Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, Монгол Улсын Консерваторийн захирал Ц.Пүрэвхүүтэй ярилцлаа.
-Өнөөдөр Монголын хөгжмийн ертөнцийг олон улсад ямар түвшинд үнэлж байна?
-Монголчууд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, ритм хэмнэл, хөг дуурьсалтай эртний хөгжим, урлагтай ард түмэн. Бид уламжлалт хөгжим урлагаа мэргэжлийн системтэй сургалтаар баяжуулан хөгжүүлээд 80 гаруй жил болжээ. Өнөөдөр манай сургуулийн авьяаслаг бяцхан сурагчид олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд тогтмол оролцож тэргүүн байрын эзэд болж улс орныхоо нэрийг дуурсгаж байна.
Тус сургуулийн төгсөгчид олон улсын мэргэжлийн уралдаануудад мэргэжил нэгт нөхөдтэйгээ эн тэнцүүхэн өрсөлдөж тэргүүнд нь алхаж чадаж байна. Ялангуяа манай дуучид дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж эхэллээ. Энэ бүгдээс харахад манай хөгжмийн урлагийн хөгжил олон улсад өрсөлдөх хэмжээнд байна гэж үзэх ёстой.
-Та Монгол Улсын Консерваторийн захирлаар ажиллаж байгаа хүний хувьд мэргэжлийн боловсрол олгодог манай урлагийн сургуулиуд ямар түвшинд боловсон хүчин бэлдэж байна вэ?
-Дээрхи амжилтуудаас харахад үүргээ гүйцэтгэж чадаж байна гэж үзэж болно. Гэхдээ бүтэц, зохион байгуулалт, зорилго чиглэлээ илүү оновчтой болгох гэх мэт анхаарах зүйл байгаа.
-Мэргэжлийн урлагийн байгууллагууд боловсон хүчнээр бүрэн хангагдаж чадаж байна уу. Тэр тусмаа орон нутагт?
-Монгол Улсын Консерваторийн хувьд шаталсан сургалтаар нарийн мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэдэг. Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони гээд мэргэжлийн урлагийн театр чуулгуудыг олон жил мэргэжлийн уран бүтээлчдээр хангаж ирсэн, төгсөгчдийг маань ангиар нь авч ажиллуулдаг. Хөдөө орон нутгийн театр, чуулгуудаа бүрэн хангаж чадахгүй байгаа. СУИС байгуулагдсанаар энэ ачааг үүрэлцэж байна. Одоогоор Завхан аймагт хөгжмийн дунд сургууль бий. Цаашид хотын зарим дүүрэг болон аймгуудад бүсчилж хөгжмийн дунд сургуулиудыг байгуулах хэрэгтэй. Ер нь мэргэжлийн хөгжмийн сургалт, бүх нийтийн хөгжмийн боловсрол олгох сургалтыг ялгаж салган хөгжүүлэх асуудал чухал юм даа.
-Манай дуучид, хөгжимчид олон улсын уралдаан тэмцээнд чамгүй амжилт үзүүлдэг. Энэ утгаараа дэлхийн хэмжээнд очсон мэт. Гэхдээ манай улсын урлагийн ертөнцийг зорьж ирдэг, үзэх гэж ирдэг хүмүүсийн урсгал чамлалтай санагддаг. Энэ талаар юу гэж боддог вэ?
-Энэ үнэний талтай. Одоо бид Соёлын яамтай болсон болохоор дээрхи асуудлыг бодлогын хүрээнд шийдвэрлэх ёстой. Нэг хэвийн өнгө төрх, бүтэц бүрэлдэхүүнтэй, ойролцоо урын сангийн бодлоготой олон театр чуулгатай байх уу, хөгжим, урлагийн ямар төрөл зүйлийг төрийн ивээлд байлгаж мэргэжлийн өндөр түвшин рүү зүтгүүлэх үү, ямар төрөл зүйлийг арилжааны хэлбэрээр хөгжүүлэх үү гэх мэтээр анхаарах ёстой. Бид Соёлын яамнаасаа их зүйлийг хүлээж байгаа.
-Ц.Пүрэвхүү гэдэг уран бүтээлч мэргэжлийн морин хуурч төдийгүй хоёр чавхдаст морин хуураа сурталчлах үйлсэд бие сэтгэлээ зориулсан хүн. Тэгэхээр үндэсний урлаг баттай оршин тогтнож байгаа ч зарим тал дээр анхаарал сул санагдах юм?
-Энэ чухал асуудал шүү. Манай үндэсний урлаг их өндөр түвшинд бүтээгдсэн монголчуудын оюуны сэтгэлгээний охь манлай мөн. Манай олон үндэстэн ястнууд бүгд л өөр өөрийн өвөрмөц онцлогтой дуу, бүжиг, хөгжимтэй. Сүүлийн үед энэ өвөрмөц онцлогийг илэрхийлж байдаг хөг, ритм хэмнэл, намба төрх, үнэр амт холилдож нэг хэвэнд цутгагдан, холион бантан болох аюул тулж байна. Хүмүүсийн сонирхлыг татахын тулд орчин үеийн хөгжмийн янз бүрийн урсгал хэмнэлийн ерөнхий фон болон хэлбэрдэх тал руу явж байгаа нь сэтгэл зовоох боллоо. Энэ нь уран бүтээлчдээс дагаж дууриах биш нарийвчилсан мэргэжлийн судалгаа хийх, үндэстэн ястны, угсаатны зүйн судалгаа хийж шинжлэх ухаанч хандахыг л биднээс цаг үе нэхэж байна даа. Бид бүгдийг мэддэг цөөхөн их мэдэгчтэй болчихоод байна. Тийм боломжгүй. Аав ээж, өвөө эмээгээсээ өвлөсөн урлагийн авьяастныг тодруулж эрдэмжүүлээд, мэргэшүүлбэл цаашаа яаж хөгжүүлэхээ тэр авьяастан өөрөө мэднэ.
-Дэлхий нийтээр даяаршиж буй өнөө цагт үндэсний уламжлалт урлаг соёл, тэр тусмаа үндэсний хөгжим гэж чухал зүйл бий. Үүний өв санг хадгалж хамгаалах, улмаар дэлгэрүүлэх тал дээр ямар ажил зохион байгуулах ёстой вэ. Магадгүй бодлогын асуудал ч байж болох юм. Нийгмийн хөгжлөө дагаад хүүхэд залуус маань ихэд даяаршиж байна шүү дээ?
-Хүүхдүүдээ багаас нь сургуулийн өмнөх боловсролоос эхлэн өвөг дээдсийнхээ “хүнийг хүн болгон” хүмүүжүүлэх ухаанаар, тэр зүйр цэцэн үг цээжлүүлж утгыг нь ойлгуулах, нас оюун ухаанд нь тохирсон тоглоом наадгай, дуу, ерөөл магтаал, бий биелэгээ зааж сургах, үйл хөдлөлийн утга учрыг ойлгуулах гэх мэт хүн хоорондын харилцаа, хүндлэл, аливаа зүйлд овсгоотой зөв хандах хүмүүжил суулгавал эх эцэг, эх орон ард түмэндээ хайртай, хүмүүст хүндлэлтэй, өөрийгөө нээлттэй илэрхийлж чаддаг иргэн болно гэж бодож байна. Манай уламжлалт хүмүүжүүлэх ухаан ер хүн төрөлхтний хөгжил дэвшлээс хоцрохгүй ээ. Энэ талаар үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үздэг.
-Одоо хоёулаа яриагаа арай өөр зүйлд эргүүлье. Таныг их урлагт хөтөлсөн багш нарынхаа тухай сайхан дурсамж хуучлаач. Олон багш нар байж таарна?
-Би азтай хүн. 1979 онд хөдөөгийн жаахан хүүхэд Улаанбаатар хотод Хөгжим Бүжгийн дунд сургуульд ирээд л мэргэжлийн багш, аугаа хуурч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Жамъян багштайгаа учирсан. Хөгжмийн онол, дуурьсахуйн ухааны багш Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг, доктор Д.Оюунцэцэг, хөгжмийн онолч аугаа Д.Жанчив, хөгжмийн удирдаач багш Дарьзав, доктор Л.Оюунчимэг, хөгжмийн зохиолчийн багш, Төрийн шагналт аугаа Ц.Нацагдорж, Н.Жанцанноров гээд л сайхан хүмүүстэй учирсан даа. Өвөг дээдэс, аав ээжийн минь буян заяа гэж сүсэглэж явдаг.
-Анхны бүтээл төрж байсан агшин, таныг бий болгосон бүтээл юу байна?
-Мэдээж, анхны бүтээл хамгийн эрхэм. Би Хөгжим бүжгийн дунд сургууль төгсөөд Өвөрхангай аймгийн Соёлын ордонг театр болоход нь Соёлын яамны томилолтоор очиж ажилласан. Биднийг хүүхэд байхаас л ах эгч нар сургуулийн концерт болгонд уншиж байдаг Доржийн Гомбожавын “Ээжийн тухай бодол” шүлгийг радиогоор зохиогч өөрийн дуу хоолойгоор “Элгэндээ нааж энгэртээ тэврэх гэж Ээж минь намайгаа төрүүлээ биз ээ...” хэмээн унших агшинд тэмдэглэж авсан аялгуу юм. Ард түмэн минь ч сайхан хүлээж авсан. Намайг ч хөгжмийн их эргүүлэг рүү хүчтэй татаж олон сайхан дүү дагуулсаар байна.
-Аливаа уран бүтээлч нэг уран бүтээл хийчихээд “Би одоо л болж байна” хэмээн омогших нь бий. Таныг ийн омогшуулсан бүтээл юу байна?
-Уран бүтээлч хүн бүтээл болгондоо хайртай. Мэргэжлийн морин хуурч хүний хувьд 1985 онд мэргэжлийн хөгжимчдийн улсын уралдаанд түрүүлж ДЗО-ны XII их наадмын Гала тоглолтонд оролцож, АНУ, Англи, Франц, Энэтхэг, Япон, Солонгос, Тайланд гээд дэлхийн 20 гаруй оронд айлчлан тоглож алдарт Букингэмийн ордон, НҮБ-ын төв байр, Дэлхийн хөгжмийн төв, Мянганы тайз зэрэг нэр хүндтэй газруудад морин хуураа эгшиглүүлж явахад, “Дэнсээ юү” дууг маань ёстой л 80 настай буурлаас найман настай балчир баярлан дуулж, урд хөршид хятад хэлээр дуулж, Буриадын алдарт дуучин Дугар Дашиевын хайртай дуу болж, Японы “Бурхны амьсгал” хамтлаг монгол дуу дуулаачийн олон улсын уралдаанд дуулж тэргүүн байр эзэлж, Сингапурын нэртэй дуучин залуу дуулж байхад, “Икэлийн эгшигт нутаг” зохиолыг маань морин хуурч болгон тоглох гэж мэрийж, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 800 морин хуурч хөгжимдөж, Завхан аймгийн 2222 морин хуурч хөгжимдөж байхад омогшихгүй байж болно гэж үү.
-Танай сургуулийн багш Х.Үнэнхүү, Ч.Батцэнгэл нар санаачлан “Алтан тайз руу” нэртэй дууны уралдааныг сурагчдын дунд зохион байгуулж байгаа юм байна. Энэ талаар та ямар бодолтой байна. Тус арга хэмжээний талаар дурдахгүй юу?
-Ковидын хүнд хэцүү үед бид ажиллаж амьдарч байна. Ялангуяа манай сургуулийн мэргэжлийн хичээлүүдэд хүндрэл үүсэж байгаа. Гэхдээ багш нар маань шинэ нөхцөл байдалд мэргэжлийн хичээлүүдийг тасалдуулахгүйгээр онлайнаар хийх туршлага хуримтлуулж чармайн ажиллаж байгаад талархалтай байна. Багш нар маань гэрээсээ ажиллаж байгаа болохоор хөл хорионы үед зав чөлөө гаргаж ном, зохиол бичих зэргээр өөрсдийгөө хөгжүүлж байна. Бидний бас нэг үндсэн үүрэг бол соёл гэгээрүүлэх асуудал. Бид энэ зүгт ихээхэн анхааран ажиллаж байгаа. 2020 онд ард иргэдээ амгалан тайван өөдрөг байж дархлаагаа дэмжих уриатай “World music” олон улсын онлайн фестивалийг санаачлан амжилттай зохион байгуулсан. Монгол Улсын Засгийн газар, УОК, БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр Монгол Улсад суугаа АНУ, ОХУ, Герман, Энэтхэг, Хятад гээд 11 орны Элчин сайд, 30-аад орны 1000 гаруй уран бүтээлчид оролцсон. Энэ удаа ч манай манай багш МУГЖ Х.Үнэнхүү, Ч.Батцэнгэл нар дуунд дуртай хүүхэд залуучууддаа зориулан “Алтан тайз руу” онлайн уралдааныг зохион байгуулах санал гаргасныг бид дэмжиж байгаа. Хүүхэд залуусдаа дуу дуулах арга барил, ур ухааныг эзэмшихэд нь зөвлөн туслах зорилготой юм. Зөв дуулж өөрийгөө илэрхийлж сурна гэдэг чинь том соёл шүү дээ. Мөн Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр өсвөрийн хөгжимчдийн олон улсын онлайн уралдаан зохион багуулахаар бэлтгэл хангагдаж байна.
-Та “Түмэн-Эх” чуулга, нийслэлийн Соёл Урлагийн газарт ажиллаж байсан байхаа. Тэнд ямар хамт олонтой хамтран ажиллаж, ямар уран бүтээлүүд туурвиж байсан талаар?
-Би “Түмэн-Эх” чуулгад 1993-2005 он хүртэл хөгжимчин, хөгжмийн багш, уран сайхны удирдагч даргаар ажилласан. Миний бүтээж туурвихын оргилуун үе байсан гэж боддог. Манай чуулга голдуу жуулчдад тоглоно. Эхлээд 10 хүн үзэж байвал баярладаг байсансан. Хамт олноо мэргэжлийн шилдэг залуучуудаар бэхжүүлж, шилдэг менежмент хийснээр өдөрт гурван удаа тоглоод багтдаггүй олны урсгалыг татаж, бүр төр засгийн хэмжээнд ирсэн зочдод ч үйлчилдэг болсон юм. Үнийн шинэ бодлого явуулснаар бид улсаас татаас авахгүй, орлогоороо ажилладаг ганц чуулга болж чадсан. Бид дэлхийн олон улсад айлчлан тоглосон нэртэй чуулга болж чадсан. Одоо ч “Түмэн-Эх” чуулга маань орлогоороо амьдардаг менежментээ хөгжүүлж олон сайхан уран бүтээлчид төрөн гарч буйд бахархаж явдаг. 2005-2013 онд нийслэлийн Соёл Урлагийн газрын даргаар ажилласан. Энэ үед хамт олонтойгоо “Иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх-соён гэгээрүүлэх асуудлыг бүх нийтийн хэрэг болгоё” гэсэн уриа дэвшүүлж, нийслэлийн Улаанбаатар чуулгыг байгуулж, дүүргийн соёлын төвүүдийг соёлын ордон болгон өргөтгөн зохион байгуулж, хөдөлгөөнт соёлын төв /тоноглогдсон машин/-ийн үйлчилгээ нэвтрүүлж, 150 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон зэрэг их бүтээн байгуулалтын он жилүүд байжээ. Төр засгаас бидний ажлыг өндрөөр үнэлж найман гавьяат цолтон төрүүлж, олон арван алдартан тодрон гарсан он жилүүд байлаа. 1992-2018 он хүртэл СУИС-д морин хуурын багш, тэнхимийн эрхлэгч, найрал хөгжмийн удирдаачаар ажиллаж морин хуурын сургалтыг боловсронгуй болгох, хөгжмийн дээд боловсролын тогтолцоог бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажилласан юм. Одоо шавь нар маань мэргэжлийн урлагийн байгууллагуудад хөгжимдөж, морин хуурын сургалт эрхэлдэг гадаад, дотоодын их, дээд сургуулиудад багшилж, морин хуураа олон улсад сурталчлан түгээн дэлгэрүүлж яваад сэтгэл хангалуун байна. 2018 оноос Хөгжим бүжгийн дунд сургууль дээд боловсрол олгодог Монгол Улсын Консерватор боллоо. Дээд боловсролын бичиг баримт боловсруулах, бакалавр, магистр, докторын сургалтыг зохион байгуулах, Москва хотын П.И.Чайковскийн консерватори, БНХАУ-ын Хөгжмийн Төв консерватори, ХБНГУ-ын Мюнхены консерватори, БНКУ-ын Астанагийн Үндэсний Урлагийн Их сургууль гээд олон сургуулиудтай шууд хамтран ажиллах гэрээ байгуулан багш, оюутан солилцоо эхлүүлж, өөрсдийн бодит боломжийг ашиглан консерваторийн кампус байгуулах, хөгжмийн их сургуулийн статустай болох зэрэг том зорилт тавин хамт олонтойгоо гар сэтгэл нийлэн ажиллаж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Дэнсээ юу гэж шалиг дуу зохиосон өвгөн энэ байжээ.
Энэ нохор оорийгоо магтах овчин нь ходлоо юу, хэнд ч хэрэггуй юм яриад