НДШ-ийг бууруулах нь өөрөө НИЙГМИЙН БАТАЛГАА болж хувирав

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 17

Төр иргэдээс авч буй татвар, татаасын хэмжээг өсгөх, бууруулах эсэх нь нийгмийн сайн сайхны төлөө эдийн засгийн шаардлагаар шийдэгдэг эд. Гэтэл өнөөдөр амьдралын шаардлагаар бууруулах нөхцөл бүрдээд байна.

УИХ-аар Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийн нэмэгдлийг цуцлах асуудлыг хэлэлцэж байгаа нь ч цаг үеэ олж байх шиг. Сарынхаа цалингаар амьдралаа залгуулдаг иргэдэд овоо дэм болох шинжтэй.

Саяхан Сангийн Б.Жавхлан ирэх долоодугаар сарын 1-нээс НДШ-ийн хоёр хувиар нэмэх асуудлыг дахин хойшлуулах саналыг Засгийн газрын танхимаараа дэмжсэн талаар мэдэгдэж байв. Одоо мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын хуулиар иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлж буй НДШ ирэх долоон сарын 1-нээс хоёр хувиар нэмэгдэж, 26-28 хувь болж өснө. Ингэснээр нэг сая төгрөгийн цалинтай иргэн сарын цалингаасаа 260-280 мянган төгрөг “хураалгах” дүр зураг харагдаж байгаа. Үнэндээ Монголын нийгмийн даатгалын тогтолцоо хуримтлал нэртэй ч үр дүнг нь үзнэ гэдэг өөрөө эргэлзээтэй. Зайлшгүй шинэчлэл хийх шаардлага тулгараад буй. Гэхдээ цар тахлын эмзэг үе ийм боломж олгохгүй байна. Шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлбэл, тэр нь иргэдийн амьжиргааг шууд дордуулах, хэрцгий арга хэмжээ болж хувирах гээд байгаа. Тэгвэл энэ нэмэгдлийг бууруулснаар төсөвт 80 гаруй тэрбум төгрөгийн цоорхой гарах асуудал яригдсан. Өөрөөр хэлбэл, УИХ одоо хэлэлцэж байгаа хуулийг дэмжиж, баталснаар эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдэд ийм хэмжээний хөнгөлөлт, дэмжлэг үзүүлнэ гэсэн үг.  

Нөгөө талаар энэ арга хэмжээ хөдөлмөрийн зах зээл дээрх олон мянган ажлын байрыг хадгалж, ажил олгогч компаниудын ачааг хөнгөрүүлнэ гэж хууль санаачлагчид үзжээ. Тэдний зүгээс  цар тахлын эсрэг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд ихэнх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бизнесийн үйл ажиллагаа доголдсон. Хөл хорионы улмаас орлого алдаж,  НДШ-ээ төлж чадахгүй байх нөхцөл үүсжээ. НДШ-ээ төлж чадахгүй компани 2019 онд 14989 байсан бол 2020 онд 22301 болж өссөн байна. Энэ байдал цаашид ч өсөх хандлагатай байгааг онцолж байгаа. Харин хувийн хэвшлийн төлөөллүүд цар тахал эхэлснээс хойш Монголд НДШ-ээ бүрэн төлөх чадвартай компани үлдсэн эсэхийг бүрэн төгс тоолж үзэхийг хууль санаачлагчдад санал болгосон. Учир нь, тийм санхүүгийн чадамжтай компани цөөн үлдэж л дээ. Энэ долоо хоногийн эхэнд МҮХАҮТ-аас цар тахлын улмаас хүнд байдалд орсон аж ахуйн нэгж, иргэдийн НДШ-ийн өрийг нэг удаа бүр мөсөн өршөөж, тэглэх асуудлыг гаргаж тавьсан юм. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ч энэ асуудлаар Засгийн газарт олон удаа шаардлага хүргүүлээд байгаа. Энэ мэт 2017 оноос хойш нийгмийн бүхий л төлөөлөл НДШ-ийн хувь хэмжээг нэмэхийн эсрэг байр сууриа илэрхийлж ирсэн. Тэгвэл өнөөдөр цар тахлын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл улам бүр даамжирч, НДШ-ийг бууруулах нь өөрөө нийгмийн баталгаа болж хувирав.

Монгол Улс 2017 онд Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т орж, УИХ, Засгийн газраас хүлээсэн үүргийнхээ дагуу НДШ-ийг 2018 онд хоёр, 2019 онд нэг, 2020 онд хоёр хувиар өсгөх шийдвэр гаргаж байлаа. Гэвч өнгөрсөн онд дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын үед ажлын байраа хадгалж байгаа компани болон ажилтны төлөх НДШ-ийг тэглэсэн байдаг. Энэ шийдвэрийн хүрээнд өнгөрсөн оны дөрвөөс аравдугаар сарын хороонд иргэд, аж ахуйн нэгжүүдийн НДШ-ийг бүрэн чөлөөлсөн. Улмаар төсвийн алдагдлыг багасгах бодлогоор шимтгэл тэглэх арга хэмжээнд хамрагдсан аж ахуйн нэгж, даатгуулагчийн төлөх шимтгэлийг ажил олгогч таван хувь, даатгуулагч таван хувь байхаар тооцож, Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулсан. Уг хуулийн үйлчлэл энэ оны нэгдүгээр сарын 1-нд дууссанаар НДШ-ийг 22 хувиар төлж эхлэх нөхцөл үүссэн юм. Тиймээс энэ онд НДШ-ээс ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн даатгал болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хураамжийг хассан. Ингэснээр НДШ-ийн хэмжээ 3-5 хувиар буурч, өнөөдөр ажилтан, ажил олгогч нийлээ 17 хувийн шимтгэл төлж байгаа. УИХ одоо хэлэлцэж буй хуулийн төслийг дэмжвэл, НДШ-ийн хэмжээг 17 хувь хэвээр хадгалах нөхцөл бүрдэх юм.  

Ийнхүү хөнгөлөлтийн хугацааг сунгасан ч цаашид Нийгмийн даатгалын сангийн алдагдал улам нэмэгдэх эрсдэл УИХ-ын гишүүдийн санааг зовоож буй. Харин хуулийн хэлэлцүүлгийн шатанд цар тахлын улмаас эдийн засагт учирсан бэрхшээлийг даван туулсны дараа Нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг бэхжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бололцоотой гэдэг шийдэлд хүрч байгаа ажээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.21.103) 2021 оны 05 сарын 17

Хөтөлбөр дуусчихаад байхад МАН дангаараа мөрдөх гээд байх юм

0  |  0
Top