ОХУ-д нэг тунт Спутник Лайт вакциныг бүртгэлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

ОХУ дотооддоо гарган авсан коронавирусний эсрэг вакцин “Спутник Лайт”-ыг албан ёсоор бүртгэжээ. Уг вакцин нь нэг тунт вакцин юм.

Спутник Лайт-ыг гарахаас өмнө бүртгэгдсэн ковидын эсрэг цорын ганц нэг тунт вакцин нь “Johnson & Johnson” компанийн вакцин байв.

Хүний аденовирус дээр суурилж хийсэн Спутник Лайт вакцин нь Спутник V вакцинтай ижил найрлагатай. Хамгийн сүүлийн судалгааны мэдээллээр Спутник V вакцин нь 97.6 хувийн үр дүнтэй байгаа аж. Энэ нь дэлхийд ковидын вакцинуудаас хамгийн өндөр үр дүн юм.

Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээлснээр Спутник Лайт вакцины үр дүн 79.4 хувьтай байгаа аж. Уг вакциныг хийлгэснээс хойш 28 хоногийн хугацаанд дархлаа тогтоно. Нэг тунт Спутник Лайт вакцины үр дүн нь олон хоёр тунт вакцинаас илүү байгаа юм. Мөн энэ вакцин коронавирусний шинэ хувилбаруудын эсрэг үр дүнтэй үйлчлэх аж.

Спутник Лайт вакцин 18-60 насныханд зориулагджээ. Уг вакциныг боловсруулсан Гамалейн нэрэмжит төвийн тэргүүн Александр Гинцбургийн мэдээлснээр Спутник Лайт вакцины дархлаа 3-5 сарын хугацаанд хадгалагдана. Энэ нь Спутник V-гийн хоёр тунг хийлгэснээс арай бага хугацаанд дархлаа хадгалагдах юм.

Спутник Лайт вакциныг сарын дараа олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлж магадгүй гэж тус вакциныг үйлдвэрлэгчдийн нэг “Р-Фарм” компанийн ерөнхий захирал Василий Игнатьев мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top