2000 ажлын байр танилцуулах өдөрлөг 14 хоног үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас дэвшүүлсэн “Халамжаас хөдөлмөрт” зорилтын хүрээнд “Цар тахлын эсрэг хамтдаа-Хөдөлмөрийн цахим яармаг 2021” арга хэмжээг тавдугаар сарын 8-24-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулж байна.

Хоёр долоо хоног үргэлжлэх цахим яармагийн өчигдрийн үйл ажиллагаанаас сурвалжилга бэлтгэлээ.

Ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагууд, ажил хайж буй хэн ч гэсэн www.expomongolia.org платформоор дамжуулан виртуал талбарт яармагт оролцох боломжтой. Оролцохыг хүссэн та товч мэдээллээ бүртгүүлээд ажил хайгч, ажил олгогч, хурлын танхим гэсэн үндсэн гурван өрөөнөөс бүх төрлийн ажлын байрны талаар мэдээллүүд, хувь хүний хөгжлийн сургалтыг сонсоод ажлын ярилцлагад орж, хүссэн асуултдаа илтгэгчдээс хариулт авах нь нээлттэй юм байна. Илүү олон төрлийн мэдээллийг хүссэн цагтаа хаанаас ч авах боломжийг бүрдүүлсэн нь өмнөх хөдөлмөрийн яармагуудаас онцлогтой байв. Зөвхөн өчигдрийн байдлаар 125 ажил олгогч, 78 ажил хайгч, 795 нээлттэй ажлын байр цахим яармагт зарлагдаж, хурлын танхимд 4-6 илтгэгч хэрэгцээт мэдээллийг танилцуулсныг сонирхлоо.

“Хөдөлмөрийн цахим яармаг 2021” арга хэмжээг нээж, МУ-ын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа үг хэлсэн билээ. Тэрбээр “Хөдөлмөрийн цахим яармагаар ажлын байруудыг нээлттэй зарлаж байна. Цахим яармаг ажил олгогч, ажил хайгчдыг холбох гүүр болно. Хоёр долоо хоногийн турш 2000 ажлын байрыг нээлттэй танилцуулж, зуучлах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Их, дээд сургуулийн оюутнууд ч ажлын байр, хөдөлмөрийн зах зээл, хувь хүний хөгжлийн талаар мэдээллийг эндээс сонсох боломжтой” гэдгийг тодотгож хэллээ.

“Байгууллагууд халамжийг хэт шүтсэн хүнийг ажилд авах дургүй”

Өчигдөр цахим хөдөлмөрийн яармагт дөрвөн илтгэл хэлэлцүүлсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн танилцуулсан “Та ажилд ороход бэлэн үү, Та ажилтан авахад бэлэн үү” илтгэлийг сонслоо. Ажил горилогч ажилд орохын өмнө болон дараа нь тулгамддаг асуудлууд, асуудлыг шийдвэрлэх арга зам, байгууллага ажилтан ажилд авахын өмнө болон дараа яах ёстой талаар илтгэлд өгүүлж байна. Ажил хайгч ажилд орохын өмнө өөрийгөө бэлдэх, ажилд орох гэж буй байгууллагаа судлах нь хамгийн чухал гэнэ. Өөрийгөө бэлдэхдээ мэргэжлийн чадвар, хувь хүний чадвар, хандлагатаа анхаарна. Бичиг баримтаа ажил олгогчийн тавьсан шаардлагад нийцүүлж, компаниас өгсөн загварын дагуу бэлдэх нь эхний алхам аж. Дараа нь ажилд орох гэж буй байгууллагынхаа хаяг, байршил, үйл ажиллагааны чиглэл, байгууллагын бодлого, удирдлага зэргийг интернэтээр, очиж үзэх, хүнээс сураглах, ажилтнуудтай уулзах байдлаар судлах боломжтойг илтгэгч хэллээ. Хөдөлмөр эрхлэлтэд иргэдийн зүгээс дараах бэрхшээл түгээмэл тохиолддог аж. Тухайлбал, хөдөлмөрийн зах зээлд эрэлт багатай мэргэжил сонгодог, ачаалал даах чадвар сул, ажил олгогчийн тавьж буй мэдлэг, ур чадварын шаардлагад нийцэхгүй, ажил хийх, бизнес аж ахуй эрхлэх, өргөжүүлэх сонирхол санаачилга сул, халамжийг хэт шүтэх хандлагатай ажил хайгчийг байгууллагууд авах сонирхолгүй байдаг аж. Ажил горилогч ажлын байрыг яагаад голж байгаа шалтгааныг 2020 оны байдлаар судалжээ. Ингэхэд ажлын шударга бус үнэлгээ, гэнэтийн төлөвлөөгүй ажлууд, ажил үүргийн шударга бус хуваарилалт, хэт их ачаалал, хувь хүн ба байгууллагын соёл гэсэн шалгуур ажлыг сонгохгүй байхад хамгийн ихээр нөлөөлдөг гэнэ. Харин “Ажил горилогч ажлын байранд яагаад тэнцдэггүй вэ” гэсэн судалгаанд 48.5 хувийг нь “Ажил хайгаад олдохгүй байгаа” гэсэн шалтгаан эзэлдэг бол удаах шалтгаанд “Мэргэжилд тохирох ажил байхгүй, мэргэжлийн туршлага байхгүй” зэрэг шалтгаан ордог байна. Түүнчлэн ажилтан ажилд орсон эхний 90 хоногт тодорхойгүй зүйлтэй ихээр тулгардаг, таних хүн цөөн, шинэ орчин, занг нь мэдэхгүй хүмүүсийн арга, эвийг олох гэж хичээдэг, асуулт асуухаасаа эмээдэг” гэдгийг Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг илтгэлдээ тусгажээ. Тиймээс ажилтан ажилд ороод өөрийгөө ойлгуулахын тулд бусдыг ойлгож, сонирхож байгаагаа харуулах, инээмсэглэх, зөрчил маргаанаас зайлсхийх, эерэг, өөртөө итгэлтэй байх аргуудыг хэрэглэж болох нь ээ. Мөн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгал, татварын асуудалд нухацтай хандах хэрэгтэйг ажилтнуудад санууллаа.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд таван сая төгрөгийг хүүгүй, барьцаагүй олгоно

ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбий “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний танилцуулга” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр 2021-2022 онд хэрэгжүүлэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан юм. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны нэгдүгээр тогтоолоор дараах таван хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Тус хөтөлбөрүүдэд 2021 онд нийт 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хандаж дараах хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой гэнэ.

Нэгдүгээрт, 2021-2022 онд хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийг ажил олоход хүндрэлтэй иргэн буюу сургууль завсардсан хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхэд, хорих ангиас суллагдсан иргэн, асрамжийн газраас гарсан иргэн, зургаан сараас дээш хугацаагаар ажилгүй байсан иргэн болон нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай гишүүнийг хөдөлмөрт бэлтгэх, ажлын байраар хангахад зориулж хэрэгжүүлдэг байна. Хөтөлбөрийн нийт дүн 988 сая төгрөг байхаар төлөвлөжээ. Дээрх иргэдийг хөдөлмөрт бэлтгэхдээ ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажлын байрны харилцаа, сэтгэл зүйн сургалт зохион байгуулах, ажилд зуучлах уулзалтад бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулдаг аж. Ажил олоход хүндрэлтэй иргэдийг ажилд авсан нийгмийн хариуцлагатай төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нөхөрлөл, хоршоог шалгаруулж урамшуулдаг дэмжлэг ч энэ хөтөлбөрт багтдаг байна.

Хоёрдугаарт, энэ оноос цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байгаа аж. Жишээлбэл, 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд гадаадад хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн иргэн, 35 ба түүнээс дээш насны хувиараа хөдөлмөр эрхлэгчид таван сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг олгох юм байна. 36 сарын дотор санхүүжилтийг эргэн төлөх аж. Шалгуурын хувьд аж ахуй, бичил бизнес эрхлэх үйл ажиллагааны төсөл төлөвлөгөөг боловсруулж, санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдөл, иргэний өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар, гадаадад амьдарч, ажиллаж байгаад ирсэн бол гадаад паспорт, шаардлагатай бол эзэмшсэн мэргэжил, ур чадварыг тодорхойлох баримт бичгээ харьяа аймаг, дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст өгч, сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод байдлаар явуулах аж. Ийнхүү жил бүрийн дөрөв, есдүгээр сард төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн хүрээнд малчдыг малжуулах санхүүгийн дэмжлэг, борлуулалтын дэмжлэг үзүүлэх, ажил олгогчийг дэмжих арга хэмжээ болон нийтийг хамарсан ажил зохион байгуулж иргэдэд дэмжлэг олгох үйлчилгээнүүд багтжээ.

Шилдэг “старт-ап”-ийг шалгаруулж, эргэн төлөх нөхцөлгүйгээр дэмжинэ

Гуравдугаарт, залуучуудад хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх, ажилд дадлагажуулан зуучлах цогц үйлчилгээ болон аж ахуй эрхлэх бүтээлч, шинэлэг санал, санаачилгыг дэмжих “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх аж. Тухайлбал, энэ хүрээнд шилдэг “старт-ап” залуу эсвэл залуучуудын багийг шалгаруулж, 10 сая төгрөгийн эргэн төлөх төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг олгох юм байна. Санхүүгийн дэмжлэгийг аймагт нэг шилдэг “старт-ап”, дүүрэгт хоёр шилдэг “старт-ап”-т олгох гэнэ. Мөн улсын хэмжээний шилдэг гурван “старт-ап”-ийг шалгаруулж, 20 сая, 17 сая, 13 сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг олгохоор болжээ. Гарааны бизнесийг дэмжиж, өрсөлдөөн бий болгох тус хөтөлбөрөөс гадна залуучуудад зориулсан бусад хөтөлбөрийг ч хэрэгжүүлэх ажээ.

Дөрөвдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, тавдугаарт, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг 2021-2022 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг төлбөртэй зохион байгуулах гээд шинэлэг хөтөлбөрүүд ч багтсан байсныг дурдах хэрэгтэй. Өмнөх 2019-2020 онд ч хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хөтөлбөрүүд хэрэгжиж байсныг илүү сайжруулж 2021-2022 онд ийнхүү хэрэгжүүлж эхэлжээ. “Халамжаас хөдөлмөрт” зорилтын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, НҮБ-ын дэргэдэх Шилжилт хөдөлгөөний байгууллага, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, “Эйч Ар Клуб” ТББ хамтран “Цар тахлын эсрэг хамтдаа-Хөдөлмөрийн цахим яармаг 2021” арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

Тус арга хэмжээг өчигдөр 5000 гаруй хүн сонирхож, нэг өдөрт 122 ажил хайгч ажлын ярилцлага товлосон учраас цаашид хүлээлт өндөр байгааг арга хэмжээнд оролцогчид хэлж байлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top