Цэцэрлэгт хүрээлэн “Гэр бүлийн төгөл”-өөр өнгө нэмнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 18

-Иргэд, байгууллагад зориулж тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд нэг сар мод тарих өдрүүдийг зохион байгуулж байна-


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сард “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг 2010 оноос хойш уламжлан зохион байгуулж ирлээ. Давхардсан тоогоор 1.7 сая гаруй иргэн, 71.8 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүх нийтээр мод тарих өдөрт оролцож, нийтдээ 13.7 сая мод бутыг өөрсдийн гараар тарьж ургуулсан гэдэг юутай сайхан. Энэ жилийн хувьд “Өрх бүр хашаандаа мод тарья” аянаар айл өрхүүдэд 25 мянган ширхэг модны суулгацыг тариулахаар өгч байна. Нийслэл, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын иргэдийн нэгдлүүд хамтран мод бут тарьж, орчин тойрноо цэвэрлэж хайрлан хамгаалах ажлуудыг дор бүрнээ л зохион байгууллаа.

Тэдгээр ажлуудын түүчээ болгож НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Гэр бүлийн төгөл” байгуулах ажлыг бүх нийтээр мод тарих өдөр, олон улсын гэр бүлийн өдрөөр эхлүүлснийг онцлон сурвалжиллаа.

 “Гэр бүлийн төгөл”-д 500 ширхэг мод бут тарих ажлыг эхлүүлэхээр НИТХ-ын дарга, удирдлагууд, Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд, ажлын албаны төлөөллөөс ирсэн байв. НИТХ-ын төлөөлөгч, Хурлын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар “НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Нийслэлийн Иргэдийн Хурал, НЗДТГ-тай хамтраад “Гэр бүлийн төгөл” байгуулж, 500 ширхэг мод бут тарих болон бүтээн байгуулалтын ажлыг хийхээр боллоо. Балжингарам цэцгийг төлөөлүүлсэн зураг төслийг мэргэжилтнүүд гаргаж, саравч, сандал, тоглоомын талбай, мод бутны төгөл бүхий “Гэр бүлийн төгөл” байгуулагдах юм. Тохижилт хийсний дараа гэр бүлийн төгөлд гэр бүлүүд амарч, зугаалах, хөгжилтэй цагийг хамтдаа өнгөрүүлэх боломжтой. 2021 онд НИТХ-ын эмэгтэйчүүд холбогдох бүх байгууллагатай хамтарч ажиллаж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг дэмжих, гэр бүл, ахмадууд руу чиглэсэн цогц ажлуудыг төлөвлөсөн. Өнгөрсөн гуравдугаар сарын 25-ны өдөр НИТХ-аар санал гаргаж тогтоолын дагуу эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдаж, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийг зорьж, үүний үндсэн дээр ээлжит ажлуудыг эхлүүлж байна. Гэр бүлүүдэд зориулсан цахим цуврал лекцэд ч 50 мянга орчим иргэн хамрагдсан гээд зорилтот ажлууд хэрэгжиж байгаа” гэдгийг тодотгоод мод тарих ажлыг эхлүүллээ. Суулгацыг тарихаас өмнө нүхийг 60 см гүн ухаж, тойргийг 50 см хэмжээтэйгээр бэлдэх аж. Суулгацыг хийсний дараа хар шороо, бууц, үртэсний холимог хөрсийг агаар оруулахгүйгээр сайтар чигжиж хийнэ. Хөрсийг сайн нягтаршуулахгүй бол модны үндэс гэмтэж ургалт муудах эрсдэлтэйг тооцох ёстой. Ингээд нэг модыг 60 литр усаар усална. Усыг тогтоохын тулд тогооны дээр 10 см-ын зай үлдээж хөрсөө дүүргэнэ. Хөрсөнд агуулагдах бууц нь бордоо болж, үртэс нь хөрсийг сийрэгжүүлж, модны ургалтыг сайжруулдаг гэхчилэн зөвлөгөөг цэцэрлэгчид мод тарьж буй хүмүүст хэлж байв.

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 140 мянга гаруй мод 98.5 хувийн “амьдралтай” ургаж байна

 

Монгол Улсын Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ Азид тивдээ зургадугаарт ордог, Улаанбаатар хотын усны ундарга дээр байрладаг, нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг. Нийслэлийн иргэдийн хувьд үнэт өв болсон нутаг дэвсгэр. Хэвийн үед өдөрт 15-20 мянган хүн үйлчлүүлдэг, үйлчлүүлж буй хүмүүсийн ихэнх нь хосоороо, гэр бүлээрээ амарч зугаалдаг гол төв газар нь. Тиймээс ч жил бүр мянга мянган модыг тус цэцэрлэгт хүрээлэнд заавал тариалдаг, ургалтыг нь арчилж хамгаалдаг олон мэргэжилтэн, цэцэрлэгч ажилладаг. Энэ тухайд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсан 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 973 га талбайнхаа нэгдүгээр ээлж буюу 183 га талбайд 32 төрөл зүйлийн 140 мянга гаруй модыг 98.5 хувийн амьдралтайгаар ургуулж байгаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж бий болгохоос гадна давхар бүтээн байгуулалтын ажлууд хийдэг. Анхны төлөвлөлтөөр нийт газар нутгийн 80 хувьд мод тарина гэсэн байдаг. Цэцэрлэгт хүрээлэнгийн газар доор Улаанбаатарын ундны усны эх ундарга бий. Тиймээс энэ эх ундаргыг нөхөн сэргээж хамгаалахын тулд мод тарих ёстой. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас “Мод дагаж ус, ус дагаж амьдрал” уриатайгаар 2021 онд 3000-8000 ширхэг модыг хавар, намрын цагт тарьж, ургуулахаар төлөвлөж байна. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад зориулж тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд нэг сарын хугацаанд мод тарих өдрүүдийг зохион байгуулж байгаа” хэмээлээ. Цэцэрлэгт хүрээлэнд мод тарихыг хүсвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цахим хуудас болон маркетингийн албатай холбогдож болох юм байна. Модыг тарьсны дараа усалгаа, арчлалт хамгаалалт хамгийн чухал. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас гүний усалгааны системээр моднуудаа услахаас гадна цэцэрлэгчид ажилладаг учраас ургалт өндөр хувьтай байдаг байна. Мөн өөрсдийн мод үржүүлгийн газартаа тариалсан суулгацаар иргэд, аж ахуйн нэгжид үйлчилдэг ажээ.

Б.Мөнхцэцэг: Хотын хэмжээнд шинэс, гацуур, нарс модыг голлон тарина

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Гэр бүлийн төгөл” байгуулахаар мод тарих үеэр нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэгээс нийслэлийн ногоон байгууламж, бүх нийтээр мод тарих өдрийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлд бүх нийтээр мод тарих өдрөөр ямар арга хэмжээнүүд болж байна вэ?

-НИТХ-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Гэр бүлийн төгөл” байгуулах ажлыг санаачлан эхлүүлж байгаагаас гадна нийслэлийн Хот тохижилтын газраас өглөөний 07:00 цагаас хариуцан ажилладаг 48 гудамж талбайд арчлалт засвар хамгаалалтын үйл ажиллагаа зохион байгуулж, III, IV хороолол Энэбишийн өргөн чөлөөнд нэг км орчим ногоон байгууламж, хайлаас моднуудыг, Чингисийн өргөн чөлөөнд 53 гоёлын мод тарилаа. Маршалын гүүр орчимд 60-70 орчим шинэс мод тарина. Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотыг нэг наст ургамлаар чимэх үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангаад явж байна. Улаанбаатар хотын нийт ногоон байгууламжийн дийлэнхийг улиас эзэлдэг учраас улиасны хэлбэржүүлэлтийн ажлыг нэг, хоёр, гурав системээр нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд хийж байна. Хотын хэмжээнд шинэс, гацуур, нарс мод тарихыг гол бодлогоо болгож ажиллаж байгаа. Жижиг ногоон байгууламж, төглүүдийн хэмжээг нэмэгдүүлнэ. Бүх нийтээр мод тарих өдөр “Эх дэлхий ногоон байг” аяныг өрнүүлж байна. Тиймээс бүх нийтээрээ модоо тарихыг уриалъя.

-Нэг хүнд ногдох ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.2 метр квадрат байгаа. Цаашдаа нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг найман метр квадратад хүргэхийн тулд зорьж ажиллах болно.

-Модны суулгац, үрсэлгээгээ яаж бэлддэг вэ?

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас системтэйгээр ажлыг зохион байгуулдаг. Нийслэлийн Хот тохижилтын газрын хувьд хүлэмжийн газартай, тэндээ энэ жилийн хэлбэржүүлэлтээс гарсан моднуудыг бойжуулах, нэг наст цэцгийн тариалалтыг өвлийн хүлэмжиндээ бойжуулах ажлыг хийж байгаа.

-Ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг тогтмол хийж байна уу?

-Нийслэлийн Хот тохижилтын газрын хэмжээнд 680 гаруй ажилтан ажилладаг. Тэднээс 120 гаруй нь ногоон байгууламжийн цэцэрлэгч, инженерүүд байдаг. Улаанбаатар хотын хариуцсан 48 гудамжийнхаа усалгааг өдөр бүр хийж байна. Модны самналт цэвэрлэгээ, нүхэн тарилт, хэлбэржүүлэлтийг тогтмол хийдэг. Ногоон байгууламж амьд учраас хүүхэд шиг арчилж хамгаалж тордох хэрэгтэй.

 

Ногоон байгууламжийг арчлан хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал

 

Нийслэлд сарын хугацаанд мод тарих өдрүүд үргэлжилнэ. Иргэд, аж ахуйн нэгжүүд хуваарийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ баримтлан 30-аас дээш хүн бөөгнүүлэхгүйгээр мод тарих юм. Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тавдугаар сарын 15-нд гэхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200 орчим модыг гэр бүл, иргэд, хамт олноороо тарьжээ.  Сүүлийн таван жилийн хугацаанд Туул голын сав дагуух газрууд, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг дүүрэгт нийт 64 цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр зорьж ажиллаж байгаа гэдгийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба мод тарих үеэрээ хэлэв. Ялангуяа ойрын хугацаанд нийслэлийн төвийн хэсэгт ашиглагдахгүй удсан эсвэл зориулалтын дагуу ашиглаагүй иргэдийн амьдрах орчныг бохирдуулсан обьектуудыг буулгаж, ногоон байгууламж болгох ажлууд хийгдэж байгааг ч онцлон танилцууллаа. “Нэг мод таривал нэг насны буян, хоёр мод таривал хойд насны буян” гэдэг. Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, ая тухтай орчинд амьдрахад төрийн байгууллагуудын оролцоо, дэмжлэг хэрэгтэй боловч нөгөө талаас иргэд, олон нийтийн оролцоо, ногоон байгууламжаа хайрлах сэтгэл чухал гэдгийг ч мартаж боломгүй. Зуны өдрүүдэд өглөө эртлэн 05:00 цагаас ирж модоо усалдаг цэцэрлэгчдээ бодоод ч болтугай бид мод, ногоон зүлгийг хайрлах ёстой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top