та хоёр минь бол миний бурхан, ачлал энэрэлийн дээд “БААТАР” билээ

Эцэг, эхээсээ холдож тусдаа амьдрах гэдэг амаргүй даваа юм. Гэсэн хэдий ч та хоёрынхоо үргэлжлэл болсон хүү нь эцгийнхээ ариун голомтоос гал тасалж туурга тусгаар амьдарсан ч та хоёрыгоо гэх сэтгэл хэзээ ч өөрчлөгдөхгүй юм шүү. Бага залуу насны дэврүүн хүслээр “ХҮҮГЭЭ УУЧЛААРАЙ” гэх үгийг ахин дахин хэлэх олон буруу зүйл хийсэндээ хачин ихээр гэмшиж бас ичдэг юм шүү

Энэ орчлонд би ижий, аавтайгаа хамт байхад өөр хүсэх зүйл үгүй юм билээ. Ийм л бурхадын үргэлжлэл болон ирснийхээ хувьд, ирээдүйгээ маш гэгээн сайхнаар бүтээн босгохын тулд хүү нь хичээж явна.

Өдөр бүр та хоёрыгоо баярлуулж, бахархуулж чаддаггүй ч гэлээ “Энэ миний хүү шүү” гэж инээж бахдан ярихыг тань олонтоо сонсохыг хүсэж байна. Хорвоод та хоёр минь гурван хүүгийнхээ ачлалт эцэг, эх болохоор ирсэн юм шүү. Хийж, бүтээх бүхнээ та хоёр минь хийчихсэн шүү. Үүнээс цааш гурван хүү нь та хоёрынхоо үргэлжлэл байх болно оо.

Орчлонгийн хамгийн хүчирхэг нь эцэг, эх та хоёр минь юм шүү. Тиймээ би та хоёрынхоо үргэлжлэл. Та хоёртой маш их хайртай шүү.

Дүүрэн овогтой Мөнхбат, Халтар овогтой Пүрэвсүрэн нарын том хүү М.Тэнүүн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top