"Хуульгүй сэдээ"

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

Бидний багад манай нутагт “Би хуульгүй хүн шүү” хэмээн хүүхэд багачуудаас эхлээд хөгшин хөвөө хамаагүй аашилж загнаж явах бөгтөр хөх өвгөн байсан юм.

Хүүхдүүд “Хуульгүй Сэдээ явж байна” гээд зай барьж дөлдөг байв. Үнэн хэрэгтээ тэр хорхойд хоргүй амьтан байсан даа. Ёстой л амттаны оронд маань хүлхэж, алаг орчлонгийн өдрийг бардаг, алт эрдэнэсийн оронд олон  түлхүүр нандигнаж амгалан шөнийн оддыг бардаг нэгэн байв. Тэр Худалдаа бэлтгэл ангийн манаач байсан юм л даа.

Хувь нь дутуу орчлонгийн альхан зайд нь хууль зөрчсөнийг мэдэхгүй айл хотлоороо л “Хуульгүй Сэдээ” гэнэ. Орчлонгийн наранд өнгөө гээсэн оодон тэрлэгнээс өөр гоёлгүй, омог бардам залуугийн төрхийг түүнээс олж харах юмгүй. Орчлонд ирэхдээ л буурал байсан болов уу гэмээр хөх өвгөн байх.  Оочин цоочин сахал нь буурал, он цагийн тоосонд толгой нь буурал, амьдрал үнэний тоосонд сэтгэл нь буурал, алаг шөнийн цоорхойд итгэл нь буурал, энэ хөх өвгөний ээжийг нь мэдэхгүй, элэг дэвтээх үрсийг нь ч мэдэхгүй, энгэр зөрсөн ханийг нь мэдэхгүй, ээдэм хусмаа хуваах эгч дүүсийг нь мэдэхгүй, анд нөхөд хэмээн айл амьтнаар сүжрэхийг нь хараагүй, хундага дарсны цаана агсмагнахыг нь үзээгүй, хулгайн мөр хөөж явсныг нь дуулаагүй юм. Ийм л нэгэн бодь гал өдгөө ертөнцийн хөрс шорооноо уусан алга болжээ.

Сумын төвд хаа нэг хүн бурхны орныг зориход юуны өмнө оччихсон маань хүлхэж, эрх эргүүлж сууна. Хэзээ хаанаас ирснийг мэдэхгүй. Намтар түүхийг нь хэн ч мэдэхгүй. Хэзээ бас хашаа явсныг мэдэхгүй нэг ийм бодьгал он цагийн тэртээгээс нэхэн санагдана. Үнэндээ түүнийг хаана хөдөөлүүлсэн юм бол доо. Орчлонгийн салхинаас өөр зочингүй, оддын тусгалаас өөр энэрэлгүй хөх чулуун дор хэн хэрхэн оршиж буйг үл мэднэ. Оноосон нэр, он саргүй ч байж мэдэх дэлтэй хөх чулуун дор дэлхийд  ганцхан хувь дээлтэй тарни явсан “Хуульгүй Сэдээ” нойрсож байж мэдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top