Хил хамгаалах ерөнхий газрын Зэвсэглэл, ар тал, инженер техник хариуцсан дэд дарга Д.Ганбаатар Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Генерал цол хүртсэн юм. Тэрбээр цэрэг армийн салбарт гурван үеэрээ хүчин зүтгэж яваа эрхэм билээ. Шинэ генералтай ярилцлаа.
-Юуны өмнө Генерал хэмээх эрхэм цолыг хүртсэнд баяр хүргэе. Цэрэг, армийн салбарт амьдралаа холбосон он жилүүдээ дурсана уу?
-Юуны өмнө Монгол Улсынхаа Хил хамгаалах байгууллагын амьд түүх болсон үе үеийн генерал, офицер, түрүүч, цэргүүддээ Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн мэндийг хүргэж байна. Олон мянган хилчдийнхээ түүчээ болж Монгол Улсынхаа Ерөнхийлөгчийн 39 дүгээр зарлигаар Генерал цол хүртэж, Хил хамгаалах ерөнхий газраас төрсөн 28 дахь генерал боллоо. Энэ цол маш хүндтэй, хариуцлагатай үүргийг надад авчирч байна. 30 шахам жил хилчдийнхээ нийгмийн асуудлыг шийдүүлэх, улсынхаа хилийг амгалан тайван байлгах, хил хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж байна.
1988 оноос 1992 оны хооронд хуучнаар НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг төгсөж байлаа. Энэ сургуулийн эрдэмтэн багш, докторууд өдий зэрэгтэй явах суурийг анх тавьсан гэж боддог. Цэргийн дээд сургуулийг дан ганц Хил хамгаалах байгууллага биш Цагдаагийн байгууллага, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэрийн байгууллагын боловсон хүчнүүд төгссөн. Мянга мянган хөвгүүдийг эрийн цээнд хүргэж, ажлын гараанд хүргэсэн тус сургууль нь өдгөө Дотоод хэргийн их сургууль болон өргөжсөн. Цэргийн дээд сургуулиа төгсөөд Дорноговь аймгийн Хилийн 108 дугаар анги буюу Замын Үүдийн шалган нэвтрүүлэх отрядад дэслэгч цолтой залуу ганц чемодан бариад очиж байлаа. Мөр зэрэгцэн суралцаж байсан шижигнэсэн залуустай хамт томилогдон очиж байсан түүхтэй. Буян-Ухаа дахь Хилийн шалган нэвтрүүлэх боомтод буюу 0218 дугаар ангид олон жил ажилласан. Энэ бол амьдралын маань салшгүй нэг хэсэг болсон алба билээ. Энэ ангид дэслэгч цолтойгоос авахуулаад ангийн захирагч болтол бүхий л албан тушаалыг хашиж 20 шахам жил ажилласан. Олон сайхан дарга, хамт олныхоо буянаар өдий зэрэгтэй явах гараа минь эхэлсэн гэж боддог. Нэг ангид цэл залуухан ирж байсан шижигнэсэн залуус маань бүгд намба суусан эрчүүд болжээ. Энэ ташрамд, нэг ангид хамт ажиллаж байсан үе үеийн дарга, цэрэг хамт олноо дурсахад их сайхан байна шүү. Өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газрынхаа Зэвсэглэл, ар тал, инженер техник хариуцсан дэд дарга гэсэн албан тушаал дээр томилогдон ажиллаж байна.
-Цэргийн хүн гэдэг говь, хангай хаа ч томилогдон очиж ажилладаг улс. Ямар үед хамгийн хүнд бэрхшээлтэй байдаг вэ?
-Тэгэлгүй яах вэ. Би Дорнод аймагт алба хашиж байлаа. Мөн Сэлэнгэ аймгийн хилийн 0243 дугаар ангид Штабын даргаар ажиллаж байсан. Цэргийн хүн бол тушаалаар явдаг. Ямар газар очиж үүрэг гүйцэтгэхийг удирдсан дарга нар нь хуралдаж шийддэг. Ямарваа нэгэн шалтаг шалтгаан хэлэх эрхгүй, оч гэсэн газар нь л очдог. Бид дарга нарынхаа өөдөөс ямар нэгэн шалтаг тавих эрхгүй. Энэ бол цэргийн дүрэм. Хил хамгаалах байгууллагын ажлын байр бол 8252 гаруй км газар нутаг байдаг. Говь, хээр, тал хангай, тайгын эрс тэс уур амьсгал, байгальтай бүсүүдэд цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд, туулахад хэцүү бартаатай газар, хүйтэн, халуунд үүрэг гүйцэтгэж байдаг. Манай салбар бол хилийн шугам дээр өдөр, шөнийн 24 цагт хилээ хамгаалж үүрэг гүйцэтгэж байдгаараа онцлогтой.
Хүнд хэцүү үе гээд онцлоод хэлэх нь тохиромжгүй, хэцүүгүй ажил гэж үгүй, одоо ч ажил хүнд л байна. Бид хүнд бэрх ажлын ард гарч, өгсөн үүргийг биелүүлж явдаг эрхэм үүрэгтэй. Манай хилчид ажлынхаа хүнд хэцүүг ярьдаггүй, хийх ётой л ажил маань гэж боддог. Хилчид маань миний яриаг сонсоод урам зориг авах байх. Тэд маань чимээгүй хөдөлмөрлөдөг баатрууд шүү дээ.
-Таныг үе дамжсан цэргийн хүн гэж сонссон. Таны үр хүүхдүүдээс цэргийн хүн болох болов уу?
-Миний ээжийн аав Цэрэнгомбо гэдэг хүн 1930-аад оны үед ОХУ-ын Эрхүүд Маршал Х.Чойбалсантай хамт цэргийн сургуульд сурч байсан. Миний аав Дашдондог гэдэг хүн Хилийн ба Дотоодын цэргийн 05 дугаар ангид бага даргаас авахуулаад жагсаалын дарга хүртэл ажилласан. Миний гурван ах хилийн цэрэгт алба хаасан. Анх нар маань заставын жолооч, заставын дарга, инженерийн байгууламжийн хүнд машин механизмын засварчин ахлагч цолтой хүмүүс бий. Ингээд харахаар манайх гурван үеэрээ цэргийн хүмүүс.
Би дөрвөн хүүхэдтэй, гурав нь охин хүүхэд. Охидоо хүсэж мөрөөдсөн салбартаа ажиллахад нь дэмжиж, өндөр болосвролтой хүн болгохоор эхнэр бид хоёр хүчин зүтгэж байна. Хамгийн бага хүү маань долоодугаар ангийн сурагч. Хүүгээ том болоод аавыгаа дуурайгаад цэргийн хүн болчих болов уу гэсэн горьдлого битүүхэн тээж явдаг. Нас нь бага ч эрэмгий, зоримог зан, шийдвэр гаргаж байгаа байдал нь намайг дуурайсан юм болов уу гэж хардаг шүү.
-Цэргийн хүний ар тал, хань ижил гэдэг хамгийн том үүргийг давхар дааж явдаг. Та хань ижлийнхээ талаар энэ баярт мөчдөө хуваалцана уу?
-Би гэр бүлийн хүнтэйгээ цэргийн сонсогчийн нэгдүгээр курст байхаасаа үерхэж эхэлсэн. Эхнэр маань намайг сонсогчоос эхлээд генерал болтол ханилж байна даа. Миний эхнэр нягтлан бодох, банк санхүүгийн мэргэжилтэй учраас ихэвчлэн хотод ажиллаж байсан. Намайг хөдөө явж байх хугацаанд хүүхдүүдээ дагуулаад л ирэн очин явдаг байлаа. Хүний амьдралын хамгийн том өмөг түшиг бол ханилсан хань ижил нь л байдаг. Дөрвийн дөрвөн хүүхдийг минь эрүүл саруул, зөв хүн болгон өсгөн хүмүүжүүлэх, эрдэм мэдлэг боловсролтой хүн болгох, ар амьдралаа авч явах гээд эмэгтэй хүн гэдэг тэвчээр, ухааны дээд юм даа.
-Улсын хилийг хамгаалах, хилийн шалган нэвтрүүлэх боомтууд тал дээр тулгамдаж буй ямар асуудлууд байдаг вэ?
-Хил хамгаалах байгууллага маань хөгжин дэвшиж байна. 2016 онд Монгол Улсын Хилийн тухай хууль шинэчлэгдэн найруулагдаж батлагдсан. Энэ хууль батлагдсанаар хилчдийн маань ажиллах нөхцөл бололцоо сайжирч, эрх зүйн хэм хэмжээ нь баталгаажсан. Хил хамгаалах байгууллагын үндсэн хоёр чиг үүрэг байдаг. Нэгдүгээр чиг үүрэг нь улсын хил хамгаалалтыг удирдан хамгаалах чиг үүрэгтэй. Хоёрдугаар чиг үүрэг нь Монгол Улсад байдаг 26 хилийн боомтоор зорчих хөдөлгөөн хэрэгслийг шалган нэвтрүүлэх үүрэгтэй.
Хилчдэд тулгамдаж буй хэд хэдэн зүйл бий. Улсын хил хамгаалалтыг зохион байгуулж, хилийн боомтуудаар зорчих хөдөлгөөнийг шалган нэвтрүүлэх явцад хоёр хөрш болон Олон улсын жишигт нийцсэн хөгжил дэвшилд хүрэх зайлшгүй шаардлагатай байна. Бидэнд тулгамдаж буй гол зүйл гэвэл нисгэгчгүй нисэх хэрэгслийг мөн нисдэг тэргийг улсын хил хамгаалалтдаа ашиглах шаардлагатай байна. Тодруулж хэлбэл, улсын хил дээр хойшлуулж болшгүй ямарваа нэгэн үйл ажиллагаа, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хил дамнасан хил зөрчигчийн үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор нисдэг тэрэг зайлшгүй шаардлагатай байдаг. Улсын хил хамгаалалтыг зохион байгуулахад улсын хилийг тодорхой харагдуулах, тодорхой байлгах хилийн инженерийн байгууламж гэж бий. Хилийн инженерийн байгууламжийг Хятад, Орос улсын жишигт хүргэхийн тулд олон сайхан том том ажлууд хийж байдаг. Эдгээр ажлуудыг үргэлжлүүлэн хийх хэрэгтэй. Улсын хилийг хамгаалах ажлыг зохион байгуулахад туулах чадвар сайн автомашинууд нэн хэрэгцээтэй. Мөн өндөр хүчин чадалтай дохиолол хяналтын систем хэрэгтэй байдаг. Улс орны төсөв санхүү ямар байгаа билээ дээ. Эдгээр хэрэгцээтэй зүйлсийг хангахад Хил хамгаалах байгууллагын удирдлагуудтайгаа ярилцаж үе шаттайгаар шийдэх ажлууд их байна.
-Олон улсын жишигт нийцсэн дэвшилтэт ямар ямар технологийг Монголдоо нэвтрүүлж байна вэ?
-Улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэхдээ хэрэглэх нарийн технологиуд зайлшгүй хэрэгтэй байгаа. Жишээ нь, АНУ-д улсын хилээр ороход нь тухайн зорчигчийн нүүрний зургийг нь дараад, хурууны хээг нь аваад программдаа хадгалаад, паспорт дээр нь штамб дараад оруулах зэргээр нарийн шалгалт явуулдаг. Хилээс гарахад нь усан хил, агаарын тээвэр, галт тэрэг, автомашин байна уу хамаагүй аль ч хэлбэрээр зорчсон тухайн зорчигчийн мэдээлэл автоматаар бүртгэгдээд явдаг дахин шалгадаггүй. Монгол Улсад ийм шалгалт бүртгэл үе шаттгайгаар хэрэгжээд явж байна. Жишээ нь, Гашуунсухайтын хилийн боомтоор хоног тутамд тээврийн хэрэгслээр нэвтэрч буй жолооч нарыг Монгол Улсын хилээр нэвтэрсэн тухай программдаа бүртгэж авдаг болсон. Үүнийг илүү боловсронгуй болгож, цахим хэлбэрт явуулахад дэвшилтэд техник хэрэгсэлтэй болоход сэтгэл шулуудан ажиллаж байна.
-Эр цэргийн бахархлыг та ямар үед илүүтэй мэдэрдэг вэ?
-Эр хүн болж төрснийх буугаа үүрээд, морио унаад, нохойгоо дагуулаад эх орныхоо торгон хил дээр зогсоод Монгол Улсынхаа хилийн багана дээр ёслох шиг сайхан зүйлийг би хэзээ ч мэдэрч байгаагүй. Яг энэ мөчид эр хүн болж төрсний, эр цэрэг болсны бахархал, омогшил аяндаа огшоод ирдэг юм. Ганц би ч биш олон мянган хилчид хилийнхээ багана дээр ийн бахдалтай зогсдог. Энэ сэтгэгдэл маань хилийн олон зурваст очиход төрж байлаа. Ялангуяа шинээр томилогдож, эр цэрэг болоод ирж байгаа шинэхэн цэргүүдийг харахад маш сайхан харагддаг. Цэргийнхээ тангаргийг өргөөд ээж, аавын хүү эх орны хүү болдог. Улсын хилийн халуун шугам дээр үүрэг гүйцэтгэж буй хилчдээ хараад бахархах сэтгэл төрдөг дөө. Эр бяр нь тэгширсэн эр цэргүүдээрээ эх орноо мануулахгүй бол өөр хэнээрээ мануулах вэ. Хил хамгаалах өндөр хариуцлагатай үүргээ гүйцэтгэж ирээд нийгмийн олон салбарт ажиллаж амьдарч байгаа залуучууд илүү эх оронч байдаг юм болов уу гэж боддог.
-Сүүлийн үед цэргийн ангиудад янз бүрийн хэрэг их гарах боллоо. Ямар нэг дарамт байдаг гэх яриа ч гарсаар удаж буй. Ийм дарамт үнэхээр байдаг юм уу?
-Тоолбол нас чацуу, төөлөхөд бие чацуу олон сайхан эрчүүд ирдэг боловч ааш араншин, хүмүүжил, сэтгэл зүй, нийгэмшил, боловсрол нь янз бүрийн түвшний хүмүүс ирдэг л дээ. Зарим нь бичиг үсэг ч бүрэн тайлагдаагүй, нийгэмшээгүй бүрэг ичимхий залуус ирдгийг нуух юун. Эдгээр залуусыг нэг жилийн хугацаанд сургаж хамт олонч болгох, эр цэрэг болгох, эрийн цээнд хүргэх, биеэ зөв илэрхийлэхэд нь сургах гээд бүхий л тал дээр нь ажиллаж байна. Гэтэл энэ албыг явуулахад өөрийнхөө хүчин чадлыг зориулаад явж буй офицер ахлагч нарынхаа үгэнд ордоггүй, шалтаг шалтгаан хэлдэг, амархан гомдож туньдаг залуус мэр сэр байдаг. Үүнийг нуух аргагүй. Зарим нэг болчимгүй зүйлээс болж нэгнийгээ гэмтээх, хүний амь нас эрсдэх, албан үүргээсээ татгалзаж хариуцлага алдах тохиолдол гардаггүй биш гардаг. Энэ нь мэдээж ховор гардаг л даа. Энэ зөрчлийг дахин давтан гаргахгүйн тулд хатуу хяналт шаардлага, хариуцлага тооцохын сацуу залбиран суудаг. Залбиран суудаг шүү үнэхээр. Аль ч төрийн алба үе шаттайгаар хариуцлагын тогтолцоогоороо давхар давхар үүрэг хүлээж, дахин зөрчил гаргахгүйн тулд олон ажлуудыг сайжруулан хийдэг. Ялангуяа сэтгэл зүйн тал дээр нь байнгын урам зориг өгөх, ойлгуулж ухааруулах, зарим нэгэнд нь хатуу ширүүн үг хэлэх ч тохиолдол байдаг л даа.
-Цэргийн хүний ёс зүй гэж юу вэ?
-Цэргийн хүний ёс зүй гэдэг олон төрлийн зүйл дээр илэрч байдаг. Нэн тэргүүнд үнэнч шударга байх ёстой. Хамт олондоо нийцтэй, хичээл зүтгэлтэй, дайчин шинж чанартай байх ёстой. Хувь хүн талаасаа найз нөхдөдөө, албандаа, хань ижилдээ үнэнч байх нь хамгийн том зарчим юм.
Энэ ташрамд Монгол Улсынхаа хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа мянга мянган хилчиддээ ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөж байна. Манай хилчдээс олон сайхан генерал төрж эх орныхоо төлөө зүтгэж байх болтугай. Хилчдийн маань яруу алдар бадартугай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Saixan general bn. Ajliin amjilt xysie