А.Даваадорж: Бидэнд үйлдвэрлэгч улс болохоос өөр гарц байхгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 18

Ган төмөр импортлогчдын холбооны тэргүүн А.Даваадоржтой ярилцлаа.


-Дэлхийн зах зээлд төмрийн эрэлт өндөр байна. Үнэ өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйлс нь юу байв?

-2020 оны нэгдүгээр сард  “Ковид 19”-ын халдвар дэгдсэн нь тодорхой болсон. Агаар дуслын замаар халдварладаг өвчин дэгдэхэд авдаг арга хэмжээ нь хөл хорио байдаг. Хөл хорио тогтоосноор дэлхийн улс орнууд агаарын хилээ хааж эхэлсэн. Ингээд дэлхийн эдийн эдийн засаг агшиж эхэлсэн л дээ. Төмрийн хүдрийн эрэлт байхгүй болж 85 доллар хүртэл унасан. Үүнд БНХАУ голлох нөлөө үзүүлсэн. Хүн төрөлхтөн жилд 1.4 тэрбум тонн ган үйлдвэрлэж байна. Үүний 900-950 сая тонныг БНХАУ дангаараа үйлдвэрлэдэг. Урд хөрш энэ оны гуравдугаар сараас аж үйлдвэрийн салбараа нээгээд эхэлсэн. Өөрөөр хэлбэл аж үйлдвэрийн салбар нь сэргэж эхэлсэн гэсэн үг. Агшсан эдийн засгаа сэргээхийн тулд дэлхийн улс гүрнүүдийн авсан гол арга хэмжээ нь хурдны галт тэрэгний зам, томоохон бүтээн байгуулалт зэрэгт хөрөнгө оруулах замаар эдийн засгаа дэмжих арга хэмжээ авч эхэлсэн.  Богино хугацаанд сэргээхийн тулд том  хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Зах зээл рүү шахсан мөнгийг шингээдэг гол салбар нь дэд бүтцийн салбар.  Зам гүүр, барилга байгууламж барих гээд  дэд бүтцийн салбарт хөрөнгө хаясан. Төмөр, цементийн хэрэглээ хэд дахин нэмэгдсэн гол шалтгаан нь энэ л дээ. Энгийнээр тайлбарлахад ийм л үйл явц болж төмрийн хүдрийн үнэ өссөн. 80 орчим доллар байсан төмрийн хүдэр өнөөдөр 187 ам.доллар болчихсон байна. JP Morgan-ий шинжээчдийн тооцоолж байгаагаар 190-200 ам.доллар хүрээд тогтох төлөвтэй байгаа юм билээ. Өнөөдөр ОХУ  болон Европийн улс орнууд ган үйлдвэрлэлээ нэмж эхлээд байна. Энэ мэт шалтгаанаар төмрийн хүдрийн ханш  энэ жилдээ буурахгүй болов уу гэсэн таамаг голлож байгаа. Дэлхийн эдийн засаг тогтворжсон цагт л эрэлт буурна. Буурлаа гээд 120 ам.доллароос доошлохгүй гэсэн таамаг шинжээчдийн дунд бий.

-Манайд нэг тонн арматурын үнэ сая орчим төгрөгөөр огцом өссөн үзүүлэлт байна?

-Өнгөрсөн жил арматурын төмөр тонн нь 1.5 сая төгрөгийн ханштай байсан бол өнөөдөр 2.5 сая болчихсон байна. 2018, 2019 онд тендерт орсон компаниуд бүгд сүйрч байна л даа. Тонн арматур 1.5 байхад орсон. Өнөөдөр 2.5 сая болчихсон байдаг. Хэрэв бид өөрсдөө үйлдвэрлэгч байсан бол дотоодын зах зээлээ хангаад, хажуугаар нь экспортлоод явах боломж байлаа. Ийм үед л  үйлдвэр өр зээлээ дарж, дараагийн хөрөнгө оруулалтынхаа үндэс суурийг тавьдаг. Гангийн үйлдвэрийг гурван жилийн өмнө байгуулчихсан бол энэ богино хугацаанд гаргасан зардлаа нөхөөд авах боломж бүрэн байлаа.

-Манайд дэд бүтцийн бүтээн байгуулалт асар өндөр хөрөнгөөр босох нь дээ.

-Энэ бол түүхэнд байхгүй үнэ л дээ. Нэг тонн төмөр БНХАУ-ын  зах зээлд 5300-5400 юанийн ханштай байна. Манайд хямд орон сууц гэдэг зүйл мартагдаж байж байна л даа.  Үүний хажуугаар дэд бүтэц, зам, бүтээн байгуулалтын өртөг ч эрс өснө. Хэрэв бид үйлдвэрлэгчид байсан бол зохицуулалт хийж болно. Ийм өсөлт дээр үйлдвэрлэгч улс л өндөр ашиг олно. Үйлдвэрлэгч биш мөнгөөр мөнгө хийж тоглодог  улс  хохирч, ядуурна. Энх цагт хөдөлмөрлөсөн улс дайны цагт тайван байна  гэсэн үг л дээ.   Цаг хэвийн байхад бид үйлдвэрлэлээ босгох ёстой байсан юм. Байгаагаа идэж уугаад үр ашиггүй зарцуулсныхаа горыг бид одоо л  амсана. Хөдөлмөрлөсөн бол хохирол багатай даван туулах байлаа. Өнөөдөр  төмөр үйлдвэрлэж чадахгүй улсад хөгжих боломж хомс л доо. Бид 100 хувь боловсруулаад гаргана гэж ярихгүй байгаа. Ширэм экспортолж болно. Ямар ч нөхцөлд булаацалдаад л авна. Ширэм гэдэг маань энгийнээр ойлговол гурил гэсэн үг л дээ. Гурилаар талх, нарийн боов, торт хийж болно. Үүнтэй ижил өндөр хөгжсөн орнууд ширэм боловсруулаад асар үнэтэй зүйлс хийдэг.

-Манай улсын хувьд Хятад гэж том зах зээл рүү экспорт хийхэд газар зүйн өндөр боломжтой. Ширэм экспортлоод эхэлбэл экспортын орлогод шууд эерэгээр нөлөөлөөд явчих юм байна даа?

-Тэгнэ, Монголын тухайд газар зүйн байрлалын хувьд өндөр боломжтой бүс. БНХАУ руу бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд дэлхийд том өрсөлдөөн өрнөдөг. Бид БНХАУ-ын хажууханд нь байна. Хуурай газраар хиллэдэг. Жилд 950 сая тонн ган үйлдвэрлэдэг газар луу таван сая тонн ширэм нийлүүлэхэд ямар ч зовлон байхгүй.

Бид 1960-1990 он хүртэл 30 жилийн хугацаанд 26  тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний рублийн зээл авч Эрдэнэт, Дархан хотууд, түүнийг дагасан үйлдвэрүүдийг босгосон. Гэтэл 1990-2020 хүртэл  28 тэрбум ам.долларын зээл тусламжийг улс болон компаниуд авсан. Энэ хөрөнгөөр нүдэнд харагдаж гарч баригдах бүтээн байгуулалт хийсэнгүй. Бүгдийг нь идэж уугаад дуусгасан. Үр дүн нь өнөөдрийн нөхцөл байдал.

-Коксын тухайд үнэ ямар байна вэ. Төмөртэй ижил хэмжээнд өсч байна уу?

-Коксын үнэ бага зэрэг өссөн. 10-20 хувийн өсөлттэй байгаа. Төмрийн хүдэртэй харьцуулахад бага өсөлт үзүүлж байна.  

-Төмрийн үнэ тэнгэрт хадсан энэ үед бид цаашид яах ёстой вэ?

-Хөл нийлүүлээд алхана. Уул уурхайн супер цикл эхлэх үед нийгмийн тодорхой хэсэг ашиг олж бусад нь хохирч үлддэг. Энэ байдлаас гарахын тулд үйлдвэрлэгч улс болохоос өөр гарц байхгүй. Үйлдвэрлэгч улс болсноор уул уурхайн компаниуд ашиг хүртэнэ. Үйлдвэрээс гарч байгаа эцсийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өссөн байгаа тул үйлдвэрүүд ашиг олох боломжтой. Ингэснээр улсын эдийн засгийн 50-60 хувийг уул уурхай үйлдвэрүүд тогтвортой хангаад явах бололцоо бүрдэнэ.  

Уул уурхайн супер циклийн үед уул уурхайн болон үйлдвэрлэгч компаниуд ашиг олно. Энэ ашиг дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулагддаг. Том зургаар харахад ийм огцом өсөлтийн үр дүнд улс орнуудад дэд  бүтэц болон бусад салбаруудаа өөд нь татах бололцоо бүрддэг. Бидний хувьд зөвхөн уул уурхайн цөөхөн компани ашиг олоод бусад  салбар хохиролтой үлддэг тал бий. Бүтээн байгуулалтын зардал огцом өсөөд байна шүү дээ. Өнөөдөр нефтийн бүтээгдэхүүний үнэ өсчихлөө. Барилгын зарим шаардлагатай бараа материалын үнэ тэнцвэргүй болсноор Улаанбаатарт барилгын дулаалгын хөөсгүй болсон. Урдаас орж ирэх бололцоогүй болсон. Энэ үед зөвхөн “Монгол базальт” компани л дулаалгын хөвөн үйлдвэрлэж байна. “Монгол базальт”  дулаалгын хөөсөнцрөөс гадна дулаалгын хөвөн үйлдвэрлэж байгаа нь бидэнд том давуу тал. Хэрэв энэ компани ийм үйлдвэрлэл явуулдаггүй байсан бол манай улс дулаалгын материалын гүн хямралд орох байсан.  

-Энэ хямрал хэдий хэр хугацаанд үргэлжлэх вэ?

-Улс орнууд ковидоос болж хямралд орсон байгаа эдийн засгаа сэргээхээр байгаа бүх хүчин чармайлтаа гаргаж байна. Энэ хүчин чармайлтаар нэг жилд бүх асуудлыг шийдээд сэргэчихгүй л дээ. Тодорхой төлөвлөгөөтэйгөөр гурваас таван жилийн хугацаанд сэргээх төлөвлөгөө гаргасан байгаа. Дэлхийн эдийн засаг хэр богино хугацаанд тогтворжино, төдий хэмжээнд түүхий эдийн үнийн хөөрөгдөл арилна.

-Ингэхэд үйлдвэр байгууллаа гэж бодоход  манайд боловсон хүчин байгаа юм уу. Сая л гэхэд МУИС-ийн физик технологийн ангид элсэх хүүхэд байхгүй, хаалгаа барихад ойрхон байгаа тухай мэдээлэл цацагдсан.

-Манайд үйлдвэрлэл нь алга. Үйлдвэрээс гарсан бараа бүтээгдэхүүн борлуулах, олон улсад гаргах, гэрээний хууль эрхзүйн орчинд ажиллах хүмүүс л байна. Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн нь байхгүй болохоор энэ олон хуульч, эдийн засагч, маркетингийн менежерүүд ажилгүй байна л даа. Өнөөхөндөө улстөр рүү л хошуурч  байна. Аж үйлдвэрлэл хөгжиж байж энэ мэргэжилтнүүд үр бүтээлтэй ажиллана.

Шуудхан хэлэхэд  дэлхийн хэмжээний сургууль төгссөн залуус маань Монголд ирээд ажиллах газар олдохгүй байна шүү дээ. Өндөр боловсролтой боловсон хүчин бэлтгээд хэрэглэх зах зээл нь алга. Тэдний мэдлэгийг үйлдвэр байгуулж л ашиглана шүү дээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top