Худал мэдээлэл тараасан иргэн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуулиар арга хэмжээ тооцох зохицуулалт нь бий. “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.14-т Худал мэдээлэл тараах зүйлд заасан байдаг.
Тэгвэл сошиал орчинд ташаа мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдөлд оруулсныхаа дараа “Энэ бол жүжиг” хэмээн гайхшруулахыг худал мэдээлэл тараасан гэх үү, олонд танигдах маркетинг гэх үү. Аль ч нь байлаа мэргэжлийн ёс суртахуунгүй үйлдэл.
Урлагийн салбарынхан олон нийтэд ил байдаг, дагагч олонтой мэргэжлийн болон хувийн ёс суртахуун хамгийн өндөрт боловсрогдох ёстой хүмүүс. Гэтэл жүжиг байсан ч сэдэв, санаа нь тодорхойгүй бүдүүлэг байдлыг өөхшүүлж, нийгэмд сурталчилж болохгүй. Ондоорч биш онцгойрон бусдад танигддаг, бусдад үлгэр дуурайлал үзүүлдэг, тэргүүнд нь сэтгэж, холыг хардаг урлагийн хүн, урлагийн сэдэв сэтгэлгээний мөрөөдөлд олон нийт автчихсан. Энэ үед урлагийн шинэ танилууд нийгэмд гарч ирэхдээ өөрсдийн имижээ анхнаас нь зөв бүрдүүлж, олон нийт, салбараа хүндэлдэг байгаасай. Сенсаци хөөхөөс илүүтэй нэр төр, үнэ цэнээ бодож хэлэх ярих үг, үйлдэлдээ хянуур хандмаар байна.
Сэтгэгдэл ( 0 )